Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/194

 

 

Лг /L/-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Содбаяр,

шүүгдэгч Лг /L/-ны өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/956 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар эсэргүүцлийг үндэслэн Лг-д холбогдох 2211012231433 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Америкийн Нэгдсэн Улсын иргэн, Лг /L/, Америкийн Нэгдсэн улсын Калифорн мужид --ны өдөр төрсөн, Солонгос, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, - Америкийн Нэгдсэн Улсад оршин суух хаяг, ял шийтгэлгүй, /паспортын дугаар -/,

Лг нь 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр - гадаа хохирогч О.Бтэй “шөнийн цагаар нялх хүүхэд унтаж байхад чанга дуугарч, ориллоо” гэх шалтгааны улмаас  хоорондоо маргалдаж толгойн хэсэгт хутга, хайчаар 4-5 удаа зүсэж О.Бийн биед “зулай, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн гэмтэл, баруун зулай, чамархай хуйхан доор цусан хураа бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Лгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лгд 1 сарын хугацаанд Улаанбаатар хотоос эрх бүхий байгууллагын хяналтан дор зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж хяналтдаа байлгахын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хохирогчид 4,045,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчуулгын зардал болох 451,000 төгрөгийг шүүгдэгч Лгоос гаргуулан улсын төсөвт оруулж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CD”-г хэрэгт хавсаргаж, хутга нэг ширхэг, хайч нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Тус шийтгэх тогтоолоор шүүгдэгч Лгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, хүрээ хязгаарыг Улаанбаатар хотоос гадагш гарахгүй байхаар тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумиж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Хэдийгээр шүүгдэгч Лг-д оногдуулсан 01 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд” оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Нийслэлийн хэмжээнд тогтоосон нь буруу байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гадагч гарахгүй байхаар тогтоосугай” гэж өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр бичгээр гаргасан болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Лг бол гадаад улсын иргэн бөгөөд тэрээр Монгол хэл, бичиг огт мэдэхгүй хүн юм. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Г Ли нь Монгол Улсад таниж мэддэг, ах дүү, найз нөхөд, хамаатан садан гэхээр ойрын харилцаатай ямар ч хүн байхгүй болох нь тодорхой болсон байдаг. Өөрөөр хэлбэл тэрээр Монгол Улсад хамаарал бүхий этгээд нь байхгүй буюу орь ганцаар хүн юм. Шүүгдэгчийн дээр дурдсан нөхцөл байдал нь өөрөө түүнийг Монгол Улсад чөлөөтэй зорчих боломжийг үлэмж хэмжээгээр хязгаарладаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын иргэний чөлөөтэй зорчих нутаг дэвсгэрийн хэмжээг багасгах тухай прокурорын эсэргүүцэл нь ямар ч үр нөлөөгүй “утгагүй” зүйл юм. Хэрвээ гэмт этгээд гэмт хэрэг үйлдэхийг хүсвэл тэрээр бүхэл хотын хэмжээнд зорчих эрхтэй байна уу, нэгэн хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд зорчих эрхтэй байна уу гэдэг нь ямар ч хамаагүй асуудал юм. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харвал шүүгдэгч этгээд болон хохирогч нар нь ойрхон амьдардаг буюу нэг орон сууцанд хамт амьдардаг болох нь тодорхой байна. Прокурорын эсэргүүцэлд дурдсан шиг шүүгдэгч Г Л зорчих нутаг дэвсгэрийг хорооны хэмжээнд болтол нь жижигрүүлэх аваас шүүгдэгч нь хохирогч болон түүний гэр бүлийн гишүүдтэй өдөр бүр тааралдах магадлал ихсэх бөгөөд энэ нь шүүгдэгч болон хохирогч нар дахин бие биенийхээ эрх чөлөөнд халдах шалтгаан нөхцөл болох өндөр магадлалтай юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г Лид тодорхой нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд харин үүний оронд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч болон түүний гэр бүлийн гишүүдтэй уулзах, тэд нарт ойртохыг хориглох, гэрт нь болон гэрийнхэн нь үүдэнд очихыг хориглох байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах илүү оновчтой бөгөөд илүү үр дүнтэй шийтгэл болох юм.” гэв.

Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэргийн аюулын шинж чанар хэр хэмжээнд гэм буруугийн хэлбэр тохирсон байх ёстой” гэж заасан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Хохирол төлбөрийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны туршид төлөгдөөгүй асуудал байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршино” гэсэн байдаг. Зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотоос гарахгүй байхыг 1 сарын хугацаагаар хязгаарласан нь ялын үр нөлөөг сулруулсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг нийгэмшүүлэхэд ямар нэгэн ач холбогдолгүй байгаа юм” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Лг нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр - гадаа хохирогч О.Бтэй “шөнийн цагаар нялх хүүхэд унтаж байхад чанга дуугарч, ориллоо” гэх шалтгааны улмаас  хоорондоо маргалдаж толгойн хэсэгт хутга, хайчаар 4-5 удаа зүсэж О.Бийн биед “зулай, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн гэмтэл, баруун зулай, чамархай хуйхан доор цусан хураа” бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Бийн “... 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед - тоот хадам аавын гэрт байж байтал гадаа нэг хүн англи, солонгос хэлээр орилоод байсан. Би өөрөө 4 сартай хүүхэдтэй болохоор 22 цагаас хойш дуу чимээ гаргаж болдоггүй гэж дотроо бодоод байж байтал нөгөө хүний чанга орилох чимээ улам тод сонсогдоод байхаар нь манай хадам ээж болох Д гараад нөгөө хүнтэй ойлголцохоор очтол нөгөө гадаад “fuck you” гэж чангаар орилсон юм. Тэр үед манай эхнэр “нөгөө хүн ээж рүү орилоод байна” гэхээр нь цонхоор очиж хартал ээж рүү гар далайсан байхыг нь хараад хадам аавд хэлээд хоёулаа гарсан юм. Тэгээд хувцсаа өмсөөд гартал ээж нөгөө залуугаас зугтсан байсан. Харин нөгөө залуу англи, солонгосоор орилсоор байсан. Тэгэхээр нь манай хадам аав “чиш чиш” гээд түүнийг аяархан бай гэж дохио өгөөд “baby sleeping” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу надруу дахин гадаадаар орилоод хараахаар нь би уг залуу дээр очоод “би 4 сартай хүүхэдтэй, хүүхэд маань унтаж байна. Жоохон чимээгүй байгаад өгөөч” гэж англиар хэлсэн чинь надруу дахин хараагаад гар далайхаар нь би түүнийг өөрөөсөө холдуулъя гэж бодоод айсандаа түүний цээжийг гарын алгаараа түлхсэн юм. Гэтэл нөгөө залуу баруун гараараа намайг багалзуурдсан. Мөн намайг түлхсэн, тэр үед би түүний эрчээрээ түлхэж байтал нөгөө залуу зүүн гараараа миний толгой руу хурдан цохиод байсан. Хэд цохисныг нь сайн мэдэхгүй байна. Нэлээн олон удаа цохисон. Гэхдээ би тэр үед миний толгойг гараараа цохиж байна гэж бодсон. Тэгж байгаад нөгөө залуу ухарч байхдаа хөлдөө тээглэж унасан ба унахдаа намайг татаад дээрээс уначихсан, унахаасаа өмнө миний толгойны баруун хэсэгт цохиж байснаа, унасныхаа дараа миний дагз хэсэгруу цохиж эхэлсэн. Тэр үед хадам аав замын нөгөө талаас ирээд бид хоёрыг салгасан. Аав салгасны дараа нөгөө хүн гадаадаар орилоод байсан. Бие эвгүй болоод орц руугаа орох гэсэн чинь толгойны баруун тал болон дагзнаас их хэмжээний цус гарч эхэлсэн...”,

Тэр явдлаас хойш би их айдастай байгаа, шөнө орой гарахаас ч айдаг болсон. Бас их цус алдсан болохоор хэвтэж байгаад босоход л толгой эргээд нүд харанхуйлдаг болсон. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулна. Одоогоор би эмчилгээ хийлгэж байгаа, эмчилгээ дуусаагүй байгаа болохоор хэдэн төгрөг болох, хэдэн төгрөг нэхэмжlэх талаараа хэлж мэдэхгүй байна. Эмчилгээ дуусахаар эмчилгээний баримтуудаа авч ирж өгнө...” /1-р хх 53-54/,

гэрч Ш.Дийн “... би тэр залуу руу харсан чинь гартаа хутга, мэс барьсан над руу дайрахаар нь би англи хэлээр “sorry” гэсэн. Тэгж байхад саадан дээр сууж байгаа залуучуудын нэг нь англи хэлээр ярихад намайг орхиж тэр залуучууд руу явсан. Тэгээд би саадан дундуур яваад цагдаагийн хэсэг очсон чинь хаалттай байхаар нь 102 руу “хутга, мэстэй хүн байна” гэж дуудлага өгсөн. Тэгээд би буцаад сааднаас гараад байр руу явж байсан чинь манай хүргэн З.Б цусанд хутгалдсан зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь манай охин “энэ хүн хутгалсан” гэж гадаад хүнийг заасан. Э.Б маш их цус алдсан...” /1-р хх 59/,

гэрч Б.Бийн “...Тэгээд тэр гадаад хүн Бийн толгой хэсэг рүү 2 гараар хэд хэдэн удаа цохиод ухраад байхаар нь би ус туулж шууд очиход 4 дүгээр орцны үүдэнд хоёулаа газар унасан ба Б дээр нь байсан. Би салгаж Бийг татаад авах гэтэл нөгөө хүн зуураад тавихгүй, цохиод байсан. Тэгээд би гадаад хүнийг гарыг нь тавиулах гээд арай л гэж салгаж аваад хүргэнээ босгож авсан. Тэгээд Б толгойгоо барьж “аав толгой хагарсан юм шиг байна, цус гарч байна” гэсэн. Гэтэл толгой хагараагүй, олон газар хутгаар сийчүүлсэн байсан...” /1-р хх 61/,

гэрч Г.Тийн “...Б, аав хоёр тэр хүн дээр оччихсон юм яриад зогсож байхаар нь хүүхдээ унтуулах гээд хэсэг байж байгаад дахин цонхоор харсан чинь Б гараараа толгойгоо дараад байхаар нь хартал толгойноос нь цус гараад, толгойгоо дарсан гар нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад очсон чинь Бийн толгойноос аймар их цус гарч байсан ба тэр гадаад хүн хутгаар толгой руу хутгалчихлаа гэж хэлж байсан. Тэгтэл нэг хүн хэн байсныг анзаараагүй нэг шар хуванцар иштэй хутга, төмөр хайч хоёр газарт шидээд энүүгээр зүссэн юм шиг байна гэж хэлж байсан санагдаж байна...” /1-р хх 67/,

гэрч Д.Оны “... 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр... Тэгсэн чинь цаанаас нэг залуу нэг ахын хамт гарч ирээд тэр ах нь бид нар руу алхаад ирж байсан. Харин цуг гарч ирсэн залуу нь гадаад залуу руу очоод “чи жаахан аажуухан байлдаа хүүхэд унтаж байна” гэсэн утгатай зүйл хэлсэн чинь тэр гадаад залуу гартаа юм барьсан чигтээ тэр залуу руу дайрсан чинь нөгөө залуу уг гадаад залуугийн хувцаснаас заамдаж аваад түлхсэн. Тэгэхээр нь бид нар салгах гээд очих хооронд тэр хоёр залуу газарт уначихсан ба монгол залуу нь босож ирээд тэрийгээ хараад надаас “энэ залуу гартаа юм барьсан байсан юм уу” гэж асуухаар нь би “наад гадаад залуу чинь гартаа хутга барчихсан байсан шүү дээ” гэж хэлсэн...” /1-р хх 69-70/,

гэрч Б.Бгийн “... Хохирогч залуу Солонгос залуу дээр очсон. Солонгос залууд хандаж “хүүхэд унтаж байна, чимээгүй бай” гэж англиар хэлтэл Солонгос залуу хутга барьсан гараараа толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Хохирогч залуу Солонгос залууг түрээд Солонгос залуугийн гарч ирсэн орцны урд тэр хоёр давхаралдаж унасан. Тэр үед найз Б түрүүлж очиж тэр хоёрыг салгасан. Хохирогч залуугийн толгойноос цус их хэмжээтэй гарч байсан, цусыг нь тогтоох арга хэмжээ бид нар авсан Солонгос залуу шоконд орсон байдалтай зогсож байсан...” /1-р хх 73-74/,

гэрч Х.Бын “... Тэгтэл тэр эгчийн нөхөр нь хүргэнтэйгээ орцноос гарч ирээд хүргэн залуу тэр гадаад хүн рүү “энд хүүхэд унтаж байна, чи ор” гэж хэлсэн чинь тэр гадаад залуу толгойгоороо тэр залуугийн нүүр рүү тулчихаад орилоод байхаар нь цээж рүү нь түлхээд, тэр чигт нь түлхсэн чинь нөгөө гадаад залуу нь гартаа байсан хутга, хайч хоёроороо толгой руу нь хэд хэдэн удаа нэлээн хурдан цохисон. Тэгээд тэр хоёр газарт унасан. Тэгээд нөгөө гадаад залуу газарт уначихаад хутга хайч хоёроо хайгаад байхаар нь би очоод тэр хутга, хайч хоёрыг нь цаад талын орцны үүдрүү шидсэн. Тэгээд нөгөө хутгалуулсан залуу босож ирээд толгойгоо бариад цус гараад эхэлсэн...” /1-р хх 77-78/,

Гэрч И.Өын “... 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ... Тэр хоёр бие биенээ түлхээд хохирогч залуу Солонгос залууг хойш түлхэхэд Солонгос залуу гартаа байсан хутгаар толгой руу нь 4-5 удаа цохиж байсан. Тэр хоёр орцны үүдэнд давхралдаж унахад дээрээс толгой руу дахин цохиж байсан. Тухайн залуугийн хадам аав ус туулаад тэр 2 дээр очсон. Цаана сааднаас хоёр залуу ар араасаа гүйж ирээд салгасан...” /1-р хх 86-88/ гэсэн мэдүүлгүүд,

“...О.Бийн биед зулай, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн гэмтэл, баруун зулай, чамархайн хуйхан доор цусан хураа гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9739 дугаар дүгнэлт /1-р хх 97-98/, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх 187/,

шинжээч эмч Б.Цолмонгийн “... О.Бийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна...” /1-р хх 244/ гэсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 6-9/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх 14/, “DVD”-ний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 22-33/,

шүүгдэгч Лгийн яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх 142-144/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Ли Г-ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Лг нь хохирогч О.Бийг “хүүхэд унтаж байгаа тул чанга дуу чимээ гаргахгүй байна уу гэсэн зүй ёсны шаардлага тавьсны төлөө гартаа барьж байсан хайч хутгаар толгойн тус газар нь цохиж, зулай, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн гэмтэл, баруун зулай, чамархай хуйхан доор цусан хураа бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Лгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон гэж үзлээ.

 Гэвч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэснийг анхаарч үзэлгүй Улаанбаатар хотоос эрх бүхий байгууллагын хяналтан дор зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүмүүлэхээс бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь дээрх хуулийн хэм хэмжээнд нийцээгүй байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Гэтэл анхан шатны шүүх Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Улаанбаатар хотоор тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна Эрүүгийн хуулийн зорилгыг алдагдуулсан байх тул Лгийн зорчих эрхийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр хязгаарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Лгд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээг хөндөөгүй тул дээрх өөрчлөлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээд шатны прокурор Б.Чинбатын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/956 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Лгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Дээд шатны прокурор Б.Чинбатын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ