Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/11

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Г-ийн Г-д холбогдох эрүүгийн 1717000450049 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Г-ийн Г /РД:ЕА74021611/ Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1974 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж 29 дүгээр байрны 45 тоотод оршин суух, “Майн Бласт” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, дээд боловсролтой, маркшейдер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,  

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Г.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 15 дугаар байрны 4-49 тоотод иргэн П.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Ганбат нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны орой 23-00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 15 дугаар байрны 4-49 тоотод  П.Б-нийг согтуугаар хаалга чанга нүдэж, хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Г.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай эмээ Шивээговь суманд байдаг юм. Би 23 цагийн үед эмээгийндээ ирж хоносон. Манай дүү Г, Б хоёр хамт амьдардаг, нэг хүүхэдтэй. Бид нарыг унтаж байхад хаалга хүчтэй нүдээд байхаар нь босоод хаалга нээтэл Б согтуу байсан. Би яагаад архи ууж байгаа юм бэ гэхэд Б чиний амаар архи уусан юм уу пиздаа минь гэсэн. Тэгэхээр нь би нэг шанаадаад, нэг өшиглөсөн. Хаана нь өшиглөснийг мэдэхгүй байна. Б шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би учруулсан болохоор гэм буруутай гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хэрэг шалгаж байх явцад цагдаагийн албан хаагч болон хэн нэгэн хүн, ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 200 000 төгрөг бэлнээр төлсөн. Хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна гэв.

 

1.2. Хохирогч П.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр урьд сууж байсан эхнэр хүүхэд рүүгээ 150 000 төгрөг явуулъя гэж хэлснээс болоод эхнэр Г-тэй маргалдсан. Би гэрээсээ гараад гадаа сууж байтал эхнэр Г гарч ирээд чи тэр эхнэр хүүхэд рүүгээ зайл, тэр муу чинь үхээсэй гээд загнаад хашгичаад байхаар нь би босоод яваад өгсөн. Дэлгүүр ороод 0,33 литрийн Хараа нэртэй архи аваад ганцаараа уугаад буцаад гэртээ ороход эхнэрийн ах Г ирсэн байсан. Г намайг хараад архи дарс уулаа зайл пиздаа минь гэхээр нь би өөдөөс нь чиний амаар ууж байгаа юм уу гэсэн чинь босож ирээд миний дээд талын уруул, шүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би тонгойгоод суусан чинь миний зүүн талын нүд рүү өшиглөсөн. Миний зүүн талын гарыг ард өчөөд толгойны хойд дагз хэсэг рүү дэвсээд байсан. Мөн нуруу руу дэвсэж зодсон. Би сүүлдээ больё гэж хэлсэн. Тэгээд эхнэр намайг нөгөө өрөөндөө ор гээд цаад талын өрөөндөө оруулаад унтуулсан. Маргааш өглөө босоод цагдаад хэлье гэсэн чинь эхнэр нэг удаадаа өнгөрөөчих гэсэн.  Г-ийг машинтай болохоор Налайх дөхүүлээд өгөөч бензинийг чинь хийгээд өгье гэж гуйгаад Налайхад аав, ээж дээрээ очсон. Налайхад очсоны дараа аав, ээж цагдаад өгнө гэхээр нь хамт цагдаа дээр очоод болсон асуудлын талаар хэлсэн чинь Шивээговь сумандаа очоод цагдаад нь өргөдөл гаргаад шалгуул гэсэн. Ганбат намайг зодож байхад эхнэр Г, эмээ П нар байсан.  Миний зүүн талын гар хөдлөхгүй байна. Зүүн нүд хөхөрсөн, дээд уруул хавдсан, дээд талын үүдэн 3 шүд хөдөлсөн. Толгой байнга өвдөж байна. Би 1 давхрын айлаас гарахдаа ямар нэгэн гэмтэлгүй гэр лүүгээ орсон. Зодуулсныхаа маргааш нь 1 давхрын айлаар ороод явлаа баяртай гэж хэлсэн чинь эхнэр нь намайг хараад нүүрээ яасан юм бэ гэхээр нь хүнд зодуулсан юм гэж хэлээд гарсан. Тухайн өдөр архи уугаад жаахан халсан, болсон асуудлын талаар бүгдийг мэдэж байгаа. Тухайн өдөр гадаа явж байхдаа хүнтэй маргалдаж муудсан зүйл байхгүй. Мөн унасан зүйл байхгүй. Г-тын үйлдлийн улмаас миний 3 хавирга хугарсан. Зодуулсны маргааш  миний зүүн талын цээж хавиргаар хөндүүрлэж өвдөж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 6-15 хуудас/

 

1.3. Гэрч Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Өглөө 07 цаг өнгөрч байхад манай хүргэн Б манайд нүүр нь хавдсан цус болсон орж ирсэн. Би юу болсон юм бэ гэсэн чинь зодуулчихлаа гээд уйлаад байсан. Намайг Налайх руу хүргээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би надад бензин байхгүй гэж хэлсэн чинь би 60 000 төгрөгөнд бензин хийгээд өгье гэхээр нь зөвшөөрсөн. Замдаа явж байхдаа пизда нарыг ална даа хэдэн жил шоронд суусан билээ дээ гээд орилоод байсан. Тэгээд Налайхад очоод ахынхаа гэрт очьё гээд нэг хашааны үүдэнд очиж зогсоод түр хүлээж бай би ороод гараад ирье гэсэн. Би хашааны гадаа нь хүлээгээд зогсож байсан чинь Б нь буцаж гарч ирээд миний талын хаалгаар үгийн зөрөөгүй ирээд намайг зүүн талын шанаа руу гараараа хүчтэй цохиод авахаар нь чи яаж байна гээд түлхсэн чинь намайг заамдаад машинаас буулгаад чи тэр муу ах дүү хоёроо дуудаад ир танай ах чинь мөнгөтэй гэсэн үү, жийп унадаг гэлүү танайхнаас тултал нь мөнгө нэхнэ гээд машин тэрэг рүү шороо шидээд байсан. Би ах Г руу утсаар яриад энэ хэд чинь ах дүү нараа дууд гээд намайг явуулахгүй байна, цохиж зодоод байна гэж хэлсэн. Манайд орж ирээд надад юм хэлээгүй би зодуулчихлаа гээд уйлаад байсан. Би хэнд зодуулсан талаар нь асуухад Б хэлэхгүй байсан. Нэг талын хацар, дээд уруул нь хавдсан байгаа харагдсан. Мөн нэг нүд нь хөхөрсөн байгаа харагдсан аль нүдийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-18 хуудас/,

 

1.4. Гэрч Н.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед байх цагийг нь нарийн санахгүй байна. Манай орцны 2 давхрын 49 тоотод байдаг Б гэх залуу эхнэртэйгээ маргалдчихлаа танайд ороод хоноё гээд тал шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи бариад орж ирсэн. Манай нөхөр тэр архинаас нь 1 хундага уугаад дахиж уугаагүй. Б ганцаараа уусаар байгаад ёроолоор нь үлдээсэн. Тэгээд архиа ууж дуусгаад Г-г ална гээд байсан. Г гэдэг нь эхнэр нь байгаа юм. Тэгээд орилоод болохгүй байхаар нь 2 давхарт гараад Б-ийн эхнэр Ганаад нөхрөө ав гэсэн чинь өөрөө гараад явсан, өөрөө орж ирнэ биз гэсэн. Бат-Эрдэнэ утсаар эхнэр лүүгээ залгаад ална гээд байсан. Тэгээд гэртээ орж амарлаа гээд гараад явсан. Маргааш өглөө нь Бат-Эрдэнэ манайд орж ирээд эхнэрийнхээ ахад зодуулчихлаа хүмүүс ингэдэг юм байна гэсэн. Нэг нүд нь хөхөрсөн байсан, аль нүд гэдгийг нь санахгүй байна. Б би Налайх явлаа баяртай гэж хэлээд гарсан. Биед нь ил харагдах шарх байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21, 25-26 хуудас/

 

1.5. Гэрч З.П мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед байх Бат-Эрдэнэ миний утас руу залгаад би Ганцэцэгийн ахад зодуулчихлаа та хүрч ирээд намайг аваач, намайг арай дэндүү зодчихлоо гэсэн. Би Б-нээс яасан гэж чамайг зодож байгаа юм бэ гэсэн чинь би өдөр хуучин эхнэр хүүхэд рүүгээ мөнгө шилжүүлье гэснээс болоод Г-тэй маргалдаад гэрээс гарч архи ууж яваад гэртээ ороод ирсэн чинь Г өөдөөс янз бүрийн юм яриад байхаар нь зөрүүлээд хэдэн үг хэлээд ам зөрсөн. Тухайн үед Г ах Г-аа дуудаад намайг зодуулчихлаа, миний нүүр, шүд, цээжээр өвдөөд байна. Та намайг ирээд аваач гэхээр нь би шөнө яаж унаа олох юм бэ чи цагдаагийн газартаа мэдэгдээд маргааш өглөө унаа олоод хүрээд ир гэж хэлсэн....Нүүр нь битүү хавдар болоод зарим газраа хөхөрсөн байсан. Мөн доод үүдэн 3 шүд хөдөлсөн цээжээр хөндүүрлээд хөдөлж чадахгүй байна гэж байсан. Хуучин хагалгаа хийлгэсэн эвэрхий задарсан гэж байсан. Г Б-ийг эхнэр 3 хүүхдээс нь салгаж гэр бүл үймүүлж авч суусан. Хааяа архи дарс уухаараа Г-тэй маргалдаж хэрэлдэх зүйл байдаг түүнээс Г-ийг зодоод байдаг зүйл байхгүй. Г Б-нийг зодож байхдаа чиний 1 чих чинь 5 саяын үнэтэй биз 2 чихийг чинь тасдаад хаячихъя, үсрээд 10 сая төгрөг болно биз гээд зодоод байсан гэсэн. Б-ийн хавирга хугарсан, эвэрхий задарсан учраас ажил хийх чадваргүй болсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-24 хуудас/

 

1.6. Гэрч Т.Төмөрхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 17-ны 22 цаг өнгөрч байхад манай яг дээд талын айлын залуу хаалга нүдээд манайд орж ирсэн. Тэр залуу өөрийгөө Бат-Эрдэнэ гэж танилцуулсан. Бат-Эрдэнэ архи уусан байдалтай би эхнэртэйгээ муудаад явж байна, гадаа хүйтэн байна, танайд хоноод өглөө Налайх руу гэр лүүгээ явна гэж орж ирсэн. Бат-Эрдэнэ 0,5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд задлаад надад хийж өгсөн. Би тэр архинаас 3 хундага уусан. Б өөрөө 2-3 хундага уусан байх, би Б-д ор засаж өгөөд унтуулах гэсэн чинь эхнэртэйгээ уулзмаар байна гээд чанга чанга дуугараад байсан. Манай хүүхдүүд айгаад байсан болохоор манай эхнэр Б-ний эхнэрийг дуудна гээд гарсан. Манай эхнэр буцаад ороод ирэхэд Б би гэртээ орж унтлаа гээд гарахаар нь би гэрийнхээ хаалгыг хаасан. Б 2 давхарт гэрийнхээ хаалгыг хүчтэй нүдэж байгаа чимээ гарч байгаад хаалгыг нь хүн тайлж өгч байгаа чимээ гарсан. Б гэртээ орсны дараа дээд айлд жаахан түжигнэсэн чимээ гарч байсан. Маргааш өглөө нь Б манай эхнэрт Ганбаа ахад зодуулчихлаа одоо Налайх явлаа гэж хэлсэн гэсэн. Манайд орж ирэхдээ ямар нэгэн ил харагдах шарх гэмтэлгүй зүгээр байсан. Манай гэрээс гарахдаа мөн ямар нэгэн шарх гэмтэлгүй гарсан. Би Б-д хаалга онгойлгож өгөөд гаргасан. Орцонд хүнтэй маргалдаж муудалцаагүй. 2 давхар луу зүгээр гараад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/

 

1.7. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үзэхэд П.Б-нийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын төвгөрт зулгаралт, эрүүнд зулгаралт, дээд уруулын дотор талд цус хуралт, язрал гэмтэл тогтоогдсон. Мөн цээжээр ханиалгах үед хатгуулж өвдөнө гэсэн зовиуртай байсан учир эмнэлэгт цээж гэрэлд харуулахаар явуулсан боловч тогтоосон хугацаанд ирээгүй, эмнэлгийн бичиг баримт дутуу учраас үзлэгээр 339 тоот дүтнэлтийг гаргасан болно. Үзлэгт тогтоогдсон гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр П.Б-ийн гэх эмнэлгийн бичиг баримтыг мөрдөгч ахлах дэслэгч А.Ц авчирч өгснөөр нэмэлтээр 339 тоот дүгнэлтийг эмнэлгийн бичиг баримтанд үндэслэн гаргасан. Уг дүгнэлтэнд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Рентген зурагт: Зүүн V-VI, VII-р хавирганы зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал. Хамрын таславч баруун тийш мурийсан гэх эмнэлгийн баримтыг үндэслэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байна. П.Б-ийн биед учирсан гэмтлүүд нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн талын 5, 6, 7-р хавирганы зөрөөгүй хугарлын үед хохирогч нь гүнзгий амьсгал авах, ханиаж найтаах, зүүн гараар юм өргөх, цохих хүчтэй хөдлөх зэрэг хөдөлгөөний үед эмзэглэл ихтэй хөдлөхөд бэрхшээлтэй, бусад энгийн хөдөлгөөн хийх боломжтой. Дээрх хавирганы хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үзлэгт баруун цавь орчим овойсон байдалтай байсан. Эвэрхий гэмтлийн улмаас задарсан бол хэвлийн хэт авайн шинжилгээнд хэвлийд ямар нэгэн шингэний агууламж тодорхойлогддог. Энэ хүний хэвлийн хэт авиан шинжилгээнд ямар нэгэн илүүдэл агууламж байгаагүй учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-38 хуудас/,

 

1.8. Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 339 дугаартай дүгнэлтэнд: П.Б-ний биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын төвгөрт зулгаралт, эрүүнд зулгаралт, дээд уруулын дотор талд цус хуралттай, язралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 34 хуудас/

 

1.9. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 339 дугаартай дүгнэлтэнд: П.Б-ний биед зүүн \/-VI, VII-р хавирганы зөрөөгүй хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 36 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болохыг дурдлаа.  

 

ХОЁР. Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Гэрч Н.Найдандорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2002 онд Шивээ-Овоогийн уурхайд ажилд ороод Ганбаттай танилцаж байсан. Г.Г-ыг бага байхад аав ээж нь нас бараад өвөө, эмээ дээрээ өссөн гэж ярьдаг. Хүний хувьд их төлөв даруу, нийтэч зантай. Хүнд их тусархуу хүний амьдралын зовлонг их сайн ойлгоно. Хүн удирдах чадвартай. Ажил дээрээ үүргийнхээ дагуу ажлын шаардлагыг сайн тавьдаг. Ер нь их хөдөлмөрч зантай. Г.Г-ыг хүн зодсон гэхээр нь гайхаад байгаа юм. Хэр барагтаа бол уурлаад байдаггүй. Г уурхайгаас гараад явсан ч одоо хүртэл найзууд хэвээрээ байгаа. Найз нөхөд хамт олныхоо дунд нэр хүнд сайтай. Ер нь элдэв янзын ааш зан байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/

 

2.2. Гэрч Г.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Г-тай 2002 оноос хойш найзалж нөхөрлөсөн. Бид хоёр Ш-ийн уурхайд хамт ажиллаж байсан. Г-ын хувьд өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагатай зарчимч ханддаг хөдөлмөрч зантай. Хүмүүстэй ялгаварлахгүй энгийн нийтэч харилцаатай. Хэнд ч тавих ёстой шаардлагаа тавьдаг. Хүнд их тусч зантай. Найз нөхөд хамт олныхоо дунд нэр хүнд сайтай. Элдэв муу зан байхгүй, нэг зангаар байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/

 

2.3. Хохирогч П.Б хохиролд 200 000 төгрөг хүлээн авсан тэмдэглэл, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /х.х-ийн 106-107 хуудас/

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 57-58 хуудас/

 

2.5. Баклаврын дипломын хуулбар, Хөдөлмөрийн хүндэт медалийн үнэмлэхийн хуулбар, Тэргүүний уурхайчин тэмдэгийн үнэмлэхийн хуулбар, Уул уурхайн салбарын 90 жилийн ойн хүндэт медалийн үнэмлэхийн хуулбар, Г.Г-ын ажил байдлын тодорхойлолт /х.х-ийн 93-98 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Г.Г нь прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөнийг харгалзан прокурорын санал хүрээнд торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г-гийн Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА