Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 473

 

“Э а э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Х.Батсүрэн

                         П.Соёл-Эрдэнэ

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “Э а э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Э а э” ХХК-ийн NE-025459 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “Э а э” ХХК нь Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн сумдын нутгийн Хүрмэн нэг нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0274 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0398 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0274 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг баримтлан “Э а э” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “Э а э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Э а э” ХХК-ийн NE-025459 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “Э а э” ХХК нь Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн сумдын нутгийн Хүрмэн нэг нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0398 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0274 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг хэрэглээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргахад Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтыг хэрэглээгүй тухай гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү заалттай холбоотой тайлбар хийгээгүй, энэхүү заалтыг хэрэглэж анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангах боломжтой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасан. Манай компанийн гаргасан өргөдлийн дагуу Ашигт малтмалын газар 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргад санал авахаар албан бичиг явуулсан байдаг. Өмнөговь аймгийн Засаг дарга 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 3 дугаартай саналыг гаргаж, тухайн санал нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газарт ирсэн. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын санал хуульд заасан 30 хоногоор хоцорж ирсэн тохиолдолд зөвшөөрсөнд тооцож, тусгай зөвшөөрлийг олгох зохицуулалттай. Гэтэл Ашигт малтмалын газар хуульд заасан хугацааг хэтрүүлж ирсэн саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зөрчсөн.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтуудыг буруу хэрэглэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар буюу төрийн захиргааны байгууллага байна. Практикт ч гэсэн аймгийн Засаг даргын санал хуульд нийцээгүй байна гэж үзээд олгож байсан тохиолдол олон байдаг.

5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмууд үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, аливаа төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд үндэслэсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Өөрөөр хэлбэл Кадастрын дарга манай өргөдөлд татгалзсан хариу өгч байгаа бол тэр татгалзал нь үнэхээр татгалзах нөхцөл байдал бүхий, үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл Дорнод аймгийн Засаг даргын санал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй санал байхад түүнийг шууд үндэслэн шийдвэр гаргах нь Кадастрын даргын өөрийнх нь шийдвэр “хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдалтайгаа тохироогүй, үндэслэл бүхий биш” шийдвэр болж байна. Иймээс Кадастрын дарга өөрийнхөө шийдвэрийг хуульд үндэслэсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байлгахын тулд аймгийн Засаг даргын шийдвэрийг заавал хянах үүрэгтэй.

6. Энэхүү үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтаар үүрэг болгосон. Мөн, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-т Засаг даргын шийдвэр үндэслэл бүхий юу, үгүй юу гэдгийг хянаж байхаар оруулсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь шийдвэрийн үндэслэл болох Засаг даргын санал нь хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх эрх хэмжээг Захиргааны еренхий хууль олгосон.

7. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Дөрөв” дэх хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй “Дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ...төслийг боловсруулж хяналтын хуудаст тэмдэглэгээ хийнэ” гэж заасан байдаг. Эдгээрээс харахад төрийн захиргааны байгууллага эцсийн шийдвэр гаргадаг, тиймээс шийдвэр нь үндэслэл бүхий, бодит нөхцөл байдалд тохирсон, хуульд үндэслэсэн байхын тулд Засаг даргын санал хуульд нийцсэн эсэхийг мөн хянаж байж шийдвэрээ гаргах ёстой байсан.

8. Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орж 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй болсон тул шүүхээс даалгах, түрүүлж өргөдөл  гаргасан  эрх зүйн харилцаа байгааг тогтоох, мөн зөрчигдсөн гэх эрхийг сэргээх боломжгүй байна гэж анхан болон давж заалдах шатны шүүх үзсэн байдаг. Гэтэл манай “Э а э” ХХК 2015 онд буюу хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох тухай Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр байх үед өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийг хүрсэн бөгөөд Кадастрын даргын шийдвэр гарснаас хойш шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль тогтоогч хуульд өөрчлөлт оруулсан. Нэгэнт энэ нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, мөн шүүхээр хэргийг шийдэх явцад хуульд өөрчлөлт орсон нь иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хохироох үндэслэл болохгүй. Хууль өөрчлөгдсөн ч гэсэн нэгдүгээрт, тухайн эрх зөрчигдсөн үйлдэл хууль өөрчлөгдөхөөс өмнө болсон, хоёрдугаарт хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг зүйл байгаа учраас нэхэмжлэгчийн эрхийг сэргээх огт боломжгүй болсон гэдэг тайлбар нь үндэслэлгүй юм.

9. Захиргааны хэргийн шүүхийн гол зорилго бол иргэн, аж ахуйн нэгжийн зөрчигдсөн эрхийг сэргээх. Гэтэл эрх зөрчигдсөн ч хууль өөрчлөгдсөн гэдгээр зөрчигдөж буй эрхийг сэргээхгүй орхино гэдэг нь шүүх үндсэн зорилгоосоо ухарч, захиргааны хэргийн шүүхийн нэр хүнд, ач холбогдлыг үгүй хийж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй” гэж заасан атал хууль өөрчлөгдсөн тул зөрчигдсөн эрхийг чинь сэргээхгүй гэж байгаа нь тус заалтыг зөрчиж байгаа хэлбэр юм Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

11. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ 19.4-19.5 дахь хэсэгт заасан аймаг, нийслэлийн Засаг даргын санал нь бие даасан эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь уг саналын эрх зүйн үндэслэлийг хянах, үнэлж дүгнэх эрхгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-7-д заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

12. Түүнчлэн, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 120/ШШ2018/0002 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн 03 дугаар саналыг хүчингүй болгосон нь “дэмжсэн” гэсэн саналтай адил нөхцөл байдлыг үүсгэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Учир нь, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал хүчингүй буюу “байхгүй” болж байгаагаас бус “дэмжсэн” гэсэн санал гарч буй хэрэг биш гэдгийг дурдах нь зүйтэй.

13. Мөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироох үндэслэл болохгүй” гэж маргаж байгаа ч /Тодорхойлох хэсгийн 8, 9/ шүүхийн зүгээс хариуцагчид хүчингүй болсон хуулийг хэрэглэж шийдвэр гаргахыг даалгах боломжгүй юм. Учир нь, шүүхээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангана гэдэг нь нэхэмжлэгчийн шаардаж буй шийдвэрийг гаргахыг хариуцагчид үүрэг болгож байгаа бөгөөд тэрхүү үүрэг нь хариуцагчийн хувьд хуулиар үүссэн байх ёстой. Гэтэл энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох ажиллагаа өөрчлөгдсөн, мөн 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь хүчингүй болсноор хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардаж буй шийдвэрийг гаргах /нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-025459 дугаар өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох/ хууль зүйн боломжгүй болсон, улмаар нэхэмжлэгчийг “хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд болохыг тогтоох” эрх зүйн орчин үгүй болсон тул шүүхээс “нийтийн эрх харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

14. Ийнхүү хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж” буй хэрэг биш тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлгүй.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0274 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0398 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ