| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2023/04523/И |
| Дугаар | 184/ШШ2024/05865 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/05865
2024 11 22 184/ШШ2024/05865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****-д холбогдох
Гэм хорын хохиролд 4,507,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Н******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 03 дугаар сарын 15-ны орой ******* дүүргийн 19 дүгээр хорооны 54 дүгээр байрны ойролцоо ******* намайг зодож танхайран миний биед хүнд хохирол учруулсан. Миний бие гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн 5 хоног хэвтэн эмчлүүлэн эмнэлгээс гарсан ч миний бие дээрдээгүйгээс ажил үүргээ гүйцэтгэж чадахааргүй болсон тул ажлаасаа 2 сарын акт аван гадуур эмчилгээ хийлгэсэн. Иймд хариуцагчаас эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн 1,377,500 төгрөг, 2 сарын цалин болох 3,130,000 төгрөг нийт 4,507,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* нь хохирогч *******ийн нэхэмжилсэн 1,377,500 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч барагдуулах болно. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар ороход нэхэмжлэгдээгүй 3,130,000 төгрөгийн хохирлыг барагдуулах боломжгүй. Мөн 1,377,500 төгрөгийн 490,500 төгрөг нь шүүхийн шийдвэрээр нэхэмжлэл ирсэн. Үлдэх 887,000 төгрөгийг барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Иргэдийн төлөөлөгч ******* дүгнэлтдээ: Нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн мөнгийг хариуцагч төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч *******ийг буруутай гэж үзэж байна гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд:
-Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага/хх 1 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 2 тал/, ******* дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/хх 3 тал/, нэхэмжлэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх 4 тал/, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/855 дугаартай шийтгэх тогтоол/хх 5-8 тал/, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас/хх 9-10 тал/, Эмчилгээний баримт/хх 10-11 тал/, “Байгууламж-Од” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б-94/2023 дугаартай тодорхойлолт/хх 13 тал/, “Кутикул” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 50/2023 дугаартай тодорхойлолт/хх 14 тал/, Кутикул шүднийн эмнэлгийн эмчилгээний баримт хуулбар хувь/хх 15-16/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.
-Хариуцагч талаас хариу тайлбар/хх 23 тал/-аас өөр нотлох баримт бүрдүүлэн өгөөгүй.
-Шүүхийн журмаар нотлох баримт бүрдээгүй, иргэдийн төлөөлөгчөөс: иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн хуудас зэрэг нотлох баримтууд цугларсан байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *******, хариуцагч *******д холбогдуулан түүний гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд эмчилгээний зардалд 1,377,500 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинд 3,130,000 төгрөг, нийт 4,507,000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч ******* гэм буруутай үйлдлийн талаар маргаагүй боловч эмчилгээний зардал 1,377,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалин 3,130,000 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч буюу шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *******тай “эхнэрийг нь хүргэж өглөө” гэж маргалдсаны улмаас *******ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан тул *******ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/855 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруу тогтоогдсон.
Хариуцагч *******ий гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас *******ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, нэг шүдний булгарал, уруулын дотор салстын язарсан шарх, 2 нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, хоёр гарын сарвуу, зүүн шуу, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарахаар Шүүх шинжилгээний Ерөнхий газрын хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3846 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Хариуцагч ******* шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн, шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй талаар хариу тайлбар ирүүлсэн байдаг.
Харин гэм хорын хохирлоос 1,377,500 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдсан 490,500 төгрөгийг хасч тооцон үлдэх 887,000 төгрөгийг барагдуулахыг зөвшөөрсөн агуулгатай хариу тайлбар гаргасан.
Иргэдийн төлөөлөгч хариуцагчийг гэм буруутай, эмчилгээ болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргадаг.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор уруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.
Иймээс нэхэмжлэгч ******* нь өөрийн эрүүл мэндийн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар гэм буруутай этгээд *******ээс шаардах эрхтэй.
Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон нэхэмжлэгчийн “Байгууламж-Од” ХХК-ид ажиллах 2 сарын хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилснийг ******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хүртэлх хугацааны 14 хоногийн, мөн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны 19 хоногийн Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас болон “Байгууламж-Од” ХХК-ийн шүүхэд гаргасан цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудад үндэслэн эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан болох нь тогтоогдож байх тул сарын 1,565,000 төгрөгийн цалин хөлснөөс өдрийн дундаж цалин 72,790/1,565,000:21,5/ төгрөгийг хөдөлмөрийн чадвар алдсан 31 хоногоор тооцон 2,256,490/72,790*31/ төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй./ХХ-ийн 9-10, 13 тал/
Харин нэхэмжлэгчийн “Кутикул” ХХК-ийн “Кутикул” шүдний эмнэлэгт 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны эмчилгээ үйлчилгээний зардалд нэхэмжилсэн 937,000 төгрөгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдсанаар шүдний эмчилгээтэй холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байх ба уг эмчилгээ үйлчилгээг авсан болох нь тогтоогдож байх тул энэ хэмжээнд нь хангах үндэслэлтэй, харин шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дах хэсэгт дурдсан эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой холбоотой 440,500 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, дахин гаргуулах үндэслэлгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв./ХХ-ийн 11-12, 14 тал/
Хариуцагч шүдний эмчилгээний гэх зардлаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 490,500 төгрөгийг төлөхөө, үлдэх хэсэг 887,000 төгрөгийн хэмжээнд төлөхөө илэрхийлсэн хариу тайлбар ирүүлснийг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд хариуцагч *******ээс 4,507,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3,193,490/2,256,490+937,000/ төгрөгийн хэмжээнд ханган нэхэмжлэгч *******т олгон шийдвэрлэж, үлдэх 1,313,510 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хангасан шаардлагад ноогдох 66,045 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгч ******* олгох нь зүйд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд хариуцагч *******ээс 3,193,490 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,313,510 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 66,045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, зохигчид мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******