Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/181

 

Б.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

хохирогч П.М, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн,

хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/1515 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.А-т холбогдох 2208 01482 1630 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын А, 1998 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суу бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.А нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоот хашаа, байшин, газрын гэрчилгээг хохирогч Ч.Ж-т худалдаж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2022 оны 4 дүгээр сард “Unegui.mn” сайтад зар байршуулан иргэн Ж.Б-д худалдан борлуулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, 21 сая төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ч.Ж-т худалдсан Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо ... тоот хашаа, байшин, газрын гэрчилгээг хохирогч Ж.Б-д бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, 17 сая төгрөгөөр худалдан борлуулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-ыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 7.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Б.А-т зан үйлээ засах, хөдөлмөрлө дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх буюу хорих ял эдлэхээс чөлөөлөгдөхгүй болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэг Б.А-аас нийт 42.490.968 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Ж, П.М нарт 25.490.968 төгрөг, хохирогч Ж.Б-д 17.000.000 төгрөг тус тус олгохоор, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ж.Б нар тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А-аас Долоон овогт Ж-ийн Б-ын нэр дээр шилжүүлэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар гудамж ... тоот хаягт байршилтай 340 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00ххххххх дугаар гэрчилгээ, мөн үл хөдлөх 41 м.кв, хувийн сууц зориулалттай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00ххххххх дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт даалгаж, тухайн үл хөдлөх газар, хувийн сууц зориулалттай байшинг гагцхүү хохирогч Ч.Ж, П.М, Ж.Б нарт учирсан хохирлыг барагдуулахад зарцуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгчийн эрхийг хангаагүй, хязгаарласан. Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны тов тогтоох тухай 1557 дугаар захирамжид яллагдагч Б.А-ыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт товлож, улсын яллагч Т.Мижиддорж, хохирогч П.М, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн, хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан нээлттэй явуулахаар тогтоосугай, шүүх хурлын бэлтгэлийг хангаж хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулахыг шүүгчийн туслахад даалгасан. Гэтэл шүүх хуралдааны товыг хохирогч Ж.Б болон өмгөөлөгч надад шүүхээс мэдэгдээгүй. Шүүгчийн туслах Б.Энхжин хурал болсон 12 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 09 цагийн үед хохирогч Ж.Б руу утасдаж “Шүүх хурал болох гэж байна, гомдол санал байна уу” гэж асуусан байгаа юм. Гэтэл хавтаст хэрэгт Б.Энхжин нь 12 дугаар сарын 08-ны өдөр Ж.Б-д утсаар мэдэгдсэн мэтээр хуурамч баримт үйлдсэн. Өмгөөлөгчид ер мэдэгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хуралдааны товыг гурваас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн. Өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралд оролцох эрхийг хязгаарласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлд шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана гэж заасан. Гэтэл шүүх хуралдаанаар хохирогч Ж.Б-ын эрх ашиг хөндөгдөхөөр байхад хохирогч болон түүний өмгөөлөгчийг оролцуулаагүйгээс ямар ч эрх тэгш мэтгэлцээн явагдаагүй, мэдүүлэг, нотлох баримт шинжлэн судлагдаагүй, шүүх яллах дүгнэлтэд заасныг баримтлан нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэсэн. Шүүх мэтгэлцээний үндсэн дээр шийдвэр гаргаагүй.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иргэн Ж.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст “...Би Б.А гэх эмэгтэйг урьд өмнө ер танихгүй. Зарын дагуу л түүнтэй уулзсан. Б.А өөрийн нэр дээрх газар, хашаа, байшинг надад худалдан миний өмчлөлд шилжүүлэхэд урьд өмнө хэн нэгний нэр дээр шилжигдээгүй, худалдан борлуулахыг хориглосон ямар нэгэн хориг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй байсан. Би зохих журмын дагуу худалдан авсан. Тэгээд өөрийн өмчлөлийн гэрчилгээ, бичиг баримтуудыг үзүүлсээр байхад 2а тоот хамар хашааны Ч.Ж нь миний эзэмшлийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, дураар авирлаж байгаа нь гэмт хэргийн шинжтэй байх тул шалгуулахаар хандаж байна. Энэ асуудлыг шалгаж буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, бага насны олон хүүхэдтэй манай гэр бүлийг орон байранд минь оруулж хохиролгүй болгож өгнө үү. ...” гэсэн өргөдөл гаргаж өөрийн нэр дээрх газар, хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг 6 төрлийн баримтуудыг хавсарган өгсөн. Өргөдлийнхөө дагуу 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ мөн “...хууль ёсны дагуу худалдаж авсан. Хамар хашааны Ч.Ж гэх хүн оруулахгүй байна. Хашаа байшиндаа ормоор байна...” гэсэн мэдүүлэг өгсөн. Б.А-т залилуулсан, хохирсон талаар ер мэдүүлээгүй. Гэтэл мөрдөгч 9 дүгээр сарын 28-ны өдөр Ж.Б-ыг дуудаж ирүүлээд Б.А-т залилуулсан мэтээр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хохирогчоор мэдүүлэг авсан. Ж.Б нь хашаа, байшинг хуулийн дагуу худалдаж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Харин мөрдөгч Дэлгэрсайхан, хяналтын прокурор Т.Мижиддорж нар Ж.Б-ын өргөдлийг хэргээс авч 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ж.Б-аас баримт бичиг хүлээн авсан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдсэн. Ж.Б-ын гарын үсэггүй .

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Б.А нь “Хашаа, байшингаа өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжихээр нэрийг шилжүүлж өгнө” гэж Ч.Ж-т худалдахаар амаар тохирон 21 сая төгрөгийг нь залилан авсан ба газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлээд, бусдад худалдахаар зар тавьж Ж.Б-д хууль ёсны дагуу худалдсан. Б.А- Ж.Б-ыг залилаагүй, хохироогоогүй. Ж.Б-д худалдсан үйлдэлд залилах гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдоогүй. Ж.Б-ыг Ч.Ж, түүний эхнэр П.М нар Б.А-тай хуйвалдсан мэтээр гүтгэж, хашааны хаалгыг гагнаж түгжин оруулахгүй байсаар Ж.Б-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Ж.Б-ын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг хөдөлбөргүй баримтаар Ж.Б-ын өмч болсныг мэдсэн. Ж.Б ч хашаа байшиндаа орсон. Ж.Б Ч.Ж-т л гомдолтой байсан. Мөрдөн байцаалтын шатанд хашаа, байшиндаа орсноор гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн. Хохирогч Ч.Ж- мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.А-аас мөнгөө авах талаар мэдүүлсээр ирсэн. Б.А-тай харьцсан мессежнээс ч мөнгөний талаар, мөнгийг хэзээ төлөх талаар бичсэн байдаг. Газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргадаггүй. Мөрдөн байцаалтын шатанд Ч.Ж- хохирогчоор тогтоогдон өгсөн мэдүүлэгтээ /хх 17/ “...Б.А 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр эхнэртэй ирж уулзаад “хашаа, байшингаа зарахаа болилоо” гэж хэлснээс хэрэлдэж маргалдаад цагдаа хүртэл дуудаж, цагдаагаас хоёуланд нь торгуулийн арга хэмжээ авсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд Б.А-аас энэ хашаа байшинг худалдаж авсан. Нэрээ шилжүүлэх гээд дүүрэгт хандсан гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан...” талаараа мэдүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Б.А нь хохирогч Ч.Ж-ыг залилсан нь тогтоогдсон. Харин Ж.Б-ыг хохироогоогүй, өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө хувийн сууц, газрыг хууль ёсны дагуу худалдсан байхад шүүх дээрх нотлох баримтыг зөв үнэлэлгүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн хэргийн зүйлчлэл нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт хэсэгт Ж.Б-ыг Б.А-т залилуулсан, хохирогч Ж.Б- тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд эзэмшил, өмчлөл тогтоох давуу эрхгүй, Ж.Б-ын нэр дээр шилжүүлэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000690632 дугаарын гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00ххххххх дугаарын гэрчилгээг хүчингүй болгох зэргээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Б.А-ыг, П.М-, Ж.Б- нарыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь ч үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.А, хохирогч гэх Ж.Б-ыг залилаагүй түүнтэй Иргэний хуульд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ хийж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль ёсны дагуу худалдан борлуулсан. Ж.Б- нь Иргэний хуульд заасан шударга эзэмшигч. Түүнд ямар ч хохирол учраагүй байхад хууль зөрчин хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байхад шүүх зөвтгөөгүй. Харин шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.А-аас Д овогтой Ж-ийн Б-ын нэр дээр шилжүүлэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо ...-р гудамж ... тоот хаягт байршилтай 340м.кв гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00ххххххх дугаар гэрчилгээ, мөн үл хөдлөх 41 м.кв хувийн сууц зориулалттай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00ххххххх дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд хохирогч, түүний өмгөөлөгчийн эрхийг хангаж, шүүх хуралдаанд оролцуулан, шүүх хурлыг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр гаргуулах үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ж.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Би гомдолтой байна. ...Хуулийн дагуу авсан хашаагаа авмаар байна. 2022 оны 6 дугаар сард орсон хашаандаа орсон. Байшиндаа орж амжаагүй, засвар хийж амжаагүй байгаа. ... Хаягийн шилжилтээ хийлгээгүй байгаа. ...” гэв.

Хохирогч П.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ж.Б-ын ярьсан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.А-т 21 сая төгрөг өгсөн. ... Хашааг авах гэж банкнаас зээл аваад өгсөн. Зээлийн хүүтэй нийлээд 25  сая төгрөг нэхэмжилсэн. ...” гэв.

Хохирогч П.М-гийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогч шүүх хуралдаанд оролцох эрхтэй. Харин шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох үүрэгтэй гэж заагаагүй. Шүүх хуралдаанд хохирогч Ж.Б- болон түүний өмгөөлөгч Б.Бурмаа нар өөрсдөө тухайн шүүхээс асуух боломжтой байсаар байтал үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй байж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Хууль тогтоогчоос хохирогч заавал шүүх хуралд оролцох ёстой гэж заасан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөрдөгч, прокурор хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж хохирогч Ж.Б- нь Б.А гэх хүнд залилуулсан болохыг тогтоож өгсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Шүүх хуралд оролцуулаагүйгээс болж мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж байна. Тухайн үед шүүгчийн туслахаас “шүүх хуралд оролцох уу” гэж асуусан бөгөөд эрхээ эдлэх боломж байсан харагдаж байна. Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 9 дүгээр сард буюу хохирогч Ч.Ж-, П.М- нарт тухайн хашааг худалдаж, “өв нээгдэхээр гэрчилгээг шилжүүлнэ” гэж хэлцэл хийж нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Уг баримтыг хохирогч Ч.Ж- анх цагдаагийн байгууллагад өргөдөл өгөхдөө гаргаж өгсөн байдаг /хавтаст хэргийн 70 дуугаар хуудас/ . Уг хэлцэл дээр “Ч.Ж-, Б.А нар хоорондоо энэхүү хашааны өв нээгдэхээр гэрчилгээг шилжүүлнэ гээд 21 сая төгрөгийг дансаар шилжүүлээд, уг хашааг зээлээс чөлөөлсөн” гэсэн байдаг. Б.А нь өв нээгдэхээр хохирогч Ч.Ж-ын нэр дээр хашаа, байшинг шилжүүлэх үүрэг хүлээсэн атлаа мэдсээр байж 2022 оны 4 дүгээр сард зар тавьж санаатайгаар хохирогч Ж.Б-д хашаа байшинг 17 сая төгрөгөөр зарсан. Энэ үйлдэл нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй. Анхан шатны шүүх хэргийг зөв дүгнэж шийдвэрлэсэн. Хохирогч Ч.Ж- нь 4 сая төгрөгийн зээлийн хүү төлсөн учраас анхан шатны шүүхээс 25 сая төгрөгийг шүүгдэгч Б.А-аас гаргуулж хохирогч Ч.Ж-т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ж.Б-ын өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцлаа. Шүүх хуралдаанд оролцох эрх нь нээлттэй байсан. Өөрсдөө эрхээ хэрэгжүүлээгүй. Өмгөөлөгч Д.Бурмаа нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж өмгөөлөгчөөр ажилласан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд Б.А нь Ж.Б-ыг залилсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ асуудлыг хохирогч Ж.Б- бүрэн мэдэж байсан. Б.А нь өв нээгдэхээр гэрчилгээг шилжүүлж өгнө гэж Ч.Ж-тай тохиролцож гэрээ байгуулаад зарсан байдаг. Зарсан болохоо мэдсээр байж Ж.Б-д дахин зарсан нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэдгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан. Шударга эзэмшигч нь Ч.Ж-, П.М- нарт бөгөөд Б.А нь анх эдгээр хүмүүст хашаа байшинг зарсан байдаг. ... Хуурамч нотлох баримт цуглуулсан, хэргээс өргөдлийг авсан гэх асуудал байхгүй. Хавтас хэрэгтэй танилцахдаа уг асуудлаа хэлэх боломжтой байсан. Шүүх шийдвэрлэсэн байхад энэ асуудлыг ярьж байгаа нь өөрөө үндэслэлгүй. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.А-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.А- нь 2021 оны 5 дугаар сарын 31-ээс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ч.Ж-, П.М- нарт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоот хашаа байшин, газрыг худалдаж, “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өв нээгдсэнээр шилжүүлнэ” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоот хашаа байшин, газрыг Ч.Ж- нарт худалдан 21.000.000 төгрөг авсан атлаа өв нээгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ч.Ж- нарт шилжүүлэхгүйгээр тус хашаа байшин, газрыг худалдана хэмээн зар байршуулан улмаар 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ж.Б-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

хохирогч Ч.Ж-ын: “...2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоот хашаа, байшин, газрыг 21 сая төгрөгөөр худалдаж авахаар Б.А- гэдэг эмэгтэйтэй тохиролцсон. Уг хашаа байшин өрөнд байсан болохоор банк бус санхүүгийн байгууллагын данс руу мөнгө шилжүүлсэн. Тэр өдрөө Б.А-ын Хаан банкны данс руу 3.783.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би Б.А-т мөнгөө өгч дуусаад 2021 оны 9 дүгээр сард нэр шилжүүлж авахаар тохиролцсон. Тэгээд 9 дүгээр сар болоод Б.А-тай холбоо барихад “Хөдөө байна, машин мөргөөд аваарт орсон, хадмынхаа гэрт байна, жирэмсэн болсон” гэх мэтээр худлаа ярьж явсаар одоог хүрч байна. ...Б.А-аас энэ хашаа байшинг 17 сая төгрөгөөр худалдаж авсан бичиг баримтаа дүүрэгт нэр шилжүүлэх гээд өгсөн байгаа гэж манай эхнэрт хэлээд явсан. ...” /хх 17-18/,

хохирогч П.М-гийн: “...Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоот хашаа, байшинг Б.А- гэх эмэгтэйтэй ярилцан худалдан авахаар болсон. ...Манай гэр бүл хашаа байшин болон автомашин барьцаалж зээл хөөцөлдөж байгаад үлдэгдэл 11 сая төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б.А-ын данс руу шилжүүлсэн. Гэвч Б.А-аас хашаа, байшинг шилжүүлэн авах гэсэн ч талийгаач ээжийнх нь нэр байсан учир шилжүүлж аваагүй. 2022 оны 4 дүгээр сард 21 сая төгрөгөөр худалдан авсан хашаа, байшинг Б.А- нь өөр хүнд зарж, улмаар гэрчилгээ нь гарсан учир цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх 124-125/,

хохирогч Ж.Б-ын: “...2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би хашаа байшин сонирхоод “Unegui.mn” сайтаас зар харсан юм. Тэгтэл Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоот хашааг 21 сая төгрөгт өгнө гэхээр нь би “Үлдэгдлийг хашаа байшинг өмчилж авчихаад банк бусад тавиад өгье” гэхэд тэр залуу эхнэртэйгээ ярилцаад эргээд хэлье гэсэн. ...Б.А- гэх эмэгтэйтэй Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт төв дотор байдаг нотариатын газар уулзаад худалдах, худалдан авах гэрээ хийгээд ээж А.Б-ийн Хаан банкны данснаас Б.А-ын Хаан банкны данс руу 15 сая төгрөг шилжүүлсэн. 2 сая төгрөгийг нь би өөрийн Хаан банкны данснаас АТМ ашиглаж шилжүүлсэн. ...2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд нэр шилжүүлэх хүсэлтээ өгсөн. 7 хоногийн дараа бичиг баримтаа хүлээн авсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод оршин суудаг Ч.Ж- гэдэг хүн эхнэрийнхээ хамт энэ хашаа, байшинг “Б.А-аас худалдаж авсан, миний хашаа, байшин” гээд хууль ёсоор худалдаж авсан хашаа, байшинд минь оруулахгүй байна. ...” /хх 20/,

шүүгдэгч Б.А-ын: “...Би ээжээс өвлөж ирсэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоот хашаа, байшинг хоёр хүнд давхардуулж зарсандаа харамсаж байна. ...” /хх 84/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Б.А-, хохирогч Ж.Б- нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх 54-57/, “Unegui.mn” цахим хуудаст “Хашаа байшин зарна” хэмээн байршуулсан зар /хх 59/, хохирогч Ч.Ж-ын эзэмшлийн дансны хуулга, шүүгдэгч Б.А- руу мөнгө шилжүүлсэн баримт /хх 7-13/, шүүгдэгч Б.А- нь хохирогч Ч.Ж-аас 21 сая төгрөгийг хүлээн авсан, 2021 оны 9 дүгээр сарын 29-өөс Ч.Ж-т нэр шилжүүлэн өгөхийг баталсан тухай гар бичмэл /хх 70/, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хашаа, байшингийн  өв залгамжлалаар өмчлөгч нь Б.А- болж өөрчлөгдсөн, худалдах, худалдан авах гэрээний дагуу Ж.Б-д шилжсэн болохыг бүртгэсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 92-94/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А-ыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Шүүгдэгч Б.А- нь хохирогч Ч.Ж-, П.М- нарт хашаа байшин, газрыг худалдаж, “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өв нээгдсэнээр шилжүүлнэ” хэмээн мөнгийг өөрт шилжүүлэн авсан атлаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлээгүй, энэ талаар эрх бүхий байгууллагад хүсэлт гарган шийдвэрлүүлээгүй, улмаар дахин тус хашаа байшинг зарна хэмээн цахим хуудаст зар байршуулж, хохирогч Ж.Б-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан Ж.Б-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 17 сая төгрөгийг залилж авсан үйлдлүүд нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Анхан шатны шүүх хуульд заасан дээрх үндэслэл, зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэн хэрэглэсэн, улмаар шүүгдэгч Б.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны гурван хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хуульд зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэснийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр бүлэгт шүүх хуралдааны ерөнхий нөхцөл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, талуудын эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд хохирогч нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулах бөгөөд хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж заажээ.

Түүнчлэн, шүүгчийн туслах 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Ж.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тухай баримт /хх 149/ хэрэгт авагдсан байх тул эрхийг ноцтой зөрчсөн, эрх, ашиг сонирхлыг нь хязгаарласан гэж үзэхээргүй байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А-ын эх нь нас барж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрх нээгдээгүй байхад хохирогч Ч.Ж-, П.М- нар нь хашаа, байшинг худалдан авахаар Б.А-тай тохиролцож, 21 сая төгрөг төлсөн,

хохирогч Ж.Б- нь тус хашаа, байшинг бусад хөрш айлаас тусгаарлагдаагүй, нэг бүхэл хашаа байсныг энгийн ухамсрын түвшин, харагдах байдлын хувьд илэрхий мэдсэн байх бүрэн боломжтой байсан боловч нягтлаагүйгээр 17 сая төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Иймд хохирогч нарын хэн алиныг тус өмчийг эзэмших давуу эрхгүй гэж дүгнэж, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хаягт байршилтай 340 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00ххххххх дугаар гэрчилгээ, 41 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 00ххххххх дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж, тухайн үл хөдлөх газар, хувийн зориулалттай байшинг гагцхүү хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулахад зарцуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд, дээрх үндэслэлүүдээр хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/1515 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/1515 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ