| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00706/и |
| Дугаар | 155/ШШ2016/00788 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2016/00788
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн Т суманд 1962 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, Х аймгийн Т сумын 2 дугаар багт оршин суух, Р *** дугаар регистртэй, Г.Д ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2016/00706/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Г.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2 дугаар ангид сурч байгаад сургуулиас гарч эцэг, эхийн хамт Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдэлд мал маллаж эхэлсэн. Тэгээд 16 насанд хүрч тус нэгдэлдээ 1979 оны 01 сараас бие даан хонь маллах болсон. Зун нь өвөлжилтийн бэлтгэл болох хадланд явдаг байсан бөгөөд аварга тармуурчин хүртэл болж шагнал урамшуулал авч байсан. Би цэргийн алба хаагаагүй дан маллаж байсан бөгөөд нэгдэл тартал буюу 1990 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, гарсан тушаал байхгүй байна, шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдэлд 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Г.Д Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдэлд 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон 1. 1978 оны 1 дүгээр сарын 01. Ардын зориг нэгдлийн 4-р хэсэгт хоньчноор томилов. Нэгдлийн даргын 1979 оны тушаал гэх бичилттэй, 1981 оноос 1990 оны цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Г.Д ийн 1979 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарыг дуустал, 1981 оны 1 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Х аймгийн Т сумын 2 дугаар бригадын малчин Гонгор овогтой Даваадоржийн 5 жилийн цалингийн тодорхойлолт, гэрч С.Д ын Г.Д нь Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдэлд 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан. Хоньчин л хийж байсан, одоо ч хувийн малаа малладаг... 1980 онд ажиллаж байсан. Манай сумын архив 1997 онд шатсан юм. Энэ үеэр 70-р данс нь үрэгдсэн байх. Гал гарсан үеэр зарим баримтыг гаргаж аваад, зарим баримт нь шатаж устсан юм... Г.Д нь нэгдэл сумын баярын бичиг авч байсан... Би Т сумын Ардын зориг нэгдэлд 1974 оноос 1992 он хүртэл хугацаанд боловсон хүчин хийж байсан. Нэгдэлд бид хамт ажиллаж байсан. 1992 оноос 1996 он хүртэл сумын Хүн эмнэлэгт нягтлан бодогч хийж байсан. Сумандаа хамт ажиллаж амьдарч байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Дайриймаагийн ...Г.Д нь Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдэлд 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан... Тасралтгүй ажиллаж байсан. Нэгдлийн 2-р бригадад ажиллаж байсан... 1980 онд ажиллаж байсан. Тасрах учиргүй, ажиллаж байсан... Би Х аймгийн Т сумын захиргаа болон Ардын зориг нэгдэлд 1975 оноос бичээчээр ажиллаж байгаад 1980 оны 1 сараас Ардын зориг нэгдэлд дагнан бичээч, 1982 оноос 1995 он хүртэл Ардын зориг ХХК-д бичээчээр тус тус ажиллаж байсан... сумын захиргаа 1997 оны 4 сард шатсан юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Г.Д ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Тус аймгийн Т сумын Ардын зориг нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Г.Д ид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/312 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ...Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж 2736534 төгрөгний хохирол учирч шатсан гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Д ийн Х аймгийн Т сумын Ардын зориг нэгдэлд 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА