Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/02

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Т.Барамсай нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Луу гүн овогт Төмөрбаатарын Барамсайд холбогдох эрүүгийн 1717000710037 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Луу гүн овогт Төмөрбаатарын Барамсай /РД:ЗГ91071518/ Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 9-64 тоотод оршин суух, Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежид барилгын засал чимэглэлийн багш ажилтай, дээд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Т.Барамсай нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, 125 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн У.Бат-Эрдэнэтэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Т.Барамсай нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 125 дугаар байрны 2 дугаар орцонд У.Бат-Эрдэнийг үснээс нь зулгааж дарсан гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь алгадаж, хөлөнд нь өшиглөсний улмаас У.Бат-Эрдэнэ нь толгойгоороо хана мөргөн унаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Т.Барамсай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид засвар хийгээд орой 18 цаг өнгөрч байсан. 21 цагаас хойш ажлаа зогсоодог. Тэрийг тухайн байрны оршин суугч нар ч мэддэг байсан. Тухайн өдөр биднийг засвар хийж байхад гаднаас Бат-Эрдэнэ гэх залуу орж ирээд манай Мөнхсүлдийг өшиглөж зодсон. Би дундуур нь орж салгаад одоо боль согтуу хүнтэй яах гээд байгаа юм гэж хэлээд гараа алдлаад зогссон. Тэгэхэд Бат-Эрдэнэ намайг араас үсдээд доош дарахаар нь гарыг нь салгаад алгадаад өшиглөсөн. Намайг алгадаад өшиглөхөд гуйвах нь таараад унасан. Эмчилгээндээ хэрэглээрэй гээд 50 000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв. 

 

1.2. Хохирогч У.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 сарын 06-ны орой 19 цаг өнгөрч байхад би ганцаараа 2 шил 100 граммын Ерөөл нэртэй архи уугаад гэр лүүгээ орох санаатай хаалганы дэргэд ирсэн. Тэгсэн манай хөрш айлын хүн гэртээ засвар хийж байгаа чимээ чанга сонсогдсон. Би хаалгыг нь тогшоод чимээгээ аяд гэж хэлсэн. Тэрнээс болж муудсан юм шиг байна лээ. Яг хэн хэн намайг цохисон талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан миний толгой руу цохисон. Манай ээж Уртнасан миний хажууд байсан гэсэн. Тэр хүмүүс өөрсдөө надтай ирж уулзсан. Барамсай багш намайг цохисон гэж хэлсэн. Тэд нар намайг олуулаа зодоогүй. Намайг цохисон хүнтэй хамт нилээн хэдэн хүн байсан. Тэд нар нь надад гар хүрээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-17 хуудас/

 

1.3. Гэрч Я.Мөнхсүлд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би гэрийнхээ засварын ажлыг 2017 оны 10 дугаар сарын эхээр бие дааж эхлээд саяхнаас уналттай тааз хийх гээд багшийгаа дуудаад хамтраад хийж байгаа юм. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой 19 цаг өнгөрч байхад манай хөрш Бат-Эрдэнэ гэх ах согтуу манай хаалгыг нүдэхэд Бөхбат хаалга нээж өгсөн. Би Бөхбатын араас хаалга руу очсон чинь Бат-Эрдэнэ гэх ах намайг хараад чи пиздаа минь наад засвараа одоо боль, чимээгүй байлга гэж хэлээд шууд над руу өшиглөхөөр нь би хажуу тийшээ болоод холдсон чинь миний мөрөн дээгүүр өшиглөсөн. Миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Би тэр ахыг байнга архи уудаг болохоор нь цохиж болохгүй гэж бодоод бариад авахад Барамсай багш гэрээс гарч ирээд Бат-Эрдэнэ ах бид хоёрын дундуур орж салгаад гараа алдлаад тэр ах руу нуруугаа харуулаад зогсоход Бат-Эрдэнэ ах Барамсай багшийн араас нь үсдээд дарсан. Барамсай багш гарыг нь тавиулаад баруун талын хацар луу нь нэг удаа алгадаад баруун гуя руу нь нэг удаа өшиглөхөд Бат-Эрдэнэ ах орцны хана мөргөсөн. Бат-Эрдэнэ ахыг Барамсай багш 2 удаа цохисон. Бид нар огт гар хүрээгүй. Манайх гэртээ оройтлоо л гэхэд 21 цаг өнгөрөөгөөд 22 цаг болохоос өмнө засвараа дуусгадаг. Ер нь их дуу чимээ гаргаад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/

 

1.4. Гэрч Ж.Бөхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Мөнхсүлд гэх айлыг би багшийн хамт 2-3 хоног засаж байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой 19 цаг өнгөрч байхад засвар хийж байсан айлын хаалгыг хүн нүдсэн. Би хаалгыг нээж өгөхөд хөрш айлын хүн нь бололтой согтуу ах засварын ажил чинь дуусаж байна уу, ээжийн даралт ихсээд байдаг юмаа гэсэн. Тэр үед нь бид нар цохилттой дриллээр уналттай тааз хийж байсан учир за ойлголоо ахаа ингээд дуусгалаа гэж хэлсэн. Миний араас засвар хийж байгаа айлын эзэн Мөнхсүлд гараад ирсэн. Тэгсэн тэр согтуу ах Мөнхсүлдийг хараад засвараа одоо боль ямар их дуу гаргадаг юм бэ гэх утгатай юм ярьсан. Тэгсэн Мөнхсүлд тэр ахад хэлэхдээ бид нар засварын ажлаа хурдан хийж дуусгах гээд л хийж байна шүү дээ гэсэн чинь тэр ах муу гөлөг минь том дугараад байна уу гээд тэр хоёр хоорондоо муудсан. Тэр согтуу ах Мөнхсүлдийг өшиглөөд ороод ирсэн. Мөнхсүлд ах цохилгүйгээр хоёр гарыг нь бариад түрээд орц руу гаргасан. Тэгэхэд Барамсай багш гэрээс гарч ирээд согтуу ах, Мөнхсүлд хоёрыг боль гээд голоор нь ороход тэр согтуу ах Барамсай багшийг үсдээд дарсан. Тэгсэн багш уурлаад тэр согтуу ахыг 2 удаа алгадсан байхаа би сайн анзаарч хараагүй. Тэгэхэд согтуу ахын ээж нь гэрээсээ гараад ирчихсэн байсан. Мөнхсүлд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/,

 

1.5. Гэрч Ц.Уртнасан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай өөдөөс харсан хаалга буюу 125-2-9 тоот айл хэдэн өдрөөр гэртээ засварын ажил хийсэн. Оройн цагаар хийх нь бид нарыг унтуулахгүй ядаргаатай байсан. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой манай хүү Бат-Эрдэнэ 19 цаг өнгөрч байхад гаднаас гэртээ орохын өмнө хөрш айлын хүмүүстэй маргалдсан юм билээ. Би орцонд хүмүүс муудах чимээ сонсоод хаалгаа нээхэд манай хөрш айлын хүү Мөнхсүлд, түүний багш нь гээд залуу, манай хүү Бат-Эрдэнэтэй маргалдаад байж байсан. Тэд нарын хажууд бас нэг хүү байсан. Манай хүү Бат-Эрдэнэ нилээн согтуу байсан. Намайг харахад Барамсай гэх багш нь манай хүүг өшиглөөд хана руу унагаасан. Би хүүгээ тэд нараас салгаж авсан. Мөнхсүлд цагдаа дуудсан. Мөнхсүлд Бат-Эрдэнийг цохиогүй. Барамсай багш нь миний нүдэн дээр нэг өшиглөсөн. Тэгээд манай хүү дагзаараа хана мөргөж унасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/

 

1.6. Насанд хүрээгүй гэрч Б.Батмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бид нарыг засвар хийж байхад гэрийн хаалгыг хүн нүдсэн. Бөхбат очоод хаалга тайлж өгсөн чинь Мөнхсүлд ахын хөрш айлын хүн нь согтуу дуу чимээ гаргалаа гээд Мөнхсүлд ахтай маргалдаад тэр согтуу ах Мөнхсүлд ахын нүүр лүү нь цохисон. Тэгтэл Барамсай багш очоод тэр хоёрыг салгах гэхэд Бат-Эрдэнэ гэх согтуу хүн Барамсай багшийн араас татаад орц руу гаргасан. Барамсай багш эргэж хараад тэр хүний баруун хацар луу алгадсан. Тэгэхэд гэрийн хаалга хаагдсан бөгөөд би цаад өрөөнд нь юм хийж байсан болохоор тэрнээс хойш орцонд болсон зүйлийн талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-27 хуудас/

 

1.7. Насанд хүрээгүй гэрч Э.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бид нар Барамсай багштай Мөнхсүлд ахын гэрт нь засвар хийж байхад орой 19 цагийн үед гэрийн хаалгыг хүн нүдсэн. Бөхбат очоод хаалга тайлж өгөхөд Мөнхсүлд ахын хөрш айлын Бат-Эрдэнэ гэх нилээн согтуу хүн байсан. Тэр хүн дээр Мөнхсүлд ах очсон. Тэр согтуу ах Мөнхсүлд ахын нүүр лүү нь гараараа цохисон. Тэгсэн Барамсай багш тэр хоёр дээр очоод салгаж дундуур нь ороод зогсож байхад Бат-Эрдэнэ гээд согтуу ах Барамсай багшийн үснээс зулгаагаад цааш орц руу гаргасан. Тэгэхэд Барамсай багш эргэж хараад Бат-Эрдэнэ гэх хүний толгой руу нь алгадаж байгаа харагдсан. Батмөнх бид хоёр гэрээс гараагүй учраас үргэлжлээд тэр орцонд ямар зодоон болсон талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29 хуудас/

 

1.8. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Бат-Эрдэнийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох үзлэг хийж дүгнэлт гаргасан. Үзлэгээр: Толгойн хуйхыг тэмтрэхэд зүүн чамархайн дээд хэсэгт 3,5х2,5 см хэмжээтэй зулгаралттай, зүүн эгэмний дунд шугамаар 6-8 дугаар хавирганы түвшинд бага зэрэг эмзэглэлтэй, баруун чихний үүдэвч хэсэгт шархтай, шархнаас цус гарч хатсан, биед өөр ил харагдах гэмтэлгүй байсан. Рентген зурагт хавирганд хугарлын шинж үгүй, гавал тархины 2 байрлалд авсан рентген зурагт гадна дотно ялтас тод ялгарч харагдана. Дух чамархайн хэсэгт хуруу дарагдлын шинж тэмдэг сул илэрч байсан. Дүгнэлтээр Бат-Эрдэнийн биед тархи доргилт, толгойн хуйханд зулгаралт, баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдож энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шанаа орчим нэг удаа алгадахад баруун чихэнд шарх гэмтэл үүсгэгдэх бөгөөд хана мөргөж унасан бол тархи доргилт, толгойн хуйханд зулгаралт гэмтлүүд нэг дор үүсгэгдэх боломжтой. Бат-Эрдэнийн эгэмний дунд шугамаар 6-8 дугаар хавирганы түвшинд бага зэрэг эмзэглэлтэй боловч ил харагдах гэмтэлгүй, мөн рентген зурагт хавирганд хугарлын шинж үгүй гэсэн учраас дүгнэлт хэсэгтээ тусгаагүй болно” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-35 хуудас/,

 

1.9. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 404 дугаартай дүгнэлтэнд: У.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, толгойн хуйханд зулгаралт, баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 37 хуудас/

 

1.10. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 7-11 хуудас/

 

1.11. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-6 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Т.Барамсайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Т.Барамсайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч У.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Барамсай гэж хүн надтай уулзаад уучлалт гуйсан. Миний хохиролд 50 000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол, санал, хүсэлт алгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 17 хуудас/

 

2.2. Гэрч Б.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр Барамсай Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежид багш ажилтай бөгөөд бид хоёр одоо 1-5 насны 3 хүүхдийн хамт Политехникийн коллежийн албаны байранд амьдардаг. Барамсай бид хоёр 2010 онд танилцаад 2011 онд гэр бүл болж, 2012 онд том хүү Анхбаярыг төрүүлж байсан. Одоо Анхбаяр 5 дугаар цэцэрлэгт сурдаг. Дараагийн охин Амин-Эрдэнэ 2014 онд төрсөн. Одоо мөн 5 дугаар цэцэрлэгт сурдаг. Бага охин Анужин 2016 онд төрсөн би гэртээ хардаг юм. Манай нөхөр Барамсай зан байдлын хувьд ямар ч уур уцаар байхгүй, ер нь хүнтэй муудаад байдаггүй, их зөөлөн хүн байгаа юм. Гэр бүлийнхээ төлөө айлд засварын ажил хийж байгаад тийм асуудалд орсон байх гэж бодож байна. Өөрийнх нь хэлж байгаагаар тэр зодуулсан гээд байгаа хүн нь манай нөхрийг үсдсэн гэж байсан. Манай хүн ажлаа мөрөөрөө л хийдэг, архи, тамхи хэрэглэдэггүй, урьд хэрэгт холбогдож байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/

 

2.3. Гэрч Б.Базарсад мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Барамсай манай хуурай ах байгаа юм. Барамсай ах манай Политехникийн коллежид барилгын засал чимэглэлийн багш хийдэг. Барамсай ах 1, 3, 5 настай 3 хүүхэд, эхнэр Эрдэнэчимэг нарын хамт манай сургуулийн албаны байранд амьдардаг. Эхнэр нь хүүхдээ хараад гэртээ байдаг. Дундаж амьдралтай хүн байгаа юм. Ааш зан, хүн чанар сайтай хүн бөгөөд бусдыг дээрэлхээд муудаад явах хүн биш. Архи, тамхи хэрэглэдэггүй, хүнд их тусархуу хүн байгаа юм. Би Чойрт ирээд 3 жил болж байна. Энэ хугацаанд Барамсай ахыг хүнтэй муудсан, хүмүүсийг дээрэлхэж байна гэж сонсож байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/

 

2.4. Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт /х.х-ийн 47 хуудас/

 

2.5. Гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 51-54 хуудас/

 

2.6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 49-50 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Барамсай нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Барамсай нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Луу гүн овогт Төмөрбаатарын Барамсайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Барамсайг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Барамсайд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Барамсай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Барамсай нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Барамсайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА