| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2020/01319/и |
| Дугаар | 01822 |
| Огноо | 2020-08-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 01822
Р.Т-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01554 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Т-гийн хариуцагч “Б К” ХХК, Б.Г- нарт холбогдуулан гаргасан гэрээний урьдчилгаанд төлсөн 65 000 000 төгрөг, алданги 32 500 000 төгрөг, нийт 97 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2015 оны 05 сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Очир апартмент үйлчилгээний төвтэй 132 айлын орон сууцны Б блок байрны 78 м.кв 3 өрөө орон сууцыг захиалж “Б К” ХХК-тай гэрээ байгуулж, орон сууцны 100 хувийн төлбөр болох 65 000 000 төгрөгийг тухайн компанийн нягтлан бодогч Б.Г-ийн данс руу шилжүүлсэн. Гүйцэтгэгч нь барилгыг 2015 оны 3, 4-р улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон. Ингээд 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхэлж уг барилга яагаад баригдахгүй байгаа талаар асууж тодруулж удаа дараа шаардлага тавьсан. Гэрээгээр хугацаа хэтэрсэн алдангид бодож тухайн барилгын подвалд авто зогсоол санал болгосон.
Ингээд дахин хэсэг хугацаа өнгөрч барилгын явц удаашралтай, барилга баригдахгүй байхаар нь утсаар залгахад утсаа авахгүй байсан. Төв оффис дээр нь очиход ямар ч хүнгүй, хаалттай байсан. Харин үүдний ажилтан нь энэ компанитай холбоотой хүмүүс энэ утас руу ярь гэсэн гэж утасны дугаар өгсөн. Уг дугаараар ярьж үзэхэд хохирсон хүмүүс зөндөө байгаа, цагдаад өргөдөл гаргасан байгаа гэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгсөн. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2860 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж, нэр бүхий 27 хохирогч Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх асуудал гэж дурдсан.
Иймд хариуцагч нараас 97 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Б К” ХХК хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс 65 000 000 төгрөг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 32 500 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн орон сууц барилгыг захиалан бариулах гэрээний дагуу төлбөрийг “Б К” ХХК хүлээн авсан байхад компанийн нягтлан бодогч Б.Г-ийг хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Б.Г- нь Р.Т-гээс компанид өгсөн 65 000 000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авч компанийн харилцах дансанд орлогдсон байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г- хариу тайлбартаа: Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2015 оны 05 сарын 25-ны өдөр Р.Т- нь “Б К” ХХК-тай “Орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, орон сууцны үнэд 65 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Р.Т- нь 65 000 000 төгрөгийг төлөхдөө миний Худалдаа, хөгжлийн банк болон Хаан банкны дансаар дамжуулан төлснийг би бэлнээр хүлээн авч компанид орлогдсон. Миний бие “Б К” ХХК-д нягтлан бодогч ажилтай бөгөөд компанийн орлогыг дур мэдэн зарцуулах эрхгүй, захирлаас даалгасны дагуу зарим нэг орлогыг өөрийн дансаар хүлээн авч эргүүлээд компанид орлогдох тохиолдол байдаг байсан.
Иймд Р.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Б К” ХХК-аас 97 500 000 төгрөг гаргуулан Р.Т-д олгож, Б.Г-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Б К” ХХК-аас 645 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Т-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиалагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гүйцэтгэгчээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардаагүй бөгөөд гүйцэтгэгчид төлсөн 65 000 000 төгрөгөө эргүүлэн авахаар шаардсан нь гэрээнээс сайн дураар татгалзсан гэж үзнэ. Гэрээний аль нэг тал гэрээнээс сайн дураар татгалзсан тохиолдолд гэрээтэй холбоотой үүрэг болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хэрэглэдэг арга буюу анзыг шаардах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хоорондоо өгсөн авснаа буцаах эрх зүйн зохицуулалт хамаарна.Харин гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлсэн буруутай үйлдлээс үүдэн захиалагч гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд үүнтэй холбоотой гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй юм.
Тиймээс “Б К” ХХК гэрээний дагуу хүлээн авсан 65 000 000 төгрөгийг буцаан төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүх захиалагч талыг гэрээнээс татгалзсан гэж зөв дүгнэсэн атлаа гэрээний үүрэг шаардаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Б К” ХХК-ийн дуусаагүй барилгыг битүүмжлэн, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгасан. Уг захирамжид гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад 2020 оны 06 сарын 09-ний өдөр шүүх хуралдааныг товлон хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “Б К” ХХК-аас 94 500 000 төгрөг гаргуулан Р.Т-д олгохоор шийдвэрлэсний 32 500 000 төгрөгт холбогдох хэсэг үндэслэлгүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан “Орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээ” /хх 4-6/, Худалдаа, хөгжлийн банк болон Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /7-8/, “Б К” ХХК-ийн кассын орлогын ордер /хх 8/, зохигчдын тайлбар зэргээр талууд 2015 оны 05 сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, “Б К” ХХК нь Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдах “Очирт апартмент” орон сууцны барилгын “Б” блок, 78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2015 оны 3-4-р улиралд барьж, ашиглалтад оруулах, Р.Т- нь гэрээний үнэ 65 000 000 төгрөгийг төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцсон, улмаар Р.Т- нь нийт 65 000 000 төгрөгийг “Б К” ХХК-ийн нягтлан бодогч Б.Г-ийн дансанд шилжүүлсэн, уг 65 000 000 төгрөгийг Б.Г- нь “Б К” ХХК-д бэлнээр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, нэхэмжлэгч Р.Т- гэрээнээс татгалзсан тухай үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн атлаа хариуцагч “Б К” ХХК-аас 32 500 000 төгрөгийн алданги гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээнээс татгалзсаны үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөхөөр зохицуулсны дагуу шийдвэрлэх учиртай. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан анз буюу алданги гаргуулах зохицуулалт нь гэрээний үндсэн үүргийг гүйцэтгүүлэхэд чиглэсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга тул гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эсхүл урт хугацааны гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд хэрэглэх боломжтой. Харин гэрээнээс татгалзсан тохиолдолд алдангийг буцаан төлөх төлбөрт оруулах үндэслэлгүй юм.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос алданги тооцох үндэслэлгүй гэснийг хүлээн авч хариуцагч “Б К” ХХК-аас гэрээний үүрэгт төлсөн 65 000 000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Р.Т-д олгож, алдангид холбогдох 32 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Харин хэрэг хянан шийдвэрлэсэн 2020 оны 06 сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй гэснээр шүүх хуралдаан үргэлжилсэн, мөн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой алдаанд тооцохгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Б К” ХХК-аас 482 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Т-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “Б К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Д.НЯМБАЗАР