Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/00803

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, *** тоотод оршин суух, Ч дугаар регистртэй, эрэгтэй, С.Г ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М суманд 1991 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Х зам хязгаарлагдмал хариуцлагатай компанид барилгын инженер ажилтай, Х аймгийн М сумын 1 дүгээр багийн 20-01 тоотод оршин суух, Р*** дугаар регистртэй, М.С ид холбогдох

Гэм хорын улмаас эд хөрөнгөд учирсан хохирол, түүнтэй холбогдон гарсан зардал, нийт 2.607.900 /хоёр сая зургаан зуун долоон мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунжаргал, хариуцагч М.С , хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Г нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран Архангай, Х , Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Малын эрүүл мэнд төслийн албан хаагчдыг болон тэдний ачаа тээш, мөн хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой ачаа тээшийг тээвэрлэх зорилгоор автомашин түрээслэх гэрээ байгуулсан юм. Гэрээнд заагдсан хугацаа, графикийн дагуу 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Х аймгийн М суманд Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төслийн албан хаагчдыг тээвэрлэж ирсэн юм. 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг 40 минутын үед Х аймгийн М сумын 8 дугаар багт байрлах Ч  зочид буудлаас 50 100 гэр буудалд очихоор төв замаар ертөнцийн зүгээр зүүн зүгээс баруун зүг рүү чиглэлтэй явж байсан. Гэтэл 1 дүгээр багийн уулзварын ойролцоо М.С гэх залуу Тоёото витц маркийн 6*** улсын дугаартай автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, миний унаж явсан Мицүбиши делика маркийн 7*** улсын дугаартай автомашиныг мөргөсөн. Үүний улмаас миний бие Х аймгийн Цагдаагийн газар гомдол гаргасан бөгөөд Х аймгийн Прокурорын газрын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 864 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. М.С ийн буруутай үйлдлээс болж дараах хохирлууд учирлаа.

1-рт: Миний жолоодож явсан Мицүбиши делика маркийн 7*** улсын дугаартай автомашины урд тал нь эвдэрч дараахь хохирол учирлаа. Үүнд:

А/ 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр У хотын Хурд авто худалдааны их дэлгүүрийн Мицүбиши делика сервисийн Автомалл төвөөс

1. Радиатор-250.000 төгрөг

2. Куфер /урд тал/ 450.000 төгрөг

3. Хөмсөг 75.000 төгрөг

4. Урд хамар тасалсан 130.000 төгрөг

5. Кондейшний хос сэнс 60.000 төгрөг

6. Кондейшний радиатор 50.000 төгрөг

7. Сэнсний хүрээ 25.000 төгрөг

8. Их гэрэл 2 ширхэг 150.000 төгрөг

9. Дохио 45.000 төгрөг

10. Капуд 150.000 төгрөг

11. Урд жааз 30.000 төгрөг

12. Сэнс 45.000 төгрөг, нийт 1.460.000 /нэг сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөг болсон.

Б/ 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Солонгос авто сэлбэгээс:

1.    Тосол Antifriz 6 литр 20.400 төгрөг

2.    Масло 5 литр 52.500 төгрөг, нийт 72.900 /далан хоёр мянга есөн зуу/ төгрөг болсон.

В/ 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэрүүн дэлгүүрээс:

1.    Машины цэнэг 55.000 /тавин таван мянга/ төгрөг болсон.

Г/ 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрүүдэд вьетнам авто засварын газар машинаа засуулж, сэв будагны үйлчилгээ хийлгэсэн.

1.    Засварын хөлс 500.000 /таван зуун мянга/ төгрөг болсон.

Автомашинд учирсан гэмтлээс болж нийт 2.087.900 /хоёр сая наян долоон мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учирсан.

2-рт: С.Г миний бие гэрээнд заагдсан хугацаа, графикийн дагуу 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн орой Х аймгаас Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төслийн албан хаагчдыг аваад Булган аймаг руу явах байсан боловч зам тээврийн ослоос болж миний автомашиныг Х аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд хийсэн. Үүнээс болж би Х аймгийн М сумаас машин хөлсөлж Булган аймаг руу Малын эрүүл мэнд төслийн албан хаагчдыг явуулж, би өөрөө М суманд таньж мэдэх айлгүй тул Х 50 100 буудалд үлдсэн. 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны буудлын хөлс 1 хоног нь 40.000 төгрөг бөгөөд 3 хоносон. Буудлын нийт хөлс 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг болсон.

3-рт: Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төсөлтэй байгуулсан гэрээнд заагдсан хугацаа нь 7 хоногоор хойшилж, тээвэрлэлтийн хугацаа 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн юм.

Архангай, Х , Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 1.800.000 төгрөг бөгөөд нэг өдрийн төлбөр нь 100.000 төгрөг юм.

Би 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд М суманд Цагдаагийн газрын үүдийг сахиж 4 өдрийн ажлаа алдсан. Иймд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг олох байсан төлбөрөө мөн нэхэмжилнэ.

Иймд С.Г надад автомашинд учирсан гэмтлийн хохирол 2.087.900 /хоёр сая наян долоон мянга есөн зуу/ төгрөг, буудлын хөлс 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, олох байсан 4 өдрийн орлого 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 2.607.900 /хоёр сая зургаан зуун долоон мянга есөн зуу/ төгрөгийг М.С оос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тухайн ослын талаар М.С ийн 100 хувийн буруутай гэдгийг 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Х аймгийн Цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон актаар тогтоогдсон юм. Осол болсон тэр өдөр С бид 2 засварын газрууд дээр очсон боловч тэд засвар хийхгүй, таны машиныг засах хийн гагнууртай газар М д байхгүй, У хот яв гэсэн. Машинд радиотор тавиад явж болно гэж хэлж байсан. Би С ид ахдаа 1.500.000 төгрөг өгчих, ах нь бусдыг нь гаргая гэсэн санал тавьсан боловч тэр хүлээж аваагүй... Миний буруу гээд 1.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Надад их хохиролтой байсан тул тухай үед би түүний саналыг хүлээж аваагүй юм. Тэгснээ С надад мөнгө олж өгөх юм болоод явсан, Гэвч тэр надтай эргэж уулзаагүй... Би С оос У хот орох зардал болон М суманд хийлгэсэн засварын хөлс, хоол унд, машин чирүүлсэн хөлс гээд бусад олон зардал нэхээгүй... Миний машины гол эвдрэл болох машины урд хөндлөн рам тасарч цөмөрч орсон тул заавал тасалж, солих шаардлагатай байсан. Мөн миний машины урд куфер урагдаж ханзарч, цөмрөн түүнийг боох нэг ч сэнж нүх байхгүй болсон... У хотод ирээд ч надаас засварын зардал их гарсан боловч би тэр бүгдийг нь нэхэмжлээгүй гэжээ.

Хариуцагч М.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд тухайн зам тээврийн ослыг гарахад Ганбаатарын буруутай үйлдэл нөлөөлсний улмаас буюу тэрээр уулзвар гарц дээр хурд хэтрүүлсэн явсан, анхааруулга дохио сигнал өгөөгүйн улмаас хохирол учирсан гэж үзэж байгаа. Би 1 дүгээр багийн замаас ороход туслах замын тэмдэг тавьж өгөөгүй байсан. Адил замын уулзвар гэж бодоод баруун гар талаас ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгдөг учраас баруун гар тал руугаа харж байгаад уулзвар нэвтэрсэн. С.Г хажуу талаас хурдтай ирээд миний автомашины хажуу талаас мөргөсөн. Би зам тээврийн ослын акттай 2015 оны 07 сарын 20-ны өдөр танилцсан боловч маргаантай, хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан учир гарын үсэг зураагүй, гомдол гаргана гэсэн боловч надад өгөөгүй учир би хүлээсэн. Гэтэл 2015 оны 07 сарын 27-ны өдөр тухайн маргааныг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг нь мэдээгүй, прокурорын тогтоол гарсныг ч мэдээгүй. Би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2.607.900 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Хэн хэнийх нь буруутай үйлдэл байсан. Машины эвдрэл гэмтлийг Х аймгийн М суманд засварлах боломжтой байсан ба Оргил худалдааны төвийн цаана байх засварын газар үзүүлэхэд манайх засч янзлаад өгч болно гэж хэлж байсан. Гэвч С.Г нь өөрөө машин тэргээ засуулна, 1.500.000 төгрөг өгөөд тохирч болно гэсэн. Надад мөнгөний боломж муу байсан тул 1.000.000 төгрөг өгье гэхэд зөвшөөрөөгүйТүүнчлэн тухайн автомашины бүх эд ангийг солихоор байгаагүй, куфер, керлан, радиатор, радиаторын сэнс зэрэгт ямар гэмтэл учирсан байсан гэдгийг нь би мэдэж байгаа. Куфер, керлан зэргийг засварлуулж болохоор байсан. Капутыг ч мөн солих шаардлага байхгүй байсан. Мотор гэмтээгүй, харин радиатор эвдэрч, кондейшний сав цоорсон байсан. Радиатор руу масло хийнэ гэж байхгүй, моторт ямар ч гэмтэл учраагүй учир тос масло солих шаардлага байхгүй. Мөн Ветьнам засварын газар машинаа засуулж, сэв, будагны үйлчилгээ хийлгэхэд 500.000 төгрөг гарсан гэж байгаа нь үндэслэлгүй. Машины кондейшин ажилладаг байсан эсэхийг мэдэхгүй байна.

С.Г нь машинд учирсан эд зүйлийг бүгдийг шинээр авч тавьсан гэж байгаа учир сэлбэгийн үнэ 1.460.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин вьетнам засварын хөлс 500.000 төгрөг, машины цэнэгийн үнэ 55.000 төгрөг, тосол, маслын үнэ 72.900 төгрөг, буудлын хөлс 120.000 төгрөголох ёстой байсан орлого 400.000 төгрөг, нийт 1.092.900 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г  нь М.С ид холбогдуулан гэм хорын улмаас эд хөрөнгөд учирсан хохирол, түүнтэй холбогдон гарсан зардал, нийт 2.607.900 /хоёр сая зургаан зуун долоон мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигч зам тээврийн осол гарсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч М.С зам тээврийн осол гарахад С.Г ын буруутай үйлдэл байгаа бөгөөд машины эвдэрсэн эд ангийг бүгдийг шинээр солих шаардлага байхгүй байсан, гэвч нэхэмжилж байгаа сэлбэгийн үнэ 1.460.000 төгрөгийг төлнө, харин бусад хохирол төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч М.С Тоёото витц маркийн 6*** улсын дугаартай машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9-д заасан Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж, С.Г ын унаж явсан Мицүбиши делика маркийн 7*** улсын дугаартай машиныг мөргөж эвдрэл гэмтэл учруулсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, Х аймгийн Прокурорын газрын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 864 дугаартай прокурорын тогтоолын хуулбар, Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Осол болсон газар гэх М сумын 1 дүгээр багийн 4 замын уулзварын тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг хийхэд ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тийш явах замд баруун гар талд гол замын тэмдэглэгээ, ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явах замын баруун гар талд гол замын тэмдэглэгээ, мөн 8 тонноос дээш даацтай машин явахыг хориглоно гэсэн тэмдэг байв... гэх бичилттэй үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мицүбиши делика буюу Mitsubishi delica маркийн 7*** улсын дугаартай автомашины өмчлөгчөөр ХААН банк бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх боловч У , Архангай, Х , Булган, Орхон, Дархан-Уул, У чиглэлд, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд, өдрийн 100.000 төгрөгийн төлбөртэй, 7*** улсын дугаартай автомашинаар төслийн албан хаагчид болон тэдний ачаа тээш, хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой ачаа тээшийг тээвэрлэх зорилгоор 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төсөл, С.Г нарын хооронд автомашин түрээслэх гэрээ байгуулагдаж, тус машин С.Г ын эзэмшилд байхад зам тээврийн осол гарч, эвдрэл гэмтэл учирчээ.

Тус Мицүбиши делика маркийн 7*** улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл гэмтлийг С.Г засаж янзлуулсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан хохирлыг М.С оос шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч М.С автомашинд шинээр авч тавьсан сэлбэгийн үнэ 1.460.000 төгрөгийг С.Г т төлөхийг зөвшөөрсөн байна.

Зам тээврийн ослын улмаас Мицүбиши делика маркийн 7*** улсын дугаартай автомашиныг засварлахад цэнэг 55.000 төгрөг, вьетнам авто засварын хөлс 250.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Сэрүүн бараа материалын зарлагын баримт, вьетнам авто засварын үйлчилгээний хуудас зэрэг баримтуудаар тогтоогдов.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан ба Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төслийн орон нутагт зохион байгуулах сургалт нь гэрээнд заасан хугацаанаас 7 хоногийн дараа эхэлсэн, С.Г өдрийн 100.000 төгрөгийн хөлс авахаар тохирсон ба осол болсны улмаас 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, орон нутагт сургалт зохион байгуулах өдрийн хуваарь, автомашин түрээслэх гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд тухайн байгууллагаас С.Г т олгох ажлын 4 өдрийн хөлс 400.000 төгрөгийг авах боломжгүй болж, олох ёстой байсан орлогоороо хохирсон тул хариуцагч М.С оос машинд учирсан хохирол 1.765.000 төгрөг, олох байсан орлого 400.000 төгрөг, нийт 2.165.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 442.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. Учир нь зочид буудалд байрласны төлбөр 120.000 төгрөгийн баримт нь албан ёсны орчуулгагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, тосол, масло авсан огноо нь тухайн осол болсон газраас явсан хугацааны хувьд зөрүүтэй, өөрөөр хэлбэл С.Г 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр М гөөс У хот руу машинаа унаад явсан гэх боловч 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тосол, масло авсан нь ойлгомжгүй тул Солонгос авто сэлбэгийн зарлагын баримтыг үнэлээгүй ба вьетнам засварын хөлс 250.000 төгрөгийг хэзээ, хэдийд, хэрхэн яаж өгсөн талаарх нотлох баримт байхгүй байна.

Иймд хариуцагч М.С оос автомашинд учирсан гэм хорын хохирол, түүнтэй холбогдон гарсан зардал, нийт 2.607.900 төгрөгөөс 2.165.000 гаргуулан нэхэмжлэгч С.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 442.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн С.Г ын 5023226200 дугаартай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, автомашин түрээслэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, орон нутагт сургалт зохион байгуулах өдрийн хуваарь, Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 173 дугаартай тогтоол зэрэг баримтууд нь давхардсан, энэ хэрэгт ач холбогдолгүй байх тул үнэлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2.165.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 49.590 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Г т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч М.С оос гэм хорын хохирол, түүнтэй холбогдон гарсан зардал, нийт 2.165.000 /хоёр сая нэг зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 442.900 /дөрвөн зуун дөчин хоёр мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Г ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.С оос улсын тэмдэгтийн хураамж 49.590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ