| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/05395/И |
| Дугаар | 184/ШШ2024/05516 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/05516
| 2024 11 07 | 184/ШШ2024/05516 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, **** өргөн чөлөө, *** байр, *** тоот хаягт байрлах, ************* ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, ******, ****** байр, ***** тоот хаягт байрлах, *************ХХК /РД:**********/-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж 40,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Итгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Өөрийн компанийн *************сүлжээ рестораны маркетинг, сошиал медиа хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр 2024 оны 02 сарын 07-ны өдөр *************ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг тухайн өдрөө шилжүүлсэн. Гэрээний дагуу хариуцагч нь тус сүлжээ рестораны маркетингийн дараах ажлуудыг 2024 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 60 сая төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохирсон.
Үүнд: Брэндбүүк ба лого 10,000,000, судалгаа 5,000,000, пост 5,000,000, рийл 10,000,000, график видео 8,000,000, видео 5,000,000, зураг авалт 3,000,000, брэнд үүсгэх бүтээлч санаанууд 4,000,000, үйл ажиллагааны зардал 10,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг. Сургалт, бүтээгдэхүүн хөгжүүлэх зөвлөмж, хэвлэлийн эх бэлтгэл, брошур, цэс меню, хаягийн өөрчлөлтийн хэвлэл, ажилтны дүрэмт хувцасны загварын эх бэлтгэх ажил 00 төгрөг.
Гэсэн ч хариуцагч гэрээний төлбөрийг урьдчилан хүлээн авсаны дараа ажлын гүйцэтгэл саатаж, гэрээний дагуу ажлууд ямар нэгэн төлөвлөгөө, эмх цэгцгүй, маш чанаргүй явж эхэлсэн. Тухайлбал 2024 оны 03 сарын 24-ний өдрийн зураг авалт захиалагчийн хэрэгцээ шаардлага огт нийцээгүй, 2024 оны 04 сарын эхний 7 хоногт 1 постероос өөр идэвхжүүлэлт хийгээгүй, 2024 оны 04 сарын 07-ны өдрийн рийл зураг авалт дуу дүрсний хувьд шаардлага огт хангаагүй тул өөрийн хуудастаа байршуулаагүй болно. Энэ мэтчилэн хариуцагч гэрээний үүргээ тун хангалтгүй биелүүлсээр байсан тул бид 2024 оны 04 сарын 09-ний өдөр 24/05 тоот гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, хариуцагчийн зүгээс гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрсөн болно.
Ажил гүйцэтгэх гэрээний 2.10 дугаар зүйлд Гүйцэтгэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эсвэл гэрээний үүргийг ноцтой зөрчсөн тохиолдолд захиалагч гэрээнээс татгалзах буюу гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй,
3.5 дугаар зүйлд Гүйцэтгэгч нь захиалагч талын саналыг гэрээний 1.2-т заасан бүр ажилд бүрэн туслах бөгөөд утга, агуулгаас зөрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ,
8.3 дугаар зүйлд Гэрээт ажлыг дуусахаас өмнө захиалагч талын санаачилгаар гэрээг цуцалсан бол гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн ажилд тохирох хөлсийг захиалагч тал төлөх үүрэгтэй. Гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан /ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй, гүйцэтгэсэн ажлын үр дүн ажлын даалгаварт нийцээгүй гэх мэт/ тохиолдолд захиалагч тал нь төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж тус тус заасан.
Бидний хувьд захиалагч талын 2024 оны 02-04 саруудад хийж гүйцэтгэсэн брэндбүүк ба лого 10,000,000, судалгаа 5,000,000, пост 1,250,000, график видео 3,000,000 төгрөг, нийт 19,250 төгрөгийн ажлуудыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг суутгуулах боломжтой байна. Үлдсэн ажлууд огт хийгдээгүй буюу чанаргүй хийгдсэн, түүнчлэн 2024 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хийгдэх байсан боловч гэрээ цуцлагдсан тул тус ажлуудын дагуу төлсөн 40,750,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.
Үйл ажиллагааны зардал болон бүтээлч санаа болох нийт 14,000,000 төгрөгийн шаардлагыг гэрээний хугацаатай хувь тэнцүүлэн тооцох боломжтой, нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж болно гэж үзэж байна гэжээ.
2. Хариуцагч *************ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
...************* ХХК -ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
"*************" ХХК нь нэхэмжлэгч ************* ХХК-тай тус компанийн Cupchicken сүлжээ рестораны маркетингийн үйл ажиллагаа, сошиал медиа хөтлөлт хийх ажлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, улмаар гэрээний төлбөр 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулсан өдөр гэрээний дагуу шилжүүлсэн.
Уг гэрээний дагуу брэндбүүк ба лого, хэрэглэгчийн судалгаа, пост, рийлс, график видео дүрс бичлэг, зураг авалт, урамшууллын санаа гэх үйл ажиллагааг нэхэмжлэлд дурдсан үнийн дагуу хийх, мөн 10,000,000 төгрөгийг үйл ажиллагааны зардалд авч ажилчдын сургалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хэвлэлийн эх бэлтгэл, хаягийн эх бэлтгэл, ажилчдын хувцас зэргийг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэхээр тохиролцсон.
Гэрээний байгуулсан өдрөөс эхлэн гэрээний дагуу тохиролцсон ажлууд болох брэндбүүк, судалгаа болон сошиал хөтлөлтийн ажлуудаа хийж байсан. Улмаар 2024 оны 03 сарын 31-ний өдөр ************* ХХК-ийн удирдлага болон холбогдох албан тушаалтнуудад ажилчдын сургалт хийж, 2,3 дугаар сарын хийж гүйцэтгэсэн ажлын тайлан цаашид хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, брэндбүүк болон хийсэн судалгаагаа хүлээлгэн өгсөн. Үргэлжлүүлэн рийлс-ийн зураг авалт /2024 оны 04 дүгээр сарын 07-ны хийгдсэн/ болон гэрээний дагуу тохиролцсон ажлуудаа хийж гүйцэтгэж байсан.
Гэвч 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 24/05 тоот албан бичгээр 14 хоногийн хугацаатай гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирсэн. Манай компанийн зүгээс гэрээ цуцлах тухай асуудалд бол татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн боловч дараагийн буюу 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 24/06 тоот албан бичигт манай компанийн хийж гүйцэтгэсэн үнэлгээг шударга бусаар хийсэн буюу гэрээний төлбөрийг буцаан өгөхийг шаардсан. Манай компанийн зүгээс ажлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хариу албан бичгээр мэдэгдсэн боловч манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг зохих ёсоор үнэлэлгүй өнөөдрийг хүрээд байна.
Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг шударга бусаар үнэлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт Улсын тэмдэгтийн хураамж 361,700 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 40,000,000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны цахим гүйлгээний баримт, ИМС ХХК-д хүргүүлсэн 24/10, 24/05, 24/06 дугаартай албан бичгүүд, 12 хуудас зурган баримт, гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүй ажлын тооцоолол.
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, хурлын тэмдэглэл, ХААН банкны дансны хуулга, ажлын гүйцэтгэл, гүйцэтгэсэн ажлуудын төлбөрийн тооцоолол, ************* ХХК-д хүргүүлсэн 24/04102, 24/04101, 24/04231, 24/05131 дугаартай албан бичгүүд, 4 хуудас зурган баримт, 29 хуудас гүйцэтгэсэн ажлын зураг, гүйцэтгэсэн ажлын төлбөрийн жагсаалт үнэлгээ, судалгаа, брэндбүүк гэх 93 хуудас зураг, Novotel зочид буудлын төлбөрийн баримт, Үйл дизайн ХХК-ийн зарлагын баримт, Эм ай си жи ХХК-ийн үнийн санал гэх албан бичиг, Аксиом инк ХХК-ийн тодорхойлолт.
3.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримт Гүйцэтгэсэн ажлын зураг байрших фэйсбүүк пэйж хуудаст үзлэг хийсэн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ************* ХХК-иас хариуцагч *************ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж 40,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны дагуу зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба нэхэмжлэгч болон хариуцагч талаас шаардлага, татгалзлаа нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлсэн байдаг.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас шүүхэд гаргасан нотлох баримтууд, татгалзаж байгаа тайлбаруудаа дэмжих, үгүйсгэх талаарх гэрч оролцуулах, шинжээч томилуулах, үзлэг хийлгэх гэх мэт нотолгооны арга хэрэгслүүдийг ашиглах, холбогдох хүсэлтүүдийг гаргах эрх нээлттэй байсан бөгөөд тэдний хуулиар олгогдсон эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг шүүхээс хязгаарлаагүй болно.
2.2. Хариуцагч *************ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тус шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн баримтыг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хангасан.
Хэдийгээр хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг тус тус баримтлан хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Үйл баримт болон нотлох баримтын талаар:
3.1. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ ...Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлаа чанаргүй, цаг хугацаанд нь хийхгүй байсан тул гэрээ цуцлах саналыг хүргүүлсэн, хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Тэдний хийсэн ажлыг үнэлэн ажлын хөлсөөс суутган нэхэмжилсэн хэдий ч гүйцэтгэсэн ажлын үнэлгээг үндэслэлгүй тогтоосон тул шүүхэд хандсан гэх агуулгаар тайлбарладаг бөгөөд хариуцагч талаас ...Бид гэрээнд заасны дагуу ажлаа гүйцэтгэж байсан, ямар нэг доголдол байгаагүй, захиалагч тал гэрээнээс татгалзсан тул бид хийсэн ажлын хөлсөө авна гээд гэрээ цуцлах саналыг хүлээж авсан. Гэтэл манай хийсэн ажлын үнэлгээг багаар тогтоосон тул бид зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд
3.2.1. Нэхэмжлэгч ************* ХХК, хариуцагч *************ХХК нар нь 2024 оны 02 сарын 07-ны өдөр 24/03 дугаартай ...2024 оны 2 сараас 2024 оны 12 сарын 31-н хүртэлх маркетингийн үйл ажиллагаа, сошиал медиа хөтлөлт хийх үүрэг гүйцэтгэж ажиллах, захиалагч нь ажлын хөлс төлөхөөр, ажлын хөлс 60,000,000 төгрөг гэх ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гүйцэтгэх ажлын даалгаврыг хавсралтаар баталсан байна.
Ажлын даалгаварт ...Компанийн 2024 оны маркетингийн ажлыг хийж гүйцэтгэх, төлөвлөгөө гарган хэрэгжүүлж борлуулалтыг нэмэгдүүлэх. Брендбүүк, лого, маркетингийн төлөвлөгөө, хэрэглэгчийн судалгаа, сошиал медиа сувгууд, сошиал медиа дээр тавигдах бүх төрлийн контент, хэвлэлийн эх бэлтгэл, ажилтнуудын сургалт, урамшуулал, бүтээгдэхүүний сав баглаа боодол гэж гүйцэтгэх ажлыг тодорхойлж дурджээ.
Захиалагч талаас гэрээнд заасны дагуу ажлын хөлс 60,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд 100% шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн, гүйцэтгэгч тал тодорхой ажил гүйцэтгэсэн талаар талууд маргадаггүй. Дээрх үйл баримт нь ажил гүйцэтгэх гэрээ, ажлын даалгавар, Голомт банкны цахим гүйлгээний баримт, гүйцэтгэсэн ажлын талаарх тооцоо, жагсаалт, талуудын албан бичиг, тайлбараар тогтоогддог.
3.2.2. Хариуцагч талаас
- брэндбүүк 10,000,000 төгрөг, гүйцэтгэсэн,
- хэрэглэгчийн судалгаа 5,000,000 төгрөг гүйцэтгэсэн,
- 100 пост 5,000,000 төгрөг, 83 пост 4,150,000 төгрөг гүйцэтгэсэн,
- 47 рийл 10,000,000 төгрөг, 3 рийл 638,297.87 төгрөг гүйцэтгэсэн,
- 8 график видео 8,000,000 төгрөг, 7 график видео 7,000,000 төгрөг гүйцэтгэсэн,
- 2 дүрс бичлэг 5,000,000 төгрөг, 1 дүрс бичлэг 2,500,000 төгрөг гүйцэтгэсэн,
- зураг авалт 3,000,000 төгрөг, гүйцэтгэсэн,
- 5 урамшуулал санаа 4,000,000 төгрөг, гүйцэтгэсэн,
- үйл ажиллагаа 10,000,000 төгрөг, гүйцэтгэсэн,
Нийт 60,000,000 төгрөгийн ажлаас 46,288,297.87 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж,
Нэхэмжлэгч талаас
- брэндбүүк ба лого 10,000,000 төгрөг, гүйцэтгэсэн,
- хэрэглэгчийн судалгаа 5,000,000 төгрөг гүйцэтгэсэн,
- 100 пост 5,000,000 төгрөг, 25 пост 1,250,000 төгрөг гүйцэтгэсэн,
- 47 рийл 10,000,000 төгрөг, гүйцэтгээгүй,
- 8 график видео 8,000,000 төгрөг, 3 график видео 3,000,000 төгрөг гүйцэтгэсэн,
- 2 видео 5,000,000 төгрөг, гүйцэтгээгүй,
- фото зураг авалт 3,000,000 төгрөг, гүйцэтгээгүй,
- бүтээлч санаа 4,000,000 төгрөг, гүйцэтгээгүй,
- үйл ажиллагааны зардал 10,000,000 төгрөг, гүйцэтгээгүй,
Нийт 60,000,000 төгрөгийн ажлаас 19,250,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж гүйцэтгэсэн ажлын үнэ өртгийг зөрүүтэй тодорхойлсон.
Эндээс үзэхэд захиалагч болон гүйцэтгэгч талууд үндсэн үнэлгээ тогтоосон ажлууд буюу гэрээний үнийн дүнг брэндбүүк болон лого цогцоор нь зохиох 10,000,000 төгрөг, хэрэглэгчийн судалгаа 5,000,000 төгрөг, фото зурган болон график пост 5,000,000 төгрөг, рийлүүд 10,000,000 төгрөг, график видео 8,000,000 төгрөг, дүрс бичлэг 5,000,000 төгрөг, фото зураг авалт 3,000,000 төгрөг, бүх урамшуулал болон брэндин үүсгэх бүтээлч санаанууд 4,000,000 төгрөг, үйл ажиллагааны зардал 10,000,000 төгрөг... нийт 60,000,000 төгрөгийн ажил гэж тохиролцсон болох нь гэрээ, ажлын даалгавар, 16-27 дугаар хуудас дахь гүйцэтгэгч талын санал, танилцуулга баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
3.3. Маргааны зүйл нь талууд гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний асуудал байх бөгөөд энэ талаар ч гэрээнээс татгалзах агуулга бүхий харилцан илгээсэн албан бичгүүдэд дурдаж байжээ. Гэрээнээс татгалзах буюу цуцлах асуудлыг талууд хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй ба хариуцагч талын гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнэлгээг тогтоосон тооцооллыг нэхэмжлэгч тал ...гэрээнд заасны дагуу гүйцэтгэх ажил, гүйцэтгэсэн ажлыг гэрээ цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон, 2, 3, 4 сарын ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан, шаардлага хангаагүйг хүлээж аваагүй, гэрээнд хөнгөлөлттэй үнийн санал гэж тохиролцоогүй тул гэрээний үнийн дүнгээс суутган тооцсон гэх тайлбарыг гарган эс зөвшөөрдөг.
Хариуцагчийн талын хүсэлтээр *************фэйсбүүк пэйж хуудаст үзлэг хийхэд 2024 оны 3 сарын 6-ны өдрийн байршил харуулсан 3 бичлэг /54 хх/, 3 сарын 8-ны Март 8 гэх 1 пост, 3 сарын 2, 4-ны пиво сурталчилсан 2 пост, засварын талаарх 1 пост /55 хх/, 3 сарын 8-ны Март 8 гэх 1 пост, 3 сарын 16-ны хагас сайн өдөр гэх 1 пост, 3 сарын 18-ны цэргийн баяр, судалгаа гэх 2 пост /56 хх/, 3 сарын 20-ны тог хязгаарлах гэх 1 пост, 3 сарын 22-ны сансарт ниссэн өдөр гэх 1 пост, 3 сарын 27-ны буу халж сууя гэх 1 пост, 3 сарын 28-ны мангас чикен гэх 1 пост /57 хх/, 3 сарын 30-ны эмч нарын баяр гэх 1 пост, 4 сарын 01-ний инээдмийн баяр гэх 1 пост, 4 сарын 05-ны дүүтэйгээ хамт, BFF гэх 2 пост /58 хх/, 4 сарын 11-ны дуртай чикен, COOL залуус гэх 2 пост /59 хх/, 2 сарын 14-ны валентины баяр, ажлын зар гэх 2 пост /60 хх/, 2 сарын 8-ны цагийн хуваарь гэх 1 пост, 2 сарын 9-ний цагаан сар луу жил гэх 1 пост, 2 сарын 12-ны буцаад нээлээ гэх 1 пост, 2 сарын 13-ны хэвийн үйл ажиллагаандаа орлоо гэх 1 пост /61 хх/, 2 сарын 20-ны ажлын зар гэх 1 пост /63 хх/... гэсэн 3 бичлэг, 25 пост тухайн пэйж хуудаст байрласан байна.
Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч талын ...3 график видео, 25 пост хийгдсэн тайлбар үндэслэл бүхий байх бөгөөд үзлэгээр тогтоогдоогдоогүй буюу пэйж хуудаст байхгүй 60, 63 дугаар хуудсанд авагдсан 2 сарын 14-ний өдрийн рестораны туслах менежер, ажилтан, ерөнхий менежер, тооцооны нягтлан бодогч, хүний нөөцийн менежер гэх ажлын зар бүхий 5 постыг тухайн цаг хугацаа, нөхцөл байдлыг үндэслэн ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн, харин хариуцагч талын 53 пост, 3 рийл, 4 график видео, 1 дүрс бичлэг, урамшуулал бүтээлч санаа, зураг авалт, үйл ажиллагааны зардал гүйцэтгэсэн гэх тайлбар баримтаар нотлогдоогүй гэж үзлээ.
Тодруулбал, талуудын хооронд үл маргах ажил гүйцэтгэх гэрээ, ажлын даалгаварт зааснаар, гүйцэтгэгч талын санал, төлөвлөгөөнд зааснаар хийгдэх ажлуудаас 3, 4, 5 сард төлөвлөсөн брэндбүүк болон шинэ лого үүсгэх 10,000,000 төгрөгийн ажил, хэрэглэгчийн судалгаа гаргах 5,000,000 төгрөгийн ажил, график видеон 3 ажил 3,000,000 төгрөг, 30 постерийн 1,500,000 төгрөгийн ажлыг ажил гүйцэтгэгч хийсэн, захиалагч хүлээн авсан байна.
Түүнчлэн шүүх хуралдааны явцад бүтээлч шинэ санаа гарган ажиллах 4,000,000 төгрөгийн ажил, үйл ажиллагааны зардал 10,000,000 төгрөгөөс хийгдсэн ажилд тохирох үнийг хасч тооцоход татгалзах зүйлгүй болохыг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрдөг.
3.4. Иймээс тогтоогдож байгаа үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хариуцагч буюу ажил гүйцэтгэгч тал 19,500,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх тул,
Мөн дээрх гүйцэтгэсэн ажилд хамаарах шинэ бүтээлч санаа, үйл ажиллагааны зардлын хувьд нэхэмжлэгч талын тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг үндэслэн 10 сарын хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тооцсон үйл ажиллагааны зардал 10,000,000 төгрөгөөс гүйцэтгэсэн 2 сарын ажлын зардал 2,000,000 төгрөгийг,
100 пост, 47 рийл, 8 график видео, 2 видео, 1 фото зураг, брэндбүүк лого бүтээх гэсэн нийт 159 ажилд хамаарах 4,000,000 төгрөгийн шинэ санаа гаргах ажлаас брэндбүүк лого, 3 график видео, 30 пост, нийт 34 ажилд шинэ санаа гаргасан гэж үзэн /1 ажил 25,157 төгрөг х 34 ажил/ 855,338 төгрөгийг буюу үйл ажиллагааны зардал, бүтээлч санаа гарах ажлын зардлаас нийт 2,855,338 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн тул хариуцагчийн гүйцэтгэсэн нийт ажлын хэмжээг 22,355,338 төгрөг гэж тооцов.
Нэхэмжлэгч талаас хариуцагчаар гүйцэтгүүлэх ажлын хөлсөнд шилжүүлсэн 60,000,000 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлс 22,355,338 төгрөгийг хасч тооцоолоод хариуцагч талд 37,644,662 төгрөгийг хариуцуулах нь зүйтэй байна.
4. Хууль хэрэглээний талаар:
4.1. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, ажлын даалгавар, тэдний шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, энэ талаар маргаагүй, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.2. Хариуцагч тал буюу ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасны дагуу захиалсан ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч тал буюу захиалагч тал нь ажлын хөлсийг төлөх үүргийг хүлээсэн ба нэхэмжлэгч ажлын хөлс болох гэрээгээр тохиролцсон 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч гэрээнд заасан тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгэсэн байна.
4.3. Гэрээ хэрэгжих явцад захиалагч буюу нэхэмжлэгч талаас гэрээ цуцлах саналыг 2024 оны 04 сард гаргасныг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон. Талууд ажлын гүйцэтгэл, үр дүн доголдлын талаар маргах хэдий ч гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан гэрээ цуцлах буюу ажил гүйцэтгэгч тал үүргээ ноцтой зөрчсөн нөхцөл байдал бий болоогүй болно.
Харин хэрэгт авагдсан талуудын гэрээ цуцлах талаарх албан бичгүүд, шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд тэдний хүсэл зориг, агуулгыг сайн дураар гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасантай нийцэх бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу ажил захиалагч нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг, ажил гүйцэтгэгч нь ажлын хөлсийг буцаан өгөх үүрэг үүснэ.
4.4. Энэхүү үүргийн хүрээнд нэхэмжлэгч буюу захиалагч тал гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч тухайн ажлын хөлсийг суутган тооцож нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө, 205.2.1-д гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй гэж заасантай нийцэх ба үлдэх ажлын хөлсийг шаардах эрхтэй.
5. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж нэхэмжлэгч ************* ХХК-иас хариуцагч *************ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж 40,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3,105,338 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 37,644,662 төгрөгийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 361,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 346,173 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1 дэх хэсэгт заасны дагуу *************ХХК-д холбогдуулан гаргасан ************* ХХК-ийн 40,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,105,338 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *************ХХК-иас 37,644,662 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ************* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *************ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 346,173 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 361,700 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ