Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 151/ШЗ2024/03497

 

 

 

 

 

2024 11 27

151/ШЗ2024/03497

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т-т холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 2,376,335 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.Т нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ... тоот цахим зээлийн гэрээ байгуулж, 1,400,000 төгрөгийн зээлийг 2.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 121,012 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 32,106 төгрөг, нийт 153,118 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Б.Т-өөс 7102081609 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 2,371,335 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 2,376,335 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Т-т холбогдуулан гэрээний үүрэгт нийт 2,376,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Т нь нэхэмжлэлд дурдсан ... хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, амьдардаггүй болох нь тус багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/57 дүгээр албан бичиг, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлстсийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд А ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-т холбогдох гэрээний үүрэгт нийт 2,376,335 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт цаашид ажиллагаа хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрыг мэдэхгүй, мэдэх талаар бүх талын арга хэмжээг аваад үр дүнгээ өгөхгүй тохиолдолд түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлт гаргаж болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар А ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-т холбогдох гэрээний үүрэгт нийт 2,376,335 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 59,973 төгрөгийг Төрийн сангийн ... тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гарах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН