| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/05312/И |
| Дугаар | 184/ШШ2024/05734 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/05734
| 2024 11 19 | 184/ШШ2024/05734 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ***дугаар хороо, *** байр,***давхарт өөрийн байранд байрлах, ************* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***дугаар хороо, *** дугаар байр, **** тоот хаягт оршин суух, Мандал овогт *************ийн ************* /РД:*************/-д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,097,200 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************* СӨХ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны *************байрны ************* тоот орон сууцны оршин суугч Ш.************* нь СӨХ-ны төлбөрөө 2021 оны 01 сараас 2024 оны 5 сар хүртэл нийт 41 сар төлөөгүйгээс СӨХ-ны үйл ажиллагаа доголдож, бусад оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна. Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2-т орон сууц өмчлөгчийн үүргийг зааж өгсөн бөгөөд
148.2.2-т сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх
148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох гэж, 148 дугаар зүйлийн 148.3-т Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан тул сууц өмчлөгч, оршин суугч нь сар бүр СӨХ-ны төлбөрөө төлөх үүрэгтэй.
Иймд ************* тоот орон сууцны эзэмшигч, оршин суугч Ш.*************аас 41 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 1,097,200 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Манай СӨХ энэ *************байрыг 2022 оны 3 сараас хариуцах болсон. Барилгын компаниас хүлээж авсан, тэгэхэд ************* тоот өр төлбөртэй байсан. Юу хийсэн, ямар зардал гарсан талаар лавласан байсан, бид 2022-2023 оны тайлангаа ирүүлсэн, хэрэгт хавсаргуулсан. Хийсэн ажлуудаа фэйсбүүк групп дээр оруулдаг, жил бүр хурал хийж тайлангаа танилцуулдаг, өр нь шилжиж ирсэн учраас нэхэх эрхтэй гэж бодож байна, өмнө нь манай СӨХ-оос нэхэмжлэл гаргаагүй гэжээ.
2. Хариуцагч Ш.************* шүүхэд гаргасан тайлбартаа:
...СХД-ийн 27-р хорооны *************байрны нийтийн эзэмшлийн хөрөнгөнд яг юу засаж засварласан талаар тайлбар өгнө үү. Зардал мөнгө, авсан зүйлийнхээ баримт материалыг үзүүлнэ үү. 492,000 төгрөг гэсэн байна. Бусад зардал 136,000 гэсэн байна. Энэнд тайлбар хийнэ үү гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт Улсын тэмдэгтийн хураамж 30,883 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэх, ************* тоотын төлбөрийн задаргаа, СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, СӨХ-ны гэрчилгээ, айл өрхийн СӨХ-ны тариф тогтоох тухай УЗ хурлын тогтоол, *************байрны тооцоотой айлуудын жагсаалт, 2022, 2023 онуудын тайлан, Төрийн банкны мэдээлэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ************* СӨХ-оос хариуцагч Ш.*************д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,097,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд ...Сууц өмчлөгч, эзэмшигч нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул 2021-2024 оны СӨХ-ны төлбөрийг нэхэмжилсэн гэх тайлбарыг гаргадаг бөгөөд хариуцагч талаас СӨХ хийсэн ажлаа баримтаар тодорхойлно уу гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг гаргасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
3.1. Шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 6 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Ш.*************д 2024 оны 10 сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж хэргийг оролцогчийн эрх үүргийг тайлбарлан өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, шүүх хуралдааны тов лавлах нь хэргийн оролцогчийн үүрэг ба нэхэмжлэгч холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн, хариуцагч талаас нотлох баримт ирүүлээгүй бөгөөд тэдний хуулиар олгогдсон эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг шүүхээс хязгаарлаагүй болно.
3.2. Хариуцагч Ш.*************д тус шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх хангасан.
Улмаар хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг тус тус баримтлан хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.
4. Үйл баримт болон нотлох баримтын талаар:
4.1. Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны *************байрны ************* тоот орон сууцны өмчлөгч, эзэмшигч Ш.************* 2021 оны 01 сараас 2024 оны 5 сар хүртэлх нийт 41 сарын хугацаанд хамаарах дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаа төлөөгүй болох нь баримтаар тогтоогдох бөгөөд хариуцагч төлсөн гэх үйл баримт, нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй, маргаагүй болно. Харин ямар үндэслэлээр үнэлгээг гаргасан, ямар ажил хийж гүйцэтгэсэн, засвар үйлчилгээнд ямар материал авсан баримттай бэ гэх асуудлаар маргасан.
4.2. Хэрэгт авагдсан нэхэмжлэх гэх баримтад нийтийн эзэмшлийн засвар үйлчилгээ /12,000/ 492,000 төгрөг, хог тээвэр /2,500/ 101,200 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээ /9,000/ 360,000 төгрөг, бусад зардал /3,400/ 136,000 төгрөг, баримт /200/ 8,000 төгрөг гэж дурдсан бөгөөд энэхүү дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлын үнийг 2022 оны 4 сарын 09-ний өдрийн 01 дугаартай айл өрхийн СӨХ-ны тариф тогтоох тухай удирдах зөвлөл хурлын засвар үйлчилгээний зардал 1 м2 нь 250 төгрөг, хог хаягдлын хураамж 2,500 төгрөг, цэвэрлэгээний зардал 9,000 төгрөг, баримтын үнэ 200 төгрөг, лифт ашигласны төлбөр 5,000 төгрөг, ашиглалт, үйлчилгээ бусад зардал 3,400 төгрөг гэх тогтоолоор тогтоогдож байна.
4.3. Түүнчлэн СХД-ийн 27 дугаар хорооны 66 дугаар байрны оршин суугчдын ээлжит бус хурлын тэмдэглэл, удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг үндэслэн ************* СӨХ-г нэмж бүртгэсэн байх бөгөөд тус холбоо нь 2022 оны 03 сарын 17-ны өдрөөс 66 дугаар байрны оршин суугчдыг бүрэн төлөөлөх эрхтэй болох нь СӨХ-ны гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдоно.
4.4. Тус СӨХ хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл өмнө нь гаргаж байгаагүй, сая буюу 2024 оны 6 сард нэхэмжлэл гаргасан, урд нь хариуцаж байсан барилгын компани нэхэмжилж байсан эсэхийг мэдэхгүй гэх тайлбараас үзэхэд хариуцагч Ш.*************аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээ, зардлыг нэхэмжлэгч нэхэмжилж байгаагүй буюу СӨХ байгуулагдсан үеэс өмнөх асуудлыг мэдэхгүй гэх үйл баримт тодорхой байна.
5. Хууль хэрэглээний талаар:
5.1. Нэхэмжлэгч тал нь хуульд заасны дагуу оршин суугчдын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, бүртгүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх ба оршин суугчид буюу сууц өмчлөгч нар нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасны дагуу үүрэг хүлээсэн байна. Дээрх үүргээ биелүүлээгүй хариуцагч Ш.*************аас СӨХ-ны төлбөрийг нэхэмжлэгч ************* СӨХ шаардах эрхтэй.
5.2. Мөн Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2-т орон сууц эзэмшигч, өмчлөгч буюу оршин суугчийн үүргийг 148.2.2-т сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх
148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох гэж зааж өгсөн байна. Энэ нь холбооны бусад гишүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж байгаа зохицуулалт бөгөөд зөрчсөн тохиолдолд тэднийг төлөөлөх эрх бүхий этгээд нь СӨХ болно, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр хуулийн байгууллагад өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
Түүнчлэн хариуцагч талын татгалзсан тайлбар нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу үгүйсгэгдэх ба сууц өмчлөгч, оршин суугч нь сар бүр СӨХ-ны төлбөрөө төлөх үүргийг дээр дурдсан хуулиар тодорхойлсон.
6. Нэхэмжлэгч нь 2021 оны 1 сараас 2024 оны 5 сар хүртэлх хугацааны нийтийн зориулалт бүхий орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,097,200 төгрөгийг нэхэмжилсэн хэдий ч түүний шаардах эрхийн эрх хэмжээ нь үүсгэн байгуулагдсан үеэс буюу 2022 оны 03 сарын 17-ны өдөр СӨХ-ны бүртгэлд бүртгүүлж эрх зүйн чадамж бий болсноор шаардах эрхтэй болох учиртай. Энэ цаг хугацаанаас буюу 2022 оны 4 сараас 2024 оны 6 сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр /1 сарын үнэлгээ - засвар үйлчилгээ 12,000, хог тээвэр 2,500, цэвэрлэгээ үйлчилгээ 9,000, бусад зардал 3,400, баримт 200 төгрөг/ зардал нь 704,600 төгрөг болох бөгөөд хариуцагч Ш.*************д энэхүү төлбөрийг хариуцуулах нь зүйтэй гэж үзэв. Харин 2021 оны 1 сараас 2022 оны 4 сар хүртэлх хугацааны төлбөр 392,600 төгрөгийг ************* СӨХ шаардах эрхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
7. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж нэхэмжлэгч ************* СӨХ-оос хариуцагч Ш.*************д холбогдуулан гаргасан 1,097,200 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 392,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 704,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 30,883 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 21,460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу Ш.*************д холбогдуулан гаргасан ************* СӨХ-ны 1,097,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас 392,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш.*************аас 704,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************* СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчиас улсын тэмдэгтийн хураамжид 21,460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,883 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ