Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 01818

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01357 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-гийн хариуцагч  “А Ө С Ү Т” УТҮГ-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г-, түүний өмгөөлөгч С.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2012 оны 08 сараас А Ө С Ү Т-д Статистикч их эмчээр ажиллаж эхэлсэн. Намайг 2019 оны 11 сарын 28-ны өдөр ажлын байран дээр архи уусан гэсэн шалтгаанаар ажлаас халсан. Би архи уугаагүй, тэр орой бага эмчээ дуудаад ажлаа хийлгэж байсан учир өөрөө хамт ажлаа хийж байсан. Манай хүүхдийн хичээл орой тараагүй байсан учир авч явахаар хүлээгээд ажил дээрээ байсан боловч архи уусан хүмүүсийн хоморгод ороод халагдчихлаа.

Тэр өдөр би машинаа бариад хүүхдээ аваад харьсан, архи уугаагүй. Тиймээс би үндэслэлгүй ажлаас халагдсан гэж нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч тал тал хариу тайлбартаа: 2019 оны 12 сарын 04-ний өдрийн Б/167 тоот тушаалаар тус төвийн Статистикч их эмч Г.Г-г ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар заалтын гэрээний нэмэлт нөхцөлийн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаа тухайн өдөр буюу 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 15:00 цагаас 23:00 цагийн хооронд ажлын байран дээрээ ажиллаж байсан байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Батцэцэг над руу орой утасдаж мэдээлэл өгсөн. Чанарын албаны дарга Д.Батцэцэг, тархвар судлаач Б.Сарантуяа, Г.Г- эмч, н.Оюунчимэг, н.Дуламсүрэн гэх хүмүүс чанарын албаны дарга Д.Батцэцэгийн өрөөнд өдрөөс хойш архи уугаад байна яах вэ гэж хэлсэн.

Маргааш өглөө нэр дурдсан 5 хүнийг Хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан учир ажлаас халах үндэслэлтэй гээд удирдлагын багийн хурал болж ажлаас халах шийдвэр гарсан. Тэр хурал дээр чанарын албаны эмч Д.Батцэцэг, тархвар судлаач Б.Сарантуяа нар бид хоёр халагдахад татгалзах зүйлгүй, хэлэх үг алгадаа гэж хэлсэн. Нөгөө гурав нь ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэр даруйдаа 2019 оны 12 сарын 04-ний өдөр халагдах тушаал гарсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар А Ө С Ү Т-ийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн Б/167 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Г-г А Ө С Ү Т-ийн Статистикч их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар А Ө С Ү Т-өөс ажилгүй байсан хугацааны олговор 8 754 627 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг А Ө С Ү Т-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А Ө С Ү Т-өөс 155 024 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлж үзэлгүй, гагцхүү нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт үндэслэж нэхэмжлэлийг хангасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Г.Г-гийн нэхэмжлэл гаргасан үндэслэл нь өөрөө баримтаар нотлогдсон буюу гэрчийн мэдүүлгээр баталгаажсан байдлыг Г.Г-гийн өмгөөлөгч илтэд хүний хэлсэн сул үгэн дээр мушгин гуйвуулж байгаа нь талуудын харилцан тэгш байдлаар шүүхийн өмнө байх үндсэн зарчмыг бүрэн алдагдуулсан. Тухайлбал, гэрчээр оролцсон Б.Батцэцэгийг “та яг баримтжуулсан уу” гэж удаа дараа асууж байсан. Энгийн байгууллагын албан хаагч үг, үйлдэл бүрийг баримтжуулах чиглэлээр гар утсаар бичлэг хийх нь тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгагдаагүй ажил гэж үзэж байна.

Төрийн албан хаагч тэр дундаа эмнэлгийн их эмч нар ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэх нь хуулиар хориотой, энэ асуудлын хүрээнд манай улсын хэмжээнд гарсан ноцтой олон учрал тохиолдол байгааг шүүгч мэдсээр байж ажлын байран дээр архи уусан хүмүүсийг хаацайлан алхаа тогшиж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын баримтлах бодлого, түүнээс гарч байгаа архи согтууруулах ундааг ажлын байран дээр хэрэглэх, тэр бүү хэл хадгалахыг хориглосон шийдвэрийг Монгол Улсын Шүүх илтэд өмгөөлж байгаа нь нийгэмд асар буруу жишиг тогтоож байна гэж дүгнэж байна.

Төрийн албан хаагч татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа тул татвар төлөгчдөд үйлчлэх үүрэгтэй атал ажлын байран дээр архи ууж, согтуурхаж, дуулж, наргиж цэнгэж байгаа үйлдлийг мэдээд таслан зогсоохоор албан үүргийн хүрээнд шаардлага тавьсан албан тушаалтны албаны зүй ёсны шаардлагыг үл тоосон энэхүү үйлдлийг шүүх эрх мэдэл бүхий байгууллага үл тоомсорлож шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Эдгээрээс гадна миний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө хавтаст хэрэгтэй бүрэн танилцах эрхээ эдлээгүй. Энэ нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн, миний танилцаагүй нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан зөрчил юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, тооцооллын болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

“А Ө С Ү Т” УТҮГ-ын захирлын 2019 оны 12 сарын 04-ний өдрийн Б/167 тоот тушаалаар Статистикч их эмч Г.Г-г 2019 оны 12 сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан байх ба уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.9, 11.1.13, 11.2.1.3-т заасныг тус тус үндэслэжээ. /хх 29/

 

Нэхэмжлэгч нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглээгүй учир тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарладаг бол хариуцагч нь ажилтан Г.Г- ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учир ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан маргадаг.

 

Талуудын байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад ажлын байранд архи ууж согтуурсан, согтуу орж ирсэн бол сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцжээ. /хх 30-31/

 

Иймд зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд 2019 оны 11 сарын 28-ны өдөр ажилтан Г.Г- ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, ажилдаа согтуу ирсэн эсэх нь ач холбогдолтой байна.

 

 Хариуцагч “А Ө С Ү Т” УТҮГ-ын “Г.Г-г ажлаас халах тухай” Б/167 тоот тушаалд дурдагдсан “...Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг зөрчсөн...” гэсэн үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Г-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Тодруулбал, хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Удирдлагын багийн хурлын тэмдэглэл”-ээс үзэхэд уг хурлаар 2019 оны 11 сарын 28-ны өдөр зарим ажилчид ажлын байранд архи ууж, согтуурсан асуудлыг хэлэлцсэн байх ба тархвар судлаач Б.Сарантуяа, чанарын албаны дарга Д.Батцэцэг, даатгалын бага эмч Б.Оюунчимэг нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байхыг сувилахуйн албаны дарга Ө.Ариунаа харж, хүний нөөцийн менежер Б.Есүхэйд мэдэгдсэн тухай тэмдэглэгджээ. /хх 32-33/

 

Ийнхүү болсон үйл явдлыг үзсэн ажилтан өөрийн мэдэх зүйлийн талаар хуралд хэлсэн буюу ажилтан Г.Г-гийн талаар дурдаагүй байхад хурлаас статистикч их эмч Г.Г-г ажлаас халах тухай шийдвэр гаргасан /хх 35/ нь үндэслэлгүй байхаас гадна гэрч Ш.Гантуяа, Г.Дуламсүрэн, Б.Батцэцэг, Д.Батцэцэг, Ч.Батгэрэл, Б.Сарантуяа нарын өгсөн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн гаргасан “...тавын таван хүнийг халчихгүй байлгүй дээ гэж Д.Батцэцэг эмчийг гуйгаад байхаар нь өргөдөлд гарын үсэг зурсан...” гэх агуулгатай тайлбар дэмжигдэж, хариуцагчийн татгалзал няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй. /хх 81, 103-106, 107-109, 110-114, 161-173/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул гэрч нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах боломжгүй ба энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн эрх тул энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүйн зэрэгцээ шүүхийн зүгээс албадаж хэргийн материалтай танилцуулах боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Харин анхан шатны шүүхийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дунджийг тооцохдоо ээлжийн амралтын мөнгө бодогдсон сарыг оруулан тооцсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн тэмдэглэлийн тогтвортой шинжтэй дүнгээс тооцоход (981 306+1 232 516+1 114 712) : 3 = нэг сарын дундаж цалин хөлс 1 109 511 төгрөг болж байх ба үүнээс ажилгүй байсан хугацааны 5 сар 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 6 166 817 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар байна. /хх 7/

 

А Ө С Ү Т-ийн захирлын 2019 оны 12 сарын 04-ний өдрийн Б/167 тоот тушаал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл учир түүнийг хүчингүй болгох шаардлагагүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01357 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Г-г “А Ө С Ү Т” УТҮГ-ын Статистикч их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...8 754 627...” гэснийг “...6 166 817...” гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжид 155 024 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ЗОЛЗАЯА                                                       

                                                    ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР