Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/00805

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Ж ХХКомпаний нэхэмжлэлтэй, Х аймгийн Т ХХК-д холбогдох 14.102.342 /арван дөрвөн сая нэг зуун хоёр мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 12ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК нь 2011 оноос хойш манай компанийн гэрээт салбарын үйл ажиллагаа явуулж, хамтран ажилаж байгаад хамгийн сүүлд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЖМ-15/340 тоот Гэрээт салбартай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулсан. Т ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ЖМ-15/619 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нэ бүр нь 216.000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг NP-10 /Эн Пи-10/ төхөөрөмжийн 4.320.000 төгрөг, ЖМ-15/620 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээгээ нэг бүр нь 310.000 төгрөгийн үнэ бүхий U6 /Ю-6/ маркийн 5 ширхэг гар утас 1.395.000 төгрөгөөр тус тус зээлээр авсан, мөн ЖМ-15/3640 тоот Гэрээт салбартай хамтран ажиллах гэрээний дагуу төлөх төлбөрүүд 6.787.592 төгрөг, нийт 12.505.592 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Мөн манай компаниас дээрх гэрээнүүдтэй холбоотой төлбөрүүдээр 2015 оны 10, 11 дүгээр саруудад тооцоо нийлж, тооцоо нийлсэн төлбөрүүдийг төлөхийг удаа дараа шаардаж, албан бичгүүд хүргүүлэн 2015 оны 12 сар, 2016 оны 1, 2 дугаар саруудад уг төлбөрүүдээр тооцоо нийлэх гэсэн боловч тооцоо нийлэхгүй, уг төлбөрүүдийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа болно.

Иймд Т ХХК-аас ЖМ/15/340 тоот гэрээний дараа төлбөрт дугааруудын барьаа болон бараа материалуудын үлдэгдэл тооцоо 6.787.592 төгрөг, ЖМ-15/619 тоот гэрээний 4.320.000 төгрөг, гэрээний 3.4-т заасан 0.3 хувийн алданги 972.000 төгрөг, ЖМ-15/620 тоот гэрээний 1.395.000 төгрөг, гэрээний 3.3-т заасан алданги 627.750 төгрөг, нийт 14.102.342 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Т ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т ХХК нь ЖМ/15/340 тоот гэрээний дараа төлбөрт дугааруудын барьцаа болон бараа материалуудын үлдэгдэл тооцоо болох 6.787.592 төгрөг, ЖМ/15/620 тоот гэрээний U6 гар утасны үнэ 1.395.000 төгрөг, мөн энэ тоот гэрээний алданги 627.750 төгрөг, ЖМ15/619 тоот гэрээний NP10 төхөөрөмжийн 4.320.000 төгрөг, мөн энэ тоот гэрээний 3.4 дэх заалтанд заасны дагуу 2.160.000 төгрөгнөөс 0.3 хувийн 150 хоногийн алданги 972.000 төгрөг, нийт 14.088.342 төгрөгийг 2016 ондоо багтаан 7,8,9,10,11,12 дугаар саруудад төлж барагдуулах болно гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Т ХХК-аас 14.088.342 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А , хариуцагч Т ХХК нар нь ....нийт 14.102.342 төгрөгийг 2016 ондоо багтаан 7,8,9,10,11,12 дугаар саруудад.... төлж барагдуулах талаар харилцан тохиролцож хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХКомпаниас 114.231 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 114.231 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Ж ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага 14.102.142 /арван дөрвөн сая нэг зуун хоёр мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг хариуцагч Т ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХКомпаниас 114.231 /нэг зуун арван дөрвөн мянга хоёр зуун гучин нэг/ төгрөг, Голомт банкны Х салбар Татварын хэлтсийн 4*** тоотод данснаас буцаан 114.231 /нэг зуун арван дөрвөн мянга хоёр зуун гучин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ