Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Ганзориг |
Хэргийн индекс | 128/2024/0433/З |
Дугаар | 128/ШШ2024/0526 |
Огноо | 2024-06-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: М******* ХХК /РД:/,
Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Г холбогдох,
Маргааны төрөл: Дотоод хяналтын журам мөрдөөгүй гэх зөрчилд шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудастай маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гомдлын шаардлага:
1.1.М******* ХХК-иас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Г 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Иргэн Б.Э******* Ээжийн маань нэр, регистрийг ашиглаж эм аваад байна, шалгаж өгнө үү гэх гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргаж, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулжээ.
2.2.Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар М******* ХХК-ийн М /РД:/ нь дотоод хяналтын журам мөрдөөгүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.3.Гомдол гаргагч М******* ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэлдээ: ...Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж тодорхойлсон. Зөрчлийн тухай хуулийн 11.2 зүйлийн 1.2 дахь хэсэгт Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэж заасан байна. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Г М*******" ХХК-ийг дотоод хяналтын журам мөрдөөгүй гэсэн Зөрчлийн тухай хуульд байхгүй буюу хуульд заагаагүй үндэслэлээр шийтгэл ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 11.2 зүйлийн 1.2 дахь хэсэгт Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэдэг заалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор баталсан Аж ахуй нэгж байгууллагын дотоод хяналт шалгалтын нийтлэг журамд зааснаар байгууллагын дотоод хяналт шалгалтын журам батлаагүй, тогтоож мөрдүүлээгүй эс үйлдэхүй байхаар байна. Гэтэл манай компани Засгийн газрын 2011 оны ******* дүгээр тогтоолын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* тушаалаар Дотоод аудитын журам батлан мөрдөж ажилладаг ба эмийн сангийн хувьд жил, улирлаар Дотоод хяналтын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэлээ дүгнэн сайжруулж ажилладаг тул Зөрчлийн тухай хуулийн 11.2 зүйлийн 1.2-т заасан зөрчил биш байна. Иймээс хариуцагч улсын байцаагч нь үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан. Эмийн сан нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор үйлчлэхдээ Эрүүл мэндийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар батлагдсан Цахим эмийн жор бичих, олгох зааврыг мөрдөн ажилладаг. Тус зааврын 3.3-т Эмч цахим жорыг өөрийн болон иргэний хурууны хээгээр баталгаажуулна гэж заасан. Энэ нь зөвхөн эмч иргэний хурууны хээг таниулан цахим жор бичнэ гэсэн үг юм. Жор бичсэн эмч журамд зааснаар дахин давтагдашгүй дугаар бүхий кодтой жор олгодог ба эмийн сан тус дахин давтагдашгүй дугаар бүхий кодтой жорд бичигдсэн эмийг олгож үйлчилдэг. Ингэхдээ тус зааврын 8.2-т Эмийн сангийн жор баригч иргэний амбулаториор үйлчлүүлэгчдийн карт дахь хяналтын дугаар эсвэл регистрийн дугаарыг үндэслэн иргэний үнэмлэхтэй тулган баталгаажуулж эмийг олгоно, 8.4-т Үзлэг хийлгэж жор бичүүлсэн иргэн өөрөө ирээгүй тохиолдолд иргэний үнэмлэхийг үндэслэн жорыг олгож болно гэж заасны дагуу бид иргэний иргэний үнэмлэхийг үндэслэн регистрийн дугаарыг тулган баталгаажуулж эмийг олгодог. Тус журамд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор үйлчлэхтэй холбоотой харилцааг Дотоод хяналт шалгалтын журамд оруулна, нарийвчлан зохицуулна гэсэн заалт байхгүй тул хариуцагч улсын байцаагчийн тухайн иргэнээс ирсэн гомдолд манай эмийн санд дотоод хяналтын журам мөрдөөгүй гэж хууль тогтоомжид заагаагүй үндэслэлээр арга хэмжээ ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Г шийдвэр нь Зөрчлийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр арга хэмжээ ногдуулсан, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх шаардлагыг хангахгүй байгаа тул 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэсэн үндсэн урт өгүүлбэр байгаа. Хэрвээ мөрдүүлээгүй гэсэн бол энд таслал хэрэглээд мөрдүүлээгүй гэдэг тусдаа өөр ойлголт байх байсан. Тэгэхээр энд тогтоож мөрдүүлээгүй гэдэг нь өөрсдөө энэ дотоод хяналт шалгалтын дотоод аудитын, яаж нэрлэх нь хамаагүй, энэ журмыг тогтоогоогүй эс үйлдэхүй байх ёстой гэдгийг дахин хэлмээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийг бариад захиргааны актын бичилт болон тооцооны акт, алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гээд энэ бол ерөөсөө тэр дунд нь бичих бичилтийн агуулгыг нь өөрчлөхгүйгээр тогтоож мөрдүүлээгүй гэдгийг дүрэм журам мөрдүүлээгүй гэж бичнэ гэсэн утга агуулга биш, өөр утгатай заалт. Магадгүй шийтгэлийн хуудас дээрээ сая төгрөгөөр торгох гэж байгаад 10 сая төгрөгөөр торгочихсон байх юм бол захиргааны байгууллага өөрөө эсвэл оролцогчийн хүсэлтээр өөрчилнө гэж байгаа юм. Засгийн газрын 2011 оны ******* дүгээр тогтоолоор баталсан нийтлэг журмын 1.5-д Энэхүү журмын 1.4-д зааснаас бусад гээд 1.4 нь төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад хамаарах заалт байгаа. Бусад тохиолдолд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг тухайн байгууллага, аж ахуйн нэгж өөрөө баталж мөрдөнө гэсэн байдаг. Тэгэхээр энэ дээр ийм зүйлийг заавал тусгана, нарийвчлан тусгаж зохицуулна гэсэн юм байхгүй. Хариуцагч хэлэхдээ энэ бол нийтлэг журам гэсэн. Тэгэхээр энэ нийтлэг журмын хүрээнд бид харин ч аудитынхаа журамд маш нарийвчилсан зохицуулалт оруулсан байгаа. Тэрнийхээ дагуу ч хяналт шалгалтуудыг хийж, шаардлагаа тавиад явдаг. Тэгэхээр манай хувьд Зөрчлийн тухай хуульд заасан энэ дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэдэг энэ зөрчил байхгүй гэж үзэж байгаа учраас анхныхаа хүчингүй болгуулах саналыг дэмжиж байна гэв.
3.3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг ба Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд яг тухайн зөрчилд заасан үг үсгийг бүгдийг багтааж бичих зай байдаггүй тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг үндэслэн утга болон агуулгыг өөрчлөхгүйгээр бичсэн. Нэхэмжлэгч байгууллагын дотоод хяналтын журам төлөвлөгөөнд гэмт хэрэг зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгахаар тусгаж тодорхой арга хэмжээ аваагүй талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас харьяаллын дагуу ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар албан бичигт дурдсан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хуулийн этгээдийн үүргээ биелүүлээгүй байна. Засгийн газрын 2011 оны ******* дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам-ын 1.6-д Аж, ахуйн нэгж, байгууллага нь дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахдаа энэхүү нийтлэг журам болон, Монгол улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг удирдлага болгоно гэж заасан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахимаар эмийн жор бичих, олгох заавар-ын 8.2-т ... регистрийн дугаарыг үндэслэн баталгаажуулж эмийг олгоно гэж заасан байдаг тул М******* ХХК-ийн гаргасан гомдол нь үндэслэлгүй. Иймд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т дотоод хяналт шалгалтыг тогтоож мөрдүүлээгүй бол торгох арга хэмжээ авна гэж маш тодорхой заасан. Бид энэ зүйл заалтаар арга хэмжээ авч болно гэж ойлгодог. Дотоод хяналт шалгалтыг тогтоож мөрдөөгүй гээд нэг үг үсгийн юм яриад байгаа. Зөрчилд шийтгэл оногдуулах маягт үнэхээр ямар ч юм бичих зай байдаггүй. Тэгэхээр бид нар зарим үг үсгийг нь орхиод бичихээс өөр аргагүй байдаг. Үүнийг прокурорууд ч гэсэн мэдэж байгаа. Гол нь үг үсгийн дутуу гээхээсээ илүү, логик утгыг нь алдагдуулахгүйгээ бичихийг хичээдэг. М******* компанийн холбогдох хүмүүсээс мэдүүлэг авсан. Өмнө нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас шилжиж ирсэн хэргийн материалд Монос сэлбэ компаниас мэдүүлэг авахад жор үндэслэж өгөөгүй гэдэг. Эрүүл мэндийн сайдын зааврын эмийн сангийн эрх, үүрэгт нэгдүгээрт, тухайн хүндээ гол нь олгох ёстой, үнэхээр тухайн хүн нь өвчтэй ч юм уу, тэгээд ирэх боломжгүй бол иргэний үнэмлэхийг эмийн сан дээр авч ирээд авах ёстой гэсэн зохицуулалт байдаг. Зөв эмийг зөв тайлбарлаж өгөөд зөв хүндээ олгох нь эмийн сангийн үндсэн үйл ажиллагаа. Эмч нь өөрөө алдаатай жор бичиж өгсөн, өөр хүн бичээд өгчихсөн нь бол алдаа болно. Үүнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмч нарт арга хэмжээ аваад эмчлэх эрхийг нь цуцлаад явж байгаа. Эмийн сангийн үндсэн үйл ажиллагаа болохоор энийг дотоод хяналтдаа тодорхой тусгаж, хэзээ хэн хийсэн талаарх тайлан байх ёстой. Дотоод хяналтын журам бол байна. Гэхдээ энэ дотоод хяналтын журмаа хангалттай мөрддөггүй, мөрдүүлж чаддаггүй юм байна гэдэг үндэслэлээр би зөрчил гаргасан гэж үзсэн. Өдөр болгон эрхлэгч нь дотоод хяналтаа мөрдүүлдэг, шалгадаг гэж хэлдэг боловч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирсэн бичгээр маш олон эмийн сангууд дээр, түүний дотор эднийх дээр 8, 9 удаа ийм зөрчил гарсан талаар дурдсан байдаг. гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2011 оны ******* дүгээр тогтоолоор баталсан Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийх нийтлэг журам нь дотоод хяналт шалгалт хийхтэй холбоотой журам юм. Гэтэл нэхэмжлэгч тал аудитын журамтай гээд байдаг. Аудит, дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ гэдэг огт өөр ойлголт. Энэ талаар журмын 1.7-д Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ мониторинг хийхэд энэхүү нийтлэг журам хамаарахгүй гэж маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл дотоод хяналт гэдэг чинь өөр зүйл. Дотоод аудит гэдэг чинь нийцлийн, санхүүгийн, гүйцэтгэлийн горимоор ярьдаг бас өөр 2 тусдаа ойлголт юм. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх нөхцөл байдлын талаар манайд 2 ч удаагийн албан бичиг өгсөн нь энэ хэргийн материал авагдсан байгаа. Тепантин гэдэг эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотой эмийн гаж нөлөө, донтох, мансуурах асуудал манай өсвөр үе, залуучуудын хувьд хортой нөлөөг үзүүлж байна. М******* ХХК нь бүх стандартууд, стандартын холбогдох заалтуудыг зөрччихсөн. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэн Б.Э******* 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай ээж Г.М******* нэр, регистрийг ашиглаж даатгалын хөнгөлөлттэй авах эмийг хэн нь үл мэдэгдэх хүн зөвшөөрөлгүй авч, хэрэглэж байна гэх гомдлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гаргасныг тус газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга, эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор[1] Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм биобэлдмэлийн улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор Г.М******* цахим жороор Б******* ХХК-ийн эмийн сан, М******* ХХК-ийн Баянзүрх эмийн сан, М******* ХХК-ийн Мгууд эм олгохдоо үйлчлүүлэгчийн өвчний карт дахь хяналтын дугаар болон иргэний үнэмлэхтэй тулгаж баталгаажуулахгүй олгосон болох нь гэрч нарын мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим систем дэх мэдээлэл зэргээр тогтоогдсон үндэслэлээр 2402000242 дугаартай зөрчлийн хэргийг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн М дотоод хяналтын журам мөрдөөгүй болох нь цахим систем, гэрч, холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.
Шүүх гомдлын шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд Б******* ХХК-ийн эмийн сан, М******* ХХК-ийн Баянзүрх эмийн сангийн үйлдсэн гэх зөрчилд дүгнэлт хийгээгүй болно.
Гомдол гаргагч талаас ...манай компани Засгийн газрын 2011 оны ******* дүгээр тогтоолын дагуу Дотоод аудитын журам батлан мөрдөж ажилладаг, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор үйлчлэхтэй холбоотой харилцааг Дотоод хяналт шалгалтын журамд оруулна, нарийвчлан зохицуулна гэсэн заалт байхгүй тул хариуцагч улсын байцаагчийн нэхэмжлэгчийг дотоод хяналтын журам мөрдөөгүй гэх хууль тогтоомжид заагаагүй үндэслэлээр арга хэмжээ ногдуулсан нь үндэслэлгүй гэж, хариуцагч талаас дотоод хяналтын журмыг мөрдөж ажиллаагүй болох нь холбогдогч, гэрч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж тайлбарлан маргаж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно гэж, Засгийн газрын 2011 оны оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр тогтоолоор баталсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам-ын 1.3-т Аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү нийтлэг журамд нийцүүлэн, өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-тай байна, 1.5-д Энэхүү журмын 1.4-т зааснаас бусад тохиолдолд Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-ыг тухайн байгууллага, аж ахуйн нэгж өөрөө баталж мөрдөнө, 2.2-т Дотоод хяналт шалгалтын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чиглэнэ гэж тус тус заасан.
М******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар баталсан Дотоод аудитын журам нь компанийн нийт үйл ажиллагаанд болон чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтэд дотоод хяналт явуулах, зохион байгуулах, түүний мөрөөр зохих арга хэмжээг авахтай холбогдсон харилцааг зохицуулсан, тус журмын 7.1.1-д Хууль тогтоомж, дүрэм, журам нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын хэрэгжилт болон Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS5 260:2015, Эмийн жор маягт, жор бичилт MNS 5376:2014, MNS ISO 9001:2016 стандартын хэрэгжилтэд нийцэж буй эсэх-д хяналт тавихаар зааснаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээг холбогдох стандарт, хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавихад чиглэсэн Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-ыг баталсан гэж дүгнэхээр байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай. Энэхүү хуулийн заалтын дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэдгийг эрх бүхий этгээдээс дотоод хяналт шалгалтын журам батлаагүй, эсхүл баталсан боловч мөрдөөгүй буюу журмын хэрэгжилт хангалтгүйгээс зөрчил гарсан нөхцөл байдлыг ойлгоно.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар баталсан Цахимаар эмийн жор бичих, олгох зааврын 8.2-т Эмийн сангийн жор баригч иргэний амбулаториор үйлчлүүлэгчдийн карт дахь хяналтын дугаар эсвэл регистрийн дугаарыг үндэслэн иргэний үнэмлэхтэй тулган баталгаажуулж эмийг олгоно, 8.3-т Үзлэг хийлгэж жор бичүүлсэн иргэн өөрөө ирээгүй тохиолдолд иргэний үнэмлэхийг үндэслэн жорыг олгож болно гэж заажээ.
Эмийг цахим жороор олгоход тавих дотоод хяналт шалгалтын зорилго нь эмчээс тухайн өвчтөнд оношийн дагуу хэрэглэхээр заасан эмийг зохих өвчтөнд олгож буй эсэх, улмаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг хүн ам/тэр дундаа хүүхэд, залуучууд, өсвөр насны хүүхэд/-ын дунд хууль бусаар худалдан борлуулах, мансуурах зорилгоор хэрэглэхээс урьдчилан сэргийлж, хяналт тавихад оршино.
Хэрэгт авагдсан М******* ХХК-ийн Мгийн жор баригч Л.О*******ын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Тэр үед шалгадаггүй байсан, 12 сараас эхлээд эм авч байгаа хүний регистрийн дугаар бичиг баримтыг шалгаж тэмдэглэж авч олгож байгаа гэх гэрчийн мэдүүлгээс үзэхэд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр М******* ХХК-ийн Мгаас иргэн Г.М******* регистрийн дугаарыг ашиглан Тебантин 300мг нэртэй захын мэдрэлийн өвдөлтийн үед хэрэглэх, жороор олгох заалттай эмийг дээрх журамд заасан өвчтөний иргэний үнэмлэхийг үндэслэн олгох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Г 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий захиргааны шийдвэр гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан М******* ХХК-иас гаргасан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Г 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ