Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 126/ШШ2024/0096

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Х*******************  намын хорооны нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хорооны 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот хүсэлтийн дагуу 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10:00-21:00 цагийн хооронд Чингүнжавын талбайд үйл ажиллагаа зохион байгуулахыг бүртгэсэн Мөрөн сумын Засаг даргын захиргааны актыг хүчингүй болгож, Х*******************  намын хорооны 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 64 дугаар мэдэгдлийн дагуу Мөрөн сумын Чингүнжав-ын талбайд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагаас 16:00 хүртэл 3 цагийн хугацаанд сонгуулийн хаалтыг арга хэмжээ зохион байгуулахыг бүртгэхийг Мөрөн сумын Засаг даргад даалгах.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Х*******************  намын хорооноос сонгуулийн сурталчилгааны хаалтыг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагаас 16:00 хүртэл 3 цагийн хооронд Мөрөн сумын Чингүнжав-ын талбайд зохион байгуулах тухай 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 64 тоот мэдэгдлийг Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаярт хүргүүлсэн.

2.2.Мөрөн сумын Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01/627 тоот хариу албан бичгээр Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хорооноос 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай албан бичгээр 10:00-21:00 цагийн хооронд Чингүнжавын талбайд үйл ажиллагаа зохион байгуулах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд Жагсаал цуглаан хийх журамд заасны дагуу бүртгэж авсан. Танай 13:00-16:00 цагийн хооронд Шадарван Чингүнжавын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа нь дээрх үйл ажиллагаатай давхцаж байгаа тул бүртгэж авах боломжгүй байна гэсэн хариу өгч татгалзсан.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

3.1.Нэхэмжлэгч Х*******************  намын хороо 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 67 тоот албан бичгээр Хөвсгөл аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан.

3.2.Аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1201 тоот Мөрөн сумын Засаг даргад хандан Үүрэг даалгавар өгөх тухай албан бичгээр ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах үүрэгтэй гэж заасан ... хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгож байна гэсэн хариу өгчээ.

4.Нэхэмжлэгч Х*******************  намын хороо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

4.1.Х*******************  намын хорооноос сонгуулийн сурталчилгааны хаалтыг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагаас 16:00 хүртэл 3 цагийн хооронд Мөрөн сумын Чингүнжав-ын талбайд зохион байгуулах тухай 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 64 тоот мэдэгдлийг Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаярт хүргүүлсэн.

4.2.Гэтэл Мөрөн сумын Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01/627 тоот хариу албан бичгээр Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хорооноос 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай албан бичгээр 10:00-21:00 цагийн хооронд Чингүнжавын талбайд үйл ажиллагаа зохион байгуулах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд Жагсаал цуглаан хийх журамд заасны дагуу бүртгэж авсан. ...дээрх үйл ажиллагаатай давхцаж байгаа тул бүртгэж авах боломжгүй байна... гэж хариу ирүүлж, бүртгэл давхцалтай гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.

4.3.Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт 10.1 1. Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ: 1/ шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол, 2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол; 3/ энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол гэж заасны дагуу манай хорооноос хүргүүлсэн хүсэлт, мэдэгдэл нь дээрх бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байх бөгөөд сумын Засаг дарга нь үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан байна.

4.4.Түүнчлэн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 4 дүгээр тойрогт 19 нам, эвсэл, тэдгээрийн 87 нэр дэвшигч оролцож байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрийг бүхэлд нь нэг нам /Монгол Ардын Нам/-д давуу байдлыг олгосон бөгөөд энэ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах үүрэгтэй гэж заасныг Мөрөн сумын Засаг дарга нь шууд зөрчсөн байна.

4.5.Мөрөн сумын Засаг даргын хууль бус захиргааны акт нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 4 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн сонгогдох болон сонгогчдын сонгох эрхэд халдаж буйгаас гадна аймгийн төвийн төв талбайг сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр бүтэн өдрийн турш нэг намд олгож байгаа нь Х*******************  намын хорооны сонгуульд эрх тэгш оролцох боломжийг хязгаарлаж, эрх тэгш байх Үндсэн хуулийн болон Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд заасан эрхэд халдаж байгаа үйлдэл тул Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хүлээн авсан зохион байгуулагч түүнийг хуульд нийцэхгүй байна гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу шүүхэд нэхэмжпэл гаргаж байгаа болно.

4.6.Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хорооны 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот хүсэлтийн дагуу 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10:00-21:00 цагийн хооронд Чингүнжавын талбайд үйл ажиллагаа зохион байгуулахыг бүртгэсэн захиргааны актыг хүчингүй болгож, Х*******************  намын хорооны 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 64 дугаар мэдэгдлийн дагуу Мөрөн сумын Чингүнжав-ын талбайд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагаас 16:00 цаг хүртэл 3 цагийн хугацаанд сонгуулийн хаалтыг арга хэмжээ зохион байгуулахыг бүртгэхийг Мөрөн сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1.Улсын Их Хурлын ээлжит сонгууль болж байгаатай холбогдуулан Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооноос 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай албан бичгээр Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Чингүнжавын талбай-д сонгуулийн хаалтын үйл ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10:00-21:00 цагийн хооронд явуулах хүсэлт ирүүлснийг бүртгэсэн.

5.2.Мөн Х*******************  намын хорооноос 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаартай албан бичгээр Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Чингүнжавын талбай-д сонгуулийн хаалтын үйл ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13:00-16:00 цагийн хооронд явуулах хүсэлт ирүүлсэн.

5.3.Өмнө нь ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн цаг хугацаанд Монгол ардын намын цуглааны үйл ажиллагаа зохион явуулах хүсэлтийг бүртгэсэн тул Ардчилсан намын хүсэлтийг бүртгэх боломжгүй талаар 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/627 дугаартай албан бичгээр хариу өгсөн

5.4.Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч Х*******************  намын хорооноос Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважавт гомдол гаргасан байсан бөгөөд уг гомдлыг шийдвэрлэх талаар албан бичиг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дотоод сүлжээгээр 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 18:05 цаг ирүүлсэн байсан.

5.5.Ирүүлсэн албан бичигтэй танилцаад Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн цаг хугацаанд цуглаан зохион байгуулахаар бүртгүүлсэн Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хорооны зохион байгуулагчтай харилцаж, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингүнжавын талбай-д зохион байгуулагдах Монгол ардын нам, Ардчилсан намуудын цуглааны цаг хугацаанд зохицуулалт хийсэн.

5.6.Улмаар Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Чингүнжавын талбай-д сонгуулийн хаалтын үйл ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13:00-16:00 цагийн хооронд цуглаан зохион байгуулах тухай Х*******************  намын хорооны хүсэлтийг дурдсан хугацаагаар бүртгэж, хариуг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/647 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

5.7.Иймд Х*******************  намын хорооноос 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай албан бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан болно ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

6.Нэхэмжлэгч Х*******************  намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:21.1.1.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.

8.Нэхэмжлэгч Х*******************  намын хорооны Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хорооны 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот хүсэлтийн дагуу 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10:00-21:00 цагын хооронд Чингүнжавын талбайд үйл ажиллагаа зохион байгуулахыг бүртгэсэн захиргааны актыг хүчингүй болгож, Х*******************  намын хорооны 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 64 дугаар мэдэгдлийн дагуу Мөрөн сумын Чингүнжав-ын талбайд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагаас 16:00 цаг хүртэл 3 цагийн хугацаанд сонгуулийн хаалтыг арга хэмжээ зохион байгуулахыг бүртгэхийг Мөрөн сумын Засаг даргад даалгуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж шүүх үзлээ.

9.Тодруулбал, хариуцагчийн зөвшөөрөлд Х*******************  намын хорооны 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 64 дүгээр мэдэгдлийн дагуу Мөрөн сумын Чингүнжав-ын талбайд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагаас 16:00 цаг хүртэл 3 цагийн хугацаанд сонгуулийн хаалтыг арга хэмжээ зохион байгуулахыг бүртгэсэн гэжээ.

10.Энэ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах үүрэгтэйУлс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Нам дараах эрхийг эдэлнэ: 7.1.1.үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглааныг хуулийн хүрээнд санаачлан зохион байгуулах, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. ... гэсэнд харшлаагүй, хууль зөрчөөгүй байна.

11.Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хороог гуравдагч этгээдээр татан оролцуулж, энэ тухай мэдэгдсэн боловч гуравдагч этгээдээр оролцохоос татгалзсан байна.

12.Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ардчилан намын хорооны Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Чингүнжавын талбай-д Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны хаалтын үйл ажиллагаа цуглааныг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13:00-16:00 цагийн хооронд хийхийг хүссэн хүсэлтийг бүртгэсэн хариуцагчийн зөвшөөрөл нь бусад нам, эвслийн дурдсан цагаас өөр цагт Чингүнжавын талбай-д жагсаал, цуглаан хийхийг бүртгэхэд саад болохгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х*******************  намын хорооноос хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хорооны 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот хүсэлтийн дагуу 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10:00-21:00 цагийн хооронд Чингүнжавын талбайд үйл ажиллагаа зохион байгуулахыг бүртгэсэн захиргааны актыг хүчингүй болгож, Х*******************  намын хорооны 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 64 дугаар мэдэгдлийн дагуу Мөрөн сумын Чингүнжав-ын талбайд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагаас 16:00 цаг хүртэл 3 цагийн хугацаанд сонгуулийн хаалтыг арга хэмжээ зохион байгуулахыг бүртгэхийг Мөрөн сумын Засаг даргад даалгуулах шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ардчилан намын хорооны Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Чингүнжавын талбай-д Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны хаалтын үйл ажиллагаа цуглааныг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13:00-16:00 цагийн хооронд хийхийг хүссэн хүсэлтийг бүртгэсэн хариуцагчийн зөвшөөрөл нь бусад нам, эвслийн дурдсан цагаас өөр цагт Чингүнжавын талбай-д жагсаал, цуглаан хийхийг бүртгэхэд саад болохгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х*******************  намын хороонд олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ