Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/00411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Бэсүд овогт Б-гийн О- /РБ****/-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 155/2016/00293 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжтлэгдсэн төлөөлөгч Ш.Б- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.О- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Бэсүд овогтой Б-гийн О- миний бие Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багт одоо хүртэл мал маллаж байгаа юм. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1981 оны 06-р сараас малчнаар элсэж орсон юм. Үүнээс хойш хоньчноор тус нэгдэлд 1990 оны 12-р сарын 31-нийг дуустал нэгдэл тартар ажиллаж ирсэн. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Иймд Б- овогтой О- миний бие 1981 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О- нь манай гэр бүлийн хүн юм. Бид 1983 оноос гэр бүл болж одоог хүртэл мал маллан амьдарч байна. Б.О- нь одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг дарагдаагүй зэргээс улсад ажилласан жил нь тооцогдохгүй байгаа юм. Иймд түүний Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.О- нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.О- нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь Б- овогтой О-ы Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, гэрч ******************* нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бэсүд овогт Б-гийн О-ы Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Б.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН