Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/180

 

А.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/929 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2205 02933 2158 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн А-ийн Б, 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “V....” зоогийн газарт тогооч ажилтай, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сүхбаатар дүүргийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаар захирамжаар өршөөн хэлтрүүлсэн;

А.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03.30 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди-2” худалдааны төвийн хойд аркад хохирогч С.У-ын эзэмшлийн “Samsung A72” загварын 750.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан,

мөн тухайн шөнө буюу 2022 оны 9 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө хохирогч С.У-аас дээрэмдэн авсан гар утасны кодыг тайлж, улмаар Хаан банкны 57хххххххх тоот данс руу хууль бусаар нэвтэрч, 340.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газар: А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овогт А-ийн Б-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, А.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Б-ээс 190.000 төгрөг гаргуулж, С.Уянгад олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаа хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, А.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ам бүл дөрвүүлээ, эх, ах, дүү нарын хамт амьдардаг. Би өөрийн мунхаг болчимгүй үйлдлээсээ болж үйлдсэн хэрэгтээ гэмшиж, үе тэнгийн найз нөхдөдөө болон дүү нартаа буруу үлгэр дуурайлал үзүүлсэндээ гэмшиж, өндөр настай ээжийнхээ сэтгэл санаагаар нь унагааж, эрүүл мэндийг нь муутгаж байгаадаа харамсаж байна. Би анхнаасаа гэм буруугаа зөвшөөрсөн. ...Гар утсыг 200.000 төгрөгөөр зараад, данснаас нь 300.000 гаруй төгрөгийг данснаас нь авсан. ...Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй, зөв, сайн хүн байна гэдгээ амлаж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б-ээс гэм буруу дээрээ маргаагүй. Хохирол төлбөрийг төлсөн. 190.000 төгрөгийг төлсөн талаарх баримтаа гаргаж өгсөн. Цагаан хоолны газарт тогоочоор ажилладаг гэх тодорхойлолтыг мөн гаргаж өгч байна. Шүүгдэгч А.Б нь гэм буруугаа ойлгож, маш их гэмшсэн. ...Түрүү булчирхайн сувгийн нарийсал гэх өвчтэй. Уг өвчнөө эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг. ...Иймд шүүгдэгчийн хувийн байдал, цаашид ажиллах нөхцөл бололцоогоор хангаж хорихоос өөр төрлийг ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03:30 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди-2” худалдааны төвийн хойд аркад хохирогч С.У-ын эзэмшлийн “Samsung A72” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

улмаар тус утасны нууц үгийг тайлах замаар Хаан банкны данс руу нь хууль бусаар нэвтэрч, 375.000 төгрөгийг бусдын эзэмшлийн дансаар дамжуулан авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Уянгын: “...“Sea” баарнаас 03 цагийн үед гарч дуудлагын жолооч дуудчихаад хүлээж байх хоорондоо “Теди” төвийн хойд тал руу бие засахаар явсан. Гар утсаа оролдонгоо бие засаад суух байтал нэг үл таних залуу миний гар утсыг шүүрч аваад зугтаачихсан. …Тухайн өдрөө миний Хаан банкны 57хххххххх дугаарын данснаас 340.000 төгрөг шилжүүлэн авсан байсан. …” /хх 13/,

хохирогч С.У-ын “Samsung A72” загварын гар утасны үнэлгээг 750.000 төгрөгөөр тогтоосон “Косит эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт /хх 15/,

шүүгдэгч А.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...“Теди” төвийн орчим найз Ө, Ш нартай хамт явж байсан бөгөөд би бие засах гээд тэр хоёроос салаад “Теди” төвийн баруун талын аркаар ороод бие засаад дуустал нэг үл таних хүн хойд арканд байрлах гражууд орчимд ганцаараа утсаа оролдоод явган суусан байсан. Хажуугаар нь гүйж гарахдаа гар утсыг нь булаагаад зугтааж, “Өргөө” кино театрын хойно байрлах “Рояал” зочид буудал орчмоос такси бариад 21 дүгээр хороололд байрлах нэрийг нь мэдэхгүй зочид буудал руу очсон ба тэнд Ө, Ш бид гурав буудлын өрөө авчихсан байсан. …Тэгээд би буудалд ганцаараа хоёр найзыгаа хүлээж байх хооронд нөгөө үл таних эмэгтэйн гар утсыг оролдож байгаад нууц үгийг нь тайлаад Хаан банкных нь интернэт банкны нууц үгийг шинээр авч орсон. Манай хоёр найз араас хүрч ирэхээр нь би зөрөөд ганцаараа гараад явсан. Буудлын гаднаас такси бариад Баянхошууны “Боса” төвийн хажууд байх Хаан банкны АТМ орсон бөгөөд такси барьж явсан эрэгтэйн Хаан банкны данс руу нөгөө хохирогч эмэгтэйн данснаас 375.000 төгрөг шилжүүлсэн. Таксины жолооч ах АТМ руу ороод нөгөө 375.000 төгрөгийг авч надад өгсөн. Надад карт байгаагүй тул жолооч ахаас гуйсан. Эргээд такси бариад буудал руугаа очсон. Тэгээд мөнгийг нь өөрөө үрээд, хохирогч эмэгтэйн “Samsung A72” загварын хар өнгийн утсыг танихгүй хүнд 200.000 төгрөгөөр худалдан борлуулж, мөнгийг нь бэлнээр аваад үрсэн. …” /хх 29/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8–9/, хохирогч С.У-ын эзэмшлийн 57хххххххх дугаартай дансны хуулга /хх 55/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд А.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний хохирогч С.У-ыг бие засаж байхад нь гар утсыг нь булааж зугтсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, улмаар гар утасных нь нууц үгийг тайлж, Хаан банкны интернэт банканд нэвтрэн орж данснаас нь 375.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан шүүгдэгч А.Б-ийн мэдүүлэг /хх 29/-ээр тэрээр хохирогчийн гар утсыг авч зугтаасны дараа гар утас дээрх Хаан банкны интернэт банкыг ашиглан 375.000 төгрөгийг хулгайлан авсан нь тогтоогдож байх ба энэ нь хохирогчийн эзэмшлийн Хаан банк дахь 57хххххххх дугаартай дансны хуулга /хх 55/-аар давхар батлагдаж байна.

Гэтэл прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж 340.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн ялласан, анхан шатны шүүх дээрх байдлаар гэмт хэрэг үйлдсэн хэмээн алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэсэн болно.

Шүүгдэгч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ хохирогч С.У-аас дээрэмдэж авсан гар утсыг үл таних хүнд 200.000 төгрөгөөр худалдан борлуулж, орлого олсон талаар мэдүүлжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамааруулж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс гаргуулахаар Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан.

Гэтэл, анхан шатны шүүх шүүгдэгчийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж олсон гар утсыг бусдад худалдан борлуулж, олсон орлого болох 200.000 төгрөгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулаагүй орхигдуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгон хэрэглэж, тухайн зүйл хэсгүүдэд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу тус тус 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хувийн байдал зэрэгт тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч А.Б-ийн ялыг хөнгөрүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/929 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/929 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Б-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ