| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2018/0004/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/03 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/03
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч З.Ням-Эрдэнэ, З.Бямбарагчаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Зоригтбаатарын Ням-Эрдэнэ, Боржигон овогт Зоригтбаатарын Бямбарагчаа нарт холбогдох эрүүгийн 1717000760039 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Зоригтбаатарын Ням-Эрдэнэ /РД:ЗГ97031813/ Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1997 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт амьдардаг, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2017/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Зоригтбаатарын Бямбарагчаа /РД:ЗГ92030915/ Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1992 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 25 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 3-9 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч З.Ням-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 6-619 тоотод З.Бямбарагчаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч З.Бямбарагчаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 6-619 тоотод З.Ням-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч З.Ням-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 6-619 тоотод З.Бямбарагчаатай мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар өөрийг нь түлхэж унаган зуух мөргүүлснийг шалтаглан нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-шүүгдэгч З.Бямбарагчаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 6-619 тоотод З.Ням-Эрдэнтэй мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар түүнийг түлхэж унаган зуух мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч З.Ням-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай 2 найз Бямбаа ахынд очиж хөзөр тоглоё гээд очсон. Бид хэд Бямбаа ахынд хөзөр тоглож байгаад гарч яваад ганц, 2 юм уух уу гэж ярилцаад Бямбаа ахыг гэрийнх нь гаднаас дуудаж мөнгө аваад дэлгүүр орж архи аваад манай ахынд очоод Бямбаа ахыг дуудсан. Бямбаа ах ирээд бид хэд 2 шил архиа ууж дуусаад манай ах явж дахин 1 шил архи авсан. Би ахыг ирэхэд унтсан байсан. Батням ах ирээд намайг дуудаж сэрээгээд 1 шил архиа уучихаад би тэднийхээс гарснаа санахгүй байгаа. Бямбаа ахынд орсноо санаад байгаа. Би Бямбаа ахынд ороод Бямбаа ахыг эхнэртэйгээ муудалцаад байна гэж бодоод голоор нь орж салгасан л гэж бодоод байна. Эхнэр нь намайг харьж унт гэсэн юм шиг байна лээ. Би тэрийг нь ахыг эхнэртэйгээ зодолдоод байна гэж ойлгосон юм шиг байгаа юм. Тэгээд би Бямбаа ахтай мөнгөнөөс болж муудалцсан юм шиг байна лээ. Миний ухаан санаа орж гараад байсан. Бямбаа ах намайг эхлээд түлхэхэд нь би босоод очиход намайг зүүн орон дээрээ дараад байсан. Тэгээд би 2 удаа цохисон гэв.
1.2. Шүүгдэгч З.Бямбарагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ууганбаатар, Ням-Эрдэнэ 2 орой манайд ирсэн. Бид 3 юм уух уу гээд би 1 шил архины мөнгө өгөөд Батням ахынд архи аваад ир гээд явуулсан. Батням ахынд 2 шил архи авч ирээд намайг дуудсан. Би ороод бид хэд архиа уучихаад хөзөр тоглож байхад 01 цагийн үед эхнэр намайг дуудсан. Би эхнэртээ хөзрөө тоглож дуусаад оръё гэж хэлээд буцаж ороод үлдсэн архийг уугаад Батням ахынхаас гараад явж байсан. Гэртээ орсноо санаж байгаа. Дүүтэйгээ муудалцсанаа мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн цагдаа дээр очсон байсан. Манай эхнэр орж ирээд юм авах гэж байгаа болтой мөнгөн дээрээс болоод маргалдаад байсан, барилцаж аваад дүү чинь чамайг цохиод чи түлхэхэд зуух руу толгойгоороо савж унасан, тэгэхдээ толгойгоо язалсан байх гэсэн гэв.
1.3. Хохирогч З.Ням-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний толгойны ард тад жаахан шалбарсан байсан. Одоо эдгэсэн гэв.
1.4. Хохирогч З.Бямбарагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний баруун нүдний дээд талд хөмсөгний хэсэг хавдсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Удалгүй зүгээр болсон гэв.
1.5. Гэрч Д.Батбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой Бямбарагчаа ахын гэрт Ууганбаатар, Ням-Эрдэнэ, Батням ах, Бямбарагчаа ах бид нар хөзөр тоглож байгаад мөнгөө нийлүүлээд архи авахаар болсон. Батням ах түрүүлээд гэрээс гараад явсан. Ууганбаатар, Ням-Эрдэнэ бид гурав нийлүүлсэн мөнгөө аваад дэнжийн Андуудын урд талын улаан тоосгон дэлгүүр ороод 0,75 литрийн Ерөөл архи, 0,75 литрийн Тэргүүн архи аваад Батням ахын гэрт очсон. Тэгээд Батням ахын гэрт 2 архиныхаа нэг архийг дөнгөж задлаад сууж байсан чинь Бямбарагчаа ах гаднаас орж ирсэн. Ууганбаатар, Ням-Эрдэнэ, Бямбарагчаа ах, Батням ах бид нар 2 шил архийг хувааж уунгаа хөзөр тоглосон. 2 шил архи уугаад дуусаад Батням ах дахиад архи авъя гээд надаас 2000 төгрөг аваад гараад явсан. Би жаахан байж байгаад гэртээ харьж амрахаар явсан. Мөн Ууганбаатар гэртээ харихаар гарсан. Бямбарагчаа, Ням-Эрдэнэ, Батням ахын эхнэр нар гэрт үлдсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Бид хэд хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Бямбарагчаа, Ням-Эрдэнэ нар нь урьд хоорондоо маргалдаж зодолдож байгаагүй. Мөн бие биенээ дарамталж байгаагүй. Хоорондоо эвсэг байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/
1.6. Гэрч Б.Ууганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой Бямбарагчаа ахын гэрт Батбаатар, Ням-Эрдэнэ, Батням ах, Бямбарагчаа ах бид нар хөзөр тоглож байгаад мөнгөө нийлүүлээд архи авахаар болсон. Батбаатар, Ням-Эрдэнэ бид гурав нийлүүлсэн мөнгөөрөө дэлгүүр ороод 0,75 литрийн Ерөөл архи, 0,75 литрийн Тэргүүн архи аваад Батням ахын гэрт очсон. Тэгээд Батням ахын гэрт 2 архиныхаа нэг архийг дөнгөж задлаад сууж байсан чинь Бямбарагчаа ах гаднаас орж ирсэн. Батбаатар, Ням-Эрдэнэ, Бямбарагчаа ах, Батням ах бид нар 2 шил архийг хувааж уунгаа хөзөр тоглосон. Шөнө 01 цагийн үед 2 шил архи уугаад дууссан. Би унтаад өгсөн байсан нэг сэрсэн Батням байхгүй байхаар нь хаачсан юм бэ гэсэн чинь архинд явсан гэж хэлсэн. Батбаатар бид хоёр гэр гэр лүүгээ явцгаагаад амарсан. Бид хэд хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Намайг харихаар гарахад Ням-Эрдэнэ, Бямбарагчаа нар согтоогүй гайгүй байсан. Түүнээс хойш архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Бямбарагчаа, Ням-Эрдэнэ нар нь урьд хоорондоо маргалдаж зодолдож байгаагүй. Мөн бие биенээ дарамталж байгаагүй. Хоорондоо эвсэг байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/
1.7. Гэрч З.Батням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой Бямбарагчаатай хамт ажилладаг Ууганбаатар, Батбаатар нар 22 цагийн үед манай гэрт орж ирсэн. Удаагүй араас нь манай дүү нар Бямбарагчаа, Ням-Эрдэнэ нар орж ирээд хөзөр тоглох уу гэсэн. Хөзөр тоглож байхад тэр хэд танайд нэг шил архи уучих уу гэхээр нь тэг тэг гэсэн. Эхлээд 0,75 литрийн Тэргүүн нэртэй архи гаргаж ирээд хөзөр тоглонгоо ууцгаасан. Тэгүүн архи дуусаад мөн 0,75 литрийн Ерөөл архи гаргаж ирсэн. Тэр архийг нь ууж суусаар байгаад шөнө 02 цаг болсон. Ерөөл архиа ууж дуусгаад тэр хэд дахиад нэг шил архи уучихмаар байна гээд мөнгөө нийлүүлсэн. Би өдөр нь найз ирнэ гээд байхаар нь нэг шил Ерөөл архи аваад ээжийн хашаанд нуусан байсан юм. Тэр хэдээс мөнгийг нь аваад такси бариад ээжийн гадаа очоод гэрийн гадаа нуусан 0,75 литрийн Ерөөл архиа аваад буцаад явган алхаад гэртээ ирсэн. Батбаатар, Ууганбаатар нар гараад явсан байсан. Бямбарагчаа, Ням-Эрдэнэ нартай авч ирсэн архиа ууж байгаад тасраад унтаад өгсөн байсан. Маргааш нь өдөр 11 цагийн үед сэрээд нөгөө хэд хэзээ явсан бэ гээд эхнэрээсээ асуусан чинь өглөө үүрээр гараад явсан гэж хэлсэн. Шүүхийн шийдвэрээс Ням-Эрдэнийг надаас асуугаад байхаар нь ээжээс асуухаар гэрт очсон. Ээж надад Бямбарагчаагийн эхнэртэй яриад Ням-Эрдэнийг асуусан чинь үүрээр орж ирээд надтай маргалдаад байхаар нь Ням-Эрдэнэ, Бямбарагчаа нарыг цагдаа дуудаад өгчихсөн гэж байна гэж надад хэлсэн. Хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Манайд архи ууж байхад Бямбарагчаа, Ням-Эрдэнэ нарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би сүүлд авч ирсэн архиа ууж байгаад тасраад унтаад өгсөн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/
1.8. Гэрч Б.Баясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхрийн ах Батням, дүү Ням-Эрдэнэ, Батбаатар, Ууганбаатар нар хамт манайд хөзөр тоглож байгаад 21 цаг өнгөрч байхад гарсан. Бямбарагчаа гэртээ байж байгаад 22 цагийн үед Батням ахынд ороод ирье гээд гараад явсан. Тэгээд гэртээ ирэхгүй болохоор нь би 01 цагийн үед урд хашаанд байдаг Батням ахын гэрийн гаднаас Бямбарагчааг дуудаад гэртээ оруулсан. Би Бямбарагчааг чи юу хийгээд байгаа юм бэ гэсэн чинь тоглож байна шүү дээ Батням ахад тамхи оруулж өгөөд ирье гээд гараад явсан. Тэгээд үүрээр 05 цагийн үед Ням-Эрдэнийн хамт архи уусан байдалтай орж ирсэн. Ням-Эрдэнэ, Бямбарагчаа нар хоорондоо мөнгөө нийлүүлээд архи авах юм яриад байсан. Бямбарагчаа жаахан байж байгаад өгсөн мөнгөө авъя гээд Ням-Эрдэнээс нэхээд хоорондоо маргалдаж байгаад зууралдаад, ноцолдоод эхэлсэн. Тэр хоёр салахгүй зууралдаад бие биеэ цохиод байсан. Би босч очоод Ням-Эрдэнийг чи харьж унт гэж хэлсэн. Ням-Эрдэнэ гараараа Бямбарагчаагийн баруун нүд рүү нь цохисон. Тэр хоёр дээр доороо ороод ноцолдоод салахгүй гэрийн зуух унагаад, газар байсан аягыг хагалсан. Тэгэхээр нь би цагдаа руу дуудлага өгөөд 2 хүүхдээ баруун талынхаа айлд оруулаад буцаад гэртээ ороод ирсэн чинь авдарны таг онгойлгосон хамаг хувцас гаргаад хаясан, жаазны шил хагалсан байсан. Удалгүй миний араас цагдаа орж ирээд Бямбарагчаа, Ням-Эрдэнэ нарыг аваад явсан. Ням-Эрдэнэ, Бямбарагчаа нар гаднаас орж ирэхдээ биедээ ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Цагдаа ирээд аваад явахад нь харахад Бямбарагчаагийн нэг нүд нь хавдсан байсан. Ням-Эрдэнийг сайн анзаарч хараагүй. Бямбарагчаа, Ням-Эрдэнэ нар урд нь хоорондоо маргалдаж зодолдож байгаагүй. Мөн бие бие эдарамталж байгаагүй. Согтуудаа маргалдаж, зодолдсон байх” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/,
1.9. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 414 дугаартай дүгнэлтэнд: З.Бямбарагчаагийн биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 28 хуудас/
1.10. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 415 дугаартай дүгнэлтэнд: З.Ням-Эрдэнийн биед тархи доргилт, дагзны баруун дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 32 хуудас/
1.11. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 7-8 хуудас/
1.12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 5-6 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч З.Ням-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З.Бямбарагчааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч З.Ням-Эрдэнэ, З.Бямбарагчаа нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч З.Ням-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
2.2. Хохирогч З.Бямбарагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
2.3. Гэрч Б.Баясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Бямбарагчаагийн хувьд хар бор ажилд их сайн, өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг. Элдэв янзын ааш зан байхгүй. Архи уусан үед нь хүн өдөөд байхгүй бол зүгээр байдаг. Бямбарагчаа ажил хийж гэр орноо тэжээж авч явж байгаа. Бид хоёр 5 насны 2 хүүхэдтэй. Ням-Эрдэний хувьд томоотой хүнтэй хэр баргийн маргалдаад байхгүй. Тухайн үед согтуу байсан болохоороо ахтайгаа маргалдаж зодолдсон байх. Түүнээс ах, дүү нарынхаа үгэнд их сайн ордог” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/
2.4. Гэрч Д.Дарьсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Ням-Эрдэнийн хувьд олон янзын ааш байхгүй. Ах, дүү нарынхаа үгэнд сайн ордог. Гэр орныхоо ажилд сайн тусалдаг. Одоогоор тусдаа гараагүй надтай хамт амьдардаг. Миний хувьд хүүгээ муу хэлэх зүйл байхгүй. Хүнд ажил хийж өгвөл сэтгэлээрээ сайн хийдэг. Бямбарагчаагийн хувьд хар бор ажилд сайн. Ажлаараа хэнд ч муу хэлэгдэхгүй. Мөн элдэв янзын ааш зан байхгүй. Бямбарагчаа эхнэр, 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Бямбарагчаа хар бор ажил хийж гэр бүлээ тэжээдэг юм. Надад муу хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/
2.5. Гэрч Э.Амаржаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “З.Ням-Эрдэнэ нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст зөрчил гаргаж эрүүлжүүлэгдсэн байсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялын 4 цагийн ажил тасалсан. Энэ гаргасан зөрчлийг нь шийдүүлэхийн тулд нийтэд тустай ажил хийлгэх ялыг нь түр завсарласан тэмдэглэл үйлдэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих саналыг аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн. Түүнээс З.Ням-Эрдэнийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түр зогсоосон зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/138 тушаалаар батлагдсан маягтын дагуу З.Ням-Эрдэнэ нийтэд тустай ажил хийх ял тасалсан хугацаанд нь түр завсарласан тэмдэглэл үйлдсэн” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 25-26 хуудас/
2.6. Ялын тооцооны тодорхойлолт, нийтэд тустай ажил хийлгэх ял түр завсарласан тухай тэмдэглэл, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийн цагийн бүртгэл /х.х-ийн 74-75, 82-83 хуудас/
2.7. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /х.х-ийн 77-78 хуудас/
2.8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 57-60 хуудас/
2.9. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2017/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 62-64 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч З.Бямбарагчаа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Ням-Эрдэнэд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2017/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 157 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлээгүй байгаа болох нь ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Ням-Эрдэнэ, З.Бямбарагчаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Зоригтбаатарын Ням-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Зоригтбаатарын Бямбарагчааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ням-Эрдэнийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч З.Бямбарагчааг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Ням-Эрдэнэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2017/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 157 /нэг зуун тавин долоо/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 457 /дөрвөн зуун тавин долоо/ цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч З.Ням-Эрдэнэ, З.Бямбарагчаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ням-Эрдэнэ, З.Бямбарагчаа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТУЛГА