| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00409/И |
| Дугаар | 155/ШШ2016/00409 |
| Огноо | 2016-04-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2016/00409
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 03 дугаар багийн 11 дүгээр гудамжны 09 тоотод оршин суух Онход овогт Б-ны Б /РМ************/, Монгол овогт Уын М- /РХ*************/ нарт холбогдох,
Зээлийн төлбөр 17.624.417 /арван долоон сая зургаан зуун хорин дөрмөн мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б-н овогтой Б нь Титаник ХХК-ийн жолоочоор ажиллаж байхдаа 2015 оны 04-р сарын 28-ны өдөр Хаан банкны Хөвсгөл салбараас 15.400.000 /арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хашаа байшин худалдан авах зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай аваад 2015 оны 07 сараас хойш хугацаа хэтрээд 227 хоног хонож байна. Зээлийн үлдэгдэл 15,072,114 төгрөг, хүү 2,512,418 төгрөг, торгуулийн хүү 39,885 төгрөг бүгд 17,624,417 төгрөг /арван долоон сая зургаан зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван долоо/ өрийн үлдэгдэлтэй байна. Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 17,624,417 төгрөгийг зээлдэгч Б.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч У.М- нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б, У.М- нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие У.М-, Б.Б нар нь Хаан банкнаас зээл аван хашаа байшин авсан нь үнэн. Бид хоёр зээлээ төлж байгаад 7 сараас хойш төлж чадахгүй болсон. Одоо бид 2 хоцорсон сарынхаа мөнгийг 7 сар гэхэд гүйцэж хийгээд сар сард нь мөнгөө хийнэ гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Б-, У.М- нараас зээлийн төлбөр 17.624.417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар нэхэмжилсэн зээлийн төлбөр 17.624.417 төгрөгийг хариуцагч Б.Б, У.М- нар нь төлөхийг зөвшөөрсөн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, У.Мягмаржагал нараас 123.037 төгрөгийг улсын орлогоос, 123.037 тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл 75.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн, зээлийн төлбөр 17.624.417 /арван долоон сая зургаан зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б, У.М- нар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246.073 /хоёр зуун дөчин зургаан мянга далан гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, У.М- нараас 123.037 /нэг зуун хорин гурван мянга гучин долоо/ төгрөгийг улсын орлогоос, 123.037 /нэг зуун хорин гурван мянга гучин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН