| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0014/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хатиган овогт Цогзолын Баттулгад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706022230389 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, урлаг судлаач зураач мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Баянзүрх дүүргийн нэг дүгээр хорооны багийн засаг дарга ажилтай байсан, ам бүл-5 аав, ээж, эгч хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28 дугаар байрны 33 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Х овогт Ц Б /РД:....................../.
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Б нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын өрөөнд хохирогч Н.Батцэцэгээс нэгдүгээр ангид хүүхэд оруулж өгнө гэж хуурч 550.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: Би Батцэцэгээс Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн нэгдүгээр ангид хүүхдийг оруулж өгнө гэж 550.000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ хэрэгтээ маш их харамсч байна. Өөр ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Батцэцэгийн:.. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын өрөөнд Ц.Б гэгчтэй 17 цагийн үед уулзаад урьдчилгаа мөнгө болох 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн...Уг мөнгийг Баттулга гэгч нь бэлнээр авсаныхаа дараа би одоо яваад 33 дугаар сургуулийн захиралтай өөрөө уулзаад өгнө гэж хэлээд явсан. Мөн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баттулга өөрөө залгаад танай хүүхдийг хуурамчаар манай хорооны 41 дүгээр байрны 06 тоотод амьдардаг гээд янзалчихлаа, тэгэхгүй бол болдоггүй юм ингэж янзалсны хөлс 50.000 төгрөг болдог юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бас ажил дээр нь 50.000 төгрөгийг аваачиж өгсөн..гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Ц.Баттулгын:.. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусч ажлаас халах тушаал гарсан бөгөөд иргэн Н.Батцэцэг гэгч хүнээс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийг 7 дугаар сарын 28-ны өдөр 50.000 төгрөгийг хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж хэлээд авсан. Уг мөнгийг би өөрөө хэрэглэсэн бөгөөд ямар нэг байдлаар өөр хүнд өгөөгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 47-49-р тал/
-шүүгдэгчийн Ц. Баттулгын ял шалгах хуудас /хх-ийн 15-р тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын өрөөнд хохирогч Н.Батцэцэгээс нэгдүгээр ангид хүүхэд оруулж өгнө гэж хуурч 550.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын өрөөнд хохирогч Н.Батцэцэгээс нэгдүгээр ангид хүүхэд оруулж өгнө гэж хуурч 550.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн хохирогчийн мэдүүлэг, төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Н.Батцэцэгт 550.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 53-р тал/
Шүүхээс шүүгдэгч Ц.Бд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хатиган овогт Цогзолын Баттулгыг бусдыг хуурч, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цогзолын Баттулгыг 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Баттулгыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ