Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00787

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Т сумын 4 дүгээр багт оршин суух, Р*** дугаар регистртэй, эмэгтэй, О.Ч

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2016/00705/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О  нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Ч  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие О.Ч 1966 онд төрсөн, сургуульд орж суралцаж байгаад 3 дугаар ангиасаа завсардаад аав, ээжийнхээ асрамжид байж байгаад 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс аав, ээжтэйгээ мал маллаж байсан. 1986 онд О той гэр бүл болсон. Ингээд малаа үргэлжлүүлэн маллаж байгаа. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас хүрсэн учир материалаа бүрдүүлэхээр болов. 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ардын зориг нэгдэлд хоньчин, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Олон булаг компанид хоньчноор ажилласан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд миний бие Т сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Олон булаг компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х аймгийн М суманд 1967 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Х аймгийн Т сумын 4 дүгээр багт оршин суух, Р*** дугаар регистртэй, О О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ч нь миний эхнэр бөгөөд би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тэрээр Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдэлд 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тасралтгүй ажиллаж байгаад тус нэгдэл тарж Олон булаг хязгаарлагдмал хариуцлагатай компани болоход тус компанид 2 жил ажилласан юм. Миний эхнэр О.Ч нь 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 50 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох хугацаа болсон. Гэтэл Х аймгийн Т сумын контор шатсан учир ажилд авсан болон чөлөөлсөн тухай тушаал болон бусад баримтууд олдохгүй болж, хөдөлмөрийн дэвтэрт бичсэн бичилтээр тэтгэвэрт орох боломжгүй, шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд О.Ч ийн Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Х аймгийн Т сумын Олон булаг хязгаарлагдмал хариуцлагатай компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

О.Ч  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч О.Ч  Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, Х аймгийн Т сумын Олон булаг хязгаарлагдмал хариуцлагатай компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдлээс 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нээж олгосон 1. 1982 оны 11 дүгээр сарын 15. Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад хоньчноор томилов. Нэгдлийн даргын 1982 оны 11-р сарын 15-ны 53 тоот тушаал гэх бичилттэй, 1983 оноос 1993 оныг дуустал хугацааны цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Тус хэлтсийн архивт Осор овогтой Чимэг ажиллаж байсан Х аймгийн Т сумын Олон булаг ХХК-д 1992, 1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов гэх бичилттэй 1285 дугаартай архивын лавлагаа, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн О.Ч ийн 1983 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарыг дуустал, 1985 оны 1 дүгээр сараас 1987 оныг дуустал, 1990 оны 7 дугаар сар, 1991 оны 10 дугаар сард ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч С.Даваажавын О.Ч нь Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд хоньчин, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оныг дуустал Т сумын Олон булаг хязгаарлагдмал хариуцлагатай компанид хоньчноор тус тус ажиллаж байсан... Тасралтгүй ажиллаж байсан... 1990, 1991 онуудад тасралтгүй ажиллаж байсан. Манай сумын архив 1997 онд шатсан юм. Энэ үеэр 70 дугаар данс нь үрэгдсэн байх. Гэхдээ тасралтгүй ажиллаж байсан юм... Ардын зориг нэгдэл тараад Олон булаг хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон. Олон булаг хязгаарлагдмал хариуцлагатай компанид үргэлжлүүлэн ажиллаж байсан юм... Би Т сумын Ардын зориг нэгдэлд 1974 оноос 1992 он хүртэл хугацаанд боловсон хүчин хийж байсан. Нэгдэлд биид хамт ажиллаж байсан. 1992 оноос 1996 он хүртэл сумын Хүн эмнэлэгт нягтлан бодогч хийж байсан. Сумандаа хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Дайриймаагийн ...О.Ч нь Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл тартал хоньчин, Т сумын Олон булаг хязгаарлагдмал хариуцлагатай компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан... Тасралтгүй ажиллаж байсан... 1990, 1991 онд ажиллаж байсан. Манай сумын захиргаа контор 1997 онд шатсан юм. Ингэж шатахад хамаг бичиг баримт устаж үгүй болоод хүмүүс бичиг баримтгүй болчихсон байгаа юм. Түүнээс тасралтгүй ажиллаж байсан, бусад сарын цалин хөлстэй данс нь шатаад устчихсан байх... манай сумын захиргаанаас аймгийн архивт шилжүүлээгүй байхад гал гараад тэгээд ихэнх бичиг баримт устсан... Би Х аймгийн Т сумын захиргаа болон Ардын зориг нэгдэлд 1975 оноос бичээчээр ажиллаж байгаад 1980 оны 1 сараас Ардын зориг нэгдэлд дагнан бичээч, 1982 оноос 1995 он хүртэл Ардын зориг хязгаарлагдмал хариуцлагатай компанид бичээчээр тус тус ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

О.Ч ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын контор 1997 онд шатсан болох нь Х аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Тус аймгийн Т сумын Ардын зориг нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул О.Ч т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 10/272 тоот тодорхойлолт, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Тус сумын захиргаа барилга 1997 онд шатсаны улмаас архивын заримт баримт шатсан ба Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадын гишүүдийн 1984, 1988, 1989 онуудын 70 дугаар данс, холбогдох баримт архивт байхгүй тул О.Ч т тухайн онуудын лавлагаа гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 3/136 дугаартай тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ...Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж 2736534 төгрөгний хохирол учирч шатсан гэх тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О.Ч Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, Х аймгийн Т сумын Олон булаг хязгаарлагдмал хариуцлагатай компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА