Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/106

 

                                                              Э.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтмагнай,  

хохирогч М.Н,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1522 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Э-д холбогдох 2209 00000 0187 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Д овгийн Э-н Э, ........................, /РД: ..................../,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг ялыг Сум дундын 4 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар захирамжаар 11 сар 17 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй тэнсэж хянан харгалзсан 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 11 сарын хугацаагаар тогтоож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 82 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 394 дүгээр шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялтай нийцүүлэн хасаж, хохих ялын хэмжээг 3 жил 6 сар хорих ял болгон өөрчилж, эдлээгүй үйлдсэн 2 жил 1 сар 2 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;  Шүүгдэгч Э.Э нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 53 дугаар байрны цахилгаан шатан дотор иргэн М.Н-н өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох “Айфон 7” загварын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдэн авч, 370.000 төгрөгийн хохирол учруулсан, тус дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхээр хүч хэрэглэж авахаар довтлохдоо хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зовхи, хамар, уруулд салстын өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 35 дугаар байрны гадна хохирогч Т.У-н өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох “Айфон икс ар” загварын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэн авч, 990.000 төгрөгийн хохирол учруулсан, тус дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхээр хүч хэрэглэж авахаар довтлохдоо хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд нь уруулд цус хуралт, уруулын салстад зулгаралт, зүүн чамархай, дух, шанаанд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн зүүн зах орчим хохирогч Б.М-н ... улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус 20” загварын авто машин дотор хохирогч Б.М-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуу, зүүн тохойд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” буюу хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Э.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг тус тус зааснаар үргэлжилсэн үйлдлээр, нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийг “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 207 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.Н-д 185.000 төгрөг, хохирогч Т.У-д 120.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Б.М баримтаар хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Н, Т.У, Б.М нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Э.Э-с холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “намайг дээрэмдэх гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн хэмээн буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

1. Хохирогч М.Н-г дагаж лифтэнд суугаад хүч хэрэглэн гар утсыг нь авах гэж үйлдэл хийсэн, түүнд хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Харин Т.У-г дээрэмдэх үйлдлийг хийгээгүй. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч гэх 3 хүн мөрдөгчийн өрөөнд 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өглөө 10 цагаас 17 цаг өнгөртөл цохиж унагаах, үсдэж чирэх, элэгдэх зэргээр Т.У гэх эмэгтэйг дээрэмдсэн үйлдлээ хүлээ гэж айлган сүрдүүлж дарамтлан, хилс хэрэгт холбогдуулан эцэст нь хүнд ял онооход хүргэлээ. Хохирогч Т.У нь намайг саарал өнгийн ороолтоор толгойгоо ороосон гэж мэдүүлдэг. Гэвч би хар өнгийн куртиктэй хар өнгийн саравчтай малгайтай явсан. Надад саарал өнгийн ороолт огт байхгүй.

2. Шийтгэх тогтоолд Б.М-г хүчиндсэн гэж буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Б.М-н машинаар үйлчлүүлж явахдаа маргалдан цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хүчиндсэн үйлдлийг хийгээгүй. Б.М намайг хүчиндэх үйлдлийг 2 удаа бэлгэвчгүй үйлдсэн, үрийн шингэн урсаж байсан хэмээн мэдүүлдэг атал шинжээчийн дүгнэлтээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүйг нотолсон.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан хүчиндэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож бусад үйлдлийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорих ялын хугацааг багасгаж, мөн ял эдлэх дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг хамтран гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн нотолгооны зүйл болох “гэмт хэрэг гарсан байдал” буюу шүүгдэгч Э.Э-с хохирогч Т.У-г хүч хэрэглэж дээрэмдсэн үйлдэл нь бүрэн тогтоогоогүй, нотлогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “эргэлзээгүй” нотлогдон тогтоогдоогүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Т.У, М.Н нарыг дээрэмдсэн үйлдэл нь шинж чанарын хувьд адилхан байх нь миний үйлчлүүлэгч Э.Э энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Т.У хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “намайг дээрэмдсэн хүн саарал ороолтоор толгойгоо боосон хүн байсан.” гэж мэдүүлэх боловч Э.Э энэ цаг хугацааны дараахан баригдах үедээ толгойгоо боосон саарал өнгийн ороолттой байгаагүй нь тогтоогдсон. Т.У нь оройн 22 цагийн орчим харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хувцасны өнгийг саарал ороолт, бээлий түүний өнгө, шинж чанарыг хэрхэн таньж байгаа талаар мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогоогүй байж 5 сарын дараа “бээлий” буюу эд мөрийн баримт яригдаж хохирогч түүнийг шинж байдлаар нь таньж байгаа “эргэлзээтэй” нотлох баримт нь хэрэгт хамааралтай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээг бий болгож байна. Миний үйлчлүүлэгч Э.Э-г баривчилсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн албан хаагчид нь хүч хэрэглэн зодож, Т.У-г дээрэмдсэн үйлдлийг хүлээлгэсэн нөхцөл байдлыг үгүйсгэхгүй бөгөөд энэ талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй. Хууль зөрчих аргаар мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотлох баримт болохуйц байдлаа алддаг. Хохирогч Т.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт надаас юу ч нэхээгүй, эд хөрөнгөө өг гэж нэхэж сүрдүүлээгүй, миний утсыг аваагүй, харин намайг зодож байх үед нь миний гар утас халааснаас унасан байсан” талаар тогтвортой дахин мэдүүлдэг. Энэ үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэх хууль зүйн үндэслэл эргэлзээтэй байна. Хэдийгээр дээрэмдэх гэмт хэрэг нь гэмт үйлдлээ хэрэгжүүлснээр буюу хохирогчийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр довтолсноор гэмт хэрэг бүрэн төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэрэг боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн дээрх мэдүүлгээр Э.Э хохирогч Т.У-н эд зүйл, мөнгө төгрөг, гар утсыг авах зорилгоор довтолсон гэдэг нь няцаагдаж байна. Анхан шатны шүүхээс дээрэмдэх гэмт хэрэг гэж дүгнэж байгаа хэдий ч үйлдлийн шинж чанар нь төгссөн гэмт хэрэг эсхүл дээрэмдэх гэмт хэрэгт завдсан зэрэг гэмт хэрэг үйлдэх үе шатны хууль зүйн шинжид бүрэн дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Э.Э нь төрөлхийн оюуны хомсдолтой F 70 сэтгэцийн өвчтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогддог. Энэхүү сэтгэцийн хувьд оюун санаанд захирагдахгүй хүнийг зодох, эд зүйл булаах зэрэг өвчний шалтгаант үйлдэл хийдэг эсэх талаар сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан боловч хангаагүй. Энэ байдлыг тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдал, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын үндэслэлийг тодорхой болгож хэрэгт холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ач холбогдолтой юм. Иймд давж заалдах шатны шүүхээс гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж Т.Учралыг дээрэмдсэн гэх үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага, ялыг хөнгөрүүлж хэргийн бусад байдалд дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э-н өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлуудыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Э.Э-н давж заалдах гомдолд дурдагдсан мөрдөгч нарт зодуулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Тэр өдөр өрөөнд Ёолкоос гадна 3 хүн байсан. “Хэргээ хүлээ” гэх зэргээр зодсон бөгөөд 18 цагийн үед Э.Э-н эх нь очиж авч явсан. Энэ талаар прокурорт гомдол гаргаж, прокуророос Авлигатай тэмцэх газарт шалгуулсан. Мөн М.Н, Т.У нарыг дээрэмдэх үйлдлийг нэг хугацаанд болсон гэдэг. Шүүгдэгч хар өнгийн саравчтай малгайтай байсан, гэтэл хохирогч Т.Учрал “саарал өнгийн ороолттой байсан” гэж мэдүүлсэн. Мөн цагаан өнгийн маск зүүсэн байхад энэ талаар мэдүүлээгүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр хүчиндсэн гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд миний үйлчлүүлэгч хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Иймд давж заалдах шүүх хэргийг тал бүрээс нь хянаж, үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч М.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх ирээдүйд гарах зардлыг тооцож гаргуулах боломжгүй гэж тайлбарласан. Давж заалдах шатны шүүхэд ямар гомдол гаргасан, ямар байр суурьтай байгааг нь мэдэхээр шүүх хуралдаанд оролцож байна. Намайг хамрын мэс ажилбар орох ёстой гэсэн. Хамрын мэс ажилбарт 20 нас хүрээд орох ёстой юм байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байна. ...” гэв.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдэл, гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн эрүүдэн шүүсэн асуудлыг Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан боловч дээрх байдал нотлогдоогүй тул хэргийг хаасан. Энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Хохирогч Б.М гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс 2 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд тэрээр “сэтгэл санааны хувьд айдастай байсан, бэлэг эрхтнээ угаасан” гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Э нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 53 дугаар байрны цахилгаан шатан дотор иргэн М.Н-н өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох 370.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 7” загварын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдэн авсан, тус дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хүч хэрэглэн хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зовхи, хамар, уруулд салстын өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь,

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 35 дугаар байрны гадна хохирогч Т.У-н өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох 990.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон икс ар” загварын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэн авсан, тус дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хүч хэрэглэн хохирогчийг зодож эрүүл мэндэд нь уруулд цус хуралт, уруулын салстад зулгаралт, зүүн чамархай, дух, шанаанд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь,

2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн зүүн зах орчим хохирогч Б.М-н ... УАО улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус 20” загварын авто машин дотор хохирогч Б.Минжиний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуу, зүүн тохойд цус хуралт, зулгаралт гэсэн хөнгөн гэмтэл санаатай учруулж, бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:  

хохирогч М.Н-н “... гэр лүүгээ орох замд туранхай 178-180 см өндөртэй, хөх куртик, жинсэн өмд, бараан өнгийн өвлийн ноосон малгайтай, масктай, хар бээлийтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эрэгтэй, 30-35 орчим насны хүн зогсож байсан. Намайг байр луу ороод лифтэнд суух үед миний араас гадаа зогсож байсан ах орж ирсэн. Тэгээд би 10 тоон дээр дарчихаад нөгөө ахаас “та хэдэн давхарт буух юм” гэж асуусан чинь надаас “чи харин өөрөө хэдэн давхарт буух юм бэ” гэж хэлэх үед би тухайн хүнээс жаахан зайгаа аваад зогссон. Гэтэл намайг гэнэт тэвэрч аваад амьсгал боогоод тэр үед би тусламж дуудаад орилж бас эсэргүүцэл үзүүлсэн боловч ямар ч нэмэр болоогүй. 10 давхарт лифт зогсохоос өмнө тухайн хүн намайг тавиад миний шүд, хамар, толгой хэсэгт гараараа цохиж, зодож улмаар миний гар утсыг булааж авсан. 10 давхарт лифт зогсох үед би тухайн хүнийг нэг өшиглөх үед тухайн хүний барьж байсан миний гар утас лифтний гадна буюу орцонд унасан. Тэр хооронд би гараад ах болон ээжийгээ дуудаж орилох үед ээж гарч ирсэн. Ээжийг гарч ирэхийг мэдээд тухайн хүн шатаар бууж зугтсан. Тэр үед би ээжийг та лифтээр нэг давхар луу буу гэж хэлээд өөрөө тухайн хүний араас шатаар бууж хөөсөн. Намайг 5-6 давхарт явж байх үед орц дотор нэг ах эгч 2 байсан. Би тухайн 2 хүнээс тусламж гуйх үед эрэгтэй нь миний араас гүйж ирж тухайн намайг зодож дээрэмдсэн хүнийг барьж авсан. ...” /1 хх 19-20/,

хохирогч Т.У-н “...Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн үед ажлаа тараад ... 10-р хорооны урдуур явж байхад хойноос хүн дагах шиг болохоор нь эргээд харахад сааралдуу өнгийн ороолтоор толгойгоо ороосон хүн араас явж байхаар нь би айж хурдан алхтал хорооны зүүн талд шууд араас боосон. Би орилоход миний амыг гараараа тагласан. Би хазах гэхэд гартаа даавуун бээлийтэй байсан. Тэгээд газарт унагаагаад толгой руу цохиод, тэгээд босох гэхэд төмөр хашаа руу толгойгоор минь цохисон. Би болиоч гээд орилж байтал 35 дугаар байрны 2 давхраас эрэгтэй хүн орилох шиг болсон. Тэгтэл тэр эрэгтэй босоод алхаад яваад өгсөн. ...” /1 хх 64-65/,

хохирогч Б.М-н “...Би 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн 38-97 УАО улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус 20” загварын автомашинаар таксинд явж байтал өглөөний 06 цаг 30 минутын үед талбайн урд талын төв зам дагуу 30 гаран насны, 180 см орчим өндөртэй залуу такси бариад офицер орно гэж суусан. ... Тэгээд офицерийн тэндэх ТҮЦ орж тамхи аваад буцаж машинд суугаад Хужирбулан хүргүүлэх гэсэн юм гэж хэлсэн. ... тухайн залуу явж байхдаа замдаа “би урд шөнө төрсөн өдөр тэмдэглээд архи уучихсан юм, гэрээ олохгүй байна” гэж хэлсэн. Тэр үед тухайн залуугаас архи үнэртэж байсан. Ингээд Хужирбулангийн засмал зам руу эргээд цэргийн анги тултал явсан, ...  тэгснээ дахиад тийшээ яв, ийшээ яв гээд гэр хорооллоор зөндөө явуулсан ... Хужирбулангийн зүүн захад гэр хороолол байхгүй уулын энгэрт зогсоосон. Тухайн газар нэг ширхэг байшин харагдаж байсан, тэр байшинг манай гэр гэж заагаад зогсоосон. Би тэр залууг 45.000 төгрөгийн тооцоо гарсан байна, тооцоогоо хийнэ үү гэхэд мобайлаар шилжүүлэх гэсэн чинь нэгжгүй байна гэж тэр залуу хэлсэн. Иймд би өөрийн .......... дугаарын утаснаас тэр залуугийн ......... дугаарын утас руу 07 цаг 35 минутад 100 нэгж шилжүүлсэн. Тэгээд надаас нэгж авснаа миний мобайл болохгүй байна гээд мөнгө өгөхгүй байсан. ... Хаан банкны АТМ-ээс 40.000 төгрөг авч буцаж гэрээ гэх уулын энгэрт тэр залуу хүргүүлсэн. ... би тэр залууг “машинаас тооцоогоо хийгээд бууна уу” гэхэд ямар нэгэн үг хэлэлгүйгээр намайг нуруунаас цахилгаантай ханцуйгүй цамцыг шувталж хамар аман дээр дарж амьсгал боогдуулж бүтэлтэд хэсэг оруулаад аваад байсан. Тэгснээ хүзүү ам, энгэр цээжийг ноцолдож ураад байсан. Тэгээд бүтэлтэд оруулаад нэг сэргэхэд миний өмдийг тайлаад, мөн өөрийнхөө өмдийг тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон. Би тухайн үед ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болчихсон байсан. Тэгээд надтай нийт 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Би тэр залууг надтай бэлгийн харьцаанд орсны дараа явах гэхэд тэр залуу чамайг явуулахгүй гээд 11 цаг хүртэл тэр газарт байлгасан. Тэгээд ундаа авъя гээд Гачууртын дэлгүүр рүү явсан, дэлгүүрийн гадаа очиход хамт оръё, чи намайг орхиод явчихна гээд хаяад явах гэхээр болохгүй байгаад байсан. ... Тухайн залуу надтай бэлгийн харилцаанд орохын тулд хүч хэрэглэсэн. Үүний улмаас миний хүзүү, цээж урагдсан, зүүн хөлийн шагайны дээд хэсэгт хөхөрсөн, толгой хөдөлсөн, хүзүүний ар хэсэгт хөдөлж болохгүй хөшсөн, зүүн тохой халцарсан, зүүн тал тэр чигээрээ хөдлөхөд хөндүүрлэсэн өвчтэй, нуруу ууц тэр чигтээ хөндүүрлэж өвдөж байсан, мөн зүүн хөл доголсон байдалтай байсан. ... Надтай 2 удаа бэлгийн харилцаанд орж дур тавьсан. Үрийн шингэн нь миний бэлэг эрхтнээс урсаад байсан. Би гэртээ хариад тэр оройдоо бэлэг эрхтнээ угаачихсан. Надад нэрээ хэлээгүй. ...” /1 хх 139-140/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... М.Н-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зовхи, хамар, уруулд салстын өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд бөгөөд ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 1183 дугаар дүгнэлт /1 хх 31-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Т.У-н биед уруулд цус хуралт, уруулын салстад зулгаралт, зүүн чамархай, дух, шанаанд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 1202 дугаартай дүгнэлт /1 хх 179-180/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.М-н биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуу, зүүн тохойд цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.М-н үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Б.М-д шинжилгээгээр бэлгийн замын халдварт тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар илрээгүй. ...” гэх 2368 дугаартай дүгнэлт /1 хх 149-151/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 13-14/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээтэй тайлан /1 хх 86-87/,

таньж олуулах ажиллагаа явуулсан “... 5 иргэний зургийн дарааллуулан байрлуулж 1 дугаарт Э.Э-н зураг харуулахад Б.М ... “Би 1-5 хүртэлх дугаарласан хүмүүсийн зургийг харлаа, дээрх зурагнуудаас 1 гэж дугаарласан хүн намайг зодож, хүчиндсэн хүн мөн байна, уг царайны ерөнхий байдал, дүр төрхөөр нь би шууд таньж байна. ...” тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 133-136/,

мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 11-21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг, хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Прокуророос шүүгдэгч Э.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилснийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт болгон зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ.  

Мөн шүүх шүүгдэгч Э.Э-н үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э нь дээрэмдэх болон хүчиндэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тус бүрийг “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан” гэж үзэн, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг нэгтгэн хөнгөрүүлсэн, мөн шүүгдэгчид оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах зарчмыг баримталсан нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Э “...надад холбогдох хэргээс хүчиндэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож бусад үйлдлийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорих ялын хугацааг багасгаж, мөн ял эдлэх дэглэмийг нээлттэй болгож өгнө үү ...”,

түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “... Э.Э нь сэтгэцийн F70 гэсэн оноштой тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчиж нотлох баримтууд цуглуулсан, Т.Учралыг дээрэмдсэн гэх үйлдэл тогтоогдоогүй тул хөнгөрүүлэн зүйлчилж, мөн эрүүгийн хариуцлага, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр хохирогч нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны туршилтыг баталгаажуулсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

Насанд хүрээгүй хохирогч М.Н, хохирогч Б.М, Т.У нар нь хэрэг учрал хэрхэн өрнөсөн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой мэдүүлсэн бөгөөд хохирогч нарын мэдүүлэг нь:

хохирогч Т.У Э.Э-г өмсөж явсан хувцасаар нь таньсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 90-96/,

 хохирогч Б.М нь өөрийг нь дээрэмдэж, хүчиндсэн гэх хүний зургийг шууд  заасан таньж олуулах ажиллагааны явуулсан тэмдэглэл /1 хх 133-136/ зэргээр давхар нотлогдож байна.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь хууль зөрчиж, хэрэг хүлээлгэсэн гэх үйл явдлын талаар шүүгдэгч мэдүүлдэг, энэ талаарх гомдлоо зохих байгууллагад гаргаж шалгуулсан боловч нотлогдон тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг шийдвэр нь хүчин төгөлдөр байх тул “хууль зөрчиж Э.Э-с мэдүүлэг авсан” гэх гомдол үндэслэлгүй.   

Шүүгдэгч Э.Э нь сэтгэцийн хувьд F 70.1 оюуны хөнгөн хомсдол өвчтэй гэх баримт хэрэгт авагдсан байх боловч Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 101 дугаартай дүгнэлтээр /1 хх 40/ түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, сэтгэцийн хувьд болсон хэрэг үйл явцын талаар мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй.

Шүүхээс шүүгдэгч Э.Э-г гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсаныг болон түүний гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, үйлдлийн давтамж, уг гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ял оногдуулсан ба уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 99 /ерэн ес/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1522 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 99 /ерэн ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ     

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР