| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0013/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Г.Эрдэнэ,
хохирогч Д.Ундармаа,
шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Сайнбилэг овогт Т Н яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706036820426 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин хотод 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Их эмч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт уламжлалын их эмч ажилтай байсан, ам бүл-4, ээж, дүүгийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгой 45-р гудамжны 1029/ а /тоотод оршин суух хаятай, бие эрүүл, ял шийтгэл хүлээж байгаагүй, ухаан санаа бүрэн. С овогт Т Н /РД:.................. /.
Холбогдсон хэргийн талаар:
Т.Н нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холбоо толгойн 45-р гудамжны 1029 /а/ тоотод салсан эхнэр Д.Ундармааг зодож эрүүл мэндэд нь баруун чих, баруун зүүн нүдний зовхи, эрүү, баруун зүүн хацар, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ: 2017 оны 10-р сарын 28-ны өдөр 16 цагаас хойш хэрэг болсон, Ундармаа манайд байсан би чамтай маргалдахгүй гээд гарч явснаа эргэж орж ирээд зодоон болсон, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь эсрэгээрээ байсан, энэ салсан эхнэр гэдэг нь худлаа би энэ хүнтэй хамт амьдарч байгаагүй, би энэ хүнээс болж шүүхийн хаалгыг 2 дахь удаагаа татаж зогсож байна, ингэж зогсож байгаадаа өөрөөсөө ичиж байна, энэ бүгд энэ хүнээс болсон, би хүүхдээ ханиад хүрчихээр нь гэрээрээ эмчилж байсан, өөрөө манайд ирээд ийм байдал үүсгэчихээд ийм байдалд хүргэсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ундармаа мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой Найдангийнд очиж хоносон, тэгээд 16 цагийн үед согтуу ирээд нилээн уурлаад хүүхдээ эр хүн шиг байгаач гөлөг чинь гэж хэлсэн, тэгэхэд дүү нь нөгөө өрөөнд орсон байсан, тэгээд намайг буланд суулгаж байгаад цохиод байсан, цагдаа дуудаад ирсэн, 2 нүд хөхөрсөн байсан, нүүр их маажсан байсан, 21 хоног ажлаасаа чөлөө авсан , гомдолтой байна гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ундармаагийн...Би Н 2015 оны 5 сард танилцаж хамтран амьдарч эхэлсэн ба 2015 оны 12 сард жирэмсэн байхдаа салсан юм. Ингээд би 2016 оны 03 дугаар сард хүү төрсөн юм. Ингээд эцэг тогтоолгоод Найдангийн хүүхэд болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан юм. Ингээд бид тусдаа амьдрах болсон. Хүү маань үе үе аавындаа очдог байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүүгээ Найданд хүргэж өгсөн байсан ба 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой би хүү дээрээ очиж хоночихоод гэрт нь байж байтал 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед Найдан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай такси барьж гэртээ ирээд гэрийнхэнд нь нь таксины мөнгө байгаагүй ба би карт авч гараад картнаас таксины мөнгө өгөх гээд гартал хүү маань намайг дагаад уйлсан чинь Найдан хүүгээ гөлөг минь чи эр хүн шиг байгаач гээд уурлаад загнаад байсан ба би гарч таксины мөнгийн өгч явуулчихаад гэрт нь ортол Найдан хүүгийн дух руу няслаад миний толгой руу мөргөөд байхаар нь би хүүгээ тавьчихаад Найдантай хэрэлдээд маргалдсан ба Найдан миний үснээс зулгаагаад толгой, хөл, гар руу цохиод, баруун чихнээс хазаад байсан. Тэгээд тухайн үед Найдангийн дүү Хаш-Иш салгах гэж дундуур ороод миний гарнаас барьсан байхад Найдан намайг дахиад хөл гар луу цохиод байсан. Тэгээд би гарч зугтаад хажуу айл руу орж цагдаа дуудаж цагдаатай хамт орж Найданг цагдаа авч яваад би найз Н.Солонгыг дуудаж хүүтэйгээ хамт явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/.
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Солонгын:.. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал 19 цагийн үед байхаа над руу манай найз Ундармаа нэг танихгүй дугаараас залгаад найз Найданд зодуулчихлаа чи найзыгаа Найдангийнхаас ирээд авчих гэхээр нь би гэрээсээ гараад машинтайгаа Найдангийнд иртэл цагдаа нар ирчихсэн байж байсан. Ингээд би Ундармааг хүүтэй нь хамт аваад бид гурав манай гэрт очсон ба Ундармаагийн биед баруун чих нь хөхөрчихсөн нүүр ам нь урагдаж маажигдсан, өмссөн хувцас нь урагдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/ ,
Мөрдөн байцаалтанд гэрч Хаш-Ишийн :..Манай ахын хүүхэд Тэлмэн 2017 оны 10 дугаар сарын дундуур ирсэн ба Ундармаа манайхаар хааяа хааяа ирж хүүхэд дээрээ ирдэг байсан юм. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ундармаа манайд ирж хоносон ба Ундармаа ах Найдан руу утсаар яриад чи битгий гэртээ очиж хоноорой би танайд очиж хононо шүү гэж хэлсэн байсан учир ах гэртээ ирээгүй юм. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед Ундармаа манайд байж байхад ах Найдан архи уусан байдалтай халамцуу гэртээ ирсэн ба таксины мөнгө байна уу гэхээр нь бэлэн мөнгө алга картанд мөнгө байгаа гэж хэлээд Ундармаад картаа өгөөд гаргасан ба Ундармааг гарахад хүүхэд нь дагаж уйлахаар нь би Тэлмэнг аваад үлдсэн ба Ундармаа картнаас мөнгө авч таксины жолоочид өгчихөөд эргэж ирээд одоо явъя даа Найдан намайг байхаар уурлаад байх шиг байна гээд хувцасаа өмсөөд гарах гэхэд хүүхэд нь дагаж уйлсан чинь Найдан ах хүүхэд уйлууллаа гэж хэлээд Ундармааг чи зүгээр манайхаас яваадах гэсэн чинь Ундармаа хүүхдийн тоглоомон машин аваад ахын толгой руу цохьсон ба тэр үед машин дээр байсан тоглоомууд манай зурагтыг онож зурагтны доод буланг хагалчихсан ба тэгээд л Найдан ах Ундармаа хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. Тэгээд би дундуур нь ороод 2 удаа салгасан боловч Ундармаа өөрөө буцаж очоод Найдан ахтай зууралдсан байсан. Тэгэхээр нь би хүүхдийг нь аваад гараад гадаа байж байгаад буцаад ороход Ундармаа надтай зөрөөд хүүхдээ орхиод гараад явсан. Ийм л асуудал болсон…гэх мэдүүлэг /хх-н 36-р тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13617 тоот дүгнэлтэнд:
1. Д.Ундармаагийн биед баруун чих, баруун, зүүн нүдний дээд зовхи, эрүү, баруун, зүүн хацар, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 21-р тал/,
-шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-ийн 41-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Н нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холбоо толгойн 45-129 /а/ тоотод салсан эхнэр Д.Ундармааг зодож эрүүл мэндэд нь баруун чих, баруун зүүн нүдний зовхи, эрүү, баруун зүүн хацар, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Т. Т.Нд холбогдох гэм буруугийн үйлдлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Н нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холбоо толгойн 45-129 /а/ тоотод салсан эхнэр Д.Ундармааг зодож эрүүл мэндэд нь баруун чих, баруун зүүн нүдний зовхи, эрүү, баруун зүүн хацар, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Д.Ундармаа нь өөрт учирсан хохирлын талаархи нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Хохирогч Д.Ундармаа нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй тул одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Т.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сайнбилэг овогт Төмөртогоогийн Найданг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Нг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Нг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 / зургаан/ сарын дотор төлөхийг тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Нд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Хохирогч Д.Ундармаа нь өөрт учирсан хохирлын талаархи нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Нд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ