Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2016/00815

 

 

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2016/00815

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Х аймгийн Г суманд 1957 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Х аймгшийн Г сумын З багийн Өвөр хужирт гэх газар оршин суух "Тайж" овогт Ю.М /Р ***/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Ю.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ю.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г сумын сургуулийн 4 дүгээр ангийг төгсөөд хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрээд бие даан Х аймгийн Г сумын И нэгдлийн З бригадад 1972 оны намраас эхлэн хоньчноор нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болж байгаа тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Х аймгийн Г сумын И нэгдлийн З бригадад 1972 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Ю.М нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Г сумын И нэгдлийн З бригадад 1972 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3/404 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд

Гэрч С.Батбаярын: ....Ю.М нь 1972 оноос Х аймгийн Г сумын И нэгдэлд хоньчин, малчнаар 1990 онд нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Л.Сүхбатын: ....Ю.М нь бага байхдаа сургуулиас гараад аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрээд Х аймгийн Г сумын И нэгдэлд хоньчноор 1990-ээд онд нэгдэл тартал ажиллаж байсан юм. Одоо ч гэсэн хувиараа малаа маллаж байгаа.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар "Тайж" овогт Ю.М /Р ***/-ыг Х аймгийн Г сумын И нэгдлийн З бригадад 1972 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ю.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ