| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00707/и |
| Дугаар | 155/ШШ2016/00789 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2016/00789
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн Т суманд 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Х аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух, Р*** дугаар регистртэй, Д.О ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2016/00707/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Д.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 онд Дарханы Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд Х аймгийн Т сумын Тээл бригадад 1981 оноос 1986 оны 07 сар хүртэл бригадын эмч хийсэн. Тэгээд дараа нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд Т сумын Хүүхдийн яслид сувилагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Гэтэл миний Хүүхдийн яслид ажилд орсон тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр дээр тамга, тэмдэг дутуу дарагдсан зөрчилтэй гээд дээрх хугацааг ажилласан жилээс хасч тооцон, тэтгэврийн хэмжээг бууруулсан. Х аймгийн Т сумын контор шатсан учраас ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд болон цалин хөлсний баримт олдохгүй байгаа юм. Иймд миний Х аймгийн Т сумын Хүүхдийн яслид 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд сувилагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Д.О Х аймгийн Т сумын Хүүхдийн яслид 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд сувилагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулиас 1981 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон ...03. 1981 оны 07 сарын 01. Т сумын Тээл бригадад бага эмчээр томилон ажиллуулав. Х аймаг ЭХГ-ын даргын 1981.7.11-ний өдрийн 71 тоот тушаалаар. 04. 1986 оны 07 сарын 01. Тээл бригадын эмчийн үүрэгт ажлаас чөлөөлж мөн сумын яслид хүмүүжүүлэгч, сувилагчаар томилов. Х аймаг ЭХГ-ын даргын 1986.7.03-ны өдрийн 44 тоот тушаалаар. 05. 1992 оны 08 сарын 13. Т сумын Хүүхдийн ясли нь цомхотголд орсон учир Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч сувилагчаар шилжүүлэв. Х аймаг Т сум гүйцэтгэх захиргааны 1992.06.12-ны өдрийн №25 тоот цэцэрлэг ясли комбинатын хэлбэрт шилжүүлэх тухай тогтоолоор. 06. 1992 оны 8 сарын 13. Х аймгийн Т сумын Ясли цэцэрлэгийн комбинатад сувилагчаар томилон ажиллуулав. Тус сумын гүйцэтгэх захиргааны 1992.06.12-ны өдрийн №25 тоот цэцэрлэг ясли комбинатын хэлбэрт шилжүүлэх тухай тогтоолоор. 07. 1995 оны 01 сарын 16. Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн ажлаас чөлөөлөв. Т сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1995.01.16-ны өдрийн 01 тоот тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон баярын бичиг, 1990 оны 8 дугаар таван жилийн гавшгайчийн үнэмлэх, Т сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1990 оны 2 дугаар сарын 26-ны өдөр олгосон аваргын диплом,1992 оны аваргын үнэмлэх, гэрч С.Д ын Д.О нь Дарханд сургууль төгсөж ирээд манай сумын 3 дугаар бригадад эмч хийж байсан. 1986 оны 7 сараас 1992 оны 8 сарын 13 хүртэл хугацаанд Т сумын Хүүхдийн яслийн сувилагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан. Хүүхдийн яслид заавал сувилагч ажиллуулдаг байсан. Аймгийн эрүүлийг хамгаалах газраас томилж ирүүлдэг байсан юм. 1992 оны 8 сард Хүүхдийн ясли нь татан буугдаж Хүүхдийн цэцэрлэгтэй нийлж байсан ба тэнд цэцэрлэгийн багшаар 1992 оны 8 сараас ажиллаж байсан. 2016 оны 3 сар хүртэл ажиллаад тэтгэвэртээ гарсан... тасралтгүй ажиллаж байсан... Манай сумын архив 1997 онд шатсан юм. Энэ үеэр архивын бичиг баримт шатаж устсан. Үүнтэй холбоотой архиваас баримт олдохгүй байгаа байх. Ихэнх хүмүүсийн баримт материал шатсан байдаг. Д.О нь 1990 онд 8 дугаар таван жилийн гавшгайч болж байсан. Тэргүүний ажилчин байсан... Би Т сумын Ардын зориг нэгдэлд 1974 оноос 1992 он хүртэл хугацаанд боловсон хүчин хийж байсан. Нэгдэлд бид хамт ажиллаж байсан. 1992 оноос 1996 он хүртэл сумын Хүн эмнэлэгт нягтлан бодогч хийж байсан. Сумандаа хамт ажиллаж амьдарч байсан... 1986 оноос өөрийн 1-2 хүүхдээ яслид өгдөг байсан. 1992 оноос сумын Хүн эмнэлэг болон Хүүхдийн цэцэрлэгт тооцооны нягтлан хийж байсан. Нэг сумандаа ажиллаж амьдардаг, нэг нутгийн хүмүүс, мөн манай хүүхдүүдийн ясли цэцэрлэгийн багш байгаа юм... гэх мэдүүлэг, гэрч Ц.Д ын ...Манайх Т суманд 1986 онд шилжиж ирсэн. Би 1986 оны 6 сарын 31-нд Т сумын Хүүхдийн яслид ажилд орсон ба энэ үед Д.О нь яслид сувилагч, хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан. 1992 оны 8 сард Хүүхдийн ясли нь татан буугдаж Хүүхдийн цэцэрлэгтэй нийлж байсан ба тэнд бид хамт шилжин очиж ажиллаж байгаад би 1993 онд тэтгэвэртээ гарсан. Ингээд бид Т сумын Хүүхдийн яслид 1986 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, Хүүхдийн цэцэрлэгт 1992 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01 хүртэл хугацаанд хамт ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан. Д.О нь дунд болон бага ангийн сувилагч, хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан, эрхлэгчийн үүргийг түр гүйцэтгэдэг байсан. Би өөрөө асрагчаар ажиллаж байсан... 1990 онд таван жилийн гавшгайч болж байсан... Х аймгийн Т сумын Хүүхдийн яслид 1986 оны 6 сарын 31-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, Хүүхдийн цэцэрлэгт 1992 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-н хүртэл хугацаанд асрагчаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Д.О ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, Х аймгийн Т сумын контор 1997 онд шатсан болох нь Х аймгийн Архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Тус аймгийн Т сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Д.О т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/168 тоот тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ...Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж 2736534 төгрөгний хохирол учирч шатсан гэх тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.О ийн Х аймгийн Т сумын Хүүхдийн яслид 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд сувилагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА