| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0017/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/21 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Хохирогч Д.Т,
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э-д холбогдох эрүүгийн 1738004440001 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Э.
Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Т-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Т-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Т-н: “2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... Би Л ахын гэрт ороход ...Э надад хандаж, муу пизда ганц байшин бариад өгчихгүй гээд над руу уурлаад дайрсан. Тэгснээ гар чи гэснээ намайг дагуулаад Л ахын гэрээс гарсан. Гэрээс гараад Э миний урд алхаад л явж байсан юм. Тэгсэн гэнэт эргэж харснаа миний эрүү рүү хүчтэй цохьсон. ...тэр үед миний ухаан балартаад толгой маш их өвдөж байсан. ...өглөө босоод ирсэн чинь миний эрүү маш их өвчтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Н.Л-ийн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... гэртээ байж байтал Тулга, Эрдэнэбат хоёр хоорондоо юм ярьж байгаад маргалдаад эхэлсэн. ...би гэрт хэрэлдэхгүй шүү гадаа гар гээд Т, Э хоёрыг гэрээсээ гаргасан. ...хаалгаа онгойлгоод шагайгаад харахад хашаан дотор маргалдчихсан бие биетэйгээ зууралдчихсан байдалтай байгаа харагдсан. ...салгаад байж байтал Э очоод Т-г нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон. ...Өглөө нь босоод иртэл миний эрүү сонин болоод байна, өвдөөд байна, юм ярьж чадахгүй байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Б.О-н: “...Л ахын гэрт очиход Л ах ганцаараа байсан бөгөөд юм яриад сууж байтал Эрдэнэбулган сумын Т гэдэг ах ... нэг ахтай хамт орж ирсэн. ...Э ах Т ах хоёр ... хоорондоо маргалдаад эхэлсэн. Гэрээс гарсан чинь Т ах Э ахыг хашаан дотор газар унагаагаад дээр нь мордоод хувцасаар нь боочихсон байхаар нь Л ах бид хоёр тэр хоёрыг салгасан. ...салгасан чинь Э ах Т ахыг нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 721 дугаартай:
1.2. Д.Т-н биед эрүү ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Д.Т-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна.
5 Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Хохирогч Д.нь шүүгдэгч Т.Э-с 4.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн ба 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд дээрх хохирол төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд эмчилгээ, эм тариа болон бусад хохирлын төлбөрт 743.400 төгрөгийг өгсөн, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойд байрлах гурван тал хашаатай газрыг 2.756.600 төгрөгөөр үнэлэн хохирлын төлбөрт тооцон шилжүүлэн өгөх, үлдэх 500.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, дээрх хэргийн улмаас учирсан хохирол, гомдлын талаар эвлэрч, хохирогч Д.Т нь цаашид дээрх үлдэгдэл хохирлын төлбөрөөс өөр ямар нэгэн хохирол, гэм хорын хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, санал гомдолгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Э нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-37 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн 1738004440001 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Эрүүгийн 1738004440001 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН