Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023          1             18                                                 2023/ДШМ/04

 

 

Х.Э, Б.Э нарт холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Н.Цэнгэлбаяр

            Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдол, прокурор Н.Цэнгэлбаярын бичсэн эсэргүүцэлд үндэслэн Х.Э, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2134002320345 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

И овогт Х.Э, 1980 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, яс үндэс халх, бага боловсролтой, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Төв аймаг Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багт оршин суух,

Урьд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн сум дундын 23 дугаар шүүхийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

 

Н овогт Э, 1983 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, яс үндэс халх, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт Төв аймаг Эрдэнэсант сумын  Улаанхудаг 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

          Х.Э нь, Б.Э нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багийн нутаг “Хавтгайн энгэр” гэх газраас 2021 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Д.Г эзэмшлийн 168 толгой алдуул малаас 10 тооны ишигтэй ямаа / нийт 20 толгой /буюу бусдын олон тооны малыг хулгайлж 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Х.Э нь 2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Эрдэнэсант сумын Улаан худаг 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан худгийн адаг гэх газраас хөх цавьдар гүүг 4 хөл нь шийр цагаан унаганы хамт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ашиглан хулгайлж 1,992,600 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Х.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т,

Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Аймгийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч ХХ.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Х.Э-ыг бусдын алдуул малыг завшсан, мөн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож,

Шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Х.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэг дахин багасгаж 2 /хоёр/ жилийн хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Э-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг  баримтлан шүүгдэгч Х.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс гаргуулж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор тогтоож,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Э-ын өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Бодит байдалд яллагдагч Х.Э нь Д.Ганболдын эзэмшлийн алдуул мал нь яллагдагчийн малтай нийлсэн байснаас 10 тооны ишигтэй ямааг зарсан, үлдсэн малыг эзэнд нь хүлээлгэн өгсөн, “Н” үсгийн тамгатай 2 тооны гүү, унагыг энэ хавийн мал биш байна гээд хүнд зарсан байдаг. Гэхдээ хэсгийн төлөөлөгчид хэлсэн, гүүг нь хайж олоод эзэнд нь буцааж өгсөн, хүнийх гэдгийг мэдсээр байж зарсан үйлдэл нь тогтоогдож байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх үндэслэх хэсэгтээ /тогтоолын 7-9 тал/ “Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна гээд түүнийг алдуул малыг завшсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт ийм дүгнэлт хийсэн боловч гэм буруугийн талаарх /тогтоолын 13 тал/ дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр гэм буруутайд тооцсон гэсэн нь өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн ойлгомжгүй зөрүүтэй дүгнэлтүүд гаргасан байна. Өөрөөр хэлбэл бодит байдлыг зөв үнэлж дүгнэсэн боловч гэм буруугийн талаарх дүгнэлтэд өөр байр суурийг илэрхийлсэн байна. Гэм буруугийн дүгнэлтэд Х.Э-ын аль үйлдэл нь хулгайн гэмт хэрэг, аль үйлдэл нь хөрөнгө завших үйлдэл гэдэг нь ойлгомжгүй байна. Бодит байдал аль аль нь алдуул мал байсан, түүнийг завшсан үйлдэл гэж үзнэ.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Шүүхийн /тогтоолын 14 тал/ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн боловч 4 дэх заалтад " ... хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 /дөрвөн/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэсэн нь яллагдагч Х.Э-ыг хөнгөрүүлэн зүйлчилчхээд яллах дүгнэлтэд заасан заалтаар ял оноосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн тогтоох хэсгийн 5 дахь заалтад "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Халтархүүгийн Х.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэг дахин багасгаж 2 /хоёр/ жилийн хорих ялаар тогтоосугай” гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн буюу журамласан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасантай зөрчилдөж байна. Шүүх ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах агуулгаар тогтоохдоо андуурсан эсхүл бичиглэлийн алдаа хийсэн гэж үзнэ. Тус заалтад “энэ хуулийн ..... ялын доод хэмжээнээс хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн санкц нь 2-8 жил буюу доод хэмжээ нь 2 жил тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг журамлахаар 1 жилийн хорих ял оногдуулахаар байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шатгасан боловч....шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой. түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн. Шийтгэх тоггоол нь шүүгдэгч Х.Эын үйлдлийг бүрэн хөнгөрүүлсэн дүгнэлттэй боловч гэм буруугийн болон тогтоох хэсэгт зүйлчлэлийг хэвээр үлдээж ял онооосон, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамласан боловч 4 жилээс 2 жил болгон нэг дахин багасгаж тогтооосон нь шүүхийн шийдвэр ойлгомжтой тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Х.Эт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэх, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялын хугацааг багасгаж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Н.Цэнгэлбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “ ... Төв аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр би, эрүүгийн 2134002320345 дугаартай Х.Э, Б.Э нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Э-ыг бусдын алдуул малыг завшсан, мөн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Х.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэг дахин багасгаж 2/хоёр/ жилийн хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхээс шүүгдэгч Х.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэг дахин багасгаж 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна гэж үзлээ.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэг буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Цэнгэлбаяр гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Э-ын өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 2 тооны адууг хулгайлсан гэх үйлдлийг алдуул мал завшсан гэж өөрчилж өгнө үү эсвэл түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэв.   

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч Х.Э-ын өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдол, прокурор Н.Цэнгэлбаярын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх зэрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод хамаардаг.

 

Шүүгдэгч Х.Э нь Б.Э-тэй бүлэглэн Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багийн нутаг “Хавтгайн энгэр” гэх газраас 2021 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө иргэн Д.Ганболдын нийт 20 тооны ямаа буюу бусдын олон тооны малын хулгайлж бусдад 1,600,000 төгрөгийн  хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Э нь 2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Эрдэнэсант сумын Улаан худаг 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан худгийн адаг гэх газраас хөх цавьдар гүүг 4 хөл нь шийр цагаан унаганы хамт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ашиглан хулгайлж бусдад 1,992,600 төгрөгийн хохирол учруулсан гэм хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Д.Г-ын: “...Би урд өмнө нь мэдүүлэг өгөхдөө ерөнхий болсон асуудлын талаар ярьсан одоо болсон асуудлыг ахиад эхнээс нь яриад яахав гэхдээ би анх өөрийнхөө 80 ямаа 12 ишигтэй нь алдсан энэ ямаануудаас 55 ямаа 12 ишгийг буюу нийт 67 ямааг Х.Э-ынхаас авсан үүнээс 10 ишигтэй ямааг нь дүү Уламбаярындаа зарсан байсныг буцааж авсан. Одоо манайхаас 25 ямаа дутаж байна. Харин нийт 76 тооны хонь алдсанаас одоо 13 хонь дутуу байна. Ингээд нийт хурга, ишигнээс бол дутаагүй харин 2-3 насны 13 тооны хонь мөн 2-3 насны 25 ямаа нийтдээ 38 тооны бог мал дутаад байна...” /1хх 6/ гэх,

Гэрч Б.Түвшинтөрийн: “ ... Одоогоос хэд хоногийн өмнө нэг манантай өглөө би гэрээсээ хойшоо мордож адуундаа яваад өглөө 8 цагийн орчимд гэртээ ирэхэд Ганболд эхнэртэйгээ манайд ирсэн. Тэгэд урд шөнө хонио алдчихлаа гээд явж байсан. Тэгээд би мэргэлж өгөхөд төлгөнд маань олдохын хувьд бол олдоно гэхдээ нэлээн эрж хайж байж олдоно гэж бууж байсан, үүнийг нь би түүнд хэлээд явуулсан...” /1хх 24/ гэх,

Гэрч А.Батбаатарын: “... 2021 оны 8 дугаар сарын 09-ний өглөө манай хүргэн Ганболд над руу залгаад “урд шөнө гэрийнхээ гаднаас хонио алдчихлаа, хамт хайлцаад өгчих” гэж хэлэхээр нь ... хонь малыг нь хамт хайлцсан...” /1хх 26/ гэх, 

Гэрч Х.Уламбаярын: “... Өчигдөр орой 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 18 цаг өнгөрч байхад миний төрсөн ах Халтархүүгийн Х.Эын хүү Санжаа нь манай хөдөө гэрт ганцаараа ирж "та ямаа худалдаж авах юм уу манайх 10 ишигтэй ямаа зарна нэг ишигтэй ямаагаа 100,000 төгрөгөөр зарна" гэхээр нь би "авъя" гэтэл "за тэгвэл маргааш өглөө туугаад ирье” гэж хэлсэн юм... Тухайн ямаанууд хоёр эвэр нь хоёулаа шар өнгийн шинээр будсан будагтай ямаанууд байсан. Би сайн анзаараагүй нэг улаан, хүрэн халзан ямаа гээд 2 ямааны им нь лав урдаасаа ухам имтэй байсан. Тухайн ямаанууд дунд цагаан ямаа-1, хар халзан ямаа-2, хар ямаа, хар алаг ямаа-1, хүрэн ямаа-2, хүрэн халзан ямаа-1, ишигнүүд нь голдуу хар бараан талдаа зүсмийн ишигнүүд байсан. Содонгоос 2 улаан ишиг байсан... өнөөдөр 16 цагийн орчимд манайд мотоциклтой танихгүй 2 залуу манай хонины бэлчээр дээр ирээд ... Санжаагаас авсан ямаануудыг энэ ямаанууд манай хулгайд алдсан ямаанууд байна гэж хэлэхээр нь би... өгөхгүй гэж хэлтэл... яваад өгсөн. Тэрний дараагаар би Х.Э ахынд очиж уулзахад надад "наад ямаанууд чинь уулнаас ирж манай хонинд нийлсэн ямаанууд байгаа юм аа" гэж хэлсэн. Тэгээд би өгсөн мөнгөө Х.Э ахын хүү Санжаагаас нэг сая төгрөгөө буцаагаад бэлнээр нь авсан. Тэгээд гэртээ ирээд байж байтал Санжаа мотоциклтой ирээд нөгөө надад зарсан 10 ишигтэй ямаагаа туугаад явсан...” /1хх 12-13 / гэх,

Насанд хүрээгүй гэрч Э.Санжаарэнчингийн: “...Тэр орой манай аав, ээж хоёр аавын дүү Уламбаяр ахынх руу 19 цагийн орчимд оччихоод удалгүй ирсэн. Тэгтэл аав надад "Уламбаяр ахынд чинь хэдэн ямаа зарахаар боллоо чи маргааш өглөө эрт босоорой” гэж хэлсэн. Тэгээд гэрийнхэн унтацгааж маргааш өглөө нь 09 цагийн орчимд аав, ээж, Санжаапэрэнлэй бид 4 гэрийн үүдэнд хонио хурааж манай хонинд нийлсэн айлын эзэнгүй хонь, ямаануудаас 10 ишигтэй ямаа ялгаж тэр ямаануудыг бүгдийг нь улбар шар өнгийн будгаар хоёр эврийг нь хоёуланг нь будсан, ямаануудын эврийг ямааг нь би барьж эврийг нь аав будсан. Будаж дууссаны дараа аав намайг тэр ямаануудыг туугаад Улаанаа буюу Уламбаяр ахындаа аваачиж өгчхөөд ир гэж хэлхээр нь би аавын мотоциклийг унаад ганцаараа нөгөө 10 ишигтэй ямааг туугаад өгч тэдний хонинд нь нийлүүлж гэр рүүгээ харьсан... манай хониноос хонь, ямаагаа ялгаж аваад яваад өгсөн. Тэрний дараагаар аав намайг Уламбаяр ахындаа очиж мөнгийг нь өгчхөөд ямаагаа туугаад ир гээд надад нэг сая төгрөг өгч явуулахаар нь би Уламбаяр ахынд очиж мөнгийг нь өгчхөөд 10 ишигтэй ямаагаа ялгаж аваад гэр рүү харьсан...” /1хх 21-22/ гэх,

Гэрч Г.Эрдэнэбаярын: “... 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 10 цагт манай аав над руу залгаж шөнө гэрийнхээ гаднаас хонио алдчихлаа өчигдөр хайгаад олоогүй гэж хэлсэн... Тэгээд аав бид хоёр бас манай хамаатны хүмүүс гээд бараг арваад хүмүүс нийлж манай алдсан малыг Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар, манай сумын хойд талд байдаг Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг гээд баахан эрэл хайгуул болж явсан боловч 2021 оны 8 дугаар сарын 18-ны  хүртэл ямар нэгэн сураг ажиг юм дуулдаагүй. Тэгээд би хамаатныхаа Дашзэвэг гэдэг залуутай хамт сумын төвөөс урагш айлуудын хонь, уул хадаар алдсан хонио хайж явж байгаад ойролцоогоор 11 цаг өнгөрч байхад Х.Э гэдэг ахын гэрийнх нь урд ууланд хонь байхаар нь хонинд нь хонио шүүж үзтэл манай алдсан хонь ямаанаас тэднийд нэлээн олон мал байсан... за би танай хониноос хонио ялгаж авъя даа гэтэл урд уулнаасаа буулгаж гэрийнхээ үүдэнд тууж ирэхээр нь гэрийнх нь урдхан талд нь хонио ялгаж аваад гэрийнх нь хойд талд 100 гаран метр зайд аваачаад Х.Э ахтай хамт тоолох гэтэл морио унаад зугтаагаад алга болчихсон. Тэгээд би энэ талаараа аавд хэлж аавыг дуудсан... бид хэд хонь, ямаагаа тоолоход хурга 22 хурга, 41 хонь байсан, ишиг 2, ямаа 45  ингээд тэднийхээс нийт хонь хурга нийлсэн 63 хонь, ямаа, ишиг нийлсэн 47 ямааг тоолж авсан... уулын урд талд байдаг тэдний дуу Уламбаярын хонинд шүүж үзтэл манай имтэй ишигтэй ямаанууд байсан тухайн үед эврийг нь цоо шинэ улбар шар өнгийн будгаар эвэрнүүдийг гадна дотногүй будаад өөрчилчихсөн байсан, ...10 ишигтэй ямаа байсан...” /1хх 28-29/ гэх,

Хохирогч Б.М: “... Би 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр адуугаа хужирлаж байгаад орой 20 цагийн үед өөрийн эзэмшлийн 60 гаран тооны адууг Улаан худагийн эх рүү гаргаж орхисон. Маргааш өглөө нь... адуун дээрээ очтол зөв талын гуяндаа хатан сүйх тамгатай хул азаргатай 9 тооны адуу байхгүй байсан... Адуугаа олж авахад хөх цавьдар зүстэй саран дэвсгэртэй “Н” үсгэн тамгатай  гүү, хойд хоёр хөл нь бэлэвсэн цагаан, эр хээр зүсмийн унагатай байхгүй байсан... 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэсант сумын иргэн Баяраа гэх хүн сураг гаргаж, Эрдэнэсант сумын “Буу Эрка” хочтой Х.Э хоёуланг нь хөөж ирээд малын хашаанд хашиж, Баян-Өнжүүл сумаас Жагаа гэж хүн ирж авна гэж хэлээд үлдээсэн...” /2хх 14-16/ гэх,

Гэрч Б.Баярмагнайгийн: “2022 оны 6 дугаар сарын 14-ний 11 цагийн үед Х.Э гаднаас орж ирээд мэнд мэдээд, танай хашаанд унагатай гүү хаших гэсэн юм, хүнд өгөх ёстой гээд орж ирсэн. Тухайн 2 адууг манай хашаанд хашиж орхиод Бүрэн сумаас Жагаа гэж хүн ирж авна гэж хэлээд үлдээгэд явсан. Зөв талын гуяндаа саран дэвсгэртэй “Н” үсгэн тамгатай хөх цавьдар гүү, эр, хээр унагатай байсан...” /2хх 18-19/ гэх,

Гэрч Д.Жаргалсайханы: “... 2022 оны 6 дугаар сарын 14-ний өглөө Х.Э танихгүй гар утсаар над руу залгаад ахаа би унагатай гүү хөөгөөд Хөтөл нуур гэх газарт Баярмагнай гэх айлын хашаанд үлдээлээ, та хурдан ирж аваарай гэж хэлсэн. Их дэлтэй цавьдар гүү, гадсан сартай, зөв талын гуяндаа саран дэвсгэртэй “Х” үсгэн тамгатай, эр хээр унагтай гүү байсан... Сүүлд адууны жинхэнэ эзэн нь Бүрэн суманд манай дүү Батгэрэлтэй очиж уулзаж, болсон байдлын талаар хэлэхэд хулгайд алдсан адуу болохыг мэдсэн...” /2хх 25/ гэх  мэдүүлгүүд болон

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 07/249 /2хх 100-111/, 2022 оны 8 дугаар сарын 09-ны өдөр 07/215 /2хх 84-98/, 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 07/242 дугаартай /1хх 36-49/ шинжээчийн дүгнэлтүүд,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 97-98/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 57/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл холбогдлыг ямар нотлох баримтыг үндэслэл болгон цагаатгаж байгаа нь тодорхой бус өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана” гэж заасантай нийцэхгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасан ноцтой зөрчилд хамаарах хэдий ч тус шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй тул шийтгэх тогтоолын тухайн хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

          Харин прокуророос шүүгдэгч Х.Э-ыг Б.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багийн нутаг “Хавтгайн энгэр” гэх газраас 2021 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Д.Г эзэмшлийн 168 толгой алдуул малаас 10 тооны ишигтэй ямаа / нийт 20 толгой /буюу бусдын олон тооны малыг хулгайлж 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар,  

мөн түүний 2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Эрдэнэсант сумын Улаан худаг 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан худгийн адаг гэх газраас хөх цавьдар гүүг 4 хөл нь шийр цагаан унаганы хамт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ашиглан хулгайлж Б.М 1,992,600 төгрөгийн  хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тусд нь зүйлчлэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч Х.Э-ын дээрх үйлдэл холбогдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. ....гэж зааснаар нэгтгэн зүйлчлэлгүйгээр түүний Б.Этэй бүлэглэн хохирогч Д.Ганболдын 20 тооны ямааг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж дүгнэлт өгч ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

Мөн анхан шатны шүүх Х.Э-ын гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршигийн хэр хэмжээ, хувийн байдал хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар уг ялыг нэг дахин багасгаж 2 жил хорих ял оногдуулсныг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.Э-ын үйлдэл холбогдлуудыг нэгтгэн зүйлчилсэн учир түүнийг анхан шатны шүүхээс бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсоныг хасаж, харин Х.Эын бусдын олон тооны малыг бусадтай бүлэглэн, машин мехинизм хэрэглэн хулгайлсан үйлдэлд нь хуульд заасны дагуу гэм буруутайд тооцвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зөрчигдөхөөр байх тул шийтгэх тогтоолын 3 дахь заалтаас “ ... мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэж гэм буруутайд тооцсоныг хэвээр үлдээсэн болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Х.Э-т ял хөнгөрүүлж оногдуулсан 4, 5 дугаар заалтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, ойлгомжгүй бичигдсэнийг зөвтгөн уг заалтуудыг нэгтгэн өөрчлөлт оруулав.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дэрдүүлэх үүднээс Х.Э-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг нэгтгэн зүйлчилж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу хөнгөрүүлэн оногдуулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч Х.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох  хэсгийн 2 дугаар заалтыг

“... Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Э-ын шүүгдэгч Б.Э-тэй бүлэглэн хохирогч Д.Г-н эзэмшлийн 20 тооны буюу олон тооны ямааг хулгайлсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар,

Хохирогч Б.М 2 тооны адууг мотоцикль ашиглан хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тусд нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилсүгэй.” гэж өөрчилж,  

- 3 дахь заалтад  “... Шүүгдэгч Х.Э-ыг бусдын алдуул малыг завшсан, мөн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Х.Э-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

- 4, 5 дугаар заалтуудыг нэгтгэн “...Шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 6 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Э-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Эт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж,

- 7 дугаар заалтыг бүхэлд нь хасаж, бусад заалтыг хэвээр үлдээн, Тогтоох хэсгийн 1-13 гэх дугаарлалтыг 1-11 гэж дугаарлан өөрчилж, шүүгдэгч Х.Э-ын өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан  давж заалдах гомдол, прокурор Н.Цэнгэлбаярын бичсэн эсэргүүцлийг тус тус хангаж шийдвэрлэсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС

 

 

                             ШҮҮГЧИД                                                  М.МӨНХДАВАА   

 

 

                                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ