| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2023/0580/З |
| Дугаар | 128/ШШ2024/0485 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ап******* ХХК /РД/,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг,
Маргааны төрөл: Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн сс тоот болон 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тоот мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахтай холбогдсон маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б., хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тоот, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тоот мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дугаартай Ерөнхий гэрээгээр Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх тендер шалгаруулалтыг 15 багцад хуваан зохион байгуулж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн Б ХХК Ап******* ХХК, С ХХК, С ХХК, М ХХК, Б ХХК, С******* п*******инг ХХК нартай 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2021-2023 онд Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх ерөнхий гэрээ байгуулж, сурах бичгүүдийг цахим дэлгүүрт бүртгэсэн ба Ап******* ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай 2021-2023 онд Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх ерөнхий гэрээ-г[1] /цаашид Ерөнхий гэрээ гэх/ байгуулсан байна.
2.2.2022 оны Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн захиалгад Ап******* ХХК 13 удаагийн захиалгад 67 нэр төрлийн 865,505 ширхэг нийт 3,105,336,216 төгрөгийн сурах бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэхээр санал өгч шалгарч, улмаар 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ап******* ХХК-иас Боловсролын ерөнхий газартай 2022-2023 оны хичээлийн жилд сурах бичиг хэвлэн нийлүүлэх , , , , , , , , , , , , дугаартай нийт 13 Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ-г байгуулсан ба 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болохоор талууд харилцан тохиролцжээ.
2.3.Ап******* ХХК-иас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тоот[2], 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоот[3] албан бичгээр Боловсролын ерөнхий газарт хандан тендер сонгон шалгаруулалт эхлэхээс өмнө Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас захиалсан сурах бичигт ашиглагдах цаас, түүхий эдийн материал хил, гаалийн асуудлаас болж, орж ирэхгүй удааширч байгаа тул энэ асуудалд Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газраас сурах бичгийн бараа материалыг гаалиар саадгүй орлуулах, хүлээлгийн хугацааг наашлуулах тал дээр хамтран ажиллаж, дэмжих тухай хүсэлтийг гаргаж байсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр Гаалийн ерөнхий газрын даргад М ХХК, С ХХК, С ХХК, Б ХХК, С******* п*******инг ХХК, А ХХК-ийн хэвлэлийн түүхий эд, цаасыг улсын хил, гаалиар шуурхай нэвтрүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг хүргүүлж байна.
2.4.Боловсролын ерөнхий газраас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай албан бичгээр[4] Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ байгуулсан нэр бүхий сурах бичгүүдийг Ап******* ХХК гэрээнд заасан хугацаанд багтаан нийлүүлээгүй талаарх мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт,
1/2473 дугаартай албан бичгээр[5] , , , , , , дугаартай гэрээний ажлыг хугацаандаа гүйцэтгэсэн, харин БЕГ/, , , , дугаартай нийт 5 гэрээний дагуу нийлүүлэх сурах бичгийг гэрээт хугацаанаас 30-49 хоногоор хоцроосон, ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хэвлэлт, түгээлтийн шатанд байгаа 27 нэр төрлийн сурах бичгийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор яаралтай нийлүүлэх тухай шаардлагыг Ап******* ХХК-д тус тус хүргүүлсэн.
2.5.Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгээр 2022 онд хэвлэн нийлүүлэхээр шалгарсан сурах бичгүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор бүрэн хэвлэн нийлүүлэхийг үүрэг болгож, Ерөнхий гэрээний 21.1(г)-д заасны дагуу гэрээг цуцлахыг мэдэгдэж, Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмын 10.2-т заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хуульд заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг хүргүүлэхийг мэдэгджээ.
2.6.Ап******* ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандан сурах бичгээ нийлүүлж дуусгасан талаар хариу мэдэгдсэн.
2.7.2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр С******* п*******инг ХХК, С ХХК, Б ХХК, М ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газарт С ХХК, Б ХХК, Ап******* ХХК-ийн сурах бичгүүд техникийн тодорхойлолт зөрчсөн, гэрээнд заасан хугацаанд сурах бичгээ нийлүүлээгүй талаар мэдээлэл хүргүүлж, хариуцлага тооцох хүсэлтийг гаргасан.[6]
2.8.Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр Боловсролын ерөнхий газарт Ерөнхий гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээлэл ирүүлэхийг мэдэгдсэний дагуу Боловсролын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр[7] Ап******* ХХК 2022 онд хэвлэсэн БЕГ/, , , , , дугаартай гэрээгээр гүйцэтгэх VII, VIII, IX, X, XII ангийн 40 нэрийн сурах бичгийн дийлэнх нь буюу 80-100 хувь нь гэрээний хугацаанаас 65 хоногийн хэтрэлттэй, Баян-Өлгий аймагт 87 хоногийн хэтрэлттэй нийлүүлэгдсэн талаар хариу ирүүлсэн.
2.9.Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар Ерөнхий гэрээ байгуулсан нийлүүлэгчийн гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтээр ... Ап******* ХХК нь гэрээний ерөнхий нөхцөлийн 21.1(г)-д заасан ерөнхий гэрээ цуцлах нөхцөл үүссэн, ...Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмын 10.2-т заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид С ХХК, Б ХХК, Ап******* ХХК-ийн холбогдох материалыг хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нь зүйтэй гэж дүгнэжээ.
2.10.Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр Ап******* ХХК-д тус газартай байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ерөнхий гэрээ цуцлах болсныг мэдэгдсэн байна.
2.11.Мөн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас С ХХК, Б ХХК, Ап******* ХХК-ийн төлөөллүүдтэй уулзалт хийж, 2021-2023 онд Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх ерөнхий гэрээ-ний үүргийн биелэлтийн талаар хэлэлцсэн бөгөөд тус газрын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдроийн дугаартай албан бичгээр[8] Ап******* ХХК-д Ерөнхий гэрээг цуцалж байгааг дахин мэдэгджээ.
2.12.Нэхэмжлэгчийн зүгээс ... Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан ямар төрлийн шалгалт хийсэн нь тодорхойгүй, шалгалтын удирдамж танилцуулаагүй, шалгуулагч этгээдийн оролцоог хангаагүй, сонсох ажиллагааг хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн гэх нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой ямар сурах бичгийг хэзээ, ямар дугаартай тээврийн хэрэгслээр хүргэсэн талаарх баримтууд тодорхой байхад ажлын хэсэг эдгээр баримтыг үнэлж үзэлгүй, Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн баримтад үндэслэн хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Баян-Өлгий аймагт 87 хоног, бусад аймагт 65 хоногийн хугацаа хэтрэлттэй гэх нөхцөл байдлыг ямар баримт бичигт үндэслэж тооцсон нь ойлгомжгүй, хугацаа хэтэрсэн хоногийг яаж тоолж тогтоосон нь тодорхойгүй, Баян-Өлгий аймгаас ирүүлсэн хүснэгтэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тоо, цаг хугацааг нөхөж бичсэн, хэзээ, яаж хүлээж авсан гэдэг нь тогтоогдохгүй баримт байна, ...Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр үндэслэл бүхий, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн, ...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, ...ажлын хэсгийн дүгнэлт, мэдэгдэл гарсны дараа 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлийг өгч байгаа нь араас нь нөхөж сонсох ажиллагаа хийсэн болохыг нотолж байна, хариуцагчаас хэрэгжээд дууссан гэрээг гэрээний биелэлтийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр цуцлаад, дараагийн тендерт оруулахгүй гэсэн хязгаарлалтыг хийнэ гэдэг саналаа Сангийн яаманд хүргүүлсэн, гэрээг цуцлах ямар ч үндэслэл байгаагүй, гэрээ зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй, хар жагсаалтад оруулбал Ап******* ХХК тендер сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болж, эрх нь хязгаарлагдах үр дагавартай гэх агуулгаар маргаж байна.
2.13.Хариуцагч нараас Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлын дагуу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага болох Төрийн худалдан авах ажиллагааны газар гомдлын хүрээнд хяналт шалгалтыг явуулсан, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр Ап******* ХХК ерөнхий гэрээний үүргээ зөрчсөн, ерөнхий гэрээг цуцлах нөхцөл үүссэн тухай дүгнэлт гаргаж, Төрийн худалдан авах ажиллагааны газарт ирүүлсэн, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдлээр нэхэмжлэгч компанид ерөнхий гэрээний үүргээ зөрчсөн, хугацаа хэтэрсэн, ерөнхий гэрээний заасан гэрээ цуцлах нөхцөл бүрдсэн, улмаар ерөнхий гэрээ байгуулах журамд заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөн бол эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд оруулах саналыг хүргүүлсэн талаар мэдэгдсэн, энэ мэдэгдэл сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш, 2023 оны 05 дугаар сарын 04, 16-ны өдрүүдэд 3 компанийн төлөөллийг хүлээн авч уулзаж, сонсох ажиллагааг хийсэн, уулзалтаар нэхэмжлэгч компани гэрээний үүргээ зөрчсөн, хугацаа хэтрүүлж сурах бичгийг нийлүүлсэн талаар хүлээн зөвшөөрсөн байдаг, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргадаггүй, Баян-Өлгий аймаг дахь Боловсролын газрын даргын гэрчийн мэдүүлэг болон тэндээс ирүүлсэн баримтаар сүүлийн сурах бичгийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймагт хүргэгдсэн болох нь тогтоогддог, ... Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/2457 дугаартай албан бичгээр 2022 оны 11 дүгээр сарын 18-ны дотор сурах бичиг нийлүүлэх үүргийг өгч, худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хуульд заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай саналыг мэдэгдэж байсан, Ап******* ХХК нь хугацаа хэтрүүлж сурах бичиг нийлүүлсэн нь Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн баримтаар нотлогдсон тул Сангийн яаманд холбогдох баримт, саналаа хүргүүлсэн, ... Сангийн яам хар жагсаалтад оруулах эрхтэй тул улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд Сангийн яамнаас нэхэмжлэгч компанид мэдэгдэл хүргүүлсэн, Төрийн худалдан авах ажиллагааны газрын мэдэгдэл нь шууд нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндсөн шийдвэр биш, хохирол учруулаагүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүхэд шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ап******* ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 3 жилийн хугацаатайгаар Төрийн худалдан авах ажиллагааны газартай Ерөнхий боловсролын сургуулийн 40 төрлийн сурах бичгийг нийлүүлэх 13 гэрээг байгуулсан. 2022 онд Ковид-19 цар тахлын хөл хориотой холбоотойгоор хилээр нэвтрэх, тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан, хориглосон тогтоол шийдвэртэй энэ цаг хугацаанд тухайн тендерийн үйл ажиллагаа давхцаж хийгдсэн байдаг. Цаг хугацааны хувьд Ап******* ХХК сурах бичгээ хугацаандаа нийлүүлсэн гэж үзэж байна. Манай байгууллагыг хугацаандаа нийлүүлээгүй учраас ерөнхий гэрээг цуцалж Сангийн яамны хар жагсаалтад оруулах боллоо гэсэн 2 удаагийн мэдэгдэл болон 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ажлын хэсгийн удирдамж, дүгнэлт гэсэн захиргааны акттай маргаж байгаа. 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ап******* ХХК-ийг сурах бичгийг хугацаандаа нийлүүлээгүй буюу хугацааг хэтрүүлсэн байна гэдэг ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтээр Ерөнхий гэрээний 19 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн учраас гэрээг цуцлах нөхцөл үүссэн буюу Ерөнхий гэрээний 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар цуцлах нөхцөл үүссэн гэж үзсэн байдаг.
Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хугацааг сунгасан. Ерөнхий гэрээний 19 дүгээр зүйлд давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой нөхцөл байдлыг судлаад бичгээр гаргасны дагуу гэрээг сунгаж болно гэж заасан. Тиймээс сунгагдсан хугацаанд Ап******* ХХК сурах бичгүүдийг нийлүүлсэн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ерөнхий гэрээг дүгнэж акт үйлдсэн. Ингээд 23-ны өдөр Ап******* ХХК хүсэлтээ өгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гээд үлдэгдэл төлбөрөө авсан. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тендерт оролцсон 7 компаниас 4 компани нь гомдол гаргасан байдаг. 4 компанийн гомдол ижил агуулгатай бөгөөд Ап******* ХХК хугацаандаа нийлүүлээгүй байна гэсэн асуудлыг гаргасан байдаг. Ингээд дээрх гомдлыг Боловсролын үнэлгээний төв хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 21 аймаг, 7 сумаас гэрээний гүйцэтгэлийг авч нэгтгэсэн. Тухайн гэрээний гүйцэтгэлийг нэгтгэсэн 10 хуудас баримтыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн. Уг баримтад Ап******* ХХК нь Баян-Өлгий аймагт 87 хоног, бусад аймагт 65 хоногийн хэтрэлттэй байна гэдэг. Энэ хугацаа хэтрэлтийг хаанаас, яаж гаргасан нь ойлгомжгүй. Боловсролын үнэлгээний төвийн Худалдан авах ажиллагааны газарт 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бичиг ирсний дараа 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Худалдан авах ажиллагааны газрын даргын тушаал гарч ажлын хэсэг байгуулагдан хуралдсан. Уг хуралдаанаар сурах бичгийг нийлүүлсэн нийлүүлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ гэсэн удирдамж гаргасан. Ажлын хэсгийн хуралдаанаас Б ХХК, Ап******* ХХК, С ХХК нартай байгуулсан 2021-2023 оны Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хэвлэн нийлүүлэх гэрээний хэрэгжилтийн талаар гээд нөгөө гомдол гаргасан 4 компани биш өөр 3 компани буюу удирдамжид байхгүй 3 компанийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргасан байсан.
Үүнд Ап******* ХХК нь 40 нэр төрлийн сурах бичгийн 80-100 хувийг гэрээний хугацаанаас 65 хоног, Баян-Өлгий аймагт 85 хоногийг тус тус хэтрэлттэй нийлүүлсэн нь өнөөдрийн Сангийн яамны хар жагсаалтад орох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тендерт оролцсон эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гарсныг үндэслээд маргаан бүхий 2 мэдэгдэл гарсан. Бидний маргаж байгаа гол үндэслэл, шалтгаан нь нэгдүгээрт, ажлын хэсэг байгуулсан тушаалын агуулгаас зөрж, ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.9.3-д шалгуулагч этгээдийн санал хүсэлтийг авахаар зохицуулсан. Тиймээс энэ шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төлөвлөгөөт шалгалт юм уу, төлөвлөгөөт бус шалгалт юм уу. Урьдчилан сэргийлэх юм уу эсхүл гүйцэтгэлийн шалгалт юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Хэрэв гүйцэтгэлийн шалгалт юм бол шалгуулагч этгээдэд 2-оос доошгүй хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх ёстой. Гэтэл мэдэгдэхгүйгээр шалгалт хийж, Боловсролын үнэлгээний төвөөс ирсэн баримтыг үндэслэн дээрх хугацаа хэтрэлтүүдийг гаргасан. Шалгуулагч этгээдүүдэд хоногийн хэтрэлттэй холбоотой сонсох ажиллагаа, хяналт шалгалттай холбоотой удирдамж танилцуулаагүй. Энэ нь Хяналт шалгалтын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зарчмууд буюу хуульд үндэслэсэн байх, зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, захиргааны шийдвэр гаргаж байгаа тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангах зэрэг тусгай зарчмуудыг зөрчжээ. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаанууд хийгдээгүй. Өнөөдөр 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлийг өгсөн. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа нөхөж сонсох ажиллагаа хийсэн гэж харагдаж байна. 65 болон 85 гэдэг хоногууд хаанаас гарсан нь тодорхойгүй тул бид Баян-Өлгий аймаг руу явж, зарим асуудлуудыг нягтлан тогтоож, сурах бичгүүдийг ямар хугацаанд нийлүүлсэн талаарх баримтуудыг гаргаж өгсөн байхад ажлын хэсэг яагаад энэ баримтад үндэслэж шийдвэр гаргаагүй нь ойлгомжгүй. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж гаргасан мэдэгдэл аль аль нь хуульд нийцээгүй шийдвэр байна. Цаасан суурьтай баримтуудыг үнэлж дүгнэхгүйгээр зөвхөн Боловсролын үнэлгээний газрын 08 дугаар сард аймгуудаас ирсэн бичгийг нотлох баримтаар ирүүлсэн байдаг.
Үүнээс үзэхэд албан тушаалтан иргэн, байгууллагын эрх ашгийг хамгаалах, шударга ёсны хэмжүүр байх, хуульд захирагдах, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргах, өргөсөн тангарагтаа үнэнч байх зарчмуудыг зөрчиж даргын өгсөн үүрэг, тушаалын дагуу өрсөлдөгч 4 компанийн гаргасан гомдлын хүрээнд хугацаа хэтэрсэн байна гэдэг дүгнэлт гарган, хар жагсаалтад оруулж, дараагийн тендерт орох эрхийг хязгаарлаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн.
Аль болох хурдан хугацаанд сурах бичгээ хүргэж, мөнгөө авах нь компанийн туйлын зорилго байдаг. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс халиад тээвэр логистикийн тал дээр гэрээгээр хатуу нөхцөлтэй үүрэг хүлээсэн гээд байна. Гэрээгээр Баян-Өлгий аймагт хүргэхэд тээвэрлэлттэй холбоотой хэдэн төгрөг нэмж өгч байгаагаас биш тээврийг ямар машин техникээр, хэрхэн хүргэх талаар байхгүй. Зөвхөн километр, цаг хугацаа, орон зайнаасаа хамаараад тендерийн үнэ дээр тодорхой үнийг нэмж өгсөн. Сурах бичиг 2022оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар сумуудад очсон баримт хэрэгт авагдсан. Манайх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүх түгээлтүүдээ гаргасан байхад энэ нөхцөл байдлыг тогтоогоогүй. Хариуцагч тал тайлбарлахдаа хугацаа хэтрүүлсэн л бол хэтрүүлсэн гэж үзнэ, хэд хоног байх нь хамаагүй гэж байна. Тиймээс нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй гэдэг нь харагдаж байна гэв.
3.2.Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23 дахь заалт, 53 дугаар зүйлийн 53.5.7 дахь заалтад тус тус заасны дагуу ерөнхий гэрээг байгуулах, хэрэгжүүлэх ажлыг тус газраас зохион байгуулан ажилладаг. Тус газраас 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ТΧΑΑΓ/202105002 дугаартай "Ерөнхий гэрээгээр Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх" тендер шалгаруулалтыг нийт 164 сурах бичгийг нэмэлт хэрэгсэл /CD, стикер/, цаасны төрөл /гөлгөр шар, цагаан цаас/, хэвлэх форматын хэмжээс, хэвлэлтийн дараах ажиллагаа /оёотой, үдээтэй/ зэрэг үзүүлэлтээр ангилж 15 багцад хуваан хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн "Б*******" ХХК, "Ап*******" ХХК, "С" ХХК, "С" ХХК, "М" ХХК, "Б*******" ХХК, "С*******п*******инг" ХХК-уудтай 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр "2021-2023 онд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх ерөнхий гэрээ"-г байгуулж, сурах бичгүүдийг Цахим дэлгүүрт бүртгэсэн.
Дээрх ерөнхий гэрээний хэрэгжилттэй холбогдуулан "С" ХХК, "М" ХХК, "Б*******" ХХК, "С******* п*******инг" ХХК-уудаас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр албан бичгээр "Б*******" ХХК, "Ап*******" ХХК, "С" ХХК-уудын хэвлэн нийлүүлсэн сурах бичиг Цахим дэлгүүрт байршуулсан сурах бичгийн техникийн тодорхойлолтоос зөрүүтэй, ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээнд заасан хугацаанаас хоцроож нийлүүлсэн талаар гомдлыг манай газарт ирүүлсэн.
Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан "Ерөнхий гэрээ байгуулах журам"-ын 8.1.10-т заасны дагуу гэрээний гүйцэтгэлд хяналт тавих захиалагч байгууллагаас бараа, үйлчилгээний чанарын шаардлага хангаагүй асуудлаар мэдээлэл ирүүлсэн тохиолдолд тухайн дутагдлыг засуулах, бусад холбогдох арга хэмжээ авах зохицуулалтын хүрээнд Боловсролын ерөнхий газарт дээрх ерөнхий гэрээний хэрэгжилтийн мэдээллийг ирүүлэх тухай 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар албан бичгийг хүргүүлж, Боловсролын ерөнхий газраас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Б******* ХХК, Ап******* ХХК, С ХХК- уудтай байгуулсан ерөнхий гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг хариу ирүүлсэн бөгөөд дараах зөрчлийг дурдсан болно. Үүнд нэхэмжлэгч Ап******* ХХК-ийн хувьд:
Ап******* ХХК-ийн БЕГ/, , , , , дугаар гэрээгээр гүйцэтгэсэн VII, VIII, IX, X, XI ангийн 40 нэр төрлийн сурах бичгийн 80-100 хувь нь гэрээний хугацаанаас 65 хоног, Баян-Өлгий аймагт 87 хоногийн тус тус хэтрэлттэй нийлүүлэгдсэн" гэж гэрээний үүргийн биелэлтийг зөрчсөн талаар дурдсан болно.
Мөн Боловсролын ерөнхий газраас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр дээрх ерөнхий гэрээний хэрэгжилтийн мэдээллийг ирүүлсэн бөгөөд "Ап*******" ХХК сурах бичгүүдийн нийлүүлэлтийг гэрээнд заасан хугацаанаас хоцроосон тул холбогдох арга хэмжээ авах саналыг ирүүлсний дагуу тус газраас "Ап*******" ХХК-д гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах мэдэгдэл хүргүүлж байсан.
Тус газрын даргын 2023 оны дугаар тушаалаар сурах бичиг хэвлэн нийлүүлэх ерөнхий гэрээ байгуулсан нийлүүлэгчийн гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн дүгнэлтээр Ап******* ХХК нь ерөнхий гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд ерөнхий гэрээг цуцлах нөхцөл үүссэн тухай дүгнэлтийг гаргасан бөгөөд тус газрын 2023 оны дугаар албан бичгээр "2021-2023 онд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх ерөнхий гэрээ"-ний ерөнхий нөхцөлийн 21.1(г) дэх заалт, мөн тус компанийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай газарт гаргасан гүйцэтгэлийн баталгааны мэдэгдлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу ерөнхий гэрээг цуцлах нөхцөл үүссэн тухай мэдэгдэж, Ерөнхий гэрээ байгуулах журамд заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай саналыг хүргүүлэх болсныг мэдэгдсэн.
Тус газраас ерөнхий гэрээ байгуулсан компаниудын төлөөллүүдийг 2023 оны 05 дугаар сарын 04, 16-ны өдрүүдэд хүлээн авч уулзаж, компаниудын гаргасан зөрчлүүдийг танилцуулж, гэрээний үүргийн биелэлтийг зөрчсөн тул холбогдох арга хэмжээг авах талаар мэдэгдсэн бөгөөд Ап******* ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичгээр ерөнхий гэрээг цуцалсан болохыг мэдэгдсэн. Ерөнхий гэрээ байгуулах журмын 10.2-т заасны дагуу тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг худалдан авах ажиллагааны улсын байцаагчид 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-1/2402 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.3.Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Л.Л*******гээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тушаалаар 2021-2023 онд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх ерөнхий гэрээ" байгуулсан нийлүүлэгчийн гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүнээр Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ч, нарийн бичгийн даргаар мэргэжилтэн А.О нар тус тус томилогдсон.
Ажлын хэсэг нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, Боловсролын ерөнхий газраас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгээр дээрх ерөнхий гэрээ байгуулсан С ХХК, Б******* ХХК, Ап******* ХХК-уудын ерөнхий гэрээний хэрэгжилтийг ирүүлсэн бөгөөд тус компаниудын зөрчлийг дурдсан байсан. Ап******* ХХК-ийн хувьд БЕГ/, , , , , дугаар гэрээгээр гүйцэтгэсэн VII, VIII, IX, X, XI ангийн 40 нэр төрлийн сурах бичгийн 80-100 хувь нь гэрээний хугацаанаас 65 хоног, Баян-Өлгий аймагт 87 хоногийн тус тус хэтрэлттэй нийлүүлэгдсэн гэж дурдсан байсан.
Ап******* ХХК нь ерөнхий гэрээний заалтыг зөрчсөн талаар Боловсролын ерөнхий газрын дээрх албан бичигт дурдсан байсан тул ерөнхий гэрээг цуцлах нөхцөл үүссэн тухай дүгнэлт гаргасан. Мөн гэрээний ерөнхий нөхцөлийн 14.2, Ерөнхий гэрээ байгуулах журмын 10.2-т заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид "Б*******" ХХК, "Ап*******" ХХК, "С" ХХК-уудын холбогдох материалыг хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж, газрын даргад хүргүүлсэн. Иймд дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.3.1.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмын 8.1.10-т заасны дагуу ерөнхий гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, захиалагч байгууллагаас бараа, үйлчилгээний чанарын шаардлага хангаагүй асуудлаар мэдээлэл ирүүлсэн тохиолдолд тухайн дутагдлыг засуулах бусад холбогдох арга хэмжээг авах зохицуулалтын хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газраас Боловсролын ерөнхий газарт дээрх ерөнхий гэрээний хэрэгжилтийн мэдээллийг ирүүлэх тухай 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгийг хүргүүлж, Боловсролын ерөнхий газраас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б******* ХХК, Ап******* ХХК, С ХХК-тай байгуулсан ерөнхий гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг тус газарт ирүүлсэн. Боловсролын ерөнхий газраас мөн Ап******* ХХК-тай холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр дээрх ерөнхий гэрээний хэрэгжилтийн мэдээллийг ирүүлсэн. Энэ албан бичгийн хүрээнд манай газраас Ап******* ХХК руу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичгээр дээрх Боловсролын ерөнхий газар 2 дугаар шатны гэрээний дагуу нийлүүлэгдэх сурах бичгүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн нийлүүлж дуусга гэсэн үүргийг Ап******* ХХК-д хүргүүлсэн байдаг. Ап******* ХХК манайд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүх сурах бичгүүдийг захиалагчид хүргүүлсэн талаар албан бичиг ирүүлсэн. Манай байгууллага Ап******* ХХК-ийн хугацаа хоцроосон талаарх мэдээллийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр буюу 4 компаниас гомдол ирүүлсний дараа мэдсэн. Улмаар Ап******* ХХК-ийг сурах бичиг хэвлэн нийлүүлсэн нийлүүлэгчдийн гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр Ап******* ХХК нь ерөнхий гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд ерөнхий гэрээг цуцлах нөхцөл үүссэн тухай дүгнэлтийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргад хүргүүлсэн. Ингээд Ап******* ХХК нь Ерөнхий гэрээний ерөнхий нөхцөлийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан нийлүүлэгч нь аль нэг болон бүх барааг гэрээнд заасан, эсхүл гэрээний ерөнхий нөхцөлийн 19 дүгээр зүйлд заасны дагуу сунгасан хугацаанд хүргэж чадаагүй гэсэн нөхцөлөөр, мөн тус компанийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гаргасан гүйцэтгэлийн баталгааны 2 дугаар хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр Ерөнхий гэрээ байгуулах журамд заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагч тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг хүргүүлсэн. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдэл хүргүүлэхдээ Ап******* ХХК-д ерөнхий гэрээний үүргээ зөрчсөн, ерөнхий нөхцөлд заасан нөхцөл бүрдсэн талаар мэдэгдсэн. Ерөнхий гэрээ байгуулах журамд заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөн бол эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд хамруулах мэдэгдэл нь сөрөг нөлөөлөл бүхий акт биш. Гэрээний ерөнхий нөхцөлийг зөрчсөн тухай мэдэгдэл хүргүүлсний дараа бид 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болон 05 дугаар сарын 16-ны өдрүүдэд 3 компанийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Үүгээр сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байгаа. Энэ уулзалт дээр нэхэмжлэгч компанийн захирал болон хуулийн зөвлөх оролцсон. Нэхэмжлэгч компани хугацаа хоцроосон шалтгаанаа тээвэрлэлт болон цаасны хугацааны хоцролтоос болсон гэдэг тайлбарыг өгч гэрээний үүргээ зөрчсөн, хугацаа хэтрүүлж нийлүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй нэхэмжлэгч компани маргадаггүй. Нэхэмжлэгч талаас 2 мэдэгдлийг хүчингүй болгуулна гэж маргаад байгаа болохоос биш яг гэрээний үүргийн биелэлттэй маргадаггүй. Тэгэхээр нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зөрчөөд, тогтоосон хугацаанд нийлүүлж чадаагүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Хамгийн сүүлийн сурах бичиг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймагт хүргэгдсэн нь баримтаар батлагдаж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон. Яг нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдсөн талаар болон бодит хохирол үүссэн талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдаагүй. Төрийн худалдан авах ажиллагааны газраас гарсан 2 мэдэгдэл нэхэмжлэгч талд ямар нэг хохирол учруулаагүй, эрх ашигт нь нөлөөлөөгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд нэхэмжлэл гаргаад тендер шалгаруулалтад оролцоод байгаа юм, нэхэмжлэл гаргаагүй байсан бол энэ эрх хязгаарлагдах байсан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Гомдол гаргасан, захиргааны байгууллага компаниудын гомдлыг хянан шийдвэрлээд, дүгнэлтүүдээ гаргаж хууль тогтоомжийн дагуу дараа дараагийн ажлууд хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмын 8.1-д Мэргэжлийн байгууллага ерөнхий гэрээг байгуулах, хэрэгжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. гээд 8.1.10-т Ерөнхий гэрээ байгуулсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, захиалагч байгууллагаас бараа, үйлчилгээний чанарын шаардлага хангаагүй асуудлаар мэдээлэл ирүүлсэн тохиолдолд тухайн дутагдлыг засуулах, бусад холбогдох арга хэмжээ авах гэж заажээ.
2.1.Дээрх журмын дагуу мэргэжлийн байгууллага буюу Төрийн худалдан авах ажиллагааны газар гэрээний гүйцэтгэлд хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр С******* п*******инг ХХК, С ХХК, Б ХХК, М ХХК-иас гаргасан гомдлын дагуу С ХХК, Б ХХК, Ап******* ХХК-ийн Ерөнхий гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж, дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн захиалагчаас гомдол гаргаагүй байхад тендерт оролцогч бусад этгээдийн гомдлоор дүгнэлт гаргасан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
3.2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ап******* ХХК болон Боловсролын ерөнхий газрын хооронд байгуулсан 13 Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ-нээс 7 гэрээ /, , , , , , дугаартай/-ний ажлыг хугацаандаа гүйцэтгэсэн, энэ талаар талууд маргаагүй тул шүүх үлдэх 6 гэрээ/БЕГ/, , , , , дугаартай/, түүнд холбогдох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.
4.Маргаан бүхий Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, түүнийг үндэслэн гарсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн , 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай мэдэгдлүүд нь нэхэмжлэгч Ап******* ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газартай байгуулсан Ерөнхий гэрээг гэрээний нэг тал/Төрийн худалдан авах ажиллагааны газар/-ын хүсэл зоригоор дуусгавар болгох эрх зүйн үр дагавар үүсгэсэн, нэг удаагийн захирамжилсан шинжтэй шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт болно. Тиймээс Ап******* ХХК-иас дээрх шийдвэрүүдийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган маргах эрхтэй.
5.2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ап******* ХХК, Боловсролын ерөнхий газрын хооронд байгуулсан БЕГ/, , , , , дугаартай Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ[9]-ний 2.4-т Нийлүүлэлт хийх хугацаа: Гэрээ байгуулагдсанаас хойш 0 хоногийн дотор бараа нийлүүлж дуусгасан байна, 6.1-д Гүйцэтгэгч нь ... Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэл дүүргийн Боловсролын хэлтсүүдэд гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу хүргэн, хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэж баримтжуулж, захиалагчид 1 хувийг хүлээлгэн өгнө, 6.3-т Гүйцэтгэгч гэрээний 6.1 дэх хэсэгт заасан гүйцэтгэлийн мэдээллийг 2022-09-16-ны өдрийн дотор Боловсролын ерөнхий газрын хаягт мэдэгдэнэ, 7.1-д Энэхүү гэрээ талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Гэрээ нь 2022-09-15 өдөр дуусгавар болно гэж тус тус заажээ.
5.1.Дээрх гэрээний заалт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл талууд гэрээнд нийлүүлэлт хийх хугацааг тодорхой заагаагүй хэдий ч 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусгахаар харилцан тохиролцож хугацаа тогтоосон гэж ойлгохоор байна.
6.Ерөнхий гэрээний[10] Гэрээний ерөнхий нөхцөл/цаашид ГЕН гэх/-ийн 19.1-д Нийлүүлэгч барааг хүргэхдээ Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээнд заасан бараа нийлүүлэлтийн хуваарийг мөрдөнө, 19.2-т Нийлүүлэгч дараах тохиолдолд бараа нийлүүлэлтийн хуваарийг сунгах тухай хүсэлт гаргаж болно. Үүнд: ... г) ГЕН-ийн 23 дугаар зүйлд заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдал үүсвэл, 19.3-т Нийлүүлэгч хугацаа хоцрохоос урьдчилан сэргийлэхийн тулд бололцоотой бүхний хийсэн гэдгийг захиалагчид нотлон харуулах үүрэгтэй. Хугацаа хоцролтын шалтгааныг арилгах, даван туулах арга замуудыг талууд хэлэлцэнэ, 19.4-т Гүйцэтгэгч ГЕН-ийн 19.2-т заасан нөхцөл байдал бий болсны улмаас бараа нийлүүлэлтийн хуваарь ямар нэг байдлаар хоцорч болох тухай захиалагчид нэн даруй бичгээр мэдэгдээгүй, эдгээр нөхцөл байдал бий болсныг нотлон хариулаагүй тохиолдолд ГЕН-ийн 19.2-ыг үл харгалзах ба хуваарийг сунгахгүй, 21.1-д Мэргэжлийн байгууллага дор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүссэн тохиолдолд гэрээний дагуу зөрчлийг арилгах бусад арга хэрэгслийг ашиглалгүйгээр нийлүүлэгчид бичгээр мэдэгдсэнээр гэрээг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн цуцлах эрхтэй. Үүнд: г) Нийлүүлэгч нь аль нэг болон бүх барааг гэрээнд заасан эсхүл ГЕН-ийн 19 дүгээр зүйлийн дагуу сунгасан хугацаанд хүргэж чадаагүй, 23.1-д Дайн, иргэний бослого, түймэр, үер, халдварт өвчин, газар хөтлөлт, хорио цээр, тээврийн хориг болон бусад гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдал үүссэнээ мэргэжлийн байгууллага, захиалагч, эсхүл нийлүүлэгч, эсхүл туслан гүйцэтгэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэл хугацаа хоцорсон бол ГЕН-ийн 19 дүгээр зүйлийн дагуу түүнийг гүйцэтгэх хугацааг сунгана, 23.2-т Гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдал үүссэн тохиолдолд нийлүүлэгч нь энэ нөхцөл байдал болон үүссэн шалтгааны талаар мэргэжлийн байгууллага болон захиалагчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Захиалагч бичгээр өөрөөр зааварлаагүй бол нийлүүлэгч гэрээний үүргээ боломжтой хэмжээнд үргэлжлүүлэн гүйцэтгэж, гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдлаас үл шалтгаалан гэрээг хэрэгжүүлэх боломжит арга замыг хайна гэж тус тус заажээ.
6.1.Дээрх Ерөнхий гэрээний заалтаас үзэхэд нийлүүлэгч гэрээний үүргээ гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдал /халдварт өвчин, хорио цээр, тээврийн хориг болон бусад/ үүссэнээс шалтгаалан гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгэх боломжгүй бол бараа нийлүүлэлтийн хуваарийг сунгах тухай хүсэлт гаргах, үүссэн нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллага болон захиалагчид нэн даруй бичгээр мэдэгдэх үүргийг хүлээх бөгөөд уг хүсэлтийг үндэслэн захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх, түүнчлэн захиалагч бичгээр ямар нэг заавар өгөөгүй тохиолдолд ч нийлүүлэгч гэрээний үүргээ боломжтой хэмжээнд үргэлжлүүлэн гүйцэтгэж, гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдлаас үл шалтгаалан гэрээг хэрэгжүүлэх үүргийг хүлээжээ.
6.2.Хэрэгт авагдсан Ап******* ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тоот, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр сурах бичигт ашиглагдах цаас, түүхий эдийн материал хил, гаалийн асуудлаас болж, орж ирэхгүй удааширч байгаа тул энэ асуудалд Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газраас сурах бичгийн бараа материалыг гаалиар саадгүй орлуулах, хүлээлгийн хугацааг наашлуулах тал дээр хамтран ажиллаж, дэмжих тухай хүсэлтийг гаргаж байсан буюу Ерөнхий гэрээний 23.1-д заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдлын талаар Боловсролын ерөнхий газар/захиалагч/-т мэдэгдэж, дэмжлэг хүссэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр Гаалийн ерөнхий газрын даргад нэр бүхий компаниудын хэвлэлийн түүхий эд, цаасыг улсын хил, гаалиар шуурхай нэвтрүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг хүргүүлсэн зэргээс үзвэл захиалагч гэрээнд заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдал үүссэн болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
6.3.Түүнчлэн Боловсролын ерөнхий газраас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/2473 дугаартай албан бичгээр БЕГ/, , , , дугаартай нийт 5 гэрээний дагуу нийлүүлэх сурах бичгийг гэрээт хугацаанаас 30-49 хоногоор хоцроосон, ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хэвлэлт, түгээлтийн шатанд байгаа 27 нэр төрлийн сурах бичгийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор яаралтай нийлүүлэх шаардлагыг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгээр 2022 онд хэвлэн нийлүүлэхээр шалгарсан сурах бичгүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор бүрэн хэвлэн нийлүүлэх-ийг Ап******* ХХК-д үүрэг болгосон зэргээс үзэхэд мэргэжлийн байгууллага /Төрийн худалдан авах ажиллагааны газар/ болон захиалагч /Боловсролын ерөнхий газар/ Ерөнхий гэрээний 19.2(г)-д зааснаар гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдлыг үндэслэн бараа нийлүүлэлтийн хугацааг тухай бүр 2 удаа сунгаж байсан гэж дүгнэхээр байна.
6.4.Гэтэл хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ап******* ХХК нь гэрээний ерөнхий нөхцөлийн 21.1(г)-д заасны дагуу ерөнхий гэрээг цуцлах нөхцөл үүссэн байна гэх дүгнэлт хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
6.5.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасны дагуу шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллага хүлээх бөгөөд бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримтыг цуглуулж үнэлэх учиртай.
6.6.Ажлын хэсэг дүгнэлт гаргасан үндэслэлээ Боловсролын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, түүний хавсралтаар нэхэмжлэгч Ап******* ХХК гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаагаа хэтрүүлсэн болох нь тогтоогдсон гэж тайлбарладаг.
6.7.Гэтэл Боловсролын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай албан бичигт Ап******* ХХК 2022 онд байгуулсан БЕГ/, , , , , дугаартай гэрээгээр гүйцэтгэх VII, VIII, IX, X, XII ангийн 40 нэрийн сурах бичгийн дийлэнх нь буюу 80-100 хувь нь гэрээний хугацаанаас 65 хоногийн хэтрэлттэй, Баян-Өлгий аймагт 87 хоногийн хэтрэлттэй нийлүүлэгдсэн гэх хэдий ч хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ дүгнэсэн тухай баримт[11]-д БЕГ/ дугаартай гэрээний хугацаа хэтэрсэн хоног 64, БЕГ/ дугаартай гэрээний хугацаа хэтэрсэн хоног 60, БЕГ/ дугаартай гэрээний хугацаа хэтэрсэн хоног 60, БЕГ/ дугаартай гэрээний хугацаа хэтэрсэн хоног байхгүй, БЕГ/ дугаартай гэрээний хугацаа хэтэрсэн хоног 55, БЕГ/ дугаартай гэрээний хугацаа хэтэрсэн хоног 66 гэж зөрүүтэй байдлаар тэмдэглэсэн байгаагаас үзвэл хариуцагч Ажлын хэсэг гэрээний хугацаа хэтэрсэн хоног, түүний үндэслэл, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож, үнэлж, дүгнэсэн гэж үзэхээргүй байна.
6.8.Ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа Боловсролын ерөнхий газар болон Ап******* ХХК нарын хооронд байгуулсан БЕГ/, , , , , дугаартай Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ-ээр бараа нийлүүлэлтийн хугацааг талууд тогтоосон эсэх, гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацааг сунгах үндэслэл байсан эсэх, нийлүүлэгч талаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг сунгах хүсэлт гаргасан эсэх, түүнийг захиалагч болон мэргэжлийн байгууллага хүлээн авч, гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацааг сунгасан эсэх, хэрэв үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан болон сунгасан хугацаанаас хэтрүүлсэн гэж үзвэл үүнд нийлүүлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг эцэслэн тогтоогоогүй, түүнчлэн гэрээ цуцлах үндэслэлийн талаар гэрээний нэг тал болох нийлүүлэгч Ап******* ХХК-д мэдэгдэж, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүйн улмаас гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн гэх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй дүгнэлт хийссэн нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
6.9.Тодруулбал, Ажлын хэсэг Ерөнхий гэрээний 21.1(г)-д заасан гэрээ цуцлах хоёр үндэслэл/барааг гэрээнд заасан хугацаанд эсхүл ГЕН-ийн 19 дүгээр зүйлийн дагуу сунгасан хугацаанд хүргэж чадаагүй байх/-ийн алийг тогтоосон нь ойлгомжгүй, Ап******* ХХК-д сурах бичгийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны болон 18-ны өдрийн дотор нийлүүлэхийг мэдэгдсэн Боловсролын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай албан бичиг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай албан бичиг, түүнчлэн Ерөнхий гэрээнд заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдлыг захиалагч болон мэргэжлийн байгууллага хүлээн зөвшөөрч байсан эсэхийг нарийвчлан судалж, дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэгч Ап******* ХХК-ийг гэрээний хугацааг 55-65 хоног, Баян-Өлгий аймагт 85 хоног хэтрүүлсэн гэж буруутгаж, Ерөнхий гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6.10.Иймд захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн байх тул Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, түүнийг үндэслэн гарсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тоот, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тоот мэдэгдлүүдийг хууль бус гэж дүгнэлээ.
7.Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шийдвэр гаргахад сонсох ажиллагаа хийгээгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
7.1.Учир нь цаг хугацааны хувьд маргаан бүхий Ажлын хэсгийн дүгнэлт, мэдэгдэл гарахаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/5/2457 дугаартай албан бичгээр Ап******* ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор сурах бичгийг бүрэн хэвлэн нийлүүлэхийг үүрэг болгохдоо Ерөнхий гэрээний 21.1(г)-д зааснаар гэрээг цуцлахыг, мөн Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмын 10.2-т заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хуульд заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг хүргүүлэхийг тус тус мэдэгдсэн, Ап******* ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тоот албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газарт энэ талаар хариу хүргүүлсэн байх тул дээрх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар үгүйсгэгдэж байна.
8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:
8.1.Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга Л.Л*******гээс ажлын хэсгийн гишүүн Б.Ч, А.О нарт олгосон итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй, эрх бүхий байгууллагын тамга, тэмдгээр баталгаажаагүй байх тул шүүх хүлээн аваагүй болохыг тэмдэглэж байна.
8.2.Мөн хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга Л.Л*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ап******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тоот, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тоот мэдэгдлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс тус бүр 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ