Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2017/01129

 

Д.Дугар, Р.Энхтуяа нарын

     нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

            2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 546 дугаар шийдвэр,

  Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр магадлалтай,

            Д.Дугар, Р.Энхтуяа нарын нэхэмжлэлтэй,

            Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан сумын Засаг дарга нарт холбогдох           

            Орон сууцны үнэ 55.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагч Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дугар, Р.Энхтуяа, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан, хариуцагч Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч Д.Дугар, Р.Энхтуяа нарын нэхэмжлэл болон тайлбарт: “Бид Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 1б байрны 47 тоот арктай 1 өрөө орон сууцанд 1997 оны 03 дугаар сараас эхлэн амьдарч эхэлсэн юм. Уг байранд иргэн С.Нармандах 1995 оны 04 дүгээр сар хүртэл амьдарч байгаад эзэнгүй орхисон байр байсан бөгөөд тухайн үед орон сууц хувьчлах тухай хууль батлагдаагүй байхад 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн АДХГЗ-аас 30171 тоот ордер олгосон юм. Үүнийг үндэслэн Дархан-Уул аймгийн Орон сууц ашиглалтын 2 дугаар компанитай байрыг хөлслөх гэрээ байгуулж амьдарч эхэлсэн. Орон сууц хувьчлах тухай хууль 1998 онд гарснаас хойш төрийн өмчид байгаа орон сууцыг хувьчлах болж 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 12 дугаартай тогтоол гарч Р.Энхтуяа надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, уг орон сууцны өмчлөгч болсон. Гэтэл 2008 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхээс дуудсан бөгөөд С.Нармандах миний өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байсан. Уг нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан хэлэлцэж 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор миний өмчлөх эрхийн гэрчилгээ болон орон сууц хувьчлах товчооны 12 тоот тогтоолын надад холбогдох хавсралт хэсэг, орон сууц эзэмших 30171 тоот гэрчилгээ зэргийг хүчингүй болгосон. Улсын Дээд шүүх 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар 17 жил амьдарсан байрнаас маань нүүлгэн гаргах шийдвэр гаргасан. Ийм учраас Дархан-Уул аймгийн засаг даргын нөөц сангаас 35.000.000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын нөөцийн сангаас 20.000.000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайханы гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч Д.Дугар, Р.Энхтуяа нарын нэр дээр анхнаасаа энэ орон сууц байгаагүй. Хууль ёсны эзэмшигч гэдгийг нотолсон шүүхийн шийдвэр гараагүй. Энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 294 тоот магадлалаар нотлогдож байна. Энэ магадлалд Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, С.Нармандахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Р.Энхтуяагийн нэр дээр байгаа 30171 тоот эрхийн бичиг болон, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлалын 1998 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын Р.Энхтуяад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдсэн. Шударга бус эзэмшигч гэдэг нь Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаартай шийдвэрээр Р.Энхтуяа, Д.Дугар нарын нэхэмжлэлтэй Дархан сумын Засаг даргад холбогдох 10 дугаар баг 5 дугаар хорооллын 1б байрны 47 тоот нэг өрөө байрны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 509 дүгээр шийдвэрээр хэвээр баталсан. 515 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэг дээр Р.Энхтуяа нь уг орон сууцанд түр амьдарч байх үедээ С.Нармандахын орон сууцны ашиглалтын картанд С.Нармандахын эгч нь гэж нэмж бичүүлсэн нь 1996 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орон сууцны ашиглалтын картаар нотлогдож байна гэжээ. Эцэст нь С.Нармандахын эзэмшлийн байр гэж тогтоосон. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2015 оны 772 дугаар тогтоолын хянавал хэсэгт орон сууц эзэмших эрх С.Нармандахаас Р.Энхтуяагийн нэр дээр хэрхэн шилжсэн үйл баримт нь тодорхой бус хэний ямар үйлдлийн улмаас гэм хор учирсан нь тогтоогдоогүй байх тул хохирлыг арилгах боломжгүй гэж дүгнэсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Хариуцагч Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямаагийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаар шийдвэрээр, мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Р.Энхтуяа, сууц эзэмшигч С.Нармандахын зөвшөөрөлгүйгээр түүний орон сууц ашиглалтын картан дээр өөрийн нэрийг нэмж бичүүлж, дангаараа уг байрыг эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн орон сууц хувьчлах комисс 1997 оны 30171 тоот албан бичиг олгож, 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдөр орон сууц хөлслөх гэрээгээр уг байрыг Р.Энхтуяад эзэмшүүлсэн. С.Нармандахын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар нотлогдож байна гэж үзсэн. Энэ нь Р.Энхтуяагийн буруутай үйлдлээс болсон болохоос Дархан сумын Засаг даргын Тамгын газрын буруугаас болоогүй. Харин эрх нь зөрчигдсөн этгээд бол С.Нармандах болохоос Д.Дугар, Р.Энхтуяа нар биш юм. Нэхэмжлэгч нар нь байртай болох талаар тухайн үед өгч байсан өргөдөл, өргөдлийн бүртгэл байдаггүй. Иймээс нэхэмжлэгч нарт тус байгууллагаас болж гэм хор учирсан зүйл байхгүй юм. Харин ч түүний хууль бус үйлдэл хийж байгааг мэдэх боломжгүйгээс бусдын байранд эзэмших эрхийн гэрчилгээг Р.Энхтуяад өгч 17 жил амьдруулсан байна. Р.Энхтуяа тухайн үед С.Нармандахаас зөвшөөрөл аваагүй. Иймд Дархан сумын зүгээс нэхэмжлэгч нарт гэм хор учруулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 546 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан сумын Засаг дарга нараас нийт 55.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Дугар, Р.Энхтуяа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 20.000.000 төгрөг гаргаж, нэхэмжлэгч Д.Дугар, Р.Энхтуяа нарт олгож, нэхэмжлэлээс хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох 35.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж , тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг “..хэвээр үлдээж, хариуцагч Дархан сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 257.950 төгрөг гаргаж, нэхэмжлэгч Р.Энхтуяа, Д.Дугар нарт олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Хариуцагч Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчин нотлох баримтыг буруу үнэлснээс анхан шатны шатны шүүхийн 546 дугаар шийдвэрт үндэслэлгүй өөрчлөлт оруулсан гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Р.Энхтуяа, Д.Дугар нар хууль бусаар байр эзэмшсэнийг тогтоосон хэд хэдэн шүүхийн шийдвэрүүд байдаг эдгээрийг анхаарч үзсэнгүй. Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 295 дугаар магадлалаар Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгон Нэхэмжлэгч иргэн С.Нармандахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Р.Энхтуяад олгосон Дархан сумын 10 дугаар багийн 1б байрны 47 тоот орон сууцны эзэмших эрхийн 30171 тоот бүхий эзэмших эрхийн бичиг, Орон сууц хувьчлах эрхийн 0026798 тоот гэрчилгээг хүчингүй болгосон. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүх хуралдааны 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолд: “... Р.Энхтуяа нь сууц эзэмшигч С.Нармандахын зөвшөөрөлгүйгээр түүний орон сууц ашиглалтын картанд өөрийн нэрийг нэмж бичүүлэн дангаараа уг байрыг эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн Орон сууц хувьчлах комисс 1997 онд 30171 дугаар эрхийн бичиг олгож 1997 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр уг байрыг Р.Энхтуяад эзэмшүүлсэн нь С.Нармандахын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбаруудаар тогтоогдсон" гэж үзээд давж заалдах шатны шүүхийн 295 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн эцсийн шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байна. Р.Энхтуяа, Д.Дугар нарыг шударга эзэмшигч биш гэж шүүх үзсэн байхад тэд хохирсон гэх нь үндэслэлгүй юм. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаар шийдвэрт “Р.Энхтуяа нь уг маргаан буй орон сууцанд түр амьдарч байх үедээ С.Нармандахын тухайн үеийн орон сууц ашиглалтын картанд “Р.Энхтуяа нь С.Нармандахын эгч нь" гэж өөрийн нэрийг нэмж бичүүлэн бүртгүүлсэн нь тогтоогдсон. Мөн С.Нармандахын маргаж буй орон сууцны эзэмших хугацааг 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгалт хийлгэж... уг орон сууцыг эзэмших хугацаа дуусаагүй байхад орон сууц хувьчлах комиссоос Р.Энхтуяагийн уг орон сууцыг дангаар эзэмших хүсэлтийг үндэслэн эрхийн бичиг олгож, 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшүүлсэн байдаг. Р.Энхтуяа нь С.Нармандахын зөвшөөрөлгүй түүний орон сууцанд амьдарч, улмаар гэр бүлийн гишүүн гэж хууран мэхэлж бүртгүүлсэн. Р.Энхтуяа, Д.Дугар нарын маргаж буй байрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй" гээд шударга эзэмшигчээр тогтоогоогүй байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 509 дүгээр тогтоолд: “Анхан шатны шүүх … Р.Энхтуяа, Д.Дугар нарын маргаж буй орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг өгч шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ” гэж дүгнээд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэ шийдвэрээс харахад тухай үеийн орон сууцны контор болон холбогдох байгууллагуудын буруутай нь тогтоогдохгүй, Р.Энхтуяад учруулсан гэх үйлдэл байхгүй байна. Магадлалын хянах хэсэгт “Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч нар нь байртай болох талаар тухайн үед өгч байсан өргөдөл, өргөдлийн бүртгэл байдаггүй, ... Р.Энхтуяа сууц эзэмшигч С.Нармандахын зөвшөөрөлгүйгээр түүний орон сууц ашиглалтын картанд өөрийн нэрийг нэмж бичүүлсэн..., гэсэн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэжээ. Гэвч давж заалдах шатны шүүх өөрөө энэ талаар тов тодорхой байгаа Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг судалж үзээгүй өрөөсгөлөөр хандсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямаа санаанаасаа зохиогоогүй урьд нь нэгэнт шийдвэрлэгдсэн шүүхийн 515 дугаар шийдвэрийн үндэслэлийг ярьсан. Давж заалдах шатны шүүх “... Гэрч С.Нармандах, С.Наранцэцэг нар “орон сууц ашиглалтын картанд өөрийн нэрийг нэмж бичүүлэн, хууль бусаар хүний байрыг өөрийн нэр дээр болгосон юм 1996 оноос 1997 оны үед байртай болтлоо түр сууна гэж хэлээд манай эгчийн байранд орсон, 2008 онд эгч С.Нармандах байраа аваад орьё гэтэл хувьчлаад авчихсан манай байр гээд эгчийг маань гаргасан байсан. гэж мэдүүлсэн ба энэ нь Орон сууц хуваарилах комиссын буруутай үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй гэж дүгнэжээ. Гэтэл Р.Энхтуяа, Д.Дугар нарыг шалгаж хяналгүй эзэмших эрхийн гэрчилгээг түүнд олгосон асуудал нь Р.Энхтуяа, Д.Дугар нар биш харин С.Нармандах хохирсон байгааг буруугаар ойлгон шүүх Р.Энхтуяа, Д.Дугар хохирсон мэтээр ташаа дүгнэлт хийсэн. Ингэсэн нь дээрх үйл баримтын талаар нэгэнт шийдвэрлэгдсэн хэд хэдэн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолтой ноцтой зөрчилдөж байна. Өмнө нь давж заалдах шатны шүүх Д.Дугар, Р.Энхтуяа нар өөрсдөө буруутай гэж үзсэн байтлаа дахин хэргийг шийдэхдээ буруугүй мэтээр үзэж байгаа нь эргэлзээтэй байна. Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 772 дугаар тогтоолд “...Иймд орон сууц эзэмших эрх С.Нармандахаас Р.Энхтуяагийн нэр дээр хэрхэн шилжсэн үйл баримт тодорхой бус, хэний, ямар үйлдэл, /эс үйлдэхүй/-н улмаас гэм хор учирсан нь тогтоогдоогүй байхад хохирлыг арилгаж боломжгүй” гэсэн заалт хэрэгжээгүй, хэрэг буцсанаас хойш үүнийг тогтоосон шинэ нотлох баримт байхгүй байхад магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн магадлалд “Р.Энхтуяа эрх бүхий байгууллагаас олгосон эрхийн үндсэн дээр орон сууцыг эзэмшсэн ба мөн энэ хүчин төгөлдөр, эрх олгосон бичгийг үндэслэн гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.7, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн’’ гэж дүгнэлт хийжээ. Гэвч Р.Энхтуяа нь ядаж шударга эзэмшигч биш, 515 дугаар шүүхийн шийдвэрт дурдсанаар С.Нармандахын төрсөн эгч гэж худал хэлж бүртгэлд орсон, мөн С.Нармандахын орон сууц эзэмших эрхийн 1 жилийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу нэг сарын өмнө 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Р.Энхтуяа өөр дээрээ эзэмших эрхийн гэрчилгээ авах зэрэг хууран мэхэлснээр энэ байртай холбогдож байгаа болохоос биш анхнаасаа энэ байранд орохыг хүсч аймгийн захиргаа болон орон сууцны конторт байртай болох талаар гаргасан асуудал байхгүй орон сууц хүссэн өргөдөл өгсөн хүмүүсийн дараалалд ороогүй юм. Р.Энхтуяагийн энэ асуудлыг тухай үед хуулийн байгууллага нарийвчлан шалгахаас нааш орон сууцны контор илрүүлэх ямар ч боломжгүй байсан байдаг. Давж заалдах шатны шүүхийн 124 дүгээр магадлал нь хууль бус үйлдлийг дэмжсэн мэт шударга бус, байж боломгүй эргэлзээ бүхий шийдвэр болсон. Тэр үеийн орон сууцны контор С.Нармандахын байрыг зөрчилтэй гэж үзлээ гэхэд Р.Энхтуяа, Д.Дугар нарт биш өөр хүмүүст хуваарилах байсан болохоос хуурч мэхэлсэн Р.Энхтуяад олгохгүй нь маш тодорхой юм. Иймээс Р.Энхтуяа, Д.Дугар нар энэ хэргийн нэхэмжлэгч нар биш бөгөөд тэдэнд учруулсан гэм хор байхгүй, нотлогдохгүй байх тул манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг болон давж заалдах шатны шүүхийн 124 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Анхан шатны шүүхийн 546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.     

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагч Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

           Нэхэмжлэгч Д.Дугар, Р.Энхтуяа нар нь өөрт учирсан гэм хорын хохирол буюу нэг өрөө орон сууцны үнэ 55.000.000 төгрөгөөс 35.000.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргаас, 20.000.000 төгрөгийг Дархан сумын Засаг даргаас тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга эс зөвшөөрч, “...2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаар шийдвэрт ...Р.Энхтуяа уг орон сууцанд түр амьдарч байх үедээ, С.Нармандахын орон сууцны ашиглалтын картанд С.Нармандахын эгч нь гэж нэмж бичүүлсэн нь 1996 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орон сууцны ашиглалтын картаар нотлогдож байгаа” гэж маргасан бол хариуцагч Дархан сумын Засаг дарга “...Р.Энхтуяа сууц эзэмшигч С.Нармандахын зөвшөөрөлгүйгээр түүний орон сууц ашиглалтын картан дээр өөрийн нэрийг нэмж бичүүлэн дангаараа уг байрыг эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн орон сууц хувьчлах комисс 1997 оны 30171 тоот албан бичиг олгож, 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдөр орон сууц хөлслөх гэрээгээр Р.Энхтуяад эзэмшүүлсэн, С.Нармандахын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь Р.Энхтуяагийн буруутай үйлдлээс болсон болохоос Дархан сумын Засаг даргын буруугаас болоогүй, нэхэмжлэгч нар байртай болох талаар тухайн үед өгч байсан өргөдөл, өргөдлийн бүртгэл байдаггүй. Иймээс нэхэмжлэгч нарт тус байгууллагаас болж гэм хор учирсан зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэжээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Орон сууц хуваарилах комиссын 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр  Дархан сумын 10 дугаар баг, 1б байрны, 47 тоот 1 өрөө орон сууцыг Р.Энхтуяад эзэмшүүлсэн ба тэрээр байрыг хариуцсан орон сууцны контортой “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, 1998 онд маргаан бүхий орон сууцыг хувьчилж авсан боловч тус орон сууцны өмнөх эзэмшигч С.Нармандахын гомдлоор  орон сууц хувьчилсан шийдвэр хүчингүй болж, С.Нармандахыг уг сууцыг эзэмших эрхтэйг тогтоосон тухай дээр дурдсан үйл баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон байна. /хх 23, 26/, /,       

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрч С.Нармандахын “...Р.Энхтуяа, Д.Дугар нар нь манай дүү С.Наранцэцэгээс “бид байртай болтлоо түр амьдарч байя гэж хэлээд түлхүүрийг авсан..., ... хэний ч зөвшөөрөлгүйгээр нэр дээрээ шилжүүлж авсан..., гэрч С.Наранцэцэгийн “...байрны түлхүүрийг би авч үлдсэн, Р.Энхтуяа тосгоны хашаа байшингаа зараад дүү н.Эрдэнээгийн байранд амьдарч байсан, дүү нь байрандаа орно гээд тэднийхийг гаргасан, хуучин Дарханд 3 өрөө байранд амьдарч байгаад түрээсийн төлбөрөө төлж чадахгүй гарч, манай байранд түр амьдрахаар түлхүүрийг манай гэрээс ирж авсан, ...Р.Энхтуяа орон сууц эзэмших картанд нэрээ нэмж бичүүлснийг бид мэдээгүй..., гэсэн мэдүүлэг, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолын хянавал хэсгийн “...Р.Энхтуяа нь сууц эзэмшигч С.Нармандахын зөвшөөрөлгүйгээр түүний орон сууц ашиглалтын картанд өөрийн нэрээ нэмж бичүүлэн дангаараа уг байрыг эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн уг байрыг Р.Энхтуяад эзэмшүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна.” гэснийг үндэслэн “...нэхэмжлэгч нарын эзэмшил хууль бус байсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон” гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “... маргаан бүхий байрны хууль ёсны эзэмшигчийг тогтоох тухай”  биш харин төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдлээс гэм хор учирсан хохирлыг арилгуулах тухай байгаа тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулахдаа мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Р.Энхтуяа эрх бүхий байгууллагаас олгосон эрхийн бичгийн үндсэн дээр орон сууцыг эзэмшсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд эрх олгосон бичгийг үндэслэн хариуцагч нараас гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.7, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

         Орон сууц хуваарилах комисс иргэдэд орон сууц хуваарилах, эзэмшүүлэхдээ ямар журмаар, хэрхэн хуваарилдаг байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагч Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч нар нь байртай болох талаар тухайн үед өгч байсан өргөдөл, өргөдлийн бүртгэл байдаггүй, ...Р.Энхтуяа сууц эзэмшигч С.Нармандахын зөвшөөрөлгүйгээр түүний орон сууц ашиглалтын картанд өөрийн нэрийг нэмж бичүүлсэн..., гэсэн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг зөрчөөгүй байна. 

          Гэрч С.Нармандах, С.Наранцэцэг нар “...орон сууц ашиглалтын картад өөрийн нэрийг нэмж бичүүлэн, хууль бусаар хүний байрыг өөрийн нэр дээр болгосон юм..., ... 1996-1997 оны үед байртай болтлоо түр сууя гэж хэлээд манай эгчийн байранд орсон, 2008 онд эгч С.Нармандах байраа аваад оръё гэтэл хувьчлаад авчихсан манай байр гээд эгчийг маань гаргасан байсан.” гэж мэдүүлсэн нь Орон сууц хуваарилах комиссын буруутай үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тохирсон гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий байрны эзэмшигчээр буюу орон сууц ашиглалтын картад С.Нармандах, Р.Энхтуяа нар бүртгэлтэй байхад  зөвхөн нэхэмжлэгчийн нэр дээр орон сууц хувьчлалын тухай баримт гаргаж өгснийг асуудал хариуцсан төрийн албан хаагч албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан үндэслэлийг бий болгож байна.

Нэхэмжлэгч нар нь Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан сумын Засаг даргыг тус тус хариуцагчаар тодорхойлсон байх бөгөөд Дархан-Уул аймгийн Өмч хувьчлах товчоо нь орон сууц хувьчлах асуудлыг Дархан сумын Засаг даргын гаргасан захирамжийг үндэслэн шийдвэрлэдэг учир Дархан-Уул аймгийн Засаг даргыг гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй ба нэхэмжлэлийн шаардлагаас 35.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Дархан сумын Засаг даргын Тамгын газар нь эзэмшигч мөн эсэхийг шалгаагүйгээс нэг орон сууцыг давхардуулж эзэмшүүлсэн буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 20.000.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д нийцсэн байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч Дархан сумын Засаг даргын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 257.950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.АЛТАНЧИМЭГ

                                                 ШҮҮГЧ                                                 Д.ЦОЛМОН