Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/209

 

О.Б, Б.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

хохирогч Ч.Ч, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр,

шүүгдэгч О.Б,

шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Б.Болормаа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүгдэгч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн О.Б, Б.М нарт холбогдох 2108 00513 1659 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. М овгийн О-ийн Б, 1984 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Ю” ХХК-д жолооч ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

2. Т овгийн Б-ийн М, 1975 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймгийн ... сумын ... дүгээр баг, -д оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.М, О.Б нар нь бүлэглэн 2000 оноос хойш танилын харилцаатай байсан Ч.Ч-т “Манай эхнэр Дэнжийн 1000-д махны лангуутай, чи зарах гэж байгаа хонины гулууз махаа  манай эхнэрт аваачаад өгчих, найз нь гайгүй үнээр авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдүүлсний улмаас хохирогч Ч.Ч-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, ... тоотод зарахаар өгсөн 42.120.000 төгрөгийн үнэ бүхий 468 ширхэг хонины гулууз махыг хувьдаа авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: О.Б, Б.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн Б-ийн М, М овгийн О-ийн Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, О.Б тус бүрт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, О.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, О.Б нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын хилийн цэс дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М, О.Б нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ялаар солих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, О.Б нар нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.М, О.Б нарт мэдэгдэж, хохирогч Ч.Ч-т 1.000.000 төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 960.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, О.Б тус бүрээс 20.560.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ч-т олгохоор, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Б.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьсан. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар хэтэрхий өрөөсгөл дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

41.120.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү гаргуулж шийдвэрлэсэн, мөн шүүгдэгч нарт 3 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02 ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж ял оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм буруугийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлөх талаар санал, санаачилга гаргасан байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах боломж байсаар байхад анхан шатны шүүх үүнийг харгалзахгүйгээр яг адилхан ял оногдуулж, тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн өндөр хорих ялыг оногдуулж хэргийг шийдвэрлэсэн явдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Б-ийн дансаар хохирогч Ч.Ч-ийн 468 ширхэг гулууз махны үнэ болох 41.120.000 төгрөг орж, уг мөнгийг шүүгдэгч О.Б захиран зарцуулсан байдаг.

Мөн хавтаст хэргийн 99 дүгээр хуудаст О.Б, Ч.Ч нарын гарын үсэг бүхий нотариатаар гэрчлүүлсэн төлбөр барагдуулах гэрээ, гэрч О.Ууганцэцэг /хх 31, 202/, гэрч Ч.Н /хх 34/ нарын мэдүүлгээр махыг хэн буулгаж хүлээж авсан талаар, гэрч Д.О-ийн /хх 200/ “...Миний охин О.Б нь Ч.Ч-ийн махны мөнгөөр хүүтэйгээ хоёулаа байр түрээсэлж амьдарч байсан. ...” гэх мэдүүлгээр гэмт хэрэгт хэн аль нь илүү оролцсон бэ гэдэг нь тодорхой байхад шүүх ялыг ялгамжтай оногдуулаагүй нь шударга ёсны зарчимд үл нийцнэ. Хавтаст хэргийн 99 дүгээр хуудасны төлбөр барагдуулах гэрээг харахад энэ эрүүгийн гэмт хэрэг биш иргэний эрх зүйн харилцаа гэдэг нь тодорхой байна.

Мөн Б.М нь хохирлыг төлөх талаар санал, санаачилга гаргаж, хохирогч Ч.Ч-той уулзаж махны үнэд хоёр ч төрлийн машин оролцуулах талаар санал гаргаж, хохирогч мөнгөө авна гэдэг байдлаар хандаж байсан. Бас нэг удаа утсаар ярихдаа “Одоо 7 сая төгрөг байна аваадах” гэхэд нь хохирогч “Мөнгөө нэг мөсөн авъя” гэж хэлж байсан. Хохирогчийн дансанд 1.000.000 төгрөгийг Б.М хийсэн нь хохирол төлөх, хохиролгүй болгох санал, санаачилга удаа дараа гаргаж байсан нь хавтаст хэргээс тодорхой харагдана. 2019 онд Ковид-19 цар тахал Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр тархаж, нийгэм, эдийн засгийн байдал маш хүнд байснаас өр үүссэн гэдгийг шүүх харгалзаж үзэлгүй өндөр ял оногдуулсанд гомдолтой байна.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх хүсэлгүй, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг. Гэтэл Б.М-гийн тухайд хохирогч Ч.Ч-т хохирлыг төлөх талаар удаа дараа санаачилга гаргаж байсан нь субъектив шинжээрээ залилан мэхлэх гэмт хэргийн шинжид хамаарахааргүй байна.

Хэргийг шалгах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь дараах байдлаар харагдаж байна. Хэргийн нөхцөл байдлыг харахад мөрдөгч прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй. Тухайлбал, шүүгдэгч нарын цагаатгах болон хөнгөрүүлэх талын нотлох баримт хавтаст хэрэгт огт байхгүй байгаагаас харж болно.

Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй. Үүнийг тогтоох үүргээ мөрдөгч прокурор хэрэгжүүлээгүй.

Түүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийг зөрчсөн. Яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж мэдүүлгийг авах ажиллагааг 12 цагийн дотор эхлүүлэх ёстой байтал яллагдагчаар татах тогтоолыг 10 дугаар сарын 10-ны өдөр танилцуулж, мэдүүлэг авах ажиллагааг 10 дугаар сарын 16-ны өдөр эхлүүлсэн байгаа нь орон зай, цаг хугацааны хувьд даруй гэдэг ойлголтоос хэтийдсэн гэдэг нь харагдана. Даруй гэдэг ойлголт нь хуульд заасан хамгийн богино хугацааг хэлдэг. Энэ талаар анхан шатны шүүхэд тайлбарлаад байхад анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьж асуудалд хандсан гэж харагдаж байна.

Мөн өмгөөлөгч, прокурор нарын шүүхийн хэлэлцүүлгийн үе дэх мэтгэлцээнийг хэргийг шийдвэрлэсэн шүүгч сонсож, үнэлэлт дүгнэлт өгч, хавтаст хэргийн хүрээнд шийдвэр гаргасан нь эргэлзээтэй. Учир нь, шүүх хуралдаан завсарлаад гэм буруугийн талаар дүгнэлт гаргахдаа маш хурдан хугацаанд буюу 5 минутын хугацаанд завсарлаж орсон нь шүүгч урьдчилж шийдвэрээ гаргасан байх магадлалтай гэдэг эргэлзээнд хүрсэн. Өмгөөлөгч миний бие энэ хэрэгт анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед оролцсон болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг дахин хянаж Б.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд үйлдсэн гэмт хэрэг болон хохирол төлбөрийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа ба эрүүл мэндийн хувьд зүрхний дутагдлын улмаас 4 жил эмчлүүлж, эмчийн хяналтад байдаг, удахгүй зүрхний хагалгаанд орох заалттай байгаа. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ч.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байгаа. 2020 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөг авсан. Энэ ямар учиртай гэхээр Б.М-гаас мах юу болсон талаар асуухаар хотод ирж хөөцөлдөж, сүүлдээ хоол, ундны мөнгөгүй болж гэр рүүгээ буцах шаардлага гарч Б.М-гаас 1.000.000 төгрөгийг гуйж байж авсан. Нэг хар машин нь О.Б-ийн дүү Б-ийн нэр дээр байдаг машиныг намайг ав гэхээр “Хүний нэр дээр байгаа автомашиныг авахгүй, мөнгөө авна” гэсэн. Дараагийн автомашиныг нь Б.М унадаг байсан ба Говь-Алтай аймагт байдаг хүний өрөнд бас өгсөн байсан. ...” гэв.

Хохирогч Ч.Ч-ийн өмгөөлөгч С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуульд нийцсэн нотлох баримтыг үндэслэж үнэн зөв шийдвэрлэсэн. Б.М-д Ч.Ч нь 2, 3 удаа мах өгч, авчихсан, итгэл үнэмшил төрчихсөн байсныг ашиглаж, дараагийн үйлдлээр урьдын бий болсон харилцаанд тулгуурлан 42 сая төгрөгийн махыг Ч.Ч өгсөн байдаг. Б.М “миний эхнэр гээд фото зураг үзүүлээд, Дэнжийн 1000-д махны ченж хийдэг” гэж итгэл үнэмшил төрүүлсэн байдаг. Гэтэл хэргийн материал О.Б нь махны ченж хийдэггүй нь “Хүчит шонхор” захын тодорхойлолтоор харагддаг. Гэрч О.Ууганцэцэг нь “О.Б мах аваад байдаггүй” гэж мэдүүлсэн. ... Б.М хохирол төлөхөөр автомашин санал болгосон гэж байна. Тухайн автомашин нь О.Б-ийн дүүгийнх нь автомашин болон өөр хүний төлбөр барагдуулах гэж байсан автомашиныг санал болгож байсан болохоос бодитоор өгсөн, авсан зүйл байхгүй. ... Ч.Ч Говь-Алтай аймагт ажиллаж, амьдардаг малчин.  42 сая төгрөг нь хохирогчийн амьжиргааны эх үүсвэр байсан. Өр, зээл авч махнуудыг авч байсан талаараа анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гомдолд дурдагдсан асуудал нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, яригдсан. Тийм учраас өмгөөлөгч болон шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа дээрх асуудлуудыг бүгдийг нь шийтгэх тогтоолдоо ойлгомжтой, тодорхой байдлаар тус тусад нь дүгнэж бичсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал шийтгэх тогтоолд харагдаагүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Б, Б.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

хохирогч Ч.Ч-ийн: “...2019 оны намар мах зарах гэж байтал миний танил Б.М над руу “Манай эхнэр “Дэнжийн 1000”-д махны лангуутай, чи зарах гэж байгаа хонины гулууз махаа манай эхнэрт аваачаад өгчих, найз нь гайгүй үнээр авна” гэж ярьсан. Тэгээд би өөрийн зарах гэж байсан махаа 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Эмээлт рүү жолооч Д-аар явуулсан. Д-г ирэхэд манай хүү Ч.Н тосч уулзаад, хүлээж аваад тухайн хонины махыг өмнө нь наймаа хийж байсан Б.М гэх залуугийн эхнэр О.Б-д 7-10 хоногийн хугацаанд махаа борлуулаад мөнгөө авахаар тохиролцож, наймаагаа хийсэн. ...Утсаар байнга худлаа яриад байхаар нь би 2020 оны 01 дүгээр сарын эхээр мөнгөө авахаар хотод иртэл О.Б-ийн утас холбогдоогүй. Харин Б.М “Хөвсгөлд мах аваад явж байна” гэж надтай ярьсан. Б.М-г ирсний дараа Д.О, Б.М бид гурав уулзаад О.Б-г хайж олоод мөнгөө авахаар болсон. Тэгээд нэг сар хайгаад олдохгүй болохоор 1 сая төгрөг аваад буцсан. ...2020 оны 8 дугаар сарын  20-ны үед хотод ирээд О.Б-г олж уулзаад Сонгинохайрхан дүүргийн Орчлон хороололд байх нотариатын газарт очиж мөнгөө 2 хувааж төлөхөөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч миний мөнгийг өгөөгүй. ...” /1хх 19-20/,

гэрч О.У-ийн: “...Манай найз О.Б 2019 оны 11 дүгээр сард надтай уулзаад “Говь-Алтайгаас нэлээд их хэмжээний хонины гулууз мах ирж байгаа. Чи зараад өгчих” гэсэн. Тухайн үед манай хашаанд буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, ... тоотод ойролцоогоор 400 гаруй гулууз мах буулгасан. Тэгээд би уг гулууз махнуудыг буулгасан өдрийн маргааш нь хоёр том машинд ачиж яваад “Мах импекс” дээр аваачиж гайгүй махыг нь зарсан. Хэдийн зарснаа санахгүй байна. Үлдэгдэл махыг нь үнийг нь доошлуулж байгаад цувуулж зарсан. Би О.Б-д нийт 39 сая төгрөгийг 4-5 удаа хувааж өгсөн. ...Тухайн үед О.Б нь хонины гулууз мах зарахдаа нөхөр Б.М-г Говь-Алтай аймгаас зарах хонины гулууз мах өгч явуулсан талаар хэлсэн юм. Нөхөр Б.М-гаа махны ченж гэж хэлсэн. О.Б болон Б.М нар “Дэнжийн 1000”-д махны лангуу ажиллуулдаггүй байсан. ...” /1хх 31, 202/,

гэрч Ч.Н-ын: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай аав Ч.Ч Говь-Алтай аймгийн Тонхил сумаас “468 ширхэг хонины гулууз махыг машинд ачиж явуулсан” гэж над руу ярьсан. Би 11 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд танихгүй эмэгтэй хүний хашаанд очсон. Тэгэхэд аав Ч.Ч найз нь болох Б.М гэх хүний эхнэр О.Б-д “468 ширхэг хонины гулууз махаа хүлээлгэж, хиллэж өгөөрэй” гэхээр нь би О.Б гэх эмэгтэйд нийт 8459 килограмм хонины махыг хүлээлгэж өгсөн. Тэрнээс хойш Б.М, О.Б нар манай аавд 468 ширхэг хонины гулууз махны мөнгийг огт өгөөгүй залилсан. ...” /1хх 34/,

гэрч Д.О-ийн: “...Миний мэдэж байгаагаар охин О.Б нь Ч.Ч-оос авсан хонины махны мөнгөөр 1 жил гаруй хүүхдийнхээ хамт байр түрээсэлсэн. Тухайн үед Б.М-тай маргалдсан байсан. Бас Б.М-д тал мөнгийг нь өгсөн талаар надад хэлсэн. ...” /1хх 200/ гэсэн мэдүүлгүүд,

гэрч О.У-ийн эзэмшлийн “Хаан банк” ХХК дахь дансны хуулгаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн сарын 30-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн гүйлгээгээр 44.180.000 төгрөгийг шүүгдэгч О.Б-ийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн болохыг нотолсон дансны хуулга /1хх 153-159/,

шүүгдэгч Б.М-гийн эзэмшлийн “Хаан банк” ХХК дахь дансны хуулга /1хх 58-62/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь өөрийн хамтран амьдрагч О.Б-г бодит байдал дээр махны лангуу, дэлгүүр ажиллуулдаггүй байхад ажиллуулдаг, Улаанбаатар хотод мах зардаг мэтээр хохирогч Ч.Ч-т “Манай эхнэр “Дэнжийн 1000”-д махны лангуутай, чи зарах гэж байгаа хонины гулууз махаа манай эхнэрт аваачаад өгчих, найз нь гайгүй үнээр авна” хэмээн түүнтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ч.Ч-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, ... тоотод хүргүүлсэн 468 ширхэг гулууз махыг өөрийн хамтран амьдрагч О.Б-гаар авахуулсан боловч тухайн гулууз махыг зарж борлуулсан мөнгийг хохирогч Ч.Ч-т эргүүлэн өгөхгүйгээр хувьдаа авсан буюу бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилсан болох нь хангалттай тогтоогдож байх бөгөөд хохирогч Ч.Ч-ийн бусдад залилуулсан нийт 468 ширхэг хонины гулууз махны үнэлгээ буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 694 дүгээр дүгнэлт /1хх 41-42/-ээр 42.120.000 төгрөгөөр тогтоосон байна.

Шүүгдэгч Б.М нь хохирогч Ч.Ч-оос хонины гулууз мах авахдаа “Манай эхнэр “Дэнжийн 1000”-д махны лангуу ажиллуулдаг, зарах гэж байгаа махаа манай эхнэрт өгчих, гайгүй үнээр авна” гэх зэргээр хэлсэн зүйл нь бодитоор хэрэгжээгүй бөгөөд хамтран амьдрагч О.Б-гаар махыг авахуулж, улмаар О.Ууганцэцэгт өгч заруулан мөнгийг Ч.Ч-т өгөлгүйгээр өөрсдөдөө авч хэрэглэсэн нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч О.Б, Б.М нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.М нь өөрийнх нь хамтран амьдрагч, шүүгдэгч О.Б нь махны худалдаа эрхэлдэггүйг мэдсээр байж ийнхүү ажил эрхэлдэг мэтээр хохирогч Ч.Ч-ийг залилж авсан хонины гулууз махыг “гайгүй үнээр авна” гэсэн атлаа хариу төлбөр хийлгүйгээр О.Б-гаар авахуулж, улмаар О.Б-ийн найз О.У-ээр дамжуулан зарж, олсон орлогыг хувьдаа ашигласан нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.М-гийн “Хаан банк” ХХК дахь дансны хуулгаар шүүгдэгч О.Б-гаас гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш “мах, аз” зэрэг утгаар 1.500.000, 7.500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байхад тэрээр энэ мөнгийг хохирогчтой тохиролцсоны дагуу шилжүүлэн өгөөгүй зэрэг нь “хохирол төлөхөд санал, санаачилга гаргаж байсан тул залилах гэмт хэргийн шинжгүй” гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Б.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Прокуророос 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, ял сонсгосон тогтоол /1хх 208-210/ үйлдсэнийг мөн сарын 16-ны өдөр түүнд танилцуулж, мэдүүлэг авчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулахаар, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад даруй гэдэгт боломжит богино хугацааг ойлгохоор заасан бөгөөд мөрдөгч нь Б.М-г яллагдагчаар татсан тогтоолыг 6 хоногийн дараа танилцуулсан нь оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хасаж хязгаарласан, процесс ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Б.Болормаа давж заалдах гомдолдоо “...шүүгч 5 минутын хугацаанд гэм буруугийн дүгнэлт гаргасан нь урьдчилж шийдвэрээ гаргасан байх магадлалтай...” талаар дурджээ.

Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуульд тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангасан, хуульд заасан дараалал, дэг, журмын дагуу явагдсан, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр гаргасан шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн, 1985 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Шүүхийн байгууллагын хараат бус байдлын үндсэн зарчмууд” хэмээх баримт бичигт “Шүүхийн байгууллага нь өөрт шилжүүлсэн хэргийг алагчлалгүйгээр хэний ч нөлөөнд авталгүй, баримтад үндэслэн, хуульд нийцүүлэн ямар нэг хязгаарлал, хууль бус нөлөөлөл, сэтгэлийн хөдлөл, дарамт шахалт сүрдүүлэггүйгээр, хэний ч талаас ямар ч шалтгаантай байсан шууд ба шууд бус хөндлөнгийн оролцоогүйгээр шийдвэрлэнэ.” гэж тусгасныг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Б.М нарт тус бүрт тухайн зүйлд заасан хамгийн хүнд ял 3 жилийн хугацаагаар хорихоор шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.

Харин, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 3 жил орчим хугацаа өнгөрсөн байхад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.Б-ийн давж заалдах гомдолд дурдсанчлан хорих ялыг торгох ялаар солих боломжгүй гэж дүгнэж, түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Монгол Улсын Их Хурлаас баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хэсгийг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч О.Б, Б.М нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх ийнхүү хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихдоо шүүгдэгч нарыг Улаанбаатар хотын хилийн цэс дотор зорчихоор тогтоосон нь хэт өргөн хүрээтэй буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолын удиртгал хэсэг дэх шүүгдэгч нарын биеийн байцаалтад дурдагдсанаар буюу шүүгдэгч Б.М нь  Баянзүрх дүүрэгт, шүүгдэгч О.Б нь Сонгинохайрхан дүүрэгт оршин сууж байгааг харгалзан тухайн оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон өөрчлөлт оруулсан бөгөөд дээрх байдлаар шүүгдэгч нарын зорчих нутаг дэвсгэрийн хэмжээг өөрчилсөн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн болно.

Шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах” болохыг тусгажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорихоос өөр төрлийн ялаар сольсон атлаа үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг заасан нь үндэсний болон Олон Улсын эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэх” шударга ёсны хэм хэмжээ зөрчигдөх асуудал үүсч болзошгүй тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгов.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Б-ийн гаргасан “Хорих ялыг торгох ялаар солих”, шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Б.Болормаагийн гаргасан “шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” талаарх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...шүүгдэгч Б.М, О.Б тус бүрт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Б.М-д 1 /нэг/ жил  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Б-д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтын “...шүүгдэгч Б.М, О.Б нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын хилийн цэс дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих, шүүгдэгч О.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих, мөн шүүгдэгч нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч О.Б, Б.М нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж барагдуулах ажиллагааг 1 жилийн дотор хийхийг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Б.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ