Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2024/0090/З |
Дугаар | 126/ШШ2024/0095 |
Огноо | 2024-06-14 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 126/ШШ2024/0095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох Ц******** овогт Ц********ын Б**********/РЕ68021473/-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ц.Б*****намайг малчнаар тэтгэвэр тогтоохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах.
2.Хэргийн нөхцөл байдал:
Иргэн Ц.Б*****2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 55 нас хүрч малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст /тухайн үеийн нэрээр/ хандсан. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч түүнд Малын А данс лавлагаа бусад 1995-1998 он хүртэл аав Цэрэнбатаар, мөн 1996-2002 он хүртэл өөрөө буюу Батсүрэнгээр гарсан ч 1998 он, 1999 онуудын А дансны нэр засвартай, уг засварыг иргэн өөрөө засварласан. Мөн 1989 оны хүн ам орон сууцны тооллогоор аавын ам бүлд байхгүй тул аавын А дансаар тэтгэвэр тогтоох боломжгүй. Жаргалант сумын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн малчны зөвлөлийн баримт шаардлага хангахгүй гэсэн хариу өгсөн.
3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Жаргалант сумын иргэн Ц.Б*****-ийн1995-2000 онуудад малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоосон Жаргалант сумын орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 09 сарын 08-ны өдрийн №01, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №04 дугаартай чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн 1.2 Зөвлөл нь малчны өргөдөлд дурдсан мал маллаж байсан хугацаа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/77 дугаар тушаалаар баталсан Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл-ийн дүрмийн 4.2.1-д заасан баримтууд болон тэдгээрийн аль нэг баримтаар нотлогдохгүй тохиолдолд мал маллаж байсан хугацааг тодорхойлохгүй гэж заасан заалтыг зөрчиж 1995-1999 оныг малчин гэж тогтоосон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1 дахь заалтаар тэтгэвэр тогтоох боломжгүй болохыг Нийгмийн даатгалын хэлтэст зөвлөжээ.
4.Нэхэмжлэгч Ц.Б*****шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
4.1.Миний биеЦ********ын Б**********нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана багт оршин суудаг. Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Соёл нэгдэлд малчнаар нэгдэл тартал ажиллаж байгаад хувийн малаа маллаж амьдарсан.
4.2.Би Хөвсгөл аймгийн Жаргалант суманд олон жил мал маллан амьдарч байгаа бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 дугаартай Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн тогтоолоор намайг 1995, 1996, 1997, 1999, 2000, 2001 онуудад мал маллаж байснаар тогтоож шийдвэр гаргасан.
4.3.Гэтэл Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн учир миний бие дахин Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд баримтаа бүрдүүлж хандаж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2 дугаартай тогтоолоор намайг 1999, 2000, 2001 онд мал маллаж байсан болохыг тогтоосон.
4.4.Гэвч Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч Б.Цэцэнбилэг нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр бичгээр өгсөн мэдэгдэлдээ малчны зөвлөлийн баримтын бүрдэл шаардлага хангахгүй тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй болохыг мэдэгдсэн мэдэгдлиийг өгсөн.
4.5.Энэхүү мэдэгдэлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох ямар заалтыг хангаагүй болохыг дурдаагүй, 1989 онд хүн амын тооллогод Цэрэнбатын ам бүлд бүртгэгдээгүй гэх зөвхөн 1 жилийн тооллогод баримтаар миний мал маллаж байсан байдлыг үгүйсгэж байгаад гайхаж байна.
4.6.Хөвсгөл аймгийн Жаргалант суманд Засаг даргын дэргэдэх орон тооны байнгын зөвлөл нь миний 1995, 1996, 1997, 1999, 2000, 2001 оны хугацаанд мал маллаж байсан удаа дараа тогтоосон байхад энэхүү баримтыг үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тогтоосон сумын Засаг даргын дэргэдэх орон тооны байнгын зөвлөл шийдвэрийг хүлээн авч 2018 оны А/77 дугаар тушаалаар баталсан Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрмийн 4.2.1-д заасан баримтууд болон тэдгээрийн аль нэг баримтаар нотлогдохгүй байна гээд миний малчнаар тэтгэвэр тогтоолгох боломжийг хааж байгаад гомдолтой байна.
4.7.Иймд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ц.Б*****намайг малчнаар тэтгэвэрт тогтоолгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү гэжээ.
5.Ц.Б*****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1.1993 онд бид сургуулиа төгсөж байсан. Тэгээд аавтайгаа хамт 1993 оноос 1999 он хүртэл мал маллаж байсан. 1999 онд эхнэр авч байсан. 1998 оны сүүлээр манай аав нас барсан. 1996 онд над дээр өрх тусгаарлаж мал тоолуулж байсан.
5.2.1996 оны малын А дансанд Ц.Б*****гэж байгаа. 1997, 1998 онуудад Ц.Б*****атцэрэн гэж бичигдсэн. Ц.Б*****гэдгийг л Ц.Б*****атцэрэн гээд биччихсэн асуудал байгаад байгаа.
5.3.Тухайн үед 1998 онд манай багт Ц.Б*****гэсэн хүн байхгүй. Одоо ч гэсэн Ц.Б*****гэсэн хүн байхгүй. Би сая багийн Засаг даргатай уулзахад Ц.Б*****атцэрэн гэсэн нэртэй хүн манай багт байхгүй гэсэн. Би багийн хурал хийлгэсэн.
5.4.Тэтгэвэр тогтоолгох гээд нийгмийн даатгалын хэлтэс орсон чинь болохгүй гэсэн. Тэгээд шүүх дээр очсон шүүх бас тогтоохгүй. Сумын чинь орон тооны тэр улсууд тогтоох ёстой гэсэн. Тийм учраас сумдаа очиж 2, 3 удаа тогтоолгосон.
5.5.Манай багийн дарга, сумын Засаг дарга бүгд мэдэж байгаа. Зөвхөн нэр зөрсөн энэ асуудлаас болоод тэтгэвэртээ орж чадахгүй байна. Тухайн үеийн албан хаагчийн хариуцлагагүй байдлаас болж байгаа. Би энэ нэрийг сайн хараагүй. Яг тэтгэврээ тогтоолгох болоод өөрийгөө Ц.Б*****атцэрэн гэж бичигдсэн байгааг мэдсэн. Бусад иргэний бүртгэл дээр ямар нэгэн нэрийн зөрчил байхгүй. Зөвхөн малын А данс дээр зөрчил гарчхаад багийн иргэдийн Нийтийн Хурал хийлгэсэн.
5.6.Би 2022 оны оноос хойш хөөцөлдөж эхэлсэн. Одоо хүртэл явж байна. Миний аав мал маллах тийм ур чадваргүй. Би яг өөрийнхөө малыг маллаад аав маань 1999 онд өөд болсон. Миний мал маллаж байсан өвөлжөө одоо болтол байдаг. Надтай цуг хамт мал маллаж байсан бүх улсууд тэнд байдаг. Галт суманд мөн мал маллаж байсан. Би 1993 оноос хойш тасралтгүй мал малласан хүн.
5.7.Миний үеийн улсууд бүгд тэтгэвэртээ гарчихсан. Яг үнэнчээр мал маллаад өдий хүртэл явлаа. Надад бол гомдолтой байна. Миний аавын малын А данс бүгдээрээ байна. Үүнийг үндэслээд надад тэтгэвэр тогтоох боломжтой гэж би бодож байгаа. Надад улсаас 10 жил нөхөн тооцуулах гээд би сургууль төгссөн дипломоо бариад очсон. Надад сургууль төгсөхөд хөдөлмөрийн дэвтэр бичиж өгсөн. Тэрийгээ бариад очсон. Тэгтэл надаас хэдэн жил хасаад надад 7, 8 жил нөхөн өгч байсан. Миний бичиг баримтад буруу байхгүй. Яг л үнэнээрээ явсан. Миний нэрний зөрчлийг арилгаж тэтгэвэр тогтоолгож өгнө үү гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*****шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
6.1.Ц.Б*****нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй заалтыг хангаж байна гэж үзэн малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан.
6.2.Тус газраас тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн баримтыг хянах явцад Жаргалант сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №1 дугаартай тогтоолоор Ц.Б*****-г1995-2000 онуудад мал маллаж малчин байснаа тогтоолгосон зөвлөлийн баримтанд 2001 оны Ц.Б*****-ийнмалын А данс, Ц.Б*****-ийн2000 оны өрхийн бүртгэлийн лавлагаа, өргөдлийг үндэслэн тогтоосон, мөн 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн №4, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №2 дугаартай тогтоолоор 1999, 2000, 2001 онуудад мал маллан малчин байснаа тогтоолгосон зөвлөлийн баримтанд иргэн Ц.Б*****атцэрэн гэдэг нь Ц.Б*****мөн юмаа хэмээн тогтоосон Жаргалант сумын Харгана багийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №02 дугаартай иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл, эхнэр Ц.Хонгорзулын 2000 оны төрөлтийн түүх, эмнэлэгт үзүүлсэн тэмдэглэл 2002 оны А данс зэрэг баримтыг бүрдүүлсэн. 1999 оныг малчин байсан гэх нотлох баримт байхгүй бөгөөд Ц.Б*****атцэрэн гэх нэр зөрүүтэй онуудын А дансны овог нэрийн зөрүүг хэлэлцсэн байгаа нь Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2 дахь заалтыг тайлбарласан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/1424 дугаартай чиглэлийн 1.1.Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т зааснаар Зөвлөл нь даатгуулагчийн 1995 оноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нь малчнаар ажиллаж байсныг нотлох А данс үрэгдсэнээс олдохгүй болсон, эсхүл даатгуулагч мөн хугацаанд ажил олгогчтой гэрээ байгуулан малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч уг хугацаанаас малчнаар ажилд томилогдсон тушаал, хөлсөөр ажиллах гэрээ байхгүй тохиолдолд мал маллаж байсныг холбогдох баримтуудыг үндэслэн нотолж тодорхойлохоор заасан. Иймд эдгээр тохиолдлоос бусад асуудлыг Зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхгүй.
6.3.Түүнчлэн зөвлөлд өргөдөл гаргасан малчны иргэний үнэмлэх дээрх овог, нэр Үндэсний статистикийн хорооноос баталсан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого-ын жил бүрийн бүртгэл (А данс) дэх овог нэртэй зөрсөн асуудлыг Зөвлөл шийдвэрлэхгүй. Уг асуудлыг холбогдох бүртгэлийн байгууллагаар шийдвэрлүүлнэ заалтыг зөрчин мөн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №1, 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн №4, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №2 дугаартай тогтоолуудыг гаргасан байсан тул иргэн Ц.Б*****-ийнмалчнаар ажилласан гэх 1995-1999 оныг нотлох баримт байхгүй байна.
6.4.Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй заалтыг хангахгүй болсон тул тэтгэврийн материалыг буцааж дээрх онуудад малчнаар ажилласан байдлыг нотлох баримт гарган ирүүлж Зөвлөлд дахин хандахыг зөвлөж буцаасан байдаг.
6.5.Орон тооны бус зөвлөл нь бие даасан байгууллага бөгөөд тухайн зөвлөлийн шийдвэрийн зөв бурууг Нийгмийн даатгалын хэлтэс нь шийдэж байгааг би буруу гэж үзэж байна гэжээ. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрмийн 1.3 дахь заалтаар Нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллага нь зөвлөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллана гэж заасны дагуу Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ гаргаж байгаа иргэдийн орон тооны бус зөвлөлөөр малчин байдлаа тогтоолгосон тогтоолын үндэслэн материалыг хянаж мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажилласаар ирсэн.
6.6.Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/31 Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, хянах журам-ын 2 дугаар зүйлийн 19.4 дахь Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого-ын бүртгэл(цаашид А данс гэх) нь үрэгдсэний улмаас сум, хороо, багийн Засаг дарга 1995 оноос хойшхи хугацаанд мал маллаж байсан хугацааг нь нотлох боломжгүй бол Даатгуулагчийг малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх зөвлөл-ын тогтоол: Санамж, шаардлагатай тохиолдолд зөвлөлийн тогтоолыг гаргахад үндэслэн анхан шатны баримт бичгийг нэмэлтээр авна гэж заалтын дагуу анхан шатны баримтыг татаж шалгахад Ц.Б*****атсүрэнд тэтгэвэр тогтоон олгох боломжгүй ба Зөвлөлдөө дахин хандаж 1995-1999 онуудад хамааралтай малчнаар ажиллаж байсныг нотлох баримтыг гарган шийдвэрлүүлэн тэтгэврээ тогтоолгох боломжтой талаар зөвлөсөн.
6.7.Иргэн Ц.Б*****нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гаргасан гомдолдоо Жаргалант сумын орон тооны бус байнгын зөвлөлөөс гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №1, 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн №4, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №2 дугаартай тогтоолыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгнө үү гэжээ.
6.8.Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж Цэрэнбат овогтой Батсүрэнгийн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон Жаргалант сумын орон тооны бус байнгын зөвлөлөөс гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №1, 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн №4 дугаартай тогтоолын 1995-1998, 2023 оны 01 дүгээр сарын 06 өдрийн №02 дугаартай тогтоолын 1999 онуудын нотлох баримт байхгүй байхад хэлэлцсэн байгаа нь Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2 дахь заалтыг тайлбарласан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/1424 дугаартай чиглэлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байх тул тэтгэвэр тогтоох боломжгүйг Нийгмийн даатгалын хэлтэст зөвлөсөн шийдвэр гаргасан, Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоолыг иргэн Ц.Б*****атсүрэнд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн.
6.9.Иргэн Ц.Б*****нь орон тооны бус зөвлөлдөө дахин хандаж 1995-1999 онуудад хамааралтай малчин байсныг нотлох баримтаар дээрх онуудыг тогтоолгох боломжтой бөгөөд энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй бол заалтыг хангасан бол тэтгэврийг тогтоон олгох боломжтой.
6.10.Иргэн Ц.Б*****дээрх байдлыг танилцуулан зөвлөгөө өгсөөр байтал тэтгэвэр үндэслэлгүйгээр тогтоохгүй байгаа мэтээр шүүхэд хандсан байх тул иргэн Ц.Б*****-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6.11.Хэрвээ малын А данс байхгүй гэж үзэж байгаа бол зөвлөлийн тогтоол гаргаж байгаа он тус бүрдээ баримт авахыг Нийгмийн даатгалын хэлтсээс зөвлөсөн байдаг.
6.12.Иргэн Ц.Б*****гуайн гаргасан 3 тогтоолын хувьд нотлох баримт огт байгаагүй. Эсхүл тухайн онуудтай хамааралтай баримтууд ховор. Тэгээд 2000 оны эхнэр Ц.Хонгорзулын төрөлтийн түүхээр 2000 он нь энэ хүнийг малчин байжээ гэдгийг бол нотолж байгаа. Бусад онуудыг бол нотлох баримт байхгүйгээр зөвлөл тогтоосон байдаг.
6.13.Иргэн Ц.Б*****дээрх байдлыг танилцуулан зөвлөгөө өгсөөр байтал тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүйгээр тогтоохгүй байгаа мэтээр нь шүүхэд хандсан байгаа тул иргэн Ц.Б*****-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбартайгаар Нийгмийн даатгалын газар нь оролцож байна гэв.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
7.1.1989 оны Үндэсний архивын сангаас гаргасан Ч.Цэрэнбат гуайн хүн амын тооллогын дээр болохоор 6 ам бүлтэй гэчихсэн байдаг. 1989 онд Ц.Б*****гуай Дарханы техникумд суралцаж байсан байдаг. 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төгсөөд аав дээрээ буцаж ирсэн.
7.2.1989 онд ам бүл 6 гэж байсан. 1995 оны данс дээр 7 ам бүл болоод ороод ирсэн байгаа. 1996 онд Ц.Б*****өөрийнхөө нэр дээр малаа тоолуулчихсан. Энэ шаардлага нь бас хангаж болмоор харагдаад байгаа юм. 1997,1998 онуудад аавынх нь малын А данс буцаад 7 ам бүлтэйгээрээ явчхаж байгаа. 1998 онд Ц.Б*****гуайн аав нас барсан. Тэгээд 1999 оноос Ц.Б*****гуай эхнэр Ц.Хонгорзултайгаа тусдаа өрх бүл үүсгээд 2 ам бүл гээд малын дансаа тоолуулж эхэлсэн. Энэ үеэс эхлээд малын данс 2 ам бүлээр тоологдож эхэлж байгаа нь ч харагдаж байна.
7.3.Гэсэн хэдий ч энэ бол сум орон нутгийн одоо хариуцлагагүй үйлдлээс нэрийн зөрүү бол гарсан. Гэхдээ бүр ор тас ингээд байх ямар ч хамааралгүй зөрүү биш. Сүрэн гэдгийг Цэрэн гээд сонсох байдлаараа буруу биччихсэн юм болов уу гэмээр ийм алдаа гарсан байдаг. 1999, 2000, 2001 онуудад одоо энэ мэтчилэн малын дансыг бүртгэж явж байсан.
7.4.Ингээд 2002 он дээр үүнийгээ залруулсан байдаг. Ц.Б*****гээд засарч засчихаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ тухайн онуудад өөр хэн нэгэн Батцэрэн юм уу Батсүрэн байсан болбол ингэж малын дансанд энэ хүнийх гээд ингээд энэ сум орон нутаг нь хүснэгтлээд гаргаад өгчихгүй байсан.
7.5.Эхнэр Хонгорзултайгаа ингэж амьдарч 2 ам бүл болж байснаа 2002 онд 3 ам бүл болсон нь харагдана. Өөрөөр хэлбэл хүүхэд нь төрөөд байгаа нь яг энэ Ц.Б*****гуай мөн юм аа гэдгийг бас нотолж болохоор байгаад байгаа.
7.6.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага нөгөө шийдвэр гаргахдаа хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.
7.7.Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг захиргааны байгууллага цуглуулна гэж заасан. Уг заалтын дагуу нь одоо даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төгссөн хугацааг тодорхойлохдоо ач холбогдол бүхий мэдээлэл цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, гэрч, гуравдагч этгээдээс одоо жишээ нь тайлбар гаргуулах, шинжээч оролцуулах гэх мэт эрх нь одоо энэ орон тооны бус байнгын зөвлөлд байгаа гэсэн үг.
7.8.Тэгэхээр энэ үүргийнхээ дагуу Ц.Б*****-годоо яг өөрийнх нь өгсөн баримт л энэ хэрэгт бол байгаад байгаа юм л даа.
7.9.Нутгийн хүмүүс нь багийн иргэдийн Нийтийн Хуралд орсон. 39 хүний гарын үсгээр баталгаажуулсан нт нотлох баримтууд бас байгааг харгалзаж үзээд тогтоосон болов уу гэж үзэж байна.
7.10.Энэ орон тооны бус байнгын зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан. Зөвлөлийн эрх бүрэлдэхүүнд тухайн баг, сумын Засаг дарга, нийгмийн ажилтан, малчин болон бүртгэл хариу хариуцсан, малын бүртгэл хариуцсан мал зүйч, малын эмч, нийгмийн ажилтан, улсын бүртгэл болон статистикийн ажилтан, тухайн сум, сум, баг, хороонд олон жил удирдах албан тушаал эрхэлж байсан хүн, эсвэл олон жил амьдарч байгаа нутгийн уугуул төлөөлөл гэсэн ийм хүмүүс оролцдог. Энэ хүмүүс нь энэ хүнийг одоо мэддэг.
7.11.Зөвлөлийн тогтоолоор 3 удаа тогтоочихсон байгаад байгаа. 2022 онд 2 удаа, 2023 онд 1 удаа тогтоогоод байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаараа Ц.Б*****гуай бол тэтгэвэр тогтоолгох бүх шаардлага хангаад байгаа юм. Зөвхөн энэ малын данс, нэр зөрүүтэй, аавтайгаа хамт байгаагүй гэсэн асуудал яригддэг.
7.12.Өөрөөр хэлбэл тэр 1989 оны тэр хүн амын тооллогын дүнгээр энэ хүнийг бүр тэр чигээр нь аавтайгаа байсан үеийг хасчхаад байгаа нь энэ хүний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Нэр усны асуудлыг үнэхээр чиглэлийнхээ дагуу тогтоодоггүй юм аа гэхэд яагаад энэ 1995 оноос 1999 он хүртэл онууд нь тогтоогдож болохгүй байгаад байгаа юм бэ?
7.13.Энэ малын дансан дээр угаасаа тодорхой. Ингээд л 7 ам бүл гээд л нэмэгдээд л ороод ирлээ шүү дээ. Тэгснээ л 1996 онд болохлоор тусдаа гарсан онууд дээр нь аавынх нь ам бүл нь зургаа болоод л хорогдчихож байгаа юм. Энэ бүх байдлыг л харгалзаж үзээд эрх хэмжээнийхээ дагуу зөвлөл тогтоочихсон.
7.14.Тэгээд энэ зөвлөл эрх хэмжээнийхээ дагуу тогтоочхоод байхад нийгмийн даатгалын байцаагчид зөвхөн одоо энэ Ц.Б*****гуайн энэ өгсөн баримтыг өнгөц хараад байгаа юм болов уу? Тэр сум орон нутгийн хүмүүс өөрөө хамт байдаг хүмүүс, энэ хүнийг маш сайн мэдэх хүмүүс нь тогтоочхоод байна аа. Энэ талаас нь бас хараасай гэж шүүхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
8.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б*****-ийнХөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ц.Б*****намайг малчнаар тэтгэвэр тогтоохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол гэжээ.
10.Нэхэмжлэгч Ц.Б*****нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуульд заасан 55 насанд хүрчээ.
11.Нэхэмжлэгч Ц.Б*****нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 1-д заасан субьектив эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
12.Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2022 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор Ц.Б*****-ийн1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 онд малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа эхний удаа тогтоожээ.
13.Дараа нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор Ц.Б*****-г1999, 2000, 2001 онд малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хоёр дахь удаа тогтоожээ.
14.Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Ц.Б*****-г1999, 2000, 2001 онд малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг гурав дахь удаа тогтоожээ.
15.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч Б.Цэцэнбилэг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдлээр Малын А данс лавлагаа бусад 1995-1998 он хүртэл аав Ч.Цэрэнбатаар, мөн 1996-2002 он хүртэл өөрөө буюу Ц.Б*****атсүрэнгээр гарсан ч 1998 он, 1999 онуудын А дансны нэр засвартай, уг засварыг иргэн өөрөө засварласан. Мөн 1989 оны хүн ам орон сууцны тооллогоор аавын ам бүлд байхгүй тул аавын А дансаар тэтгэвэр тогтоох боломжгүй. Жаргалант сумын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн малчны зөвлөлийн баримт шаардлага хангахгүй гэсэн хариуг өгчээ.
16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүний 1995-1999 онд малчнаар ажиллаж байсныг тогтоосон Жаргалант сумын орон тооны бус зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1дүгээр тогтоол нь Ц.Б*****-ийн2001 оны малын А, 2000 оны өрхийн бүртгэлийн лавлагаа, өргөдлийг үндэслэн тогтоосон нь буруу. Жаргалант сумын орон тооны бус зөвлөл 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дүгээр, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Ц.Б*****-г1999, 2000, 2001 онд малчнаар ажилласныг тогтоохдоо иргэн Ц.Б*****атцэрэн гэдэг нь Ц.Б*****мөн юмаа гэж тогтоосон Жаргалант сумын Харгана багийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл, эхнэр Ц.Хонгорзулын 2000 оны төрөлтийн түүх, эмнэлэгт үзүүлсэн тэмдэглэл, 2002 оны А данс зэрэг баримтыг үндэслэн тогтоосон тул 1999 онд холбогдох баримтгүй, дансны овог, нэрийн зөрүүг хэлэлцсэн Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2 дахь заалтыг тайлбарласан чиглэлийг зөрчсөн гэж үзэн тэтгэвэр тогтоохоос татгалзсан гэжээ.
17.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын Ц.Б*****атсүрэнд малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоохоос татгалзсан татгалзал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байна.
18.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай /1997 оны/ хуулийн 51-д Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална гэж заасан байв.
19.Үүнийг үндэслэн Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ыг баталжээ.
20.Энэ журмын 3.1-д Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно: ... 3.1.5. даатгуулагч 1995 оноос хойшхи хугацаанд хувиараа мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлсөн, эсхүл ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлөлтийн лавлагаа), Үндэсний статистикийн хорооноос баталсан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого-ын жил бүрийн бүртгэл (цаашид А дансны лавлагаа гэх) гэж заасан байна.
21.Харин нэхэмжлэгч Ц.Б*****-ийнхувьд архиваас Үндэсний статистикийн хорооноос баталсан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого-ын жил бүрийн бүртгэлд 1996, 2002 онд түүний нэрээр, 1995, 1997 онд аав Ч.Цэрэнбатынх нь нэрээр, 1999, 2000, 2001 онд Ц.Б*****атцэрэн гэсэн нэртэй баримт олдсон, 2000 онд эхнэр Ц.Хонгорзулын төрөлтийн бүртгэлд малчин гэж тэмдэглэсэн талаар хэргийн оролцогчид маргахгүй байна.
22.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого-ын жил бүрийн бүртгэлд 1998 онд аав Ч.Цэрэнбатын нэрээр бүртгэгдсэн гэх боловч нэхэмжлэгчийн аав Ч.Цэрэнбат 1998 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан, 1998 онд гэр бүл болж тусдаа гарсан гэх боловч Ц.Б*****2006 онд гэрлэлтээ батлуулсан нь тус тус улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
23.Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1995-2000 онд Ц.Б*****атцэрэн гэдэг нэртэй хүн байгаагүй, харин түүний нэрийг Ц.Б*****атцэрэн гэж Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого-ын жил бүрийн бүртгэлд андуурч бичсэн хэмээн нэхэмжлэгч Ц.Б*****тайлбарласан.
24.Нөгөө талаас нь авч үзвэл энэ нь Жаргалант сумын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого-ын жил бүрийн бүртгэлд Ц.Б*****атцэрэн гэж бичигдсэн байгаа нь тус онуудад Ц.Б*****гэсэн нэр бүхий бүртгэл байхгүй гэсэн үг юм.
25.Жаргалант сумын Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дүгээр, 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 4 дүгээр, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаар тогтоол болон харгалзах тэмдэглэлүүдээс үзэхэд Ц.Б*****-ийнмалчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тогтоосон шийдвэрүүд хоорондоо зөрүүтэй, логик зөрчилтэй.
26.Тухайлбал 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дүгээр тэмдэглэлд Ц.Б*****1995-2000 онд аав Ч.Цэрэнбатын хамт мал маллаж байсан гэж үзэн 1995-2000 оныг тогтоосон боловч Ч.Цэрэнбат 1998 онд нас барсантай зөрчилдөж байна. 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор 1995-1998 онд аавтайгаа хамт амьдарч байсан, А дансанд Ц.Б*****атцэрэн гэж Ц.Б*****-ийннэрийг бичсэн гэж үзэн 1999-2001 оныг тогтоосон боловч нэр зөрүүтэй баримтыг үнэлсэн нь үндэслэлгүй. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолд 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын архивын лавлагаа, 2000 онд төрсөн хүүхдийн төрөлтийн түүх 2002 оны А дансны лавлагаа зэргийг үндэслэн 1999-2001 оныг тогтоосон боловч 1999, 2001 онд холбогдох баримт байхгүй. 2001 оны 07 сарын 11-ний өдрийн өргөмжлөлд Ц.Б*****-гмалчин болох талаар дурдаагүй.
27.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар Багийн иргэдийн Нийтийн Хурал нь Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого-ын жил бүрийн бүртгэл дэх нэр зөрүүтэй бичигдсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхгүй юм.
28.Тэтгэврийн байцаагч Б.Цэцэнбилэг 1989 оны хүн амын тооллогын бүртгэлд аав Ч.Цэрэнбатын ам бүлд Ц.Б*****нь байхгүй гэсэн байх ба дээрх тэмдэглэлүүдээс үзэхэд ямар шалтгаанаар эцгийн ам бүлд бүртгэлгүй байснаа нотолсон баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй ажээ.
29.Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын Ц.Б*****-ийнмалчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй.
30.Тэтгэврийн байцаагч Б.Цэцэнбилэгийн Малын А данс лавлагаа бусад 1995-1998 он хүртэл аав Цэрэнбатаар, мөн 1996-2002 он хүртэл өөрөө буюу Батсүрэнгээр гарсан ч 1998 он, 1999 онуудын А дансны нэр засвартай, уг засварыг иргэн өөрөө засварласан. Мөн 1989 оны хүн ам орон сууцны тооллогоор аавын ам бүлд байхгүй тул аавын А дансаар тэтгэвэр тогтоох боломжгүй. Жаргалант сумын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн малчны зөвлөлийн баримт шаардлага хангахгүй гэсэн мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэж байна.
31.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*****1995-1999 онд малчнаар ажиллаж байсныг нотлох баримтаа орон тооны бус зөвлөлдөө дахин гаргаж дээрх онуудыг тогтоолгох боломжтой гэж тайлбарлаж байгаа боловч Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлд бус шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой.
32.Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон тул иргэний хэргийн шүүхэд хандан малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох боломжтой байна.
33.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагаа, эсхүл энэ журмын 3.1.4-т заасан даатгуулагчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл (цаашид Зөвлөл гэх) тодорхойлно гэжээ.
34.Сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно:5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага-д хамаарах захиргааны байгууллага юм.
35.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.5-д Зөвлөлийн ажиллах дүрмийг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэжээ. Үүнийг үндэслэн Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаар тушаалаар Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм-ийг баталсан байна.
36.Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрмийн 1.3-т Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага нь зөвлөлийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллана гэжээ.
37.Иймд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Жаргалант сумынДаатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн тогтоолд хяналт тавьж ажилласныг буруутгах боломжгүй.
38.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5. ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан.
39.Захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байгаа эсэхэд дээд шатны захиргаа хяналт тавих эрхтэй. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд шатлан захирах ёсны тогтолцоотой.
40.Тодруулбал Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний, орон нутгийн байгууллага нь тухайн шатны Засаг дарга болон нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын удирдлагын дор ажиллана, 25 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын байгууллага дараахь эрх эдэлнэ: ... 6/нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3-тТэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллагад тогтооно, Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрмийн 1.3-т Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага нь зөвлөлийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллана гэж заасан.
41.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж заасан.
42.Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн зорилго бол захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн хүний эрхийг хамгаалахад оршино. Энэ тохиолдолд захиргааны хууль бус үйл ажиллагаа тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байна.
43.Нэхэмжлэгч Ц.Б*****атсүрэнд малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан татгалзал нь дээр дурдсанаар хууль зүйн үндэслэлтэй.
44.Түүний малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зарим хугацаа нотлогдоогүйн улмаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлийн5.1-д заасан Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: ... 5.1.6.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, гэсэн шаардлагад хүрээгүй бол малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй.
45.Тэрээр Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа тогтоолгох боломжтой байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасныг баримтлан Ц******** ЦБ.********гийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ц.Б*****намайг малчнаар тэтгэвэрт тогтоохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ