Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/06

 

 

 

 

 

 

 

 

 

20 2023         01             25                                     

              2023/ДШМ/06

 

 

Б.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Г.Энхбат

            Хохирогч С.А, түүний өмгөөлөгч Д.Ганбат

            Шүүгдэгч Б.Т

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 506 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.А түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Т+д холбогдох эрүүгийн 2234000000509 дугаар хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 21-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 85/А-37 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй, Т,

 

Б.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бэрхийн даваа” гэх газар 9952 ХӨВ улсын дугаартай “Субару” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа асфальтан зам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/А “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үед тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглон” мөн дүрмийн 13.4 “дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр” гэсэн заалтуудыг зөрчиж “Хаожи” маркийн мотоциклийг мөргөж тухайн мотоциклийг жолооч С.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г шүүхээс тогтоосон Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-г Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт зорчихдоо оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалт тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, түүнд оногдуулсан ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-г хохирогч С.А-д 453.000 төгрөг төлснийг дурдаж, “Хаожи” маркийн мотоциклийн үнэлгээ болох 328.000 төгрөгийг шүүгдэгч Б.Тгаас гаргуулж, хохирогчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар хохирогч С.Аийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын 1.870.400 төгрөгийг шүүгдэгч Б.Т-гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэжээ.

 

Хохирогч С.А, хохирогчийн өмгөөлөгч Д.Ганбат нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан хууль ёсны бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоосон байх, шударга ёсны хийгээд хуулийн өмнө талууд эрх тэгш байх гэсэн үндсэн зарчмууд алдагдах хэтэрхий нэг талыг барьсан хууль бус шийдвэр гарсан гэж үзэн гомдол гаргаж байна.

 

Хохирогч миний бие 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг Лүн сум Бэрхийн даваа гэдэг газар авто осолд орж жолоодох эрхгүйгээр шүүгдэгч Б.Т-гийн барьж явсан ХӨВ 9952 улсын дугаартай машинд мөргүүлэхдээ шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 558 тоот дүгнэлтэд дурдсан баруун зулайгаас баруун лямба заадас даган диатиз хэлбэрээр үргэлжлэн баруун дагзны суурь том нүх хүртэл нийлмэл хугарал, дагз хэсгийн хатуу хальсан доорх хатуу цус хуралт, баруун зулай доорх цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл авсан.

 

Өнгөрсөн 3 сарын хугацаанд гэмтэл согогийн үндэсний төв, 3 дугаар эмнэлэг, Нандин ухаан зэрэгт оношлуулан хүний асаргаанд гам алдалгүй, даарахгүй, доргихгүй байж байна. Одоо миний бие тархины гэмтлээс болж баруун мөч үл ялиг хөдөлгөөн саарсан толгой байнга таллаж өвдөн шөнө нойр дутуу мартамхай болж байна. Ийм учраас өөрийн малаа Төв аймгийн Лүн сумын харьяа Н.Наранбаттай аман гэрээ байгуулан сард 500.000 төгрөг төлж маллуулж байна. Гэтэл шүүхэд шүүгдэгч мэдүүлэхдээ хохирол төлсөн, үндсэндээ гэм хорын хохирлыг арилгасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэснийг ямар ч нотлох баримтгүйгээр хүлээн авч бодит байдлаас огт өөр дүгнэлт хийж хэт нэг талыг барьж шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. Бодит байдалд Б.Т миний бие, мал аж ахуйд огт санаа тавиагүй, осол болсны дараа 453.000 төгрөг, эм, тариа өгснөөс өөр юу ч өгөөгүй, өнөөдөр надад миний унаж явсан мотоциклийн 328.000 төгрөгийн хохирол, 3 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 1.870.400 төгрөг, 3 сарын хугацаанд Лүн сумаас Улаанбаатар хооронд эмчид үзүүлж оношлуулж байсан зардал, малаа маллуулсан зардал 7.850.000 төгрөг, нийт 10.048.000 төгрөг болсон байна. Үүнээс 453.000 төлсөн байгаад гомдолтой байна.

 

Шүүх хурал 2022 оны 12 дугаар сарын 14-нд гэсэн ба би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгч авч миний сонгосон өмгөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэргийн материалтай танилцахаар очиход шүүх хурал 12 дугаар сарын 12-ны өдөр болсон байсан. Энэ нь миний хуулийн өмнө талууд эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж гомдож байна. Шүүх хуралдааны товыг надад болон хотод байгаа миний ах дүүсийн утсанд өгсөн бол ийм явдал болохгүй байсан.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хууль ёсны болон үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэн хүчингүй болгож, талуудыг хуулийн өмнө эрх тэгш байх боломжоор ханган хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хохирогч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг ослын улмаас тархины ясны цууралт авсан, одоо нойргүй болж баруун гар хөдлөхгүй болсон. Анхан шатны шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүйгээс болж оролцож чадаагүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Хохирогч С.А-ийн өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчид шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй байдаг ба надад шүүх хуралдаан 12 дугаар сарын 14-ний өдөр болно гэсэн атлаа хэргийн материалтай танилцахаар 13-ны өдөр шүүхэд ирэхэд 12-ны өдөр шүүх хуралдаан болсон байсан. Энэ нь шүүхээс хэргийн оролцогчийг мэтгэлцэх эрхээр хангаагүй үйлдэл болсон. Бидэнд хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бол бид хохиролтой холбоотой баримтыг гарган өгөхөөр бэлдсэн байсан. Миний үйлчлүүлэгчийн баруун гар огт ажиллагаагүй мөн тархины суурь ясандаа гэмтэл авсан. Үүний улмаас өөрөө малаа маллаж чадахгүй нөхцөл байдалтай байгаа. Шүүхээс хохирол барагдуулаагүй байхад хэт хөнгөн ял оногдуулж хэт нэг талыг барьсан шийтгэх тогтоол гаргасан тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан дүгнэлтдээ: Прокурорын хяналтын шатанд Б.Т-гийн гаргасан хүсэлтийг хянан үзэхэд хуульд заасан шаардлагыг хангасан байсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэх талаар арга хэмжээ авсан боловч холбогдож чадаагүй байдаг. Мөн цаашид гарах зардлыг шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Би хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:

 

Шүүгдэгч Б.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 9952 ХӨВ улсын дугаартай “Субару” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг, “Бэрхийн даваа” гэх газрын асфальтан зам дээр зорчин явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а “...Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үед тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглон...” мөн дүрмийн 13.4 “...Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно, а/ “...уулзвар болон гарц дээр...” гэсэн заалтуудыг тус тус зөрчин “Хаожи” маркийн мотоциклыг жолоодон хөдөлгөөнд оролцон явж байсан С.А-ийг мөргөн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч С.А-ийн “...миний бие 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бэрхийн даваа” гэх газар асфальтан замын хойд талд өөрийн эзэмшлийн хонио услаад буцаад гэр рүү явах замдаа асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн мотоциклийг жолоодон явж байхад миний зүүн гар талаар цагаан өнгийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлсэн. Тэгээд би хойшоо эргэж хараад машин байна уу эсэх талаар харчхаад араас машин ирж байгаа харагдахгүй учраас жолоогоо зүүн тийш дарахад ардаас түс тас хийгээд явсан. Тэр үед юу болсон талаар би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг[1]

 

            “Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ, Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22/172 дугаар “...Subaru Forester маркийн 9952 ХӨВ улсын дугаартай автомашины жолооч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 13.4 “дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2. Haoji маркийн мотоциклийн жолооч С.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а. “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/”, 3.1.б. “тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            3. Уг зам тээврийн осолд замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна.

            4. Subaru Forester маркийн 9952 ХӨВ улсын дугаартай автомашины жолооч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт[2],

 

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 558 дугаар “...С.А-ийн биед баруун зулайн араас баруун лямбада заадас даган диатаз хэлбэрээр үргэлжлэн дагзны баруун суурь дагзны том нүх хүрсэн нийлмэл хугарал, дагз хэсэгт тархины хатуу хальсан дээрх цус хуралт, баруун зулайн хуйхан доорх цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо..., ... баруун зулайн араас баруун лямбада заадас даган диатаз хэлбэрээр үргэлжлэн дагзны баруун суурь дагзны том нүх хүрсэн нийлмэл хугарал, дагз хэсэгт тархины хатуу хальсан дээрх цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар Хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт[3], хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч[4] зэрэг хэрэгт авагдсан тухайн хэрэгт ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээр дурдагдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

            Б.Т-гийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг прокуророос хуульд заасан шаардлагыг хангасан хэмээн үзэж 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор уг хүсэлтийг нь хүлээн авч ханган, оногдуулах ялын санал танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1400 цагт хийхээр товлосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дугаар зүйлүүд болон мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т-гийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Түүнчлэн шүүхээс хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд шүүгдэгч Б.Тд прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан хэргийн зүйлчлэлийн төрөл хэмжээ, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангахуйц, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

            Хохирогч талаас шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй хэдий ч анхан шатны шүүхээс тэдэнд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу, энэ талаар бичсэн хохирогч түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдол үндэслэл бүхий байх боловч гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эрх давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй болно.

 

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2, 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтаас өөр шинэ нотлох баримт авах эрхгүй.

 

            Өөрөөр хэлбэл: Тус шүүх нь хохирогчоос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа гарган өгч хэрэгт хавсаргуулсан[5] баримтуудыг үндэслэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй ба анхан шатны шүүхээс хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий зөв болжээ.

 

            Иймд хохирогч С.А түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-г гэм буруутайд тооцохдоо хуульд байхгүй үг хэллэг хэрэглэсэн, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг прокуророос санал болгож, яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс өөрөөр тогтоосон нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 506 дугаар шийтгэх тогтоолыг “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг

 

             “...Шүүгдэгч Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

 

            3 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г шүүхээс тогтоосон Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай...” гэснийг

           

            “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д шүүхээс тогтоосон Нийслэлийн Баянгол дүүргээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай...” гэж,

 

            4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-г Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалт тогтоосугай...” гэснийг

 

            “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-г Нийслэлийн Баянгол дүүргээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалт тогтоосугай...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч С.А, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,    

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ  

 

 

                                   ШҮҮГЧИД                                          З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                        М.МӨНХДАВАА   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] хх-ийн 21-22-р тал

[2] хх-ийн 32-34-р тал

[3] хх-ийн 37-38-р тал

[4] хх-ийн 3-7-р тал

[5] хх-ийн 60-р тал