Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2016/01130/и |
Дугаар | 001/ХТ2017/01130 |
Огноо | 2016-11-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2017/01130
М.Анхбаяр, Р.Ганбат нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00016 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1425 дугаар магадлалтай,
М.Анхбаяр, Р.Ганбат нарын нэхэмжлэлтэй,
С.Гал-Эрдэнэд холбогдох
Гэрээний үүрэгт 19.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хишигбуян, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч М.Анхбаярын нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Халиунаагийн тайлбарт: “Би С.Гал-Эрдэнэд 18 000 000 төгрөгөөр 17-81 УНҮ улсын дугаартай Киа маркийн машин зарсан. Уг тээврийн хэрэгсэл нь хамтран нэхэмжлэгч Р.Ганбатын нэр дээр байсан. Урьдчилгаа 5 000 000 төгрөгийг цувуулан төлсөн тул машины бичиг баримтыг Р.Ганбатаас С.Гал-Эрдэнийн нэр дээр шилжүүлж, үлдэгдэл 13 000 000 төгрөгийг сарын дотор төлөх баталгаа гарган нотариатаар батлуулсан ч өнөө хүртэл төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд үндсэн төлбөр 13 000 000 төгрөг, алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Р.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарт: “Р.Ганбатын 17-81 УНҮ улсын дугаартай Киа маркийн автомашиныг М.Анхбаяр түр эзэмшиж байсан ба энэ хугацаанд С.Гал-Эрдэнэд 13 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон байдаг. Тиймээс Р.Ганбат нь уг машиныг Л.Гал-Эрдэнийн нэр дээр шилжүүлэх итгэмжлэлийг Б.Намбаярт олгож, түүний нэр дээр шилжүүлсэн. Хариуцагч нь машины урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөг өгсөн, үлдэгдэл 13 000 000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн тул С.Гал-Эрдэнээс "Худалдах, худалдан авах" гэрээний үлдэгдэл төлбөрийн алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон түүний өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэл гаргасан хүнтэй ямар нэгэн санхүүгийн тооцоо байхгүй, бараг танихгүй хүн. М.Анхбаяр нь өдөр бүр манай гэр болон ажил дээр 2-3 залуутай ирж н.Намбаярт өгөх ёстой мөнгө өг гэж дарамталдаг байсан. Сүүлдээ манай эхнэр хүртэл айх болсон ба эхнэрт минь болон гэр бүлд минь ямар нэгэн юм хийчих байх гэж айгаад 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ гэдгийг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм. Энэ нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна. Тухайн машины эзэмшигч нь Р.Ганбат гэгч бөгөөд түүнийг төлөөлөн н.Намбаяртай би машин худалдах, худалдан авах хэлцлийг хийсэн юм. Гэтэл М.Анхбаяр нь тухайн машины эзэмшигч биш төдийгүй автомашин худалдах, худалдан авах хэлцэлтэй ямар ч холбоогүй атлаа намайг дарамталж хэлцэл байгуулсан. Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг байгуулахад М.Анхбаяр нь Р.Ганбатыг төлөөлөх ямар нэгэн итгэмжлэлгүй байсан нь уг автомашины төлбөрийг нэхэх эрхгүй этгээд буюу Р.Ганбатын нэрийн өмнөөс хэлцэл хийх эрхгүй гэдгийг нотолж байна. Өөрөөр хэлбэл, уг автомашины төлбөр шаардах эрхгүй этгээд хэлцэл байгуулсан нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.” гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00016 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Гал-Эрдэнээс гэрээний үүрэгт 15 750 000 төгрөгийг гаргуулан, Р.Ганбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 750 000 төгрөг гаргуулах шаардлага болон М.Анхбаярын 19 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 255.450 төгрөг, хариуцагчаас төлсөн 222.950 тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 236.700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1425 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Мөнхзаяа миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00016 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1425 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3 дахь заалт, тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч С.Гал-Эрдэнэ нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болохыг нотолсон өвчний магадалгааг шүүхэд гаргаж өгсөн атал шүүх түүний хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн хуулиар олгосон шүүх хуралдаанд оролцох эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангалгүй, эрхийг нь ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “...хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг ... шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ" гэснийг зөрчиж хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Маргаж буй тухайн машины эзэмшигч нь н.Ганбат гэгч бөгөөд түүнийг төлөөлөн н.Намбаяртай С.Гал-Эрдэнэ нь автомашин худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байдаг. Иймд өмгөөлөгчийн зүгээс гэрч н.Намбаярыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө гаргах ёстой гэх шалтгаанаар хүсэлтийг хэлэлцэхээс татгалзсан. Иймд талуудын маргаж буй машины үнийн дүнг тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч мөн л шүүх хуралдаанаас өмнө хүсэлтээ гаргах ёстой гэдэг шалтгаанаар хүсэлтийг хэлэлцээгүй. Шүүх хуралдааны явцад шинээр болон шинжээч томилуулахаар хэдийд ч хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг шүүх ноцтой зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д "... шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна" гэсэн заалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна. Хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх бүх талаас нь болон бүрэн бодитойгоор дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл магадлалд “ ...С.Гал-Эрдэнэ гэрээний үлдэх төлбөрт 11 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Р.Ганбатыг автомашины үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж шүүх зөв дүгнэсэн байна” гэж дурдсан бөгөөд хэрэгт нэхэмжлэгч талын гаргаж өгсөн С.Гал-Эрдэнийн тодорхойлолтоор болон анхан шатны шүүх үлдэгдэл төлбөрийг 10 500 000 төгрөг гэж үзэж шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөрүүтэй дүгнэснийг нотолж байна. М.Анхбаяр нь тухайн машины эзэмшигч биш төдийгүй автомашин худалдах, худалдан авах хэлцэлтэй ямар ч холбоогүй гэдгийг шүүх тогтоосон байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг байгуулахад М.Анхбаяр нь н.Ганбатыг төлөөлөх ямар нэгэн итгэмжлэлгүй байсан нь уг автомашины төлбөрийг нэхэх эрхгүй этгээд буюу н.Ганбатын нэрийн өмнөөс хэлцэл хийх эрхгүй гэдгийг нотолж байна. Иймээс М.Анхбаяр С.Гал-Эрдэнэ нарын хооронд байгуулсан төлбөр барагдуулах хэлцлийн дагуу н.Ганбат нь анз шаардах эрхгүй атал шүүх алдангид 5 250 000 гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэлгүй хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна. Иймд алданги гаргуулахаар шийдвэрлэсэн 5 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч М.Анхбаяр, Р.Ганбат нар нь хариуцагч С.Гал-Эрдэнэд холбогдуулан гэрээний үүрэгт 19 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.Гал-Эрдэнэ нь Р.Ганбатын өмчлөлийн Киа маркийн 17-81 УНҮ улсын дугаартай автомашиныг Б.Намбаяраас аман хэлцлийн үндсэн дээр 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч Р.Ганбатаас 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Намбаярт өөрийн өмчлөлийн 17-81УНҮ улсын дугаартай автомашиныг бусдад худалдах, нэр шилжүүлэх, барьцаалах гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоог хийх, захиран зарцуулах бүрэн эрхийг олгож итгэмжлэл олгосон тухай баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 42/
Р.Ганбат, С.Гал-Эрдэнэ нар нь автомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй байна. Дээрх автомашиныг нэхэмжлэгч Р.Ганбат нь 18 000 000 төгрөгөөр худалдсан гэж, хариуцагч С.Гал-Эрдэнэ нь 16 000 000 төгрөг худалдан авахаар тохиролцсон гэж маргасан ба хариуцагч С.Гал-Эрдэнийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бичсэн 17-81 УНҮ улсын дугаартай Киа маркийн автомшины үлдэгдэл төлбөр 10 500 000 төгрөгийг 2 хувааж төлөхийг тодорхойлсон тодорхойлолт, урьдчилгаанд 5 000 000 төгрөг төлсөн байдал, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэж, хэлцлийн үнийг 16 000 000 төгрөг гэж шүүх тодорхойлсон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, мөн хуулийн 41 дүгээр зүйлд нийцсэн байна.
Р.Ганбат, С.Гал-Эрдэнэ нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдах авах гэрээний үүрэг үүссэн, хариуцагч С.Гал-Эрдэнэ гэрээний үлдэх төлбөрт 11 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Р.Ганбатыг автомашины үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.
Хариуцагч С.Гал-Эрдэнэ нь 17-81 УНҮ улсын дугаартай Киа маркийн автомашины өмчлөгчийг Р.Ганбат болохыг мэдэж байсан хэдий ч 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг нэхэмжлэгч М.Анхбаяртай байгуулсан тул Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч хийсэн хэлцлээсээ татгалзах эрхгүй гэж тодорхойлон, талуудын хооронд анзын гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч С.Гал-Эрдэнийн гаргасан тодорхойлолтыг үндэслэн автомашины үлдэгдэл төлбөр 10 500 000 төгрөг, Төлбөр барагдуулах гэрээгээр тохиролцсон 0,5 хувийн алдангийг тооцож нийт 15 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Р.Ганбатад олгож, хариуцагч С.Гал-Эрдэнээс гэрээний үүрэгт 19 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Анхбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хамтран нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, дүнг буруу бичсэнийг хяналтын шатны шүүхээс өөрчлөлт оруулж, залруулна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Анхбаяр, Р.Ганбат нар нь хамтдаа хариуцагч С.Гал-Эрдэнэд холбогдуулан гэрээний үүрэгт нийт 19 500 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байхад М.Анхбаярын 19 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.
Иймээс хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулна.
Төлбөр барагдуулах гэрээг хийхдээ хүч хэрэглэж хийсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн өөрийнх нь тодорхойлолт болон хэргийн үйл баримтаар үгүйсгэгдэж байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1425 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00016 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... Ретовын Ганбатад олгож, ...” гэснийг “Ретовын Ганбат, Мандахчингийн Анхбаяр нарт олгож, ...” гэж, “...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 750 000 төгрөг гаргуулах шаардлага болон М.Анхбаярын 19 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...“...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 98.950 /ерэн найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБЯАР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН