Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/179

 

Д.А, Г.А, Я.Т
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Г.А-ы өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч Я.Т, түүний өмгөөлөгч Ш.Чанцал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/1480 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, Я.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.А, Г.А, Я.Т нарт холбогдох 2208 00000 1042 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. А овгийн Д-ийн А, 1989 оны ... дугаар сарын ...-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  2. Б овгийн Г-ын А, 1986 оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  3. Ө овгийн Я-ийн Т, 1985 оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ... сумын ... дугаар баг, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД: ... /,
  • Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 645 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2- т зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
  • Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 8 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
  • Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 19 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,
  • Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 153 дугаар зүйлийн 153.1, 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 15 жилийн хугацаагаар хорих ял,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас тус тус эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жил хорих ялаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор биеэр эдэлсэн 2 жил 10 сар 05 хоногийн ялыг тооцож оруулан хасаж, биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 01 сар 25 хоног хорих ялаар тогтоож, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хуулийн тэгшитгэлд хамрагдаж, хорих ял эдлэх хугацааг 3 жил 3 сар 26 хоногийн хорих ялаар тогтоож байсан,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/797 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ялыг хугацаа дуусч суллагдсан;

Д.А, Г.А, Я.Т нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 00-00УУУ улсын дугаартай “Prius-30” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Х.Д-ийн монгол гэрт нэвтэрч “ТСL" загварын 32 инчийн зурагт, халтар манан хөөрөг зэргийг хулгайлан авч 1.350.000 төгрөгийн хохирол,

мөн өдөр тус дүүргийн 7 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Д.М-ын байшинд нэвтрэн орж 42 инчийн зурагтыг хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол,

мөн өдөр тус дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн С.А-ын монгол гэрт нэвтэрч “Toshiba” загварын 42 инчийн хар өнгийн ЛСД зурагт, зурагтын төхөөрөмж, хуримын бөгж, плитка зэргийг хулгайлан авч 1.325.500 төгрөгийн хохирол тус тус учруулж 3 удаагийн үйлдлээр нийт 3.125.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Д.А, Г.А, Я.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө овогт Я-ийн Т, Б овогт Г-ын А, А овогт Д-ийн А нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах  зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Я.Т-ыг 3 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.А-ыг 1 жилийн хорих ял, шүүгдэгч Д.А-ыг 1 жилийн хорих ял тус тус шийтгэж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Т-ын цагдан хоригдсон 194, шүүгдэгч Г.А-ы цагдан хоригдсон 42, шүүгдэгч Д.А-ын цагдан хоригдсон 6 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, хасахаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 20.000.000 төгрөгийг тэнцүү хуваан шүүгдэгч Я.Т, Г.А, Д.А тус бүрээс 6.666.666 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Т-аас 381.832 төгрөг гаргуулж, хохирогч С.А-д олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А, Г.А нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх 2022 оны 5 дугаар сарын 20-нд эрүүгийн мөрдөгчид юу болсон талаар бүх зүйлийг үнэн зөвөөр ярьсан. 2022 оны 5 дугаар сарын 18-нд Я.Т нь над руу залгаад “Архины хордлогод ороод үхлээ, ирээд ав, У гэдэг айлд байна, улаан худгийн гудамжаар уруудаад ир” гэсэн. Я.Т-тай уулзаж байхад Г.А миний машины ард орж ирэн сууж “Найз нь хамаатныхаасаа юм авах гэсэн юм, чи хүргээд өгөөч, бензиний 50.000 төгрөг өгье” гэхээр нь зөвшөөрсөн. Хохирогч нарын гэрт Я.Т бид хоёр ороогүй, машин дотор хамт сууж байсан. Г.А нь “ах, дүүгийнхээсээ ороод юм авна” гээд орсон. Бид хоёр хулгай хийж байгааг нь мэдээгүй гэхэд мөрдөгч Энхманлай “Чи юу гээд худлаа шаагаад байгаа юм бэ. Энэ Я.Т чинь олон удаа ял шийтгэл эдэлж байсан юм байна. Чи энэ хулгайчийг өмгөөлж хаацайлаад байгаа юм уу, тэгвэл чамайг бас цагдан хорьж машиныг чинь улсын орлого болгоно, уг нь чи энэ хэрэгт ямар ч хамааралгүй юм байна, Г.А-тай адилхан мэдүүлэг өгөөд яв, чамайг хорихгүй, харин дуудсан цагт ирж бай, Я.Т чинь энэ айлууд руу орсон биз дээ” гэж айлган сүрдүүлж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээр хангаагүй, хүчээр өмгөөлөгчгүй худал мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан.

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Ганбат нь мэдүүлэг авч байхад “Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгье” гэхэд “Чи өмгөөлөгчөөр яах юм бэ, тэртээ тэргүй шүүх дээр цагаадчихна, харин Г.А та хоёрын мэдүүлэг жаахан зөрөөд байгаа болохоор чамаас хохирогч Д.М-ын мэдүүлэгтэй адил мэдүүлэг авах шаардлагатай байна” гэсэн. Я.Т-ыг 7 дугаар хорооны байшинтай айлын хаалгыг нь түлхүүрээр онгойлгож орохыг би машин дотроос цонхоор хашааны жижиг хаалга онгорхой байсан тул харсан гэж өөрөө зохиож бичээд надаар гарын үсэг зуруулсан. Мөрдөгч, ахлан дэслэгч Ганбат нь хамгийн сүүлд мэдүүлэг авахдаа “Чамаас өмгөөлөгчтэй мэдүүлэг авна, миний таньдаг өмгөөлөгч байгаа, 1 цагийн 50.000 төгрөг, мөнгөө бэлнээр аваад ирээрэй” гээд тэр таньдаг өмгөөлөгчийн өрөөнд гараараа бичиж мэдүүлэг авсан нь мөн л Я.Т-ын эсрэг худал мэдүүлэг авч уншиж танилцуулалгүй гарын үсэг зуруулсан. Намайг анх мэдүүлэг өгөхөд өмгөөлөгчтэй өгөх эрхээр минь хангалгүй айлган сүрдүүлж дарамтлан, хуурч мэхлэн, Я.Т-ын хийгээгүй хулгайн гурван үйлдлийг хийсэн болгож, хөтөлж мэдүүлэг авч надаар гарын үсэг зуруулдаг байсан.

Би Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөгч Энхманлай, Ганбат нарын үгэнд орж худал мэдүүлэг өгснөөрөө 1 жил хорих ял болон улсад 6.666.666 төгрөгийн торгох арга хэмжээнд хамрагдан хохирч байгаа тул уг хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Я.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлсийг үнэн зөвөөр ярьсан. Хохирогч нарынхаар Г.А нь “Ах дүү нарынхаараа ороодохъё, машинаа журмын хашаанд хийчихлээ, мөнгө авах хэрэгтэй байна” гээд орсон. “Г.А-ыг хулгай хийж байгааг нь Д.А бид хоёр мэдээгүй” гэж хэлэхэд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, дэслэгч Мөнххүрэл нар “Миний мэдэхгүй, хийгээгүй хэргүүдийг авчих, тэгэх юм бол чиний энэ шалгах гэж байгаа хулгайн гурван үйлдлийг чинь хэрэгсэхгүй болгоод хаагаад өгье, хэрвээ тохиролцохгүй гэх юм бол энэ хоёр найзаар чинь чамайг гэрчлүүлээд шоронд явуулчихна шүү” гэж сүрдүүлсэн. Иймд “Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй болохоор өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэж хэлснээр 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Хоригдсоноос хойш 14 хоногийн дараа буюу 6 дугаар сарын эхээр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээр минь хангасан боловч улсаас томилсон өмгөөлөгч Очбадрах нэг ч удаа мэдүүлэг өгөхөд суугаагүй, мөн нэг ч удаа надтай ирж уулзаагүй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19, 11 дүгээр сарын 02 болон энэ өдрийг хүртэл өмгөөлөгч Очбадрах нь миний өмгөөлөгч байсан. Ийм байтал ямар учраас мөрдөгч Ганбат нь намайг мэдүүлэг өгөхгүй байна, гарын үсэг зурахгүй гэсэн гэж худал ярьж, хэргийн материал дээр тэмдэглэл хөтөлж байгааг нь хэзээ өмгөөлөгчтэй ирж мэдүүлэг авах гэж байсныг хууль зөрчиж, худал ярьж байгааг Цагдан хорих 461 дүгээр ангийн камерын бичлэгээр шалгах боломжтой. Прокурор О.Эрхэмбаяр, мөрдөгч Ганбат нар нь хууль зөрчиж, намайг уг хэрэгт ямар нэгэн байдлаар хамааралтай болгохын тулд хэт нэг талыг барьж, эрх зүйн байдлыг минь дордуулж, шүүгдэгч нараар гэрчлүүлж, хөтөлж мэдүүлэг авч байгаа нь хэргийн материалд тодорхой байдаг. Шүүгдэгч Д.А-ын мэдүүлэг нь шүүгдэгч Г.А-ы мэдүүлэгтэй таардаггүй. Иймд би хохирогч нарын эд зүйлийг хулгайлаагүй, уг хэрэгт ямар ч хамааралгүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийн холбогдолтой ашиг сонирхол, өс хонзонгийн сэдэлт агуулж байгаа шүүгдэгч нараар нотлох баримт болгохгүйгээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтаар уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.А-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй. Харин гэмт хэрэг гарсан үйл баримтыг мэдэж гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Учир нь, хулгайлах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг ойлгохоор хууль тогтоогч хуульчилсан. Гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хүн байнга амьдардаг орон сууц байранд нэвтэрсэн шинжийг тухайн орон байранд зөвшөөрөлгүйгээр хууль бус аргаар нэвтэрсэн үйлдлийг тооцохоор Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаартай тогтоолд, машин, механизм ашиглах гэдэгт авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин, механизмыг урьдчилан бэлтгэж зориуд ашигласан гэх үйлдлийг мөн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаартай тогтоолоор тайлбарласан байдаг. ...Шүүгдэгч Д.А нь шүүгдэгч Г.А, Я.Т нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохирсон нэг ч үйлдэл байдаггүй. Гэмт хэрэг үйлдэх гэж байгаа талаар лавтай сайн мэдсэн зүйл байдаггүй. Гэмт хэрэг үйлдэх зорилгоор тээврийн хэрэгслээр үйлчлээгүй. Найзынхаа хүсэлтийн дагуу хамаатных нь гэрт хүргэж өгөхөөр дуудагдсаны дагуу очсон гэдгийг хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байдаг. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.А хулгайн гэмт хэрэгт оролцсон эсэх, мөн Д.А-д хулгайн гэмт хэрэг үйлдэх, хамтран оролцох субъектив санаа зорилго байсан уу, тухайн үйлдэлд гэм буруугийн ямар хэлбэрээр хандсан талаар хэргийн нотолбол зохих байдлыг тогтооход чухал ач холбогдолтой буюу шүүгдэгч Д.А-ын эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой нөхцөл байдлууд байсаар байтал үүнийг авч хэлэлцэхгүй орхигдуулсан байна. Шүүгдэгч Д.А нь шүүгдэгч нарыг гэрт нь хүргэж өгөхдөө Г.А-ыг дүү нарынх нь гэрт хүргэж өгөх гэж байгаа гэж ойлгосон. Шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ “Уул давж яваад энд зогс гэхээр нь сонссон. Энэ хоёр буугаад орсон. Байшингийн хаалгыг Я.Т онгойлгохыг харсан. Би машинаа журмын хашаанаас авахад мөнгө хэрэгтэй байсан учраас ломбардад тавья гэж хэлсэн” гэсэн байдаг. Шүүгдэгч Д.А-ын хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглаж мөрдөгч Ганбат нь Я.Т-тай хувийн таарамжгүй харилцаатай, Я.Т-ыг заавал хэрэгтэн болгох санаа зорилготой байсан бөгөөд шүүгдэгч Д.А-д “чи цагаатгагдана” гэж итгэл төрүүлэн, “ингэж мэдүүлэг өг” гэж мэдүүлгийг нь зааж өгөөд өмгөөлөгч авах эрхийг нь хангаагүй. Буруу заавар зөвлөгөө өгч хуурч, мэхлэх аргаар мэдүүлэг авсан нөхцөл байдал харагддаг. Энэ нь шүүгдэгч Я.Т-ын мэдүүлэг болон шүүгдэгч Д.А, Г.А нарын мэдүүлгээр нотлогддог. Шүүгдэгч Д.А нь ломбардад тавихад нь оролцсон болох нь харагддаг. Хулгайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй. ...Иймд шүүгдэгч Д.А нь хулгайлах гэмт хэрэгт оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.А-ы өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.А нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирол төлөх завсарлага авах хүсэлт гаргаад өөрт ноогдох хохирлыг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Я.Т-ын өмгөөлөгч Ш.Чанцал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.А нь өмнө өгсөн мэдүүлгээсээ өөр байдлаар давж заалдах гомдол гаргасан байна. Эргэлзээтэй байдал үүссэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Я.Т-д холбогдох хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Д.А, Г.А нар нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн. Өөрт оногдох хэмжээгээр хохирлыг төлж барагдуулсан тул анхан шатны шүүхээс дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь үндэслэлтэй. ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад харилцан эсрэг ашиг сонирхолтой шүүгдэгч нарыг тус тусдаа өмгөөлөгчтэй оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хугацаанд ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүсэн, дарамталж худал мэдүүлэг өгүүлсэн талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлээгүй. Харин гэм буруугаа хүлээж оролцсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.А, Я.Т нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй, үнэлээгүй талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Шүүгдэгч Д.А-ын тухайд ямар нэгэн байдлаар мөрдөгчийн зүгээс айлган сүрдүүлж, дарамталж мэдүүлэг өгүүлсэн талаар прокурорын зүгээс эргэлзээ төрж байна. Учир нь, шүүгдэгч Д.А нь хувийн байдлын хувьд бичиг үсэг мэддэг, дээд боловсролтой, өөрийнхөө мэдүүлгийн хууль зүйн үр дагаврыг ухамсарлаж, ойлгох бүрэн чадвартай. ...Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар Д.А нь гэмт хэрэг үйлдэгдэж байхыг харсан, 3 айлын гадаа очиж зогсоод түлхүүр тааруулж байхыг хараад машиндаа байсан болох нь нотлогддог. Хулгайн эд зүйлүүдийг ломбардад өөрийн бичиг баримтаар тавьсан байдаг. ...Шүүгдэгч Я.Т-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн болохоо огт хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ хэрэгт авагдсан харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байдаг. ...Я.Т-ын хувийн байдлын тухайд урьд олон удаагийн ял эдэлж байсан нь ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл болохгүй хэдий ч урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, уг гэмт хэргүүдийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр өмчлөх эрхийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүд байдаг. ...Анхан шатны шүүхээс түүнд ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдалд дүгнэлт хийж, хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдээд удаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж байгаа нь дүгнэлт хийгээгүй байна гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Шийтгэх тогтоолд энэ талаар хангалттай дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.А, Г.А, Я.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Шүүгдэгч Д.А, Г.А, Я.Т нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 00-00УУУ улсын дугаартай “Prius-30” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж:

  1. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Х.Д-ийн монгол гэрт нэвтэрч “ТСL" загварын 32 инчийн зурагт, халтар манан хөөрөг зэргийг хулгайлан авч 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Д-ийн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ... тоот гэрээсээ гарч, 17 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн байсан. Гэрт ороод хартал 32 инчийн хар өнгөтэй хавтгай зурагт, авдарт байсан халтар манан хөөрөг эд зүйл алдагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх 21/,

хохирогч Х.Д-ийн эзэмшлийн “TCL” загварын зурагт, халтар манан хөөрөг зэргийг нийт 1.350.000 төгрөгөөр үнэлсэн “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 22/051 дүгээр дүгнэлт /1хх 52-53/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3-6/, шүүгдэгч Д.А-оос хөөрөг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1хх 12-13/, шүүгдэгч Д.А-оос “О” барьцаалан зээлдүүлэх газарт хохирогч Х.Д-ийн эзэмшлийн зурагтыг барьцаалсан баримт /1хх 16/ зэрэг нотлох баримтуудаар,

  1.  Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Д.М-ын байшинд нэвтрэн орж 42 инчийн зурагтыг хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.М-ын: “...2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед манай охин Э.Э эмээгийндээ орох гээд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод очоод орох гэтэл “Хаалга нь онгорхой байна” гэж над руу утсаар залгаад хэлсэн. Би очоод үзэхэд хулгайч манай ээжийн үүдний амбаартаа үлдээсэн байсан түлхүүрээр онгойлгоод орж, шүүгээн дээр байсан 42 инчийн зурагт авсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх 115/,

хохирогч Д.М-ын эзэмшлийн “Monel” загварын 42 инчийн зурагтын үнэлгээг 450.000 төгрөгөөр тогтоосон “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 22/042 дугаар дүгнэлт /1хх 137/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 98-101/, “Monel” загварын 42 инчийн зурагтыг Б.З-аас хураан авч, хохирогч Д.М-д хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1хх 106-107/ зэрэг нотлох баримтуудаар,

  1.  Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн С.А-ын монгол гэрт нэвтэрч “Toshiba” загварын 42 инчийн хар өнгийн ЛСД зурагт, зурагтын төхөөрөмж, хуримын бөгж, плитка зэргийг хулгайлан авч 1.325.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.А-ын: “...2022 оны 5 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн үед ажилдаа явсан. Өнөөдөр цахилгаанчин ирж “Тог тавина” гэхээр нь ажлаасаа түр чөлөө аваад 14 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоож эвдэрсэн, хаалга нь онгорхой байсан. Гэртээ ороод харахад зурагт алдагдсан байсан. “Toshiba” загварын 42 инчийн хар өнгийн зурагт, зурагтын төхөөрөмж, нөхөр бид хоёрын хуримын бөгж, плитка зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /1хх 190-191/

гэрч Ц.У-ийн: “...Манай барьцаалан зээлдүүлэх газарт 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Д.А гэх хүн “Panasonic” загварын 42 инчийн удирдлагагүй, хөлгүй зурагт 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан бүртгэлтэй байна. ...” /1хх 214/,

иргэний нэхэмжлэгч Б.З-ын: “...Би “О” барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Д.А гэх иргэний цахим үнэмлэхээр гурван залуу 42 инчийн “Monel” лед зурагт, 32 инчийн “TCL” загварын зурагтыг хамтад нь 320.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. ...” /1хх 26/ гэсэн мэдүүлгүүд,

            хохирогч С.А-ын эзэмшлийн зурагтын төхөөрөмж, плитка зэргийг үнэлэхгүй харин “Toshiba” загварын 42 инчийн зурагт, монетон бөгжний үнэлгээг 1.325.000 төгрөгөөр тогтоосон “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Ц-970 дугаар дүгнэлт /1хх 216-218/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 180-183/, “Н” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт шүүгдэгч Д.А-оос зурагт барьцаалж, 100.000 төгрөгийн зээл авсан тухай баримт /1хх 208/, барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг Ц.У-оос зурагтыг хураан авч,  хохирогч С.А-д хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1хх 211-212/,

шүүгдэгч Г.А-ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг Я.Т, Д.А нартай бүлэглэж үйлдсэн талаар мэдүүлсэн “...Я.Т, Д.А хоёртой таараад Я.Т надад архи авч өгөөд “Хамт хулгай хийе” гэж хэлэхээр нь би дагаад явчихсан юм. ...Д.А-ын бичиг баримтаар гурван ширхэг зурагтыг хорооллын бичил орчим ломбардад барьцаанд тавьсан. ...” /1хх 43,169/, шүүгдэгч Д.А-ын гэмт хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх 192-193/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, тэдгээрийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн “...хууль зүйн туслалцаа авах эрхтэй...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.” гэж тус тус заасан.

Мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн материалыг шүүгдэгч Г.А, Д.А нарт танилцуулахад тэдгээр нь санал, хүсэлт байхгүй хэмээн гарын үсэг зурж баталгаажуулсан /2хх 230-231/, тэдгээрээс мэдүүлэг авахад өмгөөлөгчөөр байлцуулж, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангасан байна.

Харин шүүгдэгч Я.Т нь хэргийн материалтай танилцахаас татгалзсан нь мөрдөгчийн тэмдэглэл /2хх 229/-ээр тогтоогдож байгаагаас гадна түүнээс өмгөөлөгчийг оролцуулж яллагдагчаар мэдүүлэг авахад тэрээр яллагдагчийн эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан, “Улсаас томилсон өмгөөлөгчтэй ямар нэгэн яллагдагчаар татсан тогтоолтой танилцахгүй, мэдүүлэг өгөхгүй, би юутай ч танилцахгүй” гэсэн /2хх 202-203/ нь түүнийг өмгөөлүүлэх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хассан, хязгаарласан гэж үзэхээргүй байна.

Шүүгдэгч Я.Т нь давж заалдах гомдолдоо “...“Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй болохоор өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэж хэлснээр цагдан хорьсон...” талаар дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч баривчлах, хорих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж тус хуулийн 1.8 дугаар зүйлд заасан. Шүүгдэгч Я.Т-ыг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр түүний холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагчаар цагдан хорьсон нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.А, Г.А, Я.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, тухайн эд зүйлийг зөөж, тээвэрлэх зорилгоор бэлтгэж ашигласныг, харин хүн байнга амьдрах зориулалттай орон байх гэдэгт хүн байнга амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр зэргийг ойлгодог.

Шүүгдэгч нар нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хохирогч Х.Д, С.А нарын монгол гэр, хохирогч Д.М-ын байшинд хууль бусаар нэвтэрч, шүүгдэгч Д.А-ын эцэг Н.Д-ийн эзэмшлийн 00-00УУУ улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Шүүгдэгч Д.А, Я.Т нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, Г.А-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж байгааг мэдээгүй гэсэн давж заалдах гомдол гаргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.А, Д.А нарын мэдүүлэг, барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйл барьцаалж, зээл авсан талаарх баримтуудаар шүүгдэгч Д.А, Г.А, Я.Т нар нь санаатай нэгдэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болохыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл, журмыг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамааруулж, энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдээс бусад этгээдийн өмчлөлд байгаа нь тогтоогдсон тохиолдолд тухайн эд зүйлийг үнэлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдээс албадан гаргуулахаар заасан.

Шүүгдэгч Д.А, Г.А, Я.Т нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Д.А-ын эцэг Н.Д-ийн эзэмшлийн 00-00УУУ улсын дугаартай “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас гадна:

иргэний хариуцагч А.Ж-ын: “...00-00УУУ улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгсэл нь манай “Неткапитал финанс корпораци” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. Уг тээврийн хэрэгслийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Н.Д гэх хүн зээлийн гэрээ хийж, 13.300.000 төгрөгийн зээл авсан. ...” /1хх 31/,

гэрч Н.Д-ийн: “...Би өөрийн 00-00УУУ улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийг бараг унахгүй байгаа бөгөөд миний төрсөн хүү Д.А надаас зөвшөөрөл авч унадаг. ...” /1хх 33/ гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд тус тээврийн хэрэгслийн үнэлгээг “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 22/011 дүгээр дүгнэлтээр 20.000.000 төгрөгөөр тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 6.666.666 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдсэн нь хуульд нийцжээ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан шүүгдэгч Д.А, Я.Т нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/1480 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/1480 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, Я.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Г.А, Я.Т нарын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ