Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/04

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Д.Занданням,

шүүгдэгч О.Пүрэв, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

гэрч Б.Мөнхчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюуны Пүрэв, Буурал угалз овогт Дарьсүрэнгийн Занданням нарт холбогдох эрүүгийн 1717000530031 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Оюуны Пүрэв /РД:УГ59052537/ Төв аймгийн Эрдэнэ суманд 1959 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 18 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд 2002 онд Баянзүрх дүүргийн шүүхийн 400 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар 20 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж 1 жилийн хугацаагар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Буурал угалз овогт Дарьсүрэнгийн Занданням /РД:ЗГ84092415/ Дундговь аймгийн Мандалговь суманд 1984 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 8 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд 2009 онд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч О.Пүрэв нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 13 тоотод иргэн З.Батнямтай маргалдан, түүний зүүн гарын шуунд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Яллагдагч Д.Занданням нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 13 тоотод иргэн О.Пүрэвтэй маргалдан, түүнийг машинаас түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч О.Пүрэв нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 13 тоот хашаанд Д.Занданнямд зодуулсан гэх шалтгаанаар З.Батнямтай маргалдан улмаар түүний зүүн гарын шуунд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Занданням нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 13 тоотод Nissan Bluebird маркийн 59-97 ГСА улсын дугаартай автомашинд О.Пүрэвтэй хэрүүл маргаан үүсгэж, зууралдан улмаар түүнийг автомашинаас түлхэж газарт нүүрэн тус хэсгээр нь унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч О.Пүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хөдөөнөөс ирээд Бор ахын гэрт очсон. Би гэрээс гараад хашаанд байсан хүмүүс дээр очиход Занданням зогсож байсан. Би өөрөө хүнд бэртэж байсан болохоор Занданнямыг хараад хөл нь хугархай юм байна гээд нэг шил архи авч өгсөн. Авсан архиа бид нар хувааж уусан. Тэгээд цэцэрлэг явж хүүхдээ аваад гэртээ очиж амбаараас юм авч Эрдэнэ сум руу явуулсан. Орой харанхуй болж байхад дүүгийнхээ гэрт очоод гартал гадаа нь цагаан машин зогсож байсан. Машин дээр очтол Занданням сууж байсан. Ахыгаа хүргээд өгчих гэсэн чинь бензин байхгүй, хүн бензинд явуулсан хүлээгээд байж байна гэсэн. Машинд сууж байгаад Занданням бид хоёр маргалдсан. Занданням намайг түлхэж унагаасан. Миний шанаанаас цус гарсан байсныг гэртээ ороод мэдсэн. Бор ахынхаас хутга, заазуур аваад Батнямын гэрт орж маргасан. Зарим зүйлийг нь мэдээд зарим зүйлийг нь мэдэхгүй байгаа. Батнямын гэрт орсноо мэдэж байгаа. Харин хутгалсныг мэдэхгүй байгаа. Занданнямд уурлаж бухимдсанаас болж хутга барьж очсон. Уурандаа болоод хутгалсан байх. Түүнээс биш Батнямтай маргалдсан зүйл байхгүй. Архи уухаа больё гэж бодож байна. Уур омгоосоо болж хүний биед гэмтэл учруулсан гэм буруугаа зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

1.2. Шүүгдэгч Д.Занданням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай дүү хүүхэд хараад өгөөч, би ажилтай байна гэхээр нь очсон. Дүү мотоцикль янзлаад би гадаа зогсож байтал Пүрэв ах Бор гэдэг айлынд орж ууттай юм өгөөд буцаад гарсан. Пүрэв ах бид нар дээр ирж мэнд ус мэдээд намайг хараад ах нь бас хөл, гараа хугалж явсан. Зарим үед архи сайн байдаг гээд надад нэг шил архи авч өгсөн. Тэгээд Батнямын гэрт орж архиа уусан. Тухайн үед Батням, Пүрэв ах, Ажнай бид дөрөв байсан. Архи талдаа орж байхад Пүрэв ах утсаа гаргаж ирээд хүн рүү залгуулсан. Нөгөө утас нь цаад хүн рүүгээ залгагдахгүй хужаагаар яриад байсан. Би утсаа шинээр аваад 3-4 хонож байсан. Би Пүрэв ахыг та утсаа ашиглаж мэдэхгүй байгаа бол хоёулаа утсаа солих уу гэхэд Пүрэв ах солихгүй гээд маргаан болсон. Бид нар 2-3 шил архи уусан. Архиа ууж дуусаад Пүрэв ах бид хоёр гэр гэр лүүгээ явсан. Манай дүү эхнэр хүүхэдтэйгээ гэртээ үлдсэн. Би гэртээ очоод орой 19 цагийн үед машинаас цэнэглэгч авахаар иртэл Пүрэв ахтай хашааны үүдэнд таарсан. Пүрэв ах хажууд ирээд ах нь утас зарах гэсэн юм гээд гартаа кабелийн утас ороосон явж байсан. Тэгээд машины хаалга нээхэд Пүрэв ах машины буруу талын урд хаалгаар орж суусан. Пүрэв ах машин нь асаад явах уу гэж асуухад би машин явахгүй, бензин байхгүй гэж хэлсэн. Тэгтэл би чамд өдөр архи авч өгсөн юм чинь ахдаа архи аваад өг гэхээр нь надад архи авах мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд машин дотор бид хоёр маргалдсан. Пүрэв ах утсаа гаргаж ирээд хүн рүү залгуулсан. Тэгтэл утас нь залгаж болохгүй байсан. Пүрэв ахад утсыг нь буцаагаад өгсөн. Би цэнэглэгчээ аваад гэр лүүгээ явах гэтэл Пүрэв ах машинаас буухгүй байсан. Машинаас буу гэж маргасандаа болоод Пүрэв ахыг түлхэж унагаасан. Пүрэв ахыг түлхэж унагасандаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.3. Хохирогч О.Пүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нүүрэндээ жаахан шалбалсан байсан. Айхтар бэртэл гэмтэл аваагүй. Утсан дээрээс болж маргасан, утсаа сольё гэхэд би солихгүй гэсэн. Намайг барьж аваад түлхсэн, би бас барьж аваад хоорондоо ноцолдоод машинаас унасан гэв.

 

1.4. Хохирогч З.Батням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 сарын 02-ны өдөр Зараагийн 13 тоот хашаандаа найз Түвшинжаргалын хамт мотоцикль янзлаад зогсож байтал Бор гуайнд 13 цагийн үед Пүрэв гэдэг хүн тортой юм бариад орж байгаа харагдсан. Нэг их удалгүй Пүрэв гуай ганцаараа  бид хэд дээр ирээд Занданнямыг хөлөө яасан юм бэ гэхэд хөл хугарсан 2 суга таягтай л явж байна гэхэд ах нь наад зовлонг чинь ойлгоно дүүдээ нэг шил архи авч өгье архи уувал сайн байдаг юм гэж хэлээд мөнгө өгч дэлгүүр лүү манай дүүг нэг шил 0,75 литрийн Ерөөл архинд явуулсан. Архийг манай гэрт Пүрэв, Занданням, Ажнай бид 4 хувааж уусан. Манайд Бат-Очир гэдэг ах орж ирэхэд Пүрэв гуай мэнд ус мэдээд хоорондоо юм ярьж байгаад Бат-Очиртоо нэг шил архи авч өгнө гэж хэлээд Түвшинжаргалыг дэлгүүр лүү архинд явуулсан. Түвшинжаргал  0,75 литрийн Ерөөл архи авч ирээд тэр архийг ууж дуусаад гэр гэртээ харьцгаахаар манайхаас гарцгаасан...Пүрэв гуай гаднаас орж ирээд цахилгааны утас авах уу гэхээр нь би авахгүй гэхэд гараад явсан. Пүрэв гуай нэг их удалгүй эргэж орж ирээд та нар чинь ямар муухай улс вэ гэж хэлэхээр нь та сууж хоол ид гэж хэлэхэд манай ах Занданнямтай хэрэлдээд 2 биенийгээ ална тална гээд байсан. Лааны гэрэлд Пүрэв гуайн баруун гарт нь заазуур байгаа нь харагдсан. Тэгэхээр нь би босож очоод гараас нь барьж аваад гарахад надтай зөрж орох гээд Занданням руу агсраад байхаар нь би гэрээс нилээн урагш болгоод гэр лүү явуулахгүй хорьсон. Сүүлдээ тэр над руу гэртээ оруулсангүй гэж агсарч эхэлсэн. Түүний зүүн гарт нь мөн хутга байсан. Тэгээд 2 гараараа ээлжлээд хутга, заазуур хоёр далайгаад над руу савчуулаад эхлэхээр нь би түүнээс зайгаа аваад холдоход миний зүүн гар луу зүүн гартаа барьсан байсан хутгаараа савчиж байгаад дүрчихсэн. Зүүн гарын шууны ар хэсэгт хорсоод байсан. Тэгэхээр нь би гэрийн баруун талаар хойшоо түүнээс зугтаасан. Гэрийн ар хэсэгт очиход хашаа түшүүлсэн мод байхаар нь түүнийг аваад эргэж Пүрэв гуай дээр очиход миний өөдөөс мөн 2 гараараа далайгаад савчаад байхаар нь би түүний хутга барьсан гар луу модоороо түүний гарын сарвуу, шуу хэсэг рүү хальт нэг удаа цохиход гартаа байсан заазуураа газар алдаад модноос дальдчаад цаашаа эргэхээр нь араас нь тэврээд гарыг нь барьж аваад гарт нь байсан хутгыг нь газар луу шидсэн. Тэгээд би Пүрэв гуайтай хэрэлдээд зогсож байхад цагдаа нар ирсэн. Би Пүрэвийн толгой, тархи, нүүр лүү цохиогүй. Нэг удаа зүүн гарын шуу, сарвуу хэсэгт хальт цохисон. Өөр бол зодож цохисон зүйл байхгүй. Өдөр нь хамт архи ууж байхад Пүрэв өвгөний нүүр ам, бие нь зүгээр байсан. Манай гэрийн гадаа Занданнямтай маргалдаж муудсан юм шиг байна лээ. Пүрэв өөрөө дараа нь надад ярихдаа би танай ахтай хашааны үүдэнд машин дотор утаснаас болоод муудаж маргалдсан. Тэгэхэд л би машинаас унаад бэртэж гэмтсэн. Тэр уурандаа хажууд айлаас чинь хутга, заазуур бариад танайх руу орсон гэж хэлж байсан. Намайг унтаж байгаад сэрэхэд Занданням орж ирээд Пүрэв өвгөн намайг цохичихлоо цагдаад дуудлага өгчих гэж манай эхнэрт хэлэхээр нь би яах юм бэ хэрэггүй гэж хэлэхэд хэсэг хугацааны дараа Пүрэв орж ирсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 44-46 хуудас/

 

1.5. Гэрч Б.Мөнхчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр, Занданням ах, манай нөхрийн найз, Пүрэв өвгөн дөрвүүлээ архи уусан. Дараа нь дахиад архинд явж ирсэн. Орой 16 цагийн үед тараад явсан. 19 цагийн үед Пүрэв өвгөн цахилгааны утас барьж орж ирээд энэ утсыг танайх 10 000 төгрөгөөр ав гэсэн. Би мөнгө байхгүй авахгүй гэсэн. Манай нөхөр тоглоомоор авъя гээд байсан. Тэгээд Пүрэв өвгөн гэрээс гарсан. Хашааны гадаа Занданням ахын машин байсан. Машин дотроо Занданням ах байсан юм шиг байсан. Тэгээд Занданням ах гаднаас Пүрэв өвгөн ахыг нь зодоод байна гэж орж ирсэн. Төд удалгүй Пүрэв өвгөн хутга, заазуур барьсан орж ирээд Занданням ах руу дайрсан. Манай нөхөр Пүрэв өвгөнийг аваад гарсан. Пүрэв өвгөн гаднаас орж ирэхдээ нүүрээ шалбалсан Занданням ахыг ална гэж орж ирсэн. Пүрэв өвгөний гар луу манай нөхөр модоор цохисон. Дараа нь манай нөхрийн гар луу хутга дүрсэн байсан гэв.

 

1.6. Гэрч Д.Түвшинжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 сарын 02-ны өдөр Зараагийн 13 тоотод өөрийнхөө мотоциклийг янзлаад Батнямтай тэдний хашаанд байж байхад хажууд айлд нь танихгүй 2 хүн орж байгаа харагдсан. Миний санаж байгаагаар 13 цагийн үед л байх. Мөн бид хоёрын хажууд Батнямын ах Занданням байж байсан. Хажууд айлд нь орсон 2 хүний нэг нь буюу дээлтэй настайвтар Пүрэв ах бид нар дээр ирээд юм ярьж байгаад Занданнямаас хөлөө яагаад гэмтээсэн талаар асуухад Занданням би сар гарны өмнө мотоциклиос унаад хөлөө бэртээсэн гэхэд ах нь наад зовлонг чинь мэднэ чамд архи авч өгье гээд мөнгө гаргаж ирээд түүний дүү Ням-Эрдэнийг архинд явуулахад 0,75 литрийн Ерөөл архи авч ирсэн. Авч ирсэн архийг нь бид нар Батнямын гэрт орж хувааж уусан. Ууж байхад хажууд хашааны хүн гээд нэг танихгүй ах орж ирсэн. Тэр ахад Пүрэв нэг шил архи авч өгнө гээд намайг дэлгүүр лүү архинд явуулсан. Би нэг шил Ерөөл архи авч ирээд Батням, Занданням, Пүрэв, хажууд хашааны 1 хүн бид нар хувааж уусан. Ууж дуусаад би гэртээ харьсан. Намайг байхад хэрүүл маргаан зодоон цохион болсон асуудал огт байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

1.7. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “О.Пүрэвийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. Харин түүний биед учирсан духанд зулгаралт, баруун хацарт улайлт, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь машинаас түлхүүлж унах үед үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49 хуудас/

 

1.8. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 352 дугаартай дүгнэлтэнд: З.Батнямын биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 23 хуудас/

 

1.9. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 353 дугаартай дүгнэлтэнд: О.Пүрэвийн биед тархи доргилт, духанд зулгаралт, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 25 хуудас/

 

1.10. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 357 дугаартай дүгнэлтэнд: Д.Занданнямын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 30 хуудас/

 

1.11. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /х.х-ийн 3-5 хуудас/

 

1.12. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 6-7 хуудас/

 

1.13. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 9-11 хуудас/

 

1.14. Гэрч, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /х.х-ийн 61 хуудас/

 

1.15. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 67-70 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч О.Пүрэвийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Занданнямыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь гэм буруу, зүйлчлэл дээр маргаагүй болно.

 

ХОЁР. Шүүгдэгч О.Пүрэв, Д.Занданням нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч О.Пүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

2.2. Хохирогч З.Батням мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би төмөр замын баруун талд “Хос арслан” ХХК-д хүдрийн угаалгын газар ажиллаж байсан бөгөөд энэ хэргээс болоод ажлаасаа халагдсан. Шалтгаан нь тогтмол ажилдаа ирэхгүй байсан учраас халагдсан. Ийм учраас гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46 хуудас/

 

2.3. Гэрч Д.Наранцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би нөхөр Пүрэвтэй 2012 оноос хойш одоог хүртэл 5 жил хамт амьдарч байна. Манай нөхөр нь огцом ууртай боловч уур нь амархан гардаг хөнгөн цайлган зантай, хүнд тусархуу, ажилсаг, цэвэрч нямбай, багаасаа өнчин өссөн болохоор өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн байгаа юм. Архи дарс их уудаггүй. Баяр ёслолын үеэр уудаг. Элдэв ааш зан байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 62 хуудас/

 

2.4. Гэрч З.Ням-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Занданням нь миний хамгийн том ах байгаа юм. Одоо надтай хамт ээжийнд амьдарч байгаа. Эхнэр хүүхдээсээ салаад ирсэн байгаа. Ааш зангийн хувьд төлөв даруу зантай, архи дарс уух нь уудаг боловч их хэрэглээд байдаггүй. Элдэв муу зуршилгүй. Хэрэг хийгээд байхаар хүн биш гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 63 хуудас/

 

2.5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 72-74, 93-94 хуудас/

 

2.6. Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 77, 97-100 хуудас/

 

2.7. Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар зэрэг болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Пүрэв, Д.Занданням нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдаж ирсэн 18,7 см урт, наалддаг туузаар ороосон хар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюуны Пүрэвийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Буурал угалз овогт Дарьсүрэнгийн Занданнямыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пүрэвийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000  төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Занданнямыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пүрэв, Д.Занданням нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Пүрэв, Д.Занданням нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдаж ирсэн  18,7 см урт, наалддаг туузаар ороосон хар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Пүрэв, Д.Занданням нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА