Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00826

 

 

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00826

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, эрэгтэй, Х аймгийн Ц сумын Агар багт оршин суух Б.Д /Р***/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1980 онд Х аймгийн Ц сумын 10-н жилийн дунд сургуулийг төгссөн. 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаат цэргийн алба хааж ирээд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оныг дуустал малчнаар ажилласан тул Бадрал нэгдэлд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан 11 жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Б.Д нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ц сумын Бадрал нэгдэлд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 3/103 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа,

Ц сумыэ Бадрал компаний малчин гишүүдээс 1993 онд нэг хүний сард 650 төгрөгөөр цалингийн санг бодож 600 хүнд нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хүний нэрсийн ....Б.Д .... гэх жагсаалтын хуулбар,

Гэрч Д.Д гийн: ....Б.Д нь 1980 онд цэрэгт яваад 1983 онд цэргээс халагдаж ирээд Х аймгийн Ц сумын Бадрал нэгдэлд малчнаар 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ц ийн: ....Б.Д нь цэргээс халагдаж ирээд Ц сумын Бадрал нэгдэлд хоньчноор 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Хүсэлт гаргагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хүралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Д /Р***/-ийг Х аймгийн Ц сумын Бадрал нэгдэлд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Д ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ