| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00593/И |
| Дугаар | 155/ШШ2016/00785 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2016/00785
| 2016 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2016/00785 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Х аймагт 1964 онд төрсөн, эрэгтэй, Х аймгийн Ш сумын Хужиртад оршин суух Ц.Л /Р***/-ын хүсэлттэй
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х аймгийн Ш сумын 1-р багийн нутаг Сангийн далай гэх газарт оршин суух, малчин, Л.Ц /Р***/
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1979 онд Ш сумын 8-н жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд хөдөө мал маллаж эхэлсэн. 1980 онд албан ёсоор мал маллаж байгаад 1982-1985 онд цэргийн алба хаасан. 1985 оны 10 дугаар сараас 1990 он хүртэл Жаргалын зам нэгдэлд мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон гарсан тушаал нь архиваас олдоогүй учир 1980 оны 10 дугаар сарын 01-нээс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Л нь миний нөхөр ба нөхөрт маань гачигдал гарсан тул шүүх хуралдаанд өмнөөс нь итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байна. Нөхөр Ц.Л нь 1980-1981 он хүртэл Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад үхэрчнээр ажиллаж байгаад 1982 онд цэрэгт яваад цэргээс 1985 онд халагдаж ирээд 10 сараас нэгдэл тартал тасралтгүй буюу 1989 оныг дуустал үхэрчнээр ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.
Иймд Ц.Л ыг Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Ц.Л нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ш сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3/58 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Ц.Нацагийн: ....Ц.Л нь анх 1980 оноос 1981 он хүртэл Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэрэгт явж ирээд 1985 оноос 1989 оныг дустал малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч О.Гэндэнжавын: ....Ц.Л нь 1980 оноос Жаргалын зам нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад 1982 онд цэрэгт явсан. Цэргээс 1985 оны хавар халагдаж ирээд нэгдэл тартал сувай үхэр маллаж байсан.... гэх мэдүүлэг, 1987 оны Жуух бичиг, 1987 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Баярын бичиг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Л /Р***/-ыг Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Л ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ