Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/05

 

 

 

 

 

 

  2023            1            25                                                    2023/ДШМ/05                       

 

                                            Ж.М холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Н.Цэнгэлбаяр,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат,

            Шүүгдэгч Ж.М,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч С.Энхбатын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.М-д холбогдох эрүүгийн 2134004320099 дугаар хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М, 1987 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Сонор Харуул” ХХК-ийн хэлтсийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 225 дугаар байрны 67 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүрдэл Майнинг” ХХК-д “Сонор харуул” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлын ажлыг хийж байхдаа хууль бусаар гар аргаар алт олборлогч иргэд дайрах үед Gediz маркийн 9-мм-ийн хар өнгийн EG-20081831 гол мөрийн дугаартай хийн гар буугаар иргэн Ц.Ө руу буудлага хийж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн калибрийн гол төмөр EG-20081831 дугаартай  “EKOL Gediz Cal. 9mm P.A” загварын бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Бүрдэл майнинг” ХХК-д буцаан олгож,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.М-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасны дагуу доорхи гомдлыг гаргаж байна. Үүнд:

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 470 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд заахдаа:

1. ... шүүгдэгч Ж.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж шийдвэрлэсэн бөгөөд өмгөөлөгчийн зүгээс дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:

1. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1. Хамгаалж байгаа эд хөрөнгө, обьект болон ...эсхүл бүлэглэн халдсан тохиолдолд....аргагүй хамгаалалтын хүрээнд галт зэвсэг хэрэглэж болно гэж заасан бөгөөд хамгаалж байсан обьект руу 40 гаруй зэвсэглэсэн, бүлэг хүмүүс /нинжа/ нар дайран орж хамгаалагч А.Болорсүхийн толгойн тус газар осков төмрөөр цохиж ухаан алдуулсан. Ж.М нь албан үүргээ гүйцэтгэж явсан бөгөөд дээрх хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэсэн болно.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3. Гэмтлийн “ хүндэвтэр зэрэгт дараах шалгуур шинжээр тогтооно. 2.3.1 ....эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан: 2.4. Гэмтлийн “ хөнгөн “ зэрэгт дараах шалгуур шинжээр тогтооно. 2.4.1 ....эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэж заасан байхад шинжээчийн 05 дугаартай дүгнэлт нь /XX- ийн 69-70/ эргэлзээтэй гарсан. /хөнгөн, хүндэвтэр гэмтлийн заалтуудыг нэг заалт болгон бичсэн/.

3. Шинжээчийн 504 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 97-103/ 4.Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн цамцны ар талд хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн 12-6 мм хэмжээтэй шинэ цооролтыг хийн гар бууны резинэн сумаар үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн байх бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтэл нь юуны үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Шархны зураг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт хэрэгт байхгүй, эргэлзээтэй.

4. Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаартай магадлалын ...Тогтоох хэсгийн 1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 552 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд мөн өдрийн шүүгчийн 522 дугаартай шүүгчийн захирамж одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байхад хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь эргэлзээтэй. Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх ёстой.

Иймд шүүгдэгч Ж.М-д оногдуулсан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу хүчингүй болгож, гэм буруугүйд тооцож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Цэнгэлбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж:М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт намайг гэм буруутай гэдгийг нотолсон зүйл алга. Баримтаар ярихаас биш би юун дээр шүүгдээд байгаагаа ойлгохгүй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч С.Энхбатын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Ж.М-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүрдэл майнинг” ХХК-д “Сонор харуул” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлын ажлыг хийж байхдаа хууль бусаар гар аргаар алт олборлогч иргэд дайрах үед Gediz маркийн 9 мм-ийн хар өнгийн EG-20081831 гол мөрийн дугаартай хийн гар буугаар иргэн Ц.Ө руу буудлага хийж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь 

            Хохирогч Ц.Ө: “ ... 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Баянголын эх гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайн усан буу нь бууж байгаа гээд хүмүүс яваад цуглаад байхаар нь дүү Тулгаа гэж залууг дагуулаад очсон юм... бусад хамгаалагч нараасаа сондгой хар өнгийн хувцастай, өндөр биетэй хамгаалагч залуу гар буугаар над руу онилсон байгаа харагдсан. Тэгэхлээр нь арай ч намайг буудчихгүй байлгүйдээ гээд зүүн гарын тохойны дотор хэсгээрээ нүүрээ дараад эргээд харсан чинь миний араас буудаад зүүн бөөрний орчим оносон. Тэгээд би тухайн үед зүүн бөөр орчмоо гараараа тэмтэрхэд миний зүүн гарын долоовор хурууны өндөг хэсэг нь зүүн бөөрний орчим хонхойсон хэсэгт ороод тал хэсэгт нь цус шүүрч эхэлж байсан юм.” гэх /1хх 27-28/,

            Гэрч Г.Золжаргалын: “2021 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянголын амны Бүрдэл майнинг ХХК-ний уурхайд дуудагдаж очсон юм. ...Тэгэхэд хүмүүс дайрч ороод дийлдэхгүй байхад хамгаалалтын албаны дарга М хар өнгийн хийн гар буугаар анхааруулга өгч дээш нь 2-3 удаа буудсан. ... Бөөн үймээн болж байхад хамгаалалтын албаны дарга Мыг салгаж кемп рүү авч явсан.” гэх /1хх 38-39/,

            Гэрч А.Болорсүхийн: “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр амарч байгаад тэгээд нэмэлтээр өдөр 11 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянголын амны “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайд дуудагдаж очсон. ...төхөөрөмж дээр 1 нинжа гарсан байхаар нь наана чинь гарч болохгүй буу гээд гарнаас нь татсан чинь тухайн цацруулагчтай ажлын хувцастай царай зүсийг нь муухан санахад шар гэмээр царайтай махлагдуу залуу эргэж хараад гартаа барьсан осков төмрөөр миний толгойдоо өмссөн байсан каск малгай руу цохиж авсан чинь миний ухаан балартаад ухаан алдсан. Нэг мэдсэн чинь манай хамгаалалтын албаны ээлжийн ахлах Золжаргал намайг түшсэн үйлдвэрийн хэсгээс гаргаж байсан. Би тэгээд дээшээ гараад үйлдвэр байгаа 3 дугаар постны пүүтгэнд орж тэнд байсан хүйтэн хар цайгаар толгойгоо шавшаад тэр пүүтгэнээсээ айгаад гаралгүй тэндээ байсан юм.” гэх /1хх 41-42/,

            Гэрч Т.Төмөрсүхийн: “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 09 цагийн үед Цагдаагийн хэлтсийн жижүүрээс залгаад “Бүрдэл Майнинг” ХХК-ийн ашиглалтын талбайд хууль бус гар аргаар алт олборлогч иргэд дайраад үйл ажиллагаанд саад учруулаад байна гэсэн дуудлага гарсан тул дуудлагад яв гэсний дагуу Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүр дээр ирээд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баасансүрэн, экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч П.Төгсбилэгт, эргүүлийн цагдаа Б.Өлзийдаваа, д/а Б.Баярмагнай, д/а Д.Баасанжаргал, д/а П.Батцэнгэл, д/а Б.Мөнхсүлд нарын хамтаар албаны фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй дуудлагын дагуу явсан. ...Уурхайн хамгаалалтын албаны дарга М ...нь хийн гар буу гаргаж ирээд дээш нь нэг удаа хий буудсан. Тэгээд хүмүүс гарахгүй байсан болохоор усан буу руу ороод шороо хамж байсан хүмүүс рүү хоёр удаа буудсан юм. ...” гэх /1хх 44-45/,

            Гэрч Б.Өлзийдаваагийн: “...Өдөр 13-14 цагийн үед уурхайн ард хэсэгт байрлах худгийн орчим хүмүүс цуглаж эхэлсэн. Тухайн газарт 200 орчим иргэд мөн 40-өөд тээврийн хэрэгсэл цугларсан байсан. ...Тухайн үеэр орон нутгийн иргэд болон харуул хамгаалалтын ажилчид хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан. ...Нинжа нар үйлдвэрийн хэсэг рүү дайраад орсон хойно үйлдвэрийн хэсэг дотор хоёр удаа буун дуу гарсан. ...Тэгэхэд хажууд байсан залуу чи миний чих рүү буудсан гээд нөгөө хар хувцастай М гэдэг хамгаалагч залуу руу дайрч маргалдаж байгаад ноцолдоод эхлэхэд бусад иргэд нөгөө залуу руу дайраад эхэлсэн. ...удалгүй дахин үйлдвэрийн баруун талд буун дуу гарсан. Тэгэхээр нь буун дуу гарсан газарт очиход нөгөө хар хувцастай залуу том хар буугаар хүмүүс рүү буудаад байсан...” гэх /1хх 47-48/,

            Гэрч П.Төгсбилэгтийн: “...Тухайн талбайд 200 орчим иргэд цугларсан байсан учир тэнд байсан хамгаалагч, цагдаа нар тэдгээр иргэдийг зогсоож дийлээгүй уурхайн талбай, усан буу руу иргэд дайраад орсон.” гэх /1хх 50-51/,

            Гэрч Б.Баярмагнайн: “...Уулан дээр байсан хэсэг хүмүүс нь түрүүлээд уурхайн үйлдвэрийн хэсэг рүү дайраад ороход худгийн орчим байсан 2 хэсэг нинжа нар дайраад орсон. Тэнд байсан хамгаалагч, цагдаа нар тэдгээр иргэдийг зогсоож дийлээгүй. ...үйлдвэрийн хэсэг рүү ороход үйлдвэрийн хананы сэндвичийн дээрээс харуулын дарга болох М нь шоткон буугаар буудаж хууль бус аргаар алт олборлогч нар нь М руу бөөнөөрөө чулуу шидэж байсан. ...Мыг цааш нь дагуулж гүйгээд цагаан өнгийн уурхайн “Прадо-120” маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж явуулсан.” гэх /1хх 56-57/,

            Гэрч С.Баттулгын: “... хамгаалалтын албаны хар хувцастай өндөр биетэй хамгаалагч ...барьсан байсан хар өнгийн гар буугаараа буудаж өгсөөд гүйгээд гарсан. Тэгсэн усан бууны шалам шороо руу гардагийн орчим хүмүүс бөөгнөрч цуглаад хүн буудуулсан гэхэд нь яваад очиход Ө ах байсан. Ө ах хамгаалагчид буудуулчихлаа гэсэн. Шархыг харахад зүүн бөөрний орчим нь дугуй хэлбэртэй газар хонхойсон цус гарах гэж байгаа бололтой харагдаж байсан. Дээшээ гүйгээд гарсан буудаад байсан хар хувцастай хамгаалагч ...урт хар буу барьж ирээд дахиад хоёр буудсан. Би буудсаныг хараагүй цагдаа очоод болиулсан. ... тэгээд Ө ахын нуруу шарх өвдөөд байна гээд бид машин дээрээ очоод Заамар Хайлааст 3 дугаар багийн төвийн эмнэлэг рүү яваад өгсөн.” гэх /1хх 59-60/ мэдүүлгүүд,  

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай “1.2.Ц.Ө биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 6.Нурууны ктг-д илэрсэн хуучин өөрчлөлтийг дүгнэлтэд дурдаагүй болно.” гэх /1хх 69-70/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаартай “1. Шинжилгээнд 12 калибрын Турк улсад үйлдвэрлэсэн, гол төмөр 20Х0757, сангийн анги 20Х0757 гэсэн дугаартай, "Huglu ATROX" загварын иргэний спорт-ангийн зориулалттай дробинк буу, 9 мм-ийн /cal. 9mm P.A./ калибрын гол төмөр EG-20081831 гэсэн дугаартай, “EKOL Gediz Cal. 9mm P.A." загварын иргэний харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл /резинэн сумтай/ тусгай хэрэгслийг ирүүлсэн байна. 2.Дээрх шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгслийн 9 мм-ийн резинэн хошуутай сум /Cal. 9mm P.A/-ны цохилтын хүч нь 25-160 джоуль байдаг ба хүний биед гэмтэл учруулах боломжтой. 3. Олон улсад резинэн сумтай бууг эсрэг довтлогч этгээдээс 1-10 метр зайнд хэрэглэхийг зөвлөсөн байдаг ба улс орон болгон өөрсдийн хэрэглэх стандарт журмыг боловсруулан гарган мөрдөж ажилладаг. 4. Дээрх тусгай хэрэгслүүдийн хэрэглэх заавар журмыг “Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах заавар" 2003 оны Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурорын хамтарсан дугаар 12/05 заавар батлах тухай тушаалыг үзнэ үү.” гэх /1хх 74-76/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн өнгийн куртикэнд хатуу зүйлийн улмаас үүссэн шинэ цооролт, цагаан эрээн өнгийн майкнд эдэлгээ, хэрэглээний явцад гарсан хуучин цооролт, татаж чангаах үйлчлэлийн улмаас гарсан хуучин оёдол дагасан ханзралт байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн, малгайтай цамц гэмтэлгүй байна. 2. Бор эрээн өнгийн куртикэнд гарсан цооролт нь хийн гар  бууны резинэн сумны  хошуугаар үүсгэгдэх боломжтой. 3. Ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно.” гэх /1хх 86-88/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 504 дугаартай “1. 2021.12.23-ны өдрийн №07 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн цамц 4х3мм дулаан илчээр үйлчлэх үед үүссэн хуучин түлэгдэлт, бор эрээн цамц 12х6мм хэмжээтэй хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн шинэ цооролт, хар цамц 16х10мм, эрээн майк 7х4мм, 14х5мм, 17х5мм, 16x5mm, 11x20mm, 5x2mm, 10x3мм, 16х9мм, 7х5мм хэмжээтэй эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, эрээн майк 23мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин ханзарсан гэмтлүүдтэй байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн цамцны ард талд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн 12х6мм хэмжээтэй шинэ цооролтыг хийн гар бууны резинэн сумаар үүсгэгдсэн эсэхийг тодорхойлох боломжгүй. 5. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэх /1хх 97-99/ дүгнэлтүүд,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/,

            Хохирогч Ц.Ө өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн /1хх 5-10/,

Эд зүйл хураан авсан /1хх 13-22/ тэмдэглэлүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүгдэгч Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

            Шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч С.Энхбат нь “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

            Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт хамгаалж байгаа эд хөрөнгө, обьект болон өөрт нь шууд заналхийлж зэвсэг хэрэглэсэн, эсхүл бүлэглэн халдсан тохиолдолд харуул хамгаалалтын алба хаагч аргагүй хамгаалалтын хүрээнд галт зэвсэг хэрэглэж болохоор хуульчилсан.

 

            Шүүгдэгч Ж.М нь тухайн хэрэг учрал болох үед албан үүргээ гүйцэтгэж явсан боловч бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгоон эхлээгүй, эхлэх гэж байгаа нь тодорхойгүй, зайлшгүй галт зэвсэг хэрэглэх шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байсан болох нь

            Гэрч Б.Өлзийдаваагийн: “ ...Тэнд буу болон галт үэвсэг хэрэглэх шаардлага байхгүй байсан ба тухайн М гэдэг залуу галт зэвсэг хэрэглэж хүмүүсийн уурыг хүргээд байсан. ...Усан бууны доод талын шороог авах гэж иргэд дайраад байсан...” гэх /1хх 47-48/,

            Гэрч П.Төгсбилэгтийн: “ ... Хэрэглэх шаардлага байгаагүй байх гэж бодож байна.. Нөхцөл байдал тэгтлээ хүндрээгүй байсан. Галт зэвсэг хэрэглэснээс болж иргэд цагдаагийн алба хаагч нар хэрэглээгүй байхад эд нар хэрэглэлээ, арай даварцан байна гэх мэт үг хэлж уцаарлаж байсан...” гэх /1хх 51/,

            Гэрч Б.Баярмагнайгийн: “ ...Тухайн үед хийн буу хэрэглэх шаардлага байгаагүй. Тухайн тэнд байсан иргэд уурхайн бүс рүү дайраад орчихсон байснаас биш нөхцөл байдал хүндэрсэн асуудал байхгүй байсан...” гэх /1хх 56/,

            Гэрч С.Баттулгын: “...Тухайн үед хийн буу хэрэглэх шаардлага байгаагүй байх гэж бодож байна. Тэнд байсан иргэд уурхайн бүс рүү дайраад орчихсон байснаас биш нөхцөл байдал тийм хүндэрсэн асуудал байхгүй байсан...” гэх /1хх 59/ мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4-т “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т заасан “хөнгөн” зэргийн гэмтлийн “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан”  гэх шалгуур шинжийг “эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах” гэж бичсэн талаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч И.Ганболор “Эргэлзээтэй биш. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар шарх нь хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн тайлбар гаргасан, шинжээчийн дүгнэлтэд гэмтлийн зэргийн шалгуур шинж буруу бичигдсэн боловч уг дүгнэлтэд агуулгаараа хохирогч Ц.Өы биед “хөнгөн” зэргийн гэмтэл учирсныг тогтоосон байна.

 

            Мөн Ж.Мд холбогдох эрүүгийн 2134004320099 дугаар хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаар магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар шүүгчийн захирамжийн дугаарын тоог “552” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гарсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 552 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд мөн өдрийн шүүгчийн 522 дугаартай шүүгчийн захирамж одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байхад хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь эргэлзээтэй гэсэн нь үндэслэлгүй.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл гомдолд дурдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч С.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                М.МӨНХДАВАА

 

                            ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ