Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/01

 

 

 

 

 

 

 

 

 

  2023              1              18                                                 2023/ДШМ/01

 

 

 

Б.Х, А.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Ц.Сонинмөнх

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б өмгөөлөгч

            Д.Ган-Эрдэнэ

                        Хохирогч Н.Б, Б.Ц нарын өмгөөлөгч А.Мөнхтулга,

                        М.Мэндсүрэн

            Шүүгдэгч Б.Х

            Шүүгдэгч Б.Х өмгөөлөгч Д.Гансүх

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Б, Б.Х нарт холбогдох эрүүгийн 2234003490326 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 29-нд Төв аймгийн Лүн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, тус сумын Засаг даргын тамгын газарт “Цагаан-Уул” 1 дүгээр багийн засаг дарга ажилтай, ам бүл ганцаараа, Төв аймгийн Лүн сум, 3 дугаар баг, 242 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Х

Монгол улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 18-нд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 54 настай, бүрэн бус дунд боловсролтой, салхивчны нимгэн төмрийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Баянхошуу “Цэргийн ангийн буудал” 7 дугаар хороо, задгай гэх газарт оршин суух,

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 20 жил хорих ял шийтгүүлж байсан, А.Б,

 

Б.Х нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цав хангай” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 93/338 километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд өөрийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 5050 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж, Н.Бын жолоодож явсан 2695 АРА улсын дугаартай Тоёота Королла маркийн машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган зорчигч Д.Х-ын амь нас хохироосон,

 

            А.Б нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Цав хангай” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 93/338 км-н заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд өөрийн эзэмшлийн 4420 УАО улсын дугаартай Тоёота Кровн маркийн авто машиныг зорчих хэсэгт зогссон даруйд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ”, 9.2-т заасан “Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй”, 1. Ослын дохионы гэрэл: 9.3-т заасан “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: Ж/ “Тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд, 2. Ослын зогсолтын тэмдэг: 9.4-т заасан “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ”: 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 4420 УАО улсын дугаартай Toёoтa Kpoвн маркийн авто машиныг зорчих хэсэгт зогссон даруйд анхааруулах дохио, таних тэмдэг байрлуулаагүйгээс Тоёота Приус-30 маркийн 5050 УБД улсын дугаартай авто машиныг жолоодож явсан Б.Х нь эсрэг урсгал сөрж, Н.Бын жолоодож явсан 2695 АРА улсын дугаартай Тоёота Королла маркийн авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган зорчигч Д.Х-ын амь нас хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Б.Х, А.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х, Б нарыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Х, А.Б нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус тус 3 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

Шүүгдэгч Б.Х Төв аймаг болон Лүн сумын нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч А.Б-г Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гаргахгүй байхаар тогтоож, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,

 

Шүүгдэгч Б.Х, А.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Б.Х В ангиллын 714039 дугаартай жолоочийн үнэмлэх, А.Б-гийн В ангиллын 666687 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд тус тус хүргүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бгээс 9.817.107 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-д, 6.416.355 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Б-д, 2.150.183.5 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Цт тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б нэхэмжлэлийн шаардлагаас 2.092.500 төгрөг, 3.550.500 төгрөгийг, хохирогч Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагаас 2.825.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар энэ хэрэгтээ холбоотой гарсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Х, А.Б нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус тус 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 5-д “... шүүгдэгч А.Б-гээс 9.817.107 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-д олгож...” гэж тусгасан байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо “А.Бгээс 4.908.553 төгрөг, Б.Хос 4.908.553 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бд олгож...” гэж уншин сонсгосон. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн бичгээр үйлдэгдсэн тогтоолд өөрөөр заагдсан байна. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө...” гээд 1.3-т “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн...” гэж заасан байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааныг завсарлуулан зөвлөлдөх тасалгаанд орж шийтгэх тогтоол гарган гарч ирээд уншиж сонсгосон шийтгэх тогтоолоо шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирлын талаар гаргасан саналыг тусган дахин зөвлөлдсөн. Ийнхүү гарган уншиж сонсгосон шийтгэх тогтоол нь гардуулан өгсөн шийтгэх тогтоолтой зөрүүтэй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасанчлан ноцтой зөрчил байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч Н.Б, Б.Ц нарын өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгч процессын ноцтой алдаа гаргасан, Д.Ган-Эрдэнэ өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна. Шүүх хохирлын тооцоог дахин бодохоор биднийг шүүх хуралдааны танхимаас гаргасан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх гэж бодож байна. Мөн миний үйлчлүүлэгч Ц.Ц-ын цалин болох 2.825.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхигдуулсанд гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгч Б.Х өмгөөлөгч Д.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол шүүгдэгчийн гэм буруу, ял шийтгэлийн талаар гараагүй байна. Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчих гэдгийг хуулийн 39.8 дугаар зүйлд заасан 10 үндэслэлээр ойлгодог. Шүүгч дахин нягтлахаар шүүх хуралдааныг дахин завсарлуулан хохирлын тооцоог нягтлан зөвтгөснийг буруутгах боломжгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

      

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сонинмөнх гаргасан дүгнэлтдээ: Шүүгч хохирлын тооцоог зөрүүтэй бодож алдаа гаргасныгаа дахин зөвлөлдөж зөвтгөсөн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Х, А.Б  нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Тус шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч тус бүрийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, үүнтэй холбогдуулан “Тогтоох нь” хэсгийн зохих заалтуудад өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:

 

Б.Х нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цав хангай” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн авто замын 93/338 километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд өөрийн эзэмшлийн “Тоёота приус-30” маркийн 5050 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчин урсгал сөрж явсны улмаас Архангай аймгаас Улаанбаатар хот руу зорчин явж байсан хохирогч Н.Бын жолоодож явсан 2695 АРА улсын дугаартай “Тоёота Королла” маркийн машинтай мөргөлдөн зам тээврийн осол гарган, уг авто машины жолооч Н.Б, түүний эхнэр Б.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, тус машины зорчигч Д.Х-ын амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б “...Атар өнгөрөөд явж байна гэсэн ба над руу 19 цаг болж байх үед хүүхэд Цэрэндорж над руу залгаад хадам ээж зам тээврийн осолд орчихлоо гэж ярьсан. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос гараад тухайн осол болсон газар ирсэн ба намайг ирэх үед миний эхнэр Д.Х нас барсан байсан. Намайг ирэхээс өмнө эмнэлгийн байгууллагаас хүн ирсэн байсан ба хамт явж байсан Б.Ц, Н.Б нар нь Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байсан...” гэх[1],

 

Хохирогч Н.Б-ын “...аймгийн төвөөс эхнэр Б.Ц, худ болох талийгаач Д.Х нарын хамтаар Улаанбаатар хот руу явж байсан. ...Миний эсрэг урсгалд хар өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан, мөн уг приус маркийн тээврийн хэрэгсэл нь 4-5 машин гүйцэж түрүүлээд явж байхаар нь би гэрлээрээ дохисон. Гэтэл приус маркийн тээврийн хэрэгсэл нь Ланд машины араар ороод алга болсон байсан ба яг зөрөх үед ард талаас нь хөх өнгийн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан тээврийн хэрэгслийн араас нь гарч ирээд урсгал сөрж орж ирээд миний урдаас ирээд мөргөж уг осол гарсан ба миний тээврийн хэрэгсэл нь замын хажуу тал руу онхолдож дээшээ харж зогссон. ...Миний хажуу талд талийгаач Д.Х сууж явсан, ард талын суудлын жолоочийн ард манай эхнэр Б.Ц сууж явсан..., ...эсрэг эгнээнээс Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд мөргөсөн...” гэх[2],

 

Хохирогч Б.Ц-ын “...би унтаж явж байсан, харин би одоогийн байдлаар ослын талаар юу ч санахгүй байгаа, осол болсон, мөн дараа нь юу болсноо хүртэл санахгүй байна, эмнэлэгт сэрж ухаан орсон хойноо хүнээс сонсож мэдсэн...” гэх[3],

 

Гэрч А.Пүрэвдуламын “...гэнэт хажуу талд машин мөргөлдөх чимээ гараад буугаад хартал тоос босчихсон байсан тэгээд би юу ч хараагүй осол болсны дараа машиныхаа баруун талын жалга руу буугаад зогсож байсан...” гэх[4],

 

Гэрч Г.Шинэцэцэгийн “...Кровн маркийн тээврийн хэрэгсэл зам дээр зорчих хэсэгт зогсож байсан ба тухайн тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн аваарын дохио байхгүй, мөн ослын гурвалжин тавиагүй байсан. Бид хоёр хурдаа сааруулаад явж байх үед араас явж байсан машин эсрэг урсгал руугаа ороод урдаас ирж байсан машинтай мөргөлдсөн...” гэх[5],

 

Гэрч Д.Төгсбаярын “...би эхнэрт жолооч нь байхгүй байна, зогсож байгаа байж ослын гурвалжин тэмдэг байршуулахгүй замын гүвээ рүүгээ гараад зогсохгүй юм байхдаа гэж ярилцаад тухайн машины ард нь зөөлөн явж ирээд зогссон. Тэгээд удалгүй хажуу талд хоёр машин хоорондоо мөргөлдсөн...” гэх[6],

 

Гэрч Б.Мөнхманлайн “...тухайн өдөр орой нь багцаагаар 18 цагийн үед манай хүргэн ах Б.Х нь бид хоёрыг авах гэж ирсэн. Тухайн үедээ өөр танихгүй хоёр хүнтэй хамт явж байсан ба найз охин бид хоёр Б.Х ахын жолоодож явсан Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр суугаад цааш бид нар Төв аймгийн Лүн сум руу явж байсан ба найз охин бид хоёр удалгүй ард талын суудал дээр сууж явж байгаад унтаад өгсөн байсан. Хэсэг хугацааны дараа огцом тоормос гишгэх шиг болсон ба би тухайн үед сэрээд хартал яг нэг машинтай мөргөлдөх гэж байсан. Би тухайн үед найз охиноо татаж тэврээд осолд орсон дараа нь хаалгаа онгойлгоод найз охиноо буулгаад замаас гаргаад байж байтал жолооч Б.Х бүс тайлагдахгүй байна гээд орилоод байсан..., ...тухайн зам дээр машин зогсож байсан ба араас нь очиж мөргөхгүйн тулд нөгөө тал руугаа дарж ороод мөргөлдөх шиг болсон..., Ланд 100 маркийн машин очиж зогсоод араас нь манай машин очиж тулж ирээд гэнэт тоормослоод зогсоож амжихгүй болохоор эсрэг урсгал руугаа дарж ортол өөдөөс явж байсан машинтай мөргөлдсөн...” гэх[7],

 

Насанд хүрээгүй гэрч О.Анарын “...тэр үед унтаж явсан. Нэг мэдэхэд осол болоод би сэрээд машинаасаа гараад замын хажуу талд гараад байж байсан. Бид нарын сууж явсан машин замын гол хэсэгт эргээд харсан байдалтай зогсож байсан, мөн нөгөө мөргөлдсөн машин нь замын цаад талд дээшээ харсан байдалтай байсан...” гэх[8],

 

Гэрч О.Батбаярын “...урд зам дээр гэнэт Ланд-105 маркийн тээврийн хэрэгсэл тоормослоод бид нар араас нь тоормос гишгээд мөргөх шахаад жолооч Б.Х нь зүүн дараад урсгал сөрж ороод урдаас ирж байсан Королла маркийн тээврийн хэрэгсэлтэй миний талаар буюу зорчигчийн талаар мөргөлдөөд нөгөө машин нь замын хажуу талд гарсан байсан...” гэх[9] мэдүүлгүүд,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 95 тоот “...талийгаач Д.Хын биед дотуур цус алдалт /2500гр/ уушгины артерийн ургадал, үнхэлцэг хальсны ургадал, элэгний няцрал, зүүн дунд чөмгийн хугарал, өвчүү ясны хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, талийгаач Д.Х нь дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдалтад /1800гр/ орж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт[10],

 

Хохирогч Н.Бын биед “...өвчүү ясны зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн цавинд зулгаралт, аюулхай, зүүн шуу, ташаан толгой, өгзөг, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл...”,

Хохирогч Б.Цын биед “...зүүн шуу ясны далд хугарал, баруун мөрний мултрал, духны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, баруун өвдөг зулгаралт, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн гуя, шилбэ, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл...” тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүндэвтэр” зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтүүд[11],

 

Хохирогч Н.Бын өмчлөлийн 2695 АРА улсын дугаартай Королла маркийн тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бус зардалд нийт 8.243.000 төгрөгийн хохирол тогтоогдлоо гэх “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 06/167 тоот шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээний тайлан[12],

 

Приус-30 маркийн 5050 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...”, 12.3 “...жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэв гэх шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15 тоот дүгнэлт[13],

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг[14] тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэмт этгээдийн тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан хандлага, уг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо зэргээсээ хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Болгоомжгүй” гэмт хэрэгт тооцогддог ба прокуророос Б.Х үйлдэл холбогдлыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал зэргийг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл болон анхан шатны шүүхийн “...Д.Х-ын амь нас хохирсон, хохирогч Н.Б, Б.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Б.Х Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй шалтгаант холбоотой, жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэгтэй этгээд юм...” гэх дүгнэлт зэрэг нь үндэслэл бүхий зөв болжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” хэмээн заасны дагуу үнэлж, шүүгдэгч Б.Х гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийнх нь зүйлчлэлийн төрөл хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангахуйц, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Харин шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б-г гэм буруутай хэмээн үзэж ял оногдуулан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Үйл баримтаар А.Б-гийн жолоодон явсан 4420 УАО улсын дугаар бүхий Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэлд техникийн саатал гарч замын зорчих хэсэгт зогсон бусдаас тусламж хүсэхээр цааш гүйж байсан байх ба гэрч Г.Шинэцэцэг, Д.Төгсбаяр нарын “...Кровн маркийн тээврийн хэрэгсэл зам дээр зорчих хэсэгт зогсож байсан, тухайн тээврийн хэрэгсэл ямар нэгэн аваарын дохио байхгүй, мөн ослын гурвалжин тавиагүй байсан. Бид хоёр хурдаа сааруулаад явж байх үед араас явж байсан машин эсрэг урсгал руугаа ороод урдаас ирж байсан машинтай мөргөлдсөн...” гэх[15], “...би эхнэрт жолооч нь байхгүй байна, зогсож байгаа байж ослын гурвалжин тэмдэг байршуулахгүй замын гүвээ рүүгээ гараад зогсохгүй юм байхдаа гэж ярилцаад тухайн машины ард нь зөөлөн явж ирээд зогссон. Тэгээд удалгүй хажуу талд хоёр машин хоорондоо мөргөлдсөн...” гэх[16] гэх мэдүүлгүүдээс үзвэл Д.Төгсбаяр нь замын зорчих хэсэгт үүссэн саадыг тойрон гарахаар эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгслийг өнгөрөөхөөр А.Бгийн автомашины ард талд өөрийн 0511 УНС улсын дугаартай Ланд круйзер-100 маркийн автомашинтай зогсож байх үед шүүгдэгч Б.Х нь өөрийн жолоодон явсан 5050 УБД улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг тоормослон зогсоож чадахгүй нөхцөл байдалд хүрч,  Д.Төгсбаярын тээврийн хэрэгслийг ард талаас мөргөхгүйн тулд эсрэг талын урсгал сөрж орон уг зам тээврийн осол гарсан байдаг.

 

Өөрөөр хэлбэл Б.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т зааснаар урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явах, мөн дүрмийн 12.1, 12.3-т тус тус зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан сонгож явах, аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй гэх заалтуудыг зөрчсөний улмаас осол гарч хохирол, хор уршигт хүргэсэн байна.

 

Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15 тоот дүгнэлтээр А.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 9.3, 9.4, 9.5-д тус тус заасан “Анхааруулах дохио, таних тэмдэг, Ослын зогсолтын тэмдэг” хэрэглэх журмыг зөрчсөн гэдэг нь тогтоогдсон хэдий ч түүний жолоодон явсан тээврийн хэрэгсэлд осол болохын өмнө гэнэт техникийн саатал гарч замын зорчих хэсэгт зогссон, тэр даруйдаа хамт явж байсан А.Пүрэвдуламын хамт автомашинаа замаас гаргахаар түрсэн боловч дийлээгүй, хажуугаар явсан тээврийн хэрэгслийг зогсоон бусдаас тусламж хүсэхээр цааш гүйх хооронд тухайн зам тээврийн осол болсон байх ба энэ нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул үүнийг осол болох, хор уршиг учруулах урьдчилсан нөхцөл болохыг ухамсарлан ойлгоогүй, учирч болох хор уршгаас урьдчилан сэргийлж осол, эндэгдэл гаргахгүй байж чадна гэж өөртөө хөнгөмсгөөр найдсан гэж үзэх боломжгүй юм.

 

Жолооч нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж явах үүрэгтэй ч А.Б-гийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд үүссэн гэмтэл нь энгийн түвшинд нүдээр харан эвдэрч болзошгүйг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэдгийг тогтоож чадаагүй атлаа түүнийг хайхрамжгүй хандсаны улмаас жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь эвдэрч замын зорчих хэсэгт зогссон, анхааруулах дохио, ослын зогсолтын тэмдэг байршуулаагүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.    

 

Иймд А.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх тул холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатган, шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, уншиж сонсгосон шийдвэр нь гардуулан өгсөн шийдвэрээс зөрүүтэй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд тооцогдох тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

Мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б оршуулгын зардалд 27.077.215 төгрөгийн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Н.Б 12.534.411 төгрөгийн, хохирогч Б.Ц 7.125.367 төгрөгийн буюу нийт 46.736.993 төгрөгийн баримтуудыг гарган өгч хэрэгт хавсаргуулсан байдаг.

 

Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нэг бүрчлэн хянан үзэж хохирлыг үндэслэл бүхий тогтоон гэм буруутай этгээдээс гаргуулан шийдвэрлэж чадаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг хянан үзэж шүүгдэгч Б.Х-с нийт 26.278.393 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-д 16.360.015 төгрөгийг, хохирогч Н.Бд 6.118.011 төгрөг, хохирогч Б.Ц-т 3.800.367 төгрөг тус тус олгуулж, харин Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин гэх 2.825.000 төгрөгийн талаарх нотлох баримтууд нь гүйцэд бус, нотлох баримтын шаардлага хангаагүй буюу уг зардлыг тухайн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхин шийдвэрлэв.   

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо хуульд заасан үг хэллэгийг буруу хэрэглэж, санаатай гэмт хэрэг үйлдсэн мэтээр гэм буруутайд тооцсон, шүүгдэгч Б.Х оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймаг болон Лүн сумын нутаг дэвсгэрээр гэж тодорхой бус эргэлзээтэй байдлаар тогтоосон, хохирогч нарын өмгөөлөгч А.Мэндсүрэнгийн нэрийг шийтгэх тогтоолынхоо удиртгал хэсэгт бичилгүй орхигдуулсан, А.Б нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон байхад түүнийг цагдан хоригдсон хоноггүй гэж, шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан атлаа хуульд заасны дагуу тэдэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг “хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолох” гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан зөвтгөв.

 

Тус шүүхээс А.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатган шийдвэрлэсэн учир тэрээр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол хариуцахгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ямар нэгэн зөрчилгүй, хууль ёсны үндэслэлтэй явагдсаны эцэст шүүхээс процесс ажиллагааны хүрээнд явагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж эрх нь зөрчигдсөн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход уялдаа холбоотой байдаг.

 

Гэтэл тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч нь хохирлын асуудлаар дахин зөвлөлдсөн, ингэж зөвлөлдсөнийхөө дагуу гарган шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг хэргийн оролцогч нарт гардуулсан болон хэрэгт авагдсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй болсон зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх бөгөөд энэ талаар дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.  

 

Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт оршдог бол хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлох үүрэгтэй субъектүүд юм.  

 

Прокуророос 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 344 тоот “Яллах дүгнэлт” үйлдэн хэргийг анхан шүүхэд шилжүүлэхдээ дор дурдсан алдаа зөрчлүүдийг гаргасан байна.

 

Тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд “Хүндэвтэр” хохирол учирснаар хангагддаг.

 

 

Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 82-83, 89-90 дүгээр талуудад авагдсан Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 285, 286 дугаар шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч Н.Б, Б.Ц нарын эрүүл мэндэд “Хүндэвтэр” хохирол учирсан гэдэг нь тогтоогдсон байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт энэ талаар огт тусгаагүй,

 

 

Мөн мөрдөгчөөс тухайн хэргийн гэрч болох Б.Оюундарийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоон[17] мэдүүлэг авсан зөрчил гаргасан байхад прокурорын шатанд уг алдаа зөрчлийг бүрэн гүйцэд хянан үзэж залруулалгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын яллах дүгнэлтийн хэргийн нөхцөл байдлын талаар хийж буй үйл баримтын болон эрх зүйн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй байдлаар бичигдэх ёстой, өөрөөр хэлбэл мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатанд гаргасан дээрх алдаа, зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 болон 32.10 дугаар зүйлийн 3.2, 4.1-т тус тус заасантай нийцэхгүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүхээс хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд хэргийг бүрэн гүйцэд хянан үзэж, уг алдаа зөрчлийг засуулсны эцэст шүүгдэгчийн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцолгүйгээр шийдвэрлэсэн хэдий ч хохирогч Н.Б, Б.Ц-ын нар нь цаашид уг гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхэд шийтгэх тогтоол, магадлал саад болохгүй болно.   

 

Мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүхийн шатанд гаргасан дээрх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байх хэдий ч давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд, эсхүл дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах, эсхүл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй болно.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсэгт 1 дэх заалт болгон “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Төв аймгийн прокурорын газраас Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, түүнд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

1 дэх заалтад “...Шүүгдэгч Х, Б нарыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэм буруутайд тооцсугай...” гэснийг

 

 “...Шүүгдэгч Х-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

 

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг

 

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй...” гэж,

 

3 дахь заалтад “...Х-г Төв аймаг болон Лүн сумын нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар,

Б-г Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гаргахгүй байхаар тогтоож, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай...” гэснийг

 

“...Шүүгдэгч Х-г Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахгүй байх хязгаарлалт тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэж,

 

4 дэх заалтад “...Шүүгдэгч Б.Х, А.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Б.Х В ангиллын 714039 дугаартай жолоочийн үнэмлэх, А.Бгийн В ангиллын 666687 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд тус тус хүргүүлсүгэй...” гэснийг

 

“...Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, А.Б нь 3 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Х В ангиллын 714039 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй...” гэж,

 

            5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бгээс 9.817.107 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бд, 6.416.355 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Бд, 2.150.183.5 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Цт тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б нэхэмжлэлийн шаардлагаас 2.092.500 төгрөг, 3.550.500 төгрөгийг, хохирогч Б.Цын нэхэмжлэлийн шаардлагаас 2.825.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар энэ хэрэгтэй холбоотой гарсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэснийг

 

            “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хос 6.118.011 төгрөг гаргуулан хохирогч Н.Бд, 3.800.367 төгрөг гаргуулан хохирогч Б.Цт, 16.360.015 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бд тус тус олгож, хохирогч Б.Цын нэхэмжлэлийн шаардлагаас 2.825.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь энэ хэрэгтээ холбогдон гарсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж,

 

            6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Х, А.Б нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус тус 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай...” гэснийг

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай...” гэж,

 

7 дахь заалтад “...Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Х, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэснийг

 

 “...Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж,

 

10 дахь заалтад “...Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Х, А.Б нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй..” гэснийг

 

“...Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж,

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-10 гэсэн дугаарлалтыг 1-11 гэж өөрчлөн дугаарлаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                    ШҮҮГЧИД                                         З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА   

 

 

 

[1] хх-ийн 1-р хавтас 20-р тал

[2] хх-ийн 1-р хавтас 23-24-р тал

[3] хх-ийн 1-р хавтас 27-р тал

[4] хх-ийн 1-р хавтас  33-34-р тал

[5] хх-ийн 1-р хавтас 39-р тал

[6] хх-ийн 1-р хавтас 41-42-р тал

[7] хх-ийн 1-р хавтас 44-45-р тал

[8] хх-ийн 1-р хавтас 47-р тал

[9] хх-ийн 1-р хавтас 49-р тал

[10] хх-ийн 1-р хавтас 60-63-р тал

[11] хх-ийн 1-р хавтас 82-83, 89-90-р тал

[12] хх-ийн 1-р хавтас 108-120-р тал

[13] хх-ийн 1-р хавтас 160-162-р тал

[14] хх-ийн 1-р хавтас 6-14-р тал

[15] хх-ийн 1-р хавтас 39-р тал

[16] хх-ийн 1-р хавтас 41-42-р тал

[17] хх-ийн 1-р хавтас 28-30-р тал