Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 1738000000027 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Б.

Шүүгдэгч С.Б 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоот хашаанд иргэн Т.Б-ы нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоот хашаанд иргэн Т.Б-ы нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       Хохирогч Т.Б-ы: “...Батаа машиныхаа урдуур тойрч ирээд шууд хаалгаар миний хөлийг хоёр удаа хавчсан. Тэгэхээр нь би “чи ахыгаа яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд юу ч дуугаралгүй татаж буулгаад тонгорч унагаагаад нүүр рүү гараараа нэлээд хэдэн удаа цохьсон. Тэр үед би түүний гарыг зогсоох гэж оролдсон боловч хүчрээгүй. Намайг тухайн үед зодуулж байхад найз Ц Б-г салгасан. ...Би тэгээд тэдний гэрийн гадаа нүүрнийхээ цусыг цэвэрлэчихээд түүний араас гэр рүү нь явж ороод “чи ахыгаа яаж байгаа юм бэ, миний шүд ам байхгүй болчихлоо” гэж хэлэхэд “би чиний ам хамрыг татаж үзсэн биш, шүд байсан үгүйг яаж мэдэх юм бэ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

       Гэрч Н.Ц-н: “...Батаа машинаасаа буугаад машиныхаа урдуур тойрч хойд хаалган дээрээ очсоноо Б-г татаж буулгаж ирснээ “чи яагаад хүний мөнгө удаагаад байгаа юм бэ” гэснээ нүүр рүү нь гараараа цохисноо тонгорч унагаагаад доороо хийсэн. Тэгээд дээрээс нь цохих гээд байхаар нь би цээжээр нь тэврээд салгах гээд оролдоход хүчрээгүй, хүчрэхгүй байж байхад Б Б-ны нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэр үед би түүнийг түлхэж холдуулаад шууд гэр рүү нь авч орсон. Б-г гэрт нь оруулсан байхад араас Б орж ирээд “чи миний шүдийг мулт цохичихсон байна, чи яасан гэж хүнийг ингэж цохиж байгаа юм бэ” гэхэд чамайг цохиход яадаг юм бэ гээд маргалдаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

       Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаартай

  1. Т.Б-ы биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Т.Б-ы биед 2 шүдний булгарал, дух, шанаа, хамарт зулгаралт, зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд болно. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10 хувь бага хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

       Шүүгдэгч С.Б нь хохирогч Т.Б-тай 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гомдлын талаар харилцан тохиролцож, уучлалт гуйсны үндсэн дээр 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүгдэгч С.Б хохирогч Т.Б-д 400.000 төгрөгийг хүлээлгэн өгч хохирол төлбөрийг барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн 1738000000027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

      6.  Эрүүгийн 1738000000027 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.НЯМСҮРЭН