Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

 

 

 

 

Т.Ф- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай  

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/359 дүгээр шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А-  нарт холбогдох эрүүгийн 2013004100084 дугаартай, 9 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, яллагдагч Т.Ф-, С.А-, яллагдагчийн өмгөөлөгч Я.Сьезд, С.Нургайып, Х.Зулхаш, Х.Тилеугавал, А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Бахытбек нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, **настай, эмэгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, **** ажилтай, **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т.Ф- /**********/;

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, **настай, эрэгтэй, ** боловсролтой, *** мэргэжилтэй, **** ажилтай, **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай А.Ж- /********/;

 

3. Монгол Улсын иргэн, яс үндэс ***, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, **настай, эрэгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, “К” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С.А- /********/.

 

4. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ****мэргэжилтэн Т.Ф-, **** нярав А.Ж-, “К” ХХК-ийн нягтлан бодогч, “А” ХХК, “М” ХХК, “Л” ХХК-д санхүүгийн тайлан гаргадаг С.А- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээний 9.1.5-д заасан “Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь бүлгийн ажлын төлөвлөгөө, зардал, хөрөнгийн тооцоо гэрээг үндэслэн бүлэг тус бүрд 5 хүртэл сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг олгоно” гэснийг хэрэгжүүлэхдээ тус аймгийн 7 сумдын 7 бүлгийн гишүүдэд 30 тооны нийт 28.941.200 төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авахдаа:

- Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолын 2 дахь заалтад заасан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, тайлагнаж ажиллана” гэснийг,

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 23.1.7-д заасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг “малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих”-д зарцуулна гэснийг,

- Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-д “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэснийг тус тус зөрчиж,

- албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгох зорилготойгоор, “А” ХХК, “М” ХХК, “Л” ХХК гэх 3 компанитай хуурамч, дүр үзүүлсэн гэрээ байгуулан “А” ХХК-д 9.511.200 төгрөг, “М” ХХК-д 9.780.000 төгрөг, “Л” ХХК-д 9.650.000 төгрөгийн бараа нийлүүлэх баримт бичиг бүрдүүлэн компаниудын данс руу нийт 28.941.200 төгрөг шилжүүлж,

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг,

- хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8.1.2 дахь заалтад заасан “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар”-ыг ноцтой зөрчиж, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгосон, энэ гэмт хэргийн хамтран оролцогч яллагдагч А.Ж- хувьдаа 9.000.000 төгрөгийг ашиглан шамшигдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

5. Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 76/А дугаар яллах дүгнэлтээр Т.Ф-, А.Ж-, С.А-  нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  2022/ШЗ/359 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалт, 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгож, Т.Ф-, А.Ж-, С.А-  нарт холбогдох эрүүгийн 2013004100084 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

6.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрений 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 76 тоот яллах дүгнэлтийн хавсралт хэсгийн 4-т уг гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлыг 4 яллагдагчаар төлүүлэхээр тогтоосон бол 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 76/а тоот яллах дүгнэлтийн мөн хэсгийн 4-т уг гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлыг 3 яллагдагчаар төлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн,

6.2. Прокуророос нас барсан яллагдагч Б.С-ы үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч нас барсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна” гэж заасан ба хэргийн материалаас харахад нас барсан яллагдагч Б.С-ы ар гэрийн хүмүүст нь мэдэгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нас барсан яллагдагч Б.С-ы ар гэр, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг тогтоож, эрхийг нь хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгах шаардлагатай,

6.4. Яллагдагч А.Ж- нь өөрийн эхнэр П.Г-ийн дансанд 9 сая төгрөгийг шилжүүлж уг гэмт хэргийн улмаас ашиг олсон гэж прокурор яллах дүгнэлтэд дурдах боловч хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Ж- нь 9 сая төгрөгийн ашиг олж байсан эсэх нь тодорхой тогтоогдоогүй байх тул шалгаж тогтоох.

 

7. Прокурорын эсэргүүцэлд:

7.1. Уг захирамжийн 1 дэх заалтын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна” гэж заасан ба хэргийн материалаас харахад нас барсан яллагдагч Б.С-ы ар гэрийн хүмүүст нь мэдэгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нас барсан яллагдагч Б.С-ы ар гэр, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг тогтоож, эрхийг нь хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгах шаардлагатай гэсэн заалт нь үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Хууль ёсны төлөөлөгч”-өөр оролцох этгээдийг тодорхой зааж өгсөн. Үүнд: 1-рт, өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг, 2-рт, хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг, 3-рт, хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тус тус “Хууль ёсны төлөөлөгч”-өөр тогтоон оролцуулахаар хуульчилжээ. Тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан талийгаач Б.С-ы хувьд түүний хууль ёсны төлөөлөгчийг томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулбал зохих байдалд хамаарахгүй байна. Түүнчлэн талийгаач Б.С нь яллагдагчаар татагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо анхнаасаа өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон байх тул түүний өмгөөлөгчийг тогтоон оролцуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд яллагдагч Б.С-ы үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж, эрхийг нь ханган ирүүлэх шаардлагатай гэж буцаасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нас барсан яллагдагч Б.С-ы ар гэр, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг тогтоож, эрхийг нь хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгах шаардлагатай гэж буцаасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т заасан “...Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Шударга ёсны зарчим”-ийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэснийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

7.2. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын тухайд: “...хяналтын прокурор Х.Өрений 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 76 тоот яллах дүгнэлтийн   хавсралт хэсгийн 4 дэх хэсэгт уг гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлыг 4 яллагдагчаар төлүүлэхээр тогтоосон бол 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 76/а тоот яллах дүгнэлтийн хэсгийн 4 дэх хэсэгт уг гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлыг 3 яллагдагчаар төлүүлэхээр тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ...” гэх боловч прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн болохыг тодорхой дурдаж өгөөгүй байна.Харин прокурор яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэнээс гадна мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-д заасны дагуу “хохирол хор уршгийн талаарх мэдээллийг” яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт тодорхой дурдсан болох нь хэрэгт авагдсан яллах дүгнэлтийн хавсралтаар тогтоогдож байхад шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийж буцаажээ.

7.3. Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтын тухайд: Анхан шатны шүүх яллагдагч А.Ж- нь өөрийн эхнэр П.Г-гийн дансанд 9 сая төгрөгийг шилжүүлж уг гэмт хэргийн улмаас ашиг олсон гэж прокурор яллах дүгнэлтэд дурдах боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Ж- нь 9 сая төгрөгийн ашиг олж байсан эсэх нь тодорхой тогтоогдоогүй байх тул шалгаж тогтоох гэх үндэслэлийг дурдаж, хэргийг прокурорт буцаахдаа ерөнхий заалт дурдаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий байдлаар үндэслэл бүхий дүгнэж чадаагүй учраас түүнийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Учир нь шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан, хохирол, хор уршгийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба яллагдагч А.Ж- нь 9 сая төгрөгийг өөртөө авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.С-ын өгсөн “...Анх энэ төслийг авах уу гэж иргэн А- хэлсэн ба 10 хоногийн дараа намайг ажлын газарт дуудсан. Би А-ийн өрөөнд очих үед иргэн А-, Ж- нар хамт байсан. Тэгээд би А-, Ж- нарын өгсөн хоосон гэрээнд гарын үсэг зурж өгсөн. 2019 оны 12 дугаар сард миний дансанд 9.780.000 төгрөг орж ирсэн. Уг мөнгийг авна гэж иргэн Ж-, А- нар ирсэн тэгээд би компанийн дансанд байгаа мөнгийг өөрийн Төрийн банканд байсан данс руу шилжүүлсэн. Яагаад гэхээр миний компанийн данснаас бэлэн мөнгө гаргах боломжгүй байсан. Тэгээд би өөрийн дансанд шилжүүлсэн 9.000.000 төгрөгийг иргэн Ж-, А- нартай хамт байж байгаад тэдний өгсөн ХААН банкны данс руу шилжүүлэх гэхээр 1 өдрийн дараа дансанд орох ёстой гэж хэлэхэд иргэн Ж- надад өөрийн эхнэр болох Г-гийн төрийн банкны дансыг өгсөн. Тэгээд би уг дансанд 9.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн юм.” гэх мэдүүлэг гэрч П.Г-гийн “Миний дансанд орж ирсэн 9,000,000 төгрөгийг иргэн С- шилжүүлсэн байсан. Тэгээд миний бие иргэн С-д 9 сая төгрөг бэлэн өгсөн гэж өмнө нь худлаа мэдүүлсэн юм. Мөн дараа нь 2021 оны 01 дүгээр сард иргэн С-оос 9 сая төгрөг авсан болгож баримт авсан юм. Энэ асуудал С-ын компанитай холбоотой байсан тул С-д өгсөн гэж хэлсэн юм. Гэхдээ надаас 9 сая төгрөгийг тухайн үед мөнгө миний дансанд орж ирсэн өдөр иргэн А- нь надаас 9 сая төгрөгийг бэлэн авсан. Тэр үед иргэн С- хамт явж байсан харагдсан. Тэгээд би С-д мөнгө өгсөн гэж мэдүүлсэн юм.” гэх мэдүүлэг болон П.Г-гийн Хаан банкны депозит дансны хуулганууд зэрэг нотлох баримтуудаар яллагдагч А.Ж- нь өөрийн эхнэр П.Г-гийн дансанд 9 сая төгрөгийг шилжүүлэн авч ашиг олсон гэх үйл баримт тогтоогдсон байна. Харин энэхүү хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх, тогтоох эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

7.4. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан заалтууд нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/Э59 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.

 

8. Яллагдагчийн өмгөөлөгч Я.Съездийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:  

8.1. ... анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. ... “А” компанид 9,511,200 төгрөг, “М” 9,780,000 төгрөг, “Л” компанид 9,650,000 төгрөг нийтдээ 28,941,200 төгрөг байгаа. Эднийг бас иргэний хариуцагчаар татах зэрэг ажиллагаануудыг хийсний дараа шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатын шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.

 

9. Яллагдагчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга:     

9.1. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль заалтыг зөрчсөнийг тодорхой бичсэн байгаа. ...Яллагдагч талийгаач С-ын хохирлыг хэн төлөх ёстой вэ, хууль ёсны төлөөлөгч хохирлыг өгөхөөс татгалзвал хариуцлагын асуудал яригдах ёстой. Талийгаач яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчийг иргэний хариуцагчаар татах нь ял халдаах асуудал биш юм. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй.   

 

10. Яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга:  

10.1.Прокурорын эсэргүүцэл дараах байдлаар үндэслэлгүй байна. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт хохирол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх  ёстой. Анхан шатны шүүхээс  28,938,000 төгрөгийг хохирлоор тооцож, яллагдагч нарт хувааж тогтоох зэргийг мөрдөн байцаалтын шатанд тодорхойлох хэрэгтэй байсан гэжээ. Мөн яллах дүгнэлтийн хавсралт 4 дэх хэсэгт хохирлыг яаж хуваарилах талаар бичээгүй байна. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.

 

11. Яллагдагчийн өмгөөлөгч Х.Зулхашийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга:    

11.1. Бусад өмгөөлөгчидтэй санал нэг байна. Яллагдагч нас барсан тохиолдолд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн “1.3.хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” гэж заасан байхад хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй нь үндэслэлгүй.

 

12. Яллагдагчийн өмгөөлөгч Х.Тилеугавалын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга:    

12.1. ...шүүгчийн захирамжид заасан хийвэл зохих ажиллагаанууд хийгдээгүй байгаа. Иймд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. ...Яллагдагч А.Ж-ийг орлого олсон гэх үйл баримт нь тогтоогдоогүй байхад прокуророос ямар үндэслэлээр хохирол гаргасан нь үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

13. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзлээ.  

 

14. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас  ****мэргэжилтэн Т.Ф-, нярав А.Ж-, “К” ХХК-ийн нягтлан бодогч, “А” ХХК, “М” ХХК, “Л” ХХК-д санхүүгийн тайлан гаргадаг С.А- нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

15. Анхан шатны шүүх нь Т.Ф-, А.Ж-, С.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг 3 үндэслэлээр, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийн прокурорт буцаах шүүгчийн захирамж гаргасан байна.

 

16. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй. Учир нь:

16.1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2013004100084 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж түүнд холбогдох хэрэгт 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаар яллах дүгнэлт үйлдэж, түүний “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал болгож, улсын төсөвт 28.941.200 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлж байжээ. Уг яллах дүгнэлтийн хавсралтад зааснаар Яллагдагч Б.С, Т.Ф-, А.Ж-, С.А- нарын хууль бус үйлдлийн улмаас төрд учирсан 28.941.200 төгрөгийн хохирлыг тэдгээр яллагдагч нараар нөхөн төлүүлэхээр тусгаж байсан байна.

Улмаар тус хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/155 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан ба шүүгчийн уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ.

16.2. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх үед яллагдагч Б.С нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан нь Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг бүхий бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Б.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “яллагдагч нас барсан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.

Гэтэл прокурорын уг тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтад үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон уг тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгчид 7 хоногийн дотор мэдэгдэх талаар дурдаж, 5 дахь заалтаар тогтоолд гомдол гаргах журмын талаар тайлбарласан атлаа прокуророос уг тогтоолын хэрэгжилтийг хангаагүй буюу хэрэг нь хэрэгсэхгүй болсон нас барсан яллагдагчийн ар гэр, гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн, өмгөөлөгчид энэ тухай мэдэгдээгүй, тэдгээрийн “яллагдагч Б.С-ы гэм буруутай эсэх талаар дээд шатны прокурор, шүүхэд гомдол гаргах” үндсэн эрхээ эдлэх боломжоор хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон байна.

16.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “…энэ зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд нас барсан яллагдагчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн, өмгөөлөгчид түүний гэм буруугийн талаар гомдол гаргах эрх нээлттэй бөгөөд прокуророос нас барсан яллагдагч Б.С-ы өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл садны эл эрхийг хангах нь талийгаач Б.С-ы “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох” үндсэн эрх болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл садны хүний Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрт гомдол гаргах, улмаар хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлэх баталгаа болох юм.

Иймээс энэ талаар гаргасан прокурорын “эрүүгийн хариуцлагыг бусдад халдаан хэрэглэхийг хориглох” зарчмыг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зөрчсөн гэх эсэргүүцэл илт үндэслэлгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Яллагдагч А.Ж- тухайн гэмт хэргийн улмаас өөртөө ашиг олсон эсэхийг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно: гэмт хэрэг гарсан байдал ... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” гэж заасантай нийцэх учраас энэ талаарх прокурорын эсэргүүцэл хуульд нийцэхгүй байна. Нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой учраас энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

18. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцсэн, хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, өөрчлөх талаар мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/359 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                                   

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ