Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/142

 

                                     Э.О, Ц.Ч, Б.Б, Л.Г, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар, Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Л.Г,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Б.Мэргэн,

шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун, Г.Байгалмаа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг,

шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

шүүгдэгч Э.О, Ц.Ч, Б.Б, Л.Г, Б.Бя нарын өмгөөлөгч Ч.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/835 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О, Ц.Ч, Л.Г, Б.Б, шүүгдэгч Э.О-н өмгөөлөгч Б.Мэргэн, шүүгдэгч Ц.Ч-н өмгөөлөгч Э.Хашчулуун, Г.Байгалмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.О, Ц.Ч, Б.Б, Л.Г, Б.Бя нарт холбогдох 2105 01847 0256 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Б овгийн Э-н О, ............................., /РД: ................../;  

2. Б овгийн Ц-н Ч, ............................., /РД: ................/;  

3. Д овгийн Б-н Б, .............................., /РД: ..................../;  

4. Х овгийн Л-н Г, ..................................., /РД: ................/;  

5. Б овгийн Б-н Б, ............................, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........ оны 2 дугаар сарын 19-ний өдрийн ...........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ................./;  

Шүүгдэгч Э.О нь ............. дүүргийн 1 дүгээр хороо, ............... тоотод өөрийн ашигладаг фэйсбүүк цахим сүлжээний “O D.mn /../” нэртэй пэйж хаягт 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03 цаг 16 минутад, твиттер цахим сүлжээний “O D.mn /..../” нэртэй хуудсанд 2021 оны 7 дугаар сарын 31-ний 03 цаг 05 минутад “...Иргэн Э.С-г санаатайгаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. ...-ын гишүүн М.Б /..-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ...” гэсэн илт худал мэдээллийг Монгол Улсын Е с Л.О, иргэн М.Б нарын зурагтай хамт нийтэлж, тэдний нэр төр, алдар хүндэд халдан олон нийтэд тараасан,

мөн 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд ............. дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... ерөнхий газрын харьяа ......... дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт хууль сахиулагч буюу ....... дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Б болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.З нарыг “таныг цагдан ....... байр руу оруулахгүй” гэж хориглоход гарыг нь хүчээр түлхэж холдуулан шалган нэвтрэх хэсгийг өнгөрсөн, улмаар иргэн Д.М-г шалган нэвтрүүлэх хэсгийн сканнер хаалгаар хүчээр түлхэн гарган авч яван шүүгдэгч Ц.Ч, Б.Б, Б.Б, Л.Г нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хууль сахиулагч буюу .................. дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Б, мөрдөгч Ч.О, Б.Ц болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.З, О.Т, Б.Ө нарын “Цагдан хорих байр руу оруулахгүй, Д.М-г авч явж болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан гараараа бие рүү нь цохих, түлхэх зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн,

шүүгдэгч Ц.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд .............. дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт хууль сахиулагч буюу тус цагдан хорих ангийн албан хаагч А.З-н “гар утсаараа бичлэг хийхгүй байна уу, та гарна уу” гэсэн хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, улмаар тус ангийн албан хаагч Б.Ө-ншаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэн түлхэж иргэн Д.М-г шалган нэвтрүүлэх хэсгийн сканнер хаалгаар хүчээр түлхэн гарган авч яван шүүгдэгч Э.О, Б.Б, Б.Би, Л.Г нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Б, мөрдөгч Ч.О, Б.Ц болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.З, О.Т, Б.Ө нарын “Цагдан хорих байр руу оруулахгүй, гар утсаар бичлэг хийж болохгүй, Д.М-г авч явж болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бие болон гараараа албан хаагчдын бие рүү нь цохих, түлхэх зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн,

шүүгдэгч Б.Би нь 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт иргэн Д.М-г уг шалган нэвтрүүлэх хэсгийн сканнер хаалгаар хүчээр татан авч, Д.М-г “Ланд круйзер” загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган авч яван, шүүгдэгч Э.О, Б.Б, Ц.Ч, Л.Г нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Б, мөрдөгч Ч.О, Б.Ц болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.З, О.Т, Б.Ө нарын “Цагдан хорих байр руу оруулахгүй, гар утсаар бичлэг хийж болохгүй, Д.М-г авч явж болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн,

шүүгдэгч Л.Г нь 2021 оны 10 дугаар сарын 4-5-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Ц-н баруун гарыг татаж, мөн тус цагдан хорих ангийн ажилтан Ч.Оргилын араас гараараа татаж, иргэн Д.М-г шалган нэвтрүүлэх хэсгийн сканнер хаалгаар хүчээр түлхэн авч явах боломжийг олгож, шүүгдэгч Э.О, Б.Б, Б.Би, Ц.Ч нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Б, мөрдөгч Ч.О, Б.Ц болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.З, О.Т, Б.Ө нарын “Цагдан хорих байр руу оруулахгүй, гар утсаар бичлэг хийж болохгүй, Д.М-г авч явж болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бие болон гараараа албан хаагчдын бие рүү нь цохих, түлхэх, татах зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн,

шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт иргэн Д.М-г уг шалган нэвтрүүлэх хэсгийн сканнер хаалгаар хүчээр татан авч, Д.М-г “Ланд круйзер” загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган авч яван, шүүгдэгч Э.О, Б.Би, Ц.Ч, Л.Г нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Б, мөрдөгч Ч.О, Б.Ц болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.З, О.Т, Б.Ө нарын “Цагдан хорих байр луу оруулахгүй, гар утсаар бичлэг хийж болохгүй, Д.М-г авч явж болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  Ц.Ч, Б.Би, Л.Г, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Ч, Б.Би, Л.Г, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Би-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Л.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаанд оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-н баривчлагдсан болон цагдан хоригдсон 23 хоногийн, мөн шүүгдэгч Ц.Ч-н баривчлагдсан 2 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, тэдний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О, Ц.Ч, Б.Б, Л.Г, Б.Бя нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.О, Ц.Ч, Б.Б, Л.Г, Б.Бя нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг сиди, 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Би, Л.Г, Б.Б нар цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 835 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үзэл бодлоо илэрхийлж, гэмт хэргийн талаар шүгэл үлээж, хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байхыг шаардаж дабль стандартыг эсэргүүцсэнийхээ төлөө улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа бөгөөд холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулахаар тус шүүхийн шийдвэрт давж заалдах гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Тус шүүхийн шийдвэр нь талуудын мэтгэлцээн, хуулийн үндэслэлийг ач холбогдол болгон авч үзээгүй, түүнчлэн урьдаас ял төлөвлөсөн шүүх хурал болох нь шүүхийн хуралдааны тэмдэглэл, бичлэг зэргээр нотлогдож байна. Миний бие үзэл бодлоо илэрхийлж, хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байхыг шаардаж дабль стандартыг эсэргүүцсэнийхээ төлөө улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар тус шүүхийн шийдвэрт давж заалдах гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Л.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял шийтгэл нь үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Гомдлын агуулга: Би 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 05-нд шилжих шөнө иргэн Д.М-г Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст баривчилсан тухай мэдээг твиттер сошиал сүлжээнээс мэдэж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиход хэсэг хүмүүс цуглачихсан, сошиал сүлжээнд Д.М нь болж байгаа үйл явдлын талаар ярилцаж түүнээс мэдээлэл авах маягтай байж байсан. Клабхаус орчинд “Д.М-г орцны үүднээс 11 цагийн орчимд энгийн хувцастай хоёр цагдаа хүчээр баривчилж, өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авахаар оролдож байгаа тухай” мэдээ гарч байсан. Улмаар Д.М-г Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс авч гаран хорих 461 дүгээр анги руу авч явж байгааг мөн клабхаусаар мэдээлж байсан бөгөөд намайг машиндаа суухад цагдаагийн хэлтэс дээр байсан зарим хүмүүс Д.М-г хууль бусаар баривчлаад аваад явчихлаа, араас нь хүргээд өгөөч гэж гуйхад нь би зөвшөөрч хөдөлсөн. 461 дүгээр хорих ангийн гадаа очоод миний машинаас хамт ирсэн хүмүүс бууж, би машинаа байршуулчихаад хэсэг хугацааны дараа 461-р ангийн үүдэнд очиход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд залуучуудад “Д.М-г хүлээж аваагүй, шүүх, прокурорын баривчлах зөвшөөрөл, тогтоол шийдвэргүй байгаа тул энэ хүнээ аваад гар” гэх утгатай зүйл тайлбарлаж байсан. Тэгтэл Д.М-г эмчийн өрөөнөөс гарч ирэхэд тэнд байсан хүмүүс бужигналдаж эхэлсэн. Хэн, хаана, яаж байгааг мэдэх боломжгүй байсан ч Д.М-н эгэмний яс хугаралтай байсныг мэдэж байсан учраас Д.М-д хүрэхгүйг хичээж бужигнаанаас гарахыг оролдож байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан намайг хойноос татаж бужигнаанаас холдуулсан. Энэ үед цагдаагийн албан хаагч нар тэнд байсныг мэдээгүй бөгөөд анх гэрчээр дуудагдан байцаалт өгөх үедээ энэ талаар мэдэж, хэргийн материалтай танилцах үедээ энгийн хувцастай үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтнууд 461-р ангид байсныг мэдэж авсан. Гэтэл намайг болон бусад залуучуудыг цагдаагийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудын тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж ялласан. Намайг болон бусад залуучуудыг яллахдаа нотлох баримт болгож байгаа бичлэг болон хохирогчоор тогтоогдон шүүх хуралд оролцсон хууль сахиулагчдьн мэдүүлэг, прокурор, шүүгч, өмгөөлөгчдийн асуултад хариулсан хариулт зэргээс миний бие хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцээгүй болох нь нотлогддог. Тухайлбал, бичлэг дээр “Д.М-г эмчийн өрөөнөөс гарч ирэхэд түлхэгдэн орж ирээд, Шүүхийн шийдвэрийн ажилтан араас татахад гараа савсан үйлдлийг мөрдөн байцаагчийн бугуйнаас татсан мэтээр тайлбарласан. Ингэж гараа савахад энгийн хувцастай мөрдөн байцаагчийн тохой хэсэгт л хүрч байгаа” нь харагддаг. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Ч.О-н араас нь татсан мэтээр буруутгасан байдаг. Гэтэл Ч.О гэж шүүхийн шийдвэрийн ажилтан тухайн газарт байгаагүй. Мөрдөн байцаагч Ч.О гэж байсан нь үйл явдал болж байхад миний эсрэг талд зогсож байсан нь камерын бичлэгээс илэрхий харагдана. Огт байхгүй хүний араас байлаа гэхэд өөдөөс хараад зогсож байгаа хүний араас татах ямар ч боломжгүй байтал илтэд гүтгэн ялласан. Шүүх хуралдааны үеэр хохирогчоор оролцсон хууль сахиулагч нарын мэдүүлэгт Л.Г надад хандан тухайлан шаардлага тавьсан зүйлгүй, мөн хүч хэрэглэхэд чиглэсэн үйлдэлгүй болохыг удаа дараа мэдүүлсээр байтал надад хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд зааснаар ял халдаасныг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Би давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/835 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Тус шүүхийн шийдвэр нь талуудын мэтгэлцээн, хуулийн үндэслэлийг ач холбогдол болгон авч үзээгүй, түүнчлэн урьдаас ял төлөвлөсөн шүүх хурал болох нь шүүхийн хуралдааны тэмдэглэл, бичлэг зэргээр нотлогдож байна. Миний бие үзэл бодлоо илэрхийлж, хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байхыг шаардаж дабль стандартыг эсэргүүцсэнийхээ төлөө улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар тус шүүхийн шийдвэрт давж заалдах гомдлыг гаргаж байна. ...” гэв.  

Шүүгдэгч Э.О-н өмгөөлөгч Б.Мэргэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/835 дугаар шийтгэх тогтоолоор Э.О-т Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Худал мэдээлэл тараах гэмт хэргийн талаар Э.О-г 1/ М.Б-г Е с Л.О-н хамаарал бүхий этгээд 2/ М.Б-Э, Л.О нар нь гэмт хэрэгт хамааралтай, нөлөөлсөн гэж худал мэдээлэл тараасан гэж үзсэн. Шүүхийн тогтоод заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Шийтгэх тогтоолын 27 дахь талд “Э.О-н мэдээлэлд дурдсан М.Б нь Е с-н хүн буюу түүнтэй хамаарал бүхий этгээд биш болох нь М.Б-н “...Би Л.О гэдэг хүнтэй ураг төрлийн болон ойр дотны ямар ч холбоо байхгүй” гэсэн, гэрч Б.Д “... Е с Л.О гэдэг хүнтэй төрөл садны холбоогүй, тухайн хүнийг танихгүй, уулзаж байгаагүй, зурагтаар л харж байсан” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цэ-н “... Цахим орчинд Е с-тай нэр холбогдоод байгаа М.Б гэх хүн нь МАН-н гишүүн. Гэхдээ МАН-ын гишүүн байлаа гээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар Е с-н хамаарал бүхий хүн гэж ойлгохгүй” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.” гэжээ. Хохирогчийн дурдаад буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар хамаарал бүхий этгээд гэдэгт 1/ төрөл садангийн хүн 2 /бизнесийн хувьд ашгийн төлөө үйл ажиллагаагаар нэгдсэн нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгодог. Гэтэл мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд улсын бүртгэлийн лавлагаа авах зэргээр М.Б, Л.О нарыг хамаарал бүхий этгээд эсэхийг огт тодруулаагүй бөгөөд зөвхөн хохирогчдын “бид хамааралгүй” гэсэн дан ганц мэдүүлгээр тэд хамааралгүй болох нь тогтоогдож байгаа тул Э.О нь гэм буруутай гэж дүгнэсэн нь буруу байна. Э.О-н бичсэн мэдээллийг бичгийн найруулга талаас нь яаж ч уншсан Е с-н хүн болох М.Б-н хамаарал бүхий этгээд буюу хүү Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэсэн утгатай болох нь илэрхий байсан. Тийм ч учраас шийтгэх тогтоолын 26 дахь талд “Тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд иргэн Б.Д-г холбогдуулан шалгаж байгаа, Б.Д нь М.Б-н төрсөн хүүхэд буюу түүний хамаарал бүхий этгээд болох нь тогтоогдож байна.” гэсэн дүгнэлт хийсэн. Мөн шийтгэх тогтоолд “М.Б, Л.О нарыг гэмт хэрэгт хамааралтай, нөлөөлсөн гэж гүтгэсэн” гэсэн огт үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Э.О-н бичсэн мэдээлэлд тэднийг гэмт хэрэгт буруутгасан агуулга огт байхгүй. Шүүх үндэслэлээ тайлбарлахдаа “...тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж буй Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Т гэрчээр мэдүүлэхдээ “...миний шалгаж байгаа 2389 дугаартай гомдол, мэдээлэлд ямар нэг хүн нөлөөлсөн асуудал байхгүй” гэсэн нотлох баримтыг дурджээ. Уг гэмт хэрэг нь өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй буюу нэмэлтээр ямар нотлох баримт гарч ирэх нь тодорхойгүй байхад мөрдөгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь буруу байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараах зүйлийг тусгана” гээд 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасан. Гэтэл шийтгэх тогтоолд цагаатгах үндэслэл болсон нотлох баримт эсхүл өмгөөлөгчдийн дүгнэлт, хэргийг хэрэгсэхгүй болгох санал, түүнийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар огт дурдаагүй байна. Мөн Э.О-н нийтэд тараасан гэх бичлэгийг тэрээр хийгээгүй, анх нийтлээгүй талаарх нотлох баримтыг үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ.

Хоёр. Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн талаар:

Шийтгэх тогтоолд “Өмгөөлөх тал “тогтоолгүйгээр Д.М-г баривчилсан, хууль сахиулагчийн шаардлага хууль ёсны байгаагүй тул ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг шаардсан” гэж дээрх үйлдлийнхээ шалтгаан, зорилгыг тайлбарласан бөгөөд энэ нь хууль сахиулагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүй, тэдний үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.” гэжээ. Прокурорын хувьд мөн адил хууль сахиулагчийн үйлдэл хууль бус байсан ч биелүүлээгүй бол гэмт хэрэгт тооцно гэсэн байр сууринаас мэтгэлцсэн. Үндсэн хуульд төрийн бүхий л үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд үндэслэнэ. Цагдаагийн албаны тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хууль сахиулагчийн бүхий л үйл ажиллагаа хуульд нийцсэн байна гэж тус тус заасан байдаг. Тиймээс хууль сахиулагчийн хууль бус шаардлагыг иргэн биелүүлэх үүрэггүй, тийм шаардлагыг хүлээж авахгүй гэсэн нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхгүй. Шийтгэх тогтоолын 27 дахь талд “...хууль сахиулагч буюу СБ дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Б, мөрдөгч Ч.О, Б.Ц болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.З, О.Т, Б.Ө нарын “Цагдан хорих байр луу оруулахгүй, Д.М-г авч явж болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан гараараа бие рүү нь түлхэх зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэжээ. Гэтэл шүүх хуралдааны үеэр хохирогчид цагдан хорих байр луу оруулахгүй гэсэн шаардлага тавиагүй, зөвхөн гар утсаараа бичлэг хийж болохгүй гэсэн талаар мэдүүлдэг. Тухайлбал, хохирогч О.Т “...Тухайн үед 4-5 хүн бичлэг хийж байсан. ... бичлэг хийгээд зогсож байхаар нь өөр дээр нь очоод бичлэг хийж болохгүй гэж хэлсэн. Бичлэг хийж болохгүй гэж хэлсэн... хүнээ гаргачих гэж хэлэхээр нь бичлэг хийж байгаа хүмүүс болиод гараарай гэж хэлсэн...”, хохирогч Б.Ө “.... улсын онцгой объектод нэвтэрсэн байна, дуу дүрсний бичлэг хийж болохгүй гэсэн шаардлага тавихад дуу чимээ их, шаагилдаж байсан учраас шаардлагыг хүлээн авах боломж байхгүй байсан байх...” гэж тус тус мэдүүлсэн. Тэд мөн “шүүгдэгчид бидний шаардлагыг эсэргүүцсэн зүйл байхгүй” гэж мэдүүлснийг шийтгэх тогтоолд огт тусгаагүй байна. Шийтгэх тогтоолын “тодорхойлох нь” хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав” гэсэн боловч яллах дүгнэлтэд бичсэнээр шүүгдэгчдийг буруутгасан гол үндэслэлийн нэг болох Хууль зүйн сайдын 2014 онд баталсан А/209 дугаартай “Хорих байрны дотоод журам” хүчингүй болсон талаар өмгөөлөгчдийн судалсан нотлох баримтыг дурдаагүй. Өөрөөр хэлбэл, хүчингүй болсон хууль тогтоомжийг зөрчсөн гэж шүүгдэгчдийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох талаар заасан. Гэтэл шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны үеэр шүүгч удаа дараа “наад асуудлыг чинь ялын хурлаар шийдвэрлэнэ” гэж хэлж байв. Тухайлбал, шүүгдэгчид эцсийн үгээ хэлсний дараа прокурор “хохирогчдын үгийг сонсохгүй юм уу” гэсэн санал гаргахад шүүгч “эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааны үеэр үг хэлүүлье” гэсэн. Ийнхүү шүүгч зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө шүүгдэгчийг гэм буруутай болохыг урьдчилан дүгнэсэн байсан нь тодорхой болсон бөгөөд үүнийг дүрс бичлэгээр баримтжуулсан боловч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/835 дугаартай шийтгэх тогтоолын Э.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Ц.Ч-н өмгөөлөгч Э.Хашчулуун, Г.Байгалмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийн бодит байдлыг буруу дүгнэсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийн бодит байдлыг буруу дүгнэж, хууль буруу хэрэглэсэн тухай:

1. Шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт шүүгдэгч Ц.Ч нь цагдан хорих ангийн албан хаагч А.З-н “гар утсаараа бичлэг хийхгүй байна уу, та гарна уу” гэсэн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, улмаар тус ангийн ахлагч Б.Ө-н шаардлагыг эсэргүүцэж, ... гар болон биеэрээ хүч хэрэглэн түлхэж, мөрдөгч Ү.Б, мөрдөгч Ч.О, Б.Ц, цагдан хорих ангийн албан хаагч А.З, О.Т, Б.Ө нарыг эсэргүүцсэн гэж дүгнэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхийн тулд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхитэй үйлдэл хийсэн байхыг ойлгоно. “Хүч хэрэглэх” гэж бие махбодийн хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхитэй үйлдлийг хэлнэ. ...Ц.Ч нар нь... хүч хэрэглэн түлхсэн нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь, “хүч хэрэглэх” гэж бие махбодийн хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхитэй үйлдлийг хэлнэ” гэж тодорхойлсон боловч хүчирхийлэл хийхэд чиглэсэн санаа зорилгыг тодруулаагүй, тийм үйлдэл байгааг тогтоогоогүй байна. Ц.Ч нь хүчирхийлэл хийх санаа зорилгогүй, хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн идэвхитэй үйлдэл хийгээгүй бөгөөд хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн үйлдэл гэдэг нь түүнийг зодох, цохих, айлгах, сүрдүүлэх, дарамтлах гэх зэрэг үйлдэл хамаарна. Д.М-г цагдан хорих байрнаас гаргах үйл явдлыг гар утсаараа бичлэг хийх зорилгоор шалган нэвтрүүлэх хаалгаар орсон Ц.Ч-н үйлдлийг алба хаагч биеэрээ эсэргүүцэн зогсоосон үйлдэл байсан. Энэ үйлдлийг зориуд гуйвуулан Ц.Ч Б.Ө-г хүч хэрэглэн түлхсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байна. Ц.Ч нь биеэр том тул хэрэв албан хаагчийг эсэргүүцэн хүч хэрэглэн түлхсэн бол түүний хүчний нөлөөгөөр Б.Ө хойш унах, ухрах хөдөлгөөн хийх байсан, гэтэл камерын бичлэгээс энэ нь харагдахгүй байхаас гадна түүнийг түлхээгүй, хүч хэрэглэсэн ямар ч үйлдэл гаргаагүй гэдгийг шүүгдэгч өөрөө болон бусад гэрчүүд хэлдэг. Энэ нөхцөл байдлыг шүүх “...хүч хэрэглэн түлхсэн нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдохгүй, хэргийн бодит байдлыг буруу дүгнэсэн гэж үзэх үндэслэл болно.

2. Шүүх дүгнэлтдээ “гэмт хэргийн объект нь нийтийн алба, хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагаа байдаг. ...Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа нь тогтоолыг танилцуулснаар эхэлж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгснөөр дуусах ба энэ тохиолдолд Д.М-г шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа үргэлжилж байсан, уг ажиллагааг шүүгдэгч нар хүчээр тасалдуулсан гэж үзэх үндэслэлтэй. Хууль сахиулагч нарын “Д.М-г авч явж болохгүй” гэсэн шаардлага хууль ёсны байна” гэсэн нь хуулийг буруу тайлбарласан, бодит үйл явдлыг буруу дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, “Хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагаа гэдэг” нь хууль сахиулагч хуулиар хүлээсэн чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэхийг хэлдэг болохоос хууль зөрчиж гүйцэтгэсэн албан хаагчийн үйлдлийг энэ гэмт хэргийн обьект, хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагаа гэж үзэхгүй. Хууль сахиулагч нарын үйл ажиллагаа хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдоно. Үүнд: Д.М-г прокурорын зөвшөөрөлгүй баривчилсан, баривчлах ажиллагаа хэрэгжүүлж эхлэхээс эхлээд цагдан хорих 461 дүгээр ангид очих, тэнд байх хугацаанд мөрдөгч нарт прокурорын зөвшөөрөл байгаагүй. Д.М-г баривчлах ажиллагааг цагдаагийн албан хаагч Ү.Б, Ч.О, Б.Ц нар нь гардан гүйцэтгэсэн. Эдгээр нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцсан, баривчлах ажиллагааг гүйцэтгэх ёстой мөрдөгчид биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “... энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэснийг зөрчсөн. Баривчлах, цагдан хорих үйл ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд явагдах бөгөөд тус ажиллагааг зөвхөн томилогдсон хэрэг хариуцсан мөрдөгч хийж хэрэгжүүлэх эрхтэй. Цагдаагийн албаны тухай хуулийн 22.8 дугаар зүйлд “Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу даруй хийж гүйцэтгэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд мөрдөн шалгах албаны даргын бүрэн эрхийг дурдсан байх бөгөөд 1.2 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах” эрхтэй гэснийг зөрчсөн, Ү.Б-д мөрдөн шалгах албаны даргаас ийм эрх хэмжээ олгоогүй тул түүний үйлдэл хууль бус юм. Мөн “сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа нь баривчлах үндэслэл, эрх үүрэг танилцуулсан үеэс эхлээд түүнийг хорих 461-р ангийн шалган нэвтрүүлэх байранд оруулж, хүлээлгэн өгөх үед дуусгавар болох ёстой байсан ч энэ тохиолдолд баривчлах тогтоолгүй учраас хүлээлгэн өгөх ажиллагааг хийгээгүй бөгөөд Д.М-г эмчийн өрөөнд түгжсэн нь баривчлах ажиллагаа дуусгавар болж, хорих ажиллагаа бодитоор хэрэгжсэн гэж үзэх үндэслэл болно. Гэтэл энэ байдлыг шүүх баривчлах ажиллагаа үргэлжилж байсан мэтээр дүгнэсэн нь хуулийг илт гуйвуулсан, хууль сахиулагчдын хууль бус үйлдлийг зөвтгөсөн дүгнэлт болжээ. Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэрийг танилцуулсан, эсхүл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тохиолдолд энэ хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулсан үеэс баривчилсан хугацааг тоолно.”, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд “Хоригдох этгээдийг хорих байранд хүлээн авахдаа хорих байрны захиргаа энэ хуулийн 9.1.3-т зааснаар хувийн хэрэг нээнэ.”, 4.1 дүгээр зүйлд “Гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас гаргасан захирамж, тогтоол нь баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх үндэслэл болно.” гэснийг тус тус зөрчсөн байна. Баривчлах ажиллагаа явуулсан цагдаагийн албан хаагчид энгийн хувцастай байснаас гадна мөрдөгч Ү.Б-с бусад нь бичиг баримттай байсан эсэх нь тодорхойгүй, гаднаас нь хараад албан хаагч гэдгийг нь таних боломжгүй байсан. Таньж ярьсан гэх шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдаанд оролцоогүй, хэрэг нь тусгаарлагдсан. Г.Г түүнийг таних үед бусад нь гаднаас орж ирж амжаагүй, сонсоогүй гэсэн мэдүүлэг байхад энэ эргэлзээ бүхий байдлыг шүүх илт нэг талын мэдүүлгийг үндэслэн зөвтгөж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Эдгээр нөхцөл байдлууд нь хууль сахиулагч нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хууль зөрчсөн болохыг илтгэж байгаа бөгөөд хууль сахиулагчийн хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн обьектыг хангасан гэж үзэхгүй юм. Д.М-г шүүхийн шийдвэрийн ажилтан А.З үүрээд авч гарсан нөхцөлийг шүүх анхаарч үзээгүй, улмаар бодит байдлаас эсрэг дүгнэлт хийжээ. Албан хаагч А.З Д.М-г өөрөө үүрээд авч гарч байгаа нь хэрэг шинжлэн судалсан камерын бичлэгээс тодорхой харагддаг. Энэ нь баривчлагдсан этгээдийг шүүгдэгч нар хүч хэрэглэн авч гарсан, хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлийг үгүйсгэх, шүүгдэгч нарт ашигтай баримт байсан бөгөөд энэ баримтыг үгүйсгэлгүйгээр нотлогдсон мэтээр дүгнэсэн нь алдаатай, бодит байдлаас ноцтой зөрүүтэй дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Ц.Ч-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг биш, харин Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл гэж үзэж байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд санал гомдлоо илэрхийлэх эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл байх бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ албан хаагчийн бие махбодь, бусдын эд зүйлд ямар нэг хор хохирол учруулаагүй, хууль сахиулагчийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулаагүй болно. Иймд Ц.Ч-г гэм буруутайд тооцсон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/835 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Ч-г цагаатгаж өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Би-н өмгөөлөгч Ж.Батхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбоотой хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхтэй үйлдлийг хэлдэг. Гэмт хэргийн обьект нь нийтийн алба, хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагаа байдаг ба хүч хэрэглэн эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Мөрдөгч болон шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд нь хууль сахиулагч мөн байна. Шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнуудаас “хорих ангийн хориотой бүсэд нэвтэрсэн, цагдан хорих байр луу орж болохгүй, гар утсаар бичлэг хийж болохгүй” гэх шаардлагыг, мөрдөгч нараас “Д.М-г авч явж болохгүй” гэх шаардлагыг тус тус тавьж байсан үйл баримт тогтоогдсон гэх дүгнэлтийг өгчээ. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдлын үндэслэл.

1. Шүүхийн дээрх шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Шүүх хурлын явцад миний үйлчлүүлэгч Б.Би-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, хэрэв гэмт хэрэг үйлдсэн бол хэрхэн ямар байдлаар хамтран оролцсон асуудлыг тогтоох зорилгоор хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч, хохирогч нараас яллах болон цагаатгах тал асуулт асууж, хариулт авсан. Хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүх хурлын явцад өгсөн мэдүүлэгтэй шүүгдэгч Б.Би-г иргэн Д.М-г хүчээр татан авч биднийг эсэргүүцсэн гэж мэдүүлдэг. Харин хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлахад Д.М нь баруун гартаа тортой зүйл барьсан ба бэртэлтэй зүүн гарыг нь шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан мөрлөн үүрч хаалгаар гаргасан ба миний үйлчлүүлэгч хэн нэгэн хууль сахиулагч, эсвэл иргэн Д.М-г хүчээр татсан зүйл огт байхгүй байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт Д.М-г хүчээр татсанаараа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй болжээ. Мөн миний үйлчлүүлэгч Хорих 461-р хаалттай хорих ангийн шалган нэвтрүүлэх өрөөнд гар утсаар дуу дүрсний бичлэг хийгээгүй, хохирогч нарын мэдүүлээд байгаа хориотой бүс рүү нэвтрээгүй, хууль сахиулагч нарын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй ба хууль сахиулагч нарын зүгээс ч Б.Б-д хандан ямар нэгэн шаардлага тавиагүй болох нь хяналтын камерийн бичлэгт бичигдсэн байна.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн обьект нь нийтийн алба болон хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагаа гэж дүгнэсэн атлаа гэмт этгээдийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан байхыг шаардахгүй гэжээ. Энэ гэмт хэргийн улмаас хамгийн түрүүнд байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учирсан, доголдол гарсан байх ёстой ба эд хөрөнгө, алба хаагчийн эрүүл мэндэд хохирол учирсан бол энэ нь тусдаа гэмт хэргийн шинжийг агуулж, давхар зүйлчлэгдэж ирсэн нь ийм төрлийн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн практикаас харагдаж байна. Шүүхээс хууль сахиулах байгууллагын болон хууль сахиулагчийн үйл ажиллагааг зохицуулсан ямар хууль тогтоомж, дүрэм журам зөрчигдсөнийг дүгнээгүй. Чухам тухайн байгууллага болон хууль сахиулагчийн ажил үүргээ ямар хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хэрэгжүүлдэг, тухайн дүрэм журам нь хэзээ, хаана, хэнд, хэрхэн үйлчилдэг, алба хаагч нар ямар эрх хэмжээтэй эрх, үүргээ хэрэгжүүлдэг, шүүгдэгч нарт тавьсан гэх шаардлага нь хууль ёсны байсан эсэх нь тодорхойгүй байлаа. Шүүх хурлын явцад өмгөөлөгчдийн зүгээс хууль сахиулагч нарыг тухайн нөхцөлд ямар журмын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан, хууль эсвэл журамд заасан ямар шаардлагыг шүүгдэгч нарт тавьж байсан талаар хохирогч нараас асуухад хариулж чадаагүй. Энэ талаар хавтаст хэрэгт нэг ч нотлох баримт бэхжүүлэгдээгүй байсан. Тухайлбал: Мөрдөгч нарын хувьд ажил үүргээ “сэжигтнийг хуяглан хүргэх” журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн гэдэг. Гэтэл Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд “сэжигтнийг хуяглан хүргэх” гэсэн журам байхгүй бөгөөд ЦЕГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүнийг баривчлах, төрийн байгууллагад хүргэж өгөх” гэсэн журам үйлчилдэг байна. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Дотоод үйл ажиллагааны журам, Харуул хамгаалалтын журамд заасны дагуу “хорих ангиас 500-1000 метрт нэвтэрч болохгүй, дуу дүрсний бичлэг хийх хориотой” гэх шаардлагыг тавьсан гэх боловч эдгээр заалтууд нь өөр нөхцөл байдалд, өөр дэглэм бүхий газарт хэрэгждэг ба хорих ангийн шалган нэвтрүүлэх байранд үйлчилдэггүй гэдэг алба хаагчдын мэдүүлгээр тогтоогдсон. Шүүхээс “хүч хэрэглэх” гэж бие махбодийн хүчирхийлэл хийхэд чиглэсэн аливаа идэвхитэй үйлдэл гэж дүгнэсэн боловч шүүгдэгч Б.Би нь аль хууль сахиулагчийн тавьсан ямар шаардлагыг эсэргүүцэж, бие махбодийн хүчирхийлэл хийхэд чиглэсэн ямар үйлдэл хийсэн нь тодорхойгүй байна.

3. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар: Гэмт хэргийн обьект нь хууль сахиулах байгууллагын хэвийн үйл ажиллагаа /шүүх ч мөн ингэж үзэж байгаа/ тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-д зааснаар хууль сахиулах байгууллагын төлөөлөл хохирогчоор тогтоогдох ёстой. Харин хууль сахиулагчийн бие махбодь, эд хөрөнгөнд хохирол учирсан бол тохирох төрлийн гэмт хэрэгт хохирогчоор тогтоож, дээр дурдсанчлан давхар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Түүнчлэн шийтгэх тогтоолд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоог прокурор болон шүүхээс дүгнээгүй ба Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг прокурорт буцаасан 138 дугаар захирамж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ДШМ/436 дугаартай магадлал дээр дурдсан үндэслэлүүдийг тодорхой болгохыг даалгасан боловч прокурор яллах дүгнэлтдээ тодорхой тусгаагүй шүүхэд шилжүүлж, шүүхээс уг байдлаар шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл боллоо. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/835 дугаар шийтгэх тогтоолоос Б.Би-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхээс Б.Б-г яллах дүгнэлтэд дурдсанчлан цагдан хорих байр руу оруулахгүй, гар утсаар бичлэг хийж болохгүй, Д.М-г авч явж болохгүй гэсэн шаардлагуудыг биелүүлээгүй эсэргүүцсэн гэж үзсэн бөгөөд ийнхүү эсэргүүцэхдээ “шалган нэвтрүүлэх сканнер хаалгаар Д.М-г хүчээр татаж” хууль сахиулагчдад хүч хэрэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, мөн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна. Тухайлбал:

1. Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчдын өгсөн мэдүүлгээр Б.Б-г цагдан хорих байр луу оруулахгүй гэсэн шаардлагыг хууль сахиулагч тавиагүй байдаг бөгөөд 461 дүгээр байрны гадна хашааны болон хүлээлгийн хэсэгт нэвтрэх хаалга бүгд нээлттэй байсан тул түүнийг хууль бусаар хүч хэрэглэж нэвтэрсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй. Шүүхийн хэлэлцүүлэгт 461 дүгээр ангийн алба хаагчид буюу хохирогчид мэдүүлэг өгөхдөө “хэн ч, ямар ч асуудлаар ангид орж ирж болно, хүлээлгийн буюу үүдний хэсэгт орж ирсэн иргэн албан тушаалтнаас ямар асуудлаар ирснийг алба хаагч тодруулан бичиг баримтыг нь шалгаж сканнер хаалгаар нэвтрүүлснээр албан ёсоор хорих анги руу нэвтэрсэн гэж үзнэ” гэж тодорхой мэдүүлдэг бөгөөд Б.Б-н хувьд 461 дүгээр ангийн үүдний хэсэг буюу хүлээлгийн хэсэгт орж ирсэн, харин үүдний хүлээлгийн хэсгээр цааш шалган нэвтрүүлэх сканнер хаалгаар дотогш нэвтрээгүй тул түүнийг цагдан хорих байр луу оруулахгүй гэсэн хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж буруутгах боломжгүй юм.

2. Мөн Б.Б нь 461 дүгээр ангийн үүдний хүлээлгийн хэсэгт байхдаа гар утсаараа бичлэг хийсэн бөгөөд уг үйлдэлд маргаагүй. Гэвч түүний бичлэг хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй биш бөгөөд бичлэг хийхийн тулд хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Хэрэгт 461 дүгээр ангийн хүлээлгийн хэсэгт бичлэг хийж болохгүй талаарх холбогдох дүрэм журам авагдаагүй байхад ямар үндэслэлээр бичлэг хийж болохгүй гэх шаардлагыг хууль ёсны байсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүйгээс гадна бичлэг хийж болохгүй гэх шаардлагыг эсрэг хууль сахиулагчийг хэрхэн яаж эсэргүүцсэн талаарх шүүхийн дүгнэлт хангалтгүй байна.

3. Мөн Д.М-г хүчээр татан авч явсан гэх үйлдлийг шүүхээс дүгнэхдээ Б.Б-н үйлдэл оролцоог “... шалган нэвтрүүлэх хэсэгт Д.М-г сканнер хаалгаар хүчээр татан авч тээврийн хэрэгсэлд суулган авч явсан” гэж дүгнэжээ. Б.Б-н хувьд сканнер хаалгаар Д.М-г хууль сахиулагч А.З үүрч гарч ирэх мөчид “гарыг нь гарыг нь, гар нь хугархай шүү” хэмээн Д.М-н гарт нь хүрсэн байдаг. Хэрэв уг үйлдлийг Д.М-н хугархай гарыг хамгаалах гэж хүрээгүй, харин түүнийг гаргах гэж татсан үйлдэл гэж үзсэн тохиолдолд ч уг үйлдэл нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болохгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн идэвхтэй, санаатай үйлдэл байхаас гадна эсэргүүцсэн үйлдэл нь хууль сахиулагчид чиглэсэн, түүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаарддаг. Гэтэл Б.Б-н нээлттэй байсан 461 дүгээр ангийн хүлээлгийн хэсэгт нэвтэрсэн үйлдэл, хүлээлгийн хэсэгт байхдаа бичлэг хийсэн үйлдэл, мөн хүлээлгийн хэсгийн зөвхөн сканнер хаалгаар олон хүмүүс чихэлдсэн байх үед Д.М-н гараас татсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн дээр дурдсан шинжийг бүрэн хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, Б.Б нь Д.М-н гараас татахдаа хууль сахиулагчдын хэн алинд ч гар хүрээгүй, биед нь халдаж цохиж зодох, хувцас хунарыг нь урах, эд зүйлийг нь эвдэх гэмтээх гэх мэтээр хүч хэрэглээгүй, мөн хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах зэргээр хүч хэрэглэхээр заналхийлээгүй болох нь хангалттай нотлогдож тогтоогдсоор байхад түүнийг хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн 2015 оны шинэчилсэн найруулгаар Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн заавал байх үндсэн шинжийг “хүч хэрэглэж, хүч хэрэглэж эсэргүүцэхээр заналхийлсэн” байхыг шаарддаг болсон бөгөөд хүч хэрэглэлгүй эсэргүүцсэн бол зөрчил гэж үзэхээр хуульчилсан. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчлийг хуульчилсан бөгөөд уг зүйлийн 2 дах хэсэгт “Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан, төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгохоор заасан байна. Мөн зүйлийн тайлбарт энэ хуульд заасан “хууль сахиулах чиг үүрэг” гэж цагдаа, тагнуул, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг ойлгоно” гэж заасан. Б.Б-н 461 дүгээр ангийн хүлээлгийн хэсэгт байхдаа бичлэг хийж болохгүй гэсэн шаардлагыг үл биелүүлэн бичлэг хийж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй”, мөн Д.М-г сканнер хаалгаар гаргаж байх үед нь хууль сахиулагчдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэлгүй, зөвхөн Д.М-н гараас нь татаж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан, төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн үйлдэл” байхад гэм буруутайд тооцож байгаа нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 4-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Иймд Б.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжгүй, харин хууль сахиулагчийн шаардлагыг биелүүлээгүй, Д.М-г саатуулах үйл ажиллагаанд нь /баривчлах тогтоол ирээгүй байсан/ саад учруулсан, хууль сахиулагчид хүч хэрэглэлгүй эсэргүүцсэн, зөрчлийн шинжтэй үйлдэл байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг дээрх үндэслэлээр, эс бөгөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.О, Ц.Ч, Б.Би, Л.Г, Б.Бя нарын өмгөөлөгч Ч.Мөнхсайхан тус  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Э.О-г анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Тухайн үйл явдал болсон бөгөөд эцэслэн шийдэгдээгүй байгаа. Илт худал мэдээлэл гэдэг нь тогтоогдоогүй. Тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээд нь М.Б-н төрсөн хүүхэд болох нь тогтоогдсон. Мөн М.Б-тэй Е С Л.О хамааралтай эсэх асуудал яригдах боловч энэ нь тогтоогдоогүй. Энэ талаар шалгасан зүйл байхгүй. Анх Монгол Ардын Намын хууль эрх зүйн хэлтсийн дарга “Е с-н нэр хүндэд халдсан” гэж гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Е с-н итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцохдоо “би МАН-н дарга болон Е с, хувь хүн Л.О-г төлөөлж байна” гэж тайлбарладаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хууль ёсны төлөөлөгчийг хохирогч эсхүл хуулийн этгээд томилно гэж зохицуулсан. Хэрэв хохирогч 18 насанд хүрээгүй, эсхүл өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хянах эрх зүйн чадамжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулах тухай хүсэлт гаргадаг. Гэтэл Л.О нь Е с, МАН-н даргынхаа хувьд гомдол гаргаж байгаа бол хохирогч, хувь хүн юм. ... Хохирогчгүй хэрэг үүсгэж шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдаа гаргасан. Шүүхийн шийтгэх тогтоолд “Э.О-г цагдан хорих байр руу оруулахгүй, гар утсаараа бичлэг хийж болохгүй, Д.М-г авч явж болохгүй” гэсэн хууль сахиулагчийн шаардлагыг биелүүлээгүй гэж дурдсан. Гэтэл 2004 оны А/209 дүгээр тушаалаар Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар хорих байрны дотоод журмыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, цагдан хоригдох байр гэж юу талаар, ямар эрх зүй, дүрэм журам үйлчлэх талаар эрх зүйн ойлголт байхгүй. Нэр бүхий 6 хохирогч нарыг цагдан хорих байр руу оруулахгүй гэдэг. Гэтэл бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тухайн цагдан хорих байр буюу 461 дүгээр хорих ангийн хашаан доторх шалган нэвтрүүлэх, хүлээлгийн танхим гэх хэсгүүд нь онгорхой байсан. Иймд оруулахгүй гэх үндэслэл байхгүй. Мөн Э.О гар утсаараа бичлэг хийсэн эсэх нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс Э.О-г буруутгахдаа Д.М-г эмчийн үзлэгийн өрөөнөөс гарч ирэхэд араас нь түлхэн авч явсан гэдэг нь үндэслэлгүй. Хууль сахиулагчид хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаарддаг. Гэтэл Э.О нь Д.М-н ардаас түлхсэн нь хэн нэгэн хууль сахиулагч руу чиглэсэн үйлдэл байхгүй. Хууль сахиулагч нар Д.М-г зөвшөөрөлгүйгээр хүчээр баривчилж авч явсан болох нь шүүхийн болон прокурорын шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, тайлбараар тогтоогдсон. Хууль сахиулагч нарын тавьсан хууль ёсны бус шаардлага бүрийг биелүүлээгүй нь гэмт хэрэгтэн болох үндэслэл болохгүй. ... Гэм буруугийн шүүх хуралдаан хэлэлцэж байхад шүүх “ялын хуралдаанаар асууя” гэж өмнө нь ял оногдуулсан мэтээр хандсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Г-т 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ял шийтгэл оногдуулах болсон үндэслэл хууль зүйн үндэслэлгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Б.Цэвээндорж “би Л.Г-г мэдэхгүй, санахгүй байна” гэж мэдүүлдэг. ... Тухайн үйл явдлаас Л.Г нь зайтай зогсож байсан болох нь тухайн үеийн хяналтын камерын бичлэгээр тогтоогддог. Гол асуудал нь хорих 461 дүгээр ангиас Д.М-г хүчээр авч явсан гэх явдал. Хяналтын камерын бичлэгээс харахад ээлжийн дарга А.З нь Д.М-г скайнертай хаалгаар авч гарч байгаа нь тодорхой харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. ... Цахим орчинд мэдээлэл нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь тухайн хүний үндсэн эрхийн асуудал боловч мэдээллийн үнэн бодит байдлыг шалгаж, үүнээс үүсэх үр дагавар, хор уршгийг урьдчилан ухамсарласан байх ёстой. Цагдаагийн байгууллага Дорнод аймагт болсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаагаа хуульд заасны дагуу явуулсан. Энэхүү хэргийг нуун дарагдуулах, хэн нэгэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийлгэсэн үйл ажиллагаа огт гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.О нь болсон асуудлын талаар огт өөр хүнийг гэмт хэрэг хийсэн мэтээр зургийг нь ашиглаж, доор нь текст хэлбэрээр оруулан бичлэгийг зургийн хамт нийтэлж, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.О-с асуухад “эх сурвалжаа нууцлана” гэх байдлаар огт хэлдэггүй. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн тухайд тайлбарлахад энэхүү хэрэг нь хохирогч нарын мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгт удаа дараа үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нараас “тухайн цагдаагийн албан хаагч нарыг хууль сахиулагч гэж мэдэх боломжгүй байсан” гэж мэтгэлцдэг. ... Цагдаагийн албан хаагч ямар үед энгийн хувцастай явж болох талаар Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан дүрэмт болон ажлын хувцас хэрэглэх журамд, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 4 дэх заалтад тодорхойлсон. Д.М-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэж дууссан. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа явуулж болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд заасан. Сэжигтэнд эрх, үүрэг танилцуулж, мэдүүлэг авч, эрх, үүргийг нь тайлбарласан үеэс эхэлж тогтоол хэрэгжиж эхэлсэн. Мөрдөгч эрх, үүрэг танилцуулж энэ талаар тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулах гэхэд Д.М нь гарын үсэг зурахаас татгалзаж тогтоолтой танилцаагүй. Прокурор тухайн мөрдөгчийн тогтоолыг баталсан. Улмаар дахин Д.М-г баривчлах үед эхний нэг л тогтоолоор баривчилсан. ... Хэрвээ Д.М-г баривчлах ажиллагаа хууль бус байсан гэж үзвэл шүүгдэгч нар өөрсдийнхөө шаардлагыг хууль ёсны дагуу тавих ёстой байсан. Прокуророос шүүгдэгч нарыг хууль сахиулагч нарыг албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж буруутгасан болохоос улсын онцгой объектод халдсан, хохирогч нарын биед гэмтэл учруулсан гэж яллаагүй. ... Нэвтрэх зөвшөөрөл аваагүй ямар нэгэн албан тушаалтан хорих байр руу нэвтрэх хориотой. Анхан шатны шүүх хуралдааны явцад хууль сахиулагч нарыг хохирогч мөн эсэх талаар яригдсан. Хууль сахиулагч нар буюу цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудыг хохирогчоор тогтоосон нь хуульд нийцсэн. Харин шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамласан нь учир дутагдалтай болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг журамласан өөрчлөлтүүдийг оруулах саналыг шүүхэд гаргаж байна. Харин шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Г.Ууганбаатарын тайлбартай санал нэг байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэхийг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.О нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат 25 дугаар байрны 31 тоотод өөрийн ашигладаг фэйсбүүк цахим сүлжээний “....mn /.../” нэртэй пэйж хаягт 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03 цаг 16 минутад, твиттер цахим сүлжээний “....mn /../” нэртэй хуудсанд 2021 оны 7 дугаар сарын 31-ний 03 цаг 05 минутад “...Иргэн Э.С-г санаатайгаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б /ЕС-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ...” гэсэн илт худал мэдээллийг Монгол Улсын Е С Л.О, иргэн М.Б нарын зурагтай хамт нийтэлж, тэдний нэр төр, алдар хүндэд халдаж олон нийтэд тараасан,

мөн 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт хууль сахиулагч буюу СБ дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Б болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.З нарыг “таныг цагдан хорих байр руу оруулахгүй” гэж хориглоход гарыг нь хүчээр түлхэж холдуулан шалган нэвтрэх хэсгийг өнгөрсөн, улмаар иргэн Д.М-г шалган нэвтрүүлэх хэсгийн сканнер хаалгаар хүчээр түлхэн гарган авч яван шүүгдэгч Ц.Ч, Б.Б, Б.Би, Л.Г нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хууль сахиулагч буюу СБ дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Б, мөрдөгч Ч.О, Б.Ц болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.З, О.Т, Б.Ө нарын “Цагдан хорих байр руу оруулахгүй, Д.М-г авч явж болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан гараараа бие рүү нь цохих, түлхэх зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн,

шүүгдэгч Ц.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт хууль сахиулагч буюу тус цагдан хорих ангийн албан хаагч А.З-н “гар утсаараа бичлэг хийхгүй байна уу, та гарна уу” гэсэн хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, улмаар тус ангийн албан хаагч Б.Ө-н шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэн түлхэж иргэн Д.М-г шалган нэвтрүүлэх хэсгийн сканнер хаалгаар хүчээр түлхэн гарган авч яван шүүгдэгч Э.О, Б.Б, Б.Би, Л.Г нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Б, мөрдөгч Ч.О, Б.Ц болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.З, О.Т, Б.Ө нарын “Цагдан хорих байр руу оруулахгүй, гар утсаар бичлэг хийж болохгүй, Д.М-г авч явж болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биеэрээ албан хаагчдын бие рүү түлхэх, гараараа цохих зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн,

шүүгдэгч Б.Би нь 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт иргэн Д.М-г уг шалган нэвтрүүлэх хэсгийн сканнер хаалгаар хүчээр татан авч, Д.М-г “Ланд круйзер” загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган авч яван, шүүгдэгч Э.О, Б.Б, Ц.Ч, Л.Г нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Б, мөрдөгч Ч.О, Б.Ц болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.З, О.Тасхын, Б.Ө нарын “Цагдан хорих байр руу оруулахгүй, гар утсаар бичлэг хийж болохгүй, Д.М-г авч явж болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн,

шүүгдэгч Л.Г нь 2021 оны 10 дугаар сарын 4-5-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Ц-н баруун гарыг татаж, мөн тус цагдан хорих ангийн ажилтан Ч.О-н араас гараараа татаж, иргэн Д.М-г шалган нэвтрүүлэх хэсгийн сканнер хаалгаар хүчээр түлхэн авч явах боломжийг олгож, шүүгдэгч Э.О, Б.Б, Б.Би, Ц.Ч нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Батсайхан, мөрдөгч Ч.О, Б.Ц болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.З, О.Т, Б.Ө нарын “Цагдан хорих байр руу оруулахгүй, гар утсаар бичлэг хийж болохгүй, Д.М-г авч явж болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биеэрээ албан хаагчдын бие рүү нь түлхэх, гараараа цохих, татах зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн,

шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт иргэн Д.М-г уг шалган нэвтрүүлэх хэсгийн сканнер хаалгаар хүчээр татан авч, Д.М-г “Ланд круйзер” загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган авч яван, шүүгдэгч Э.О, Б.Би, Ц.Ч, Л.Г нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Б, мөрдөгч Ч.О, Б.Ц болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.З, О.Т, Б.Ө нарын “Цагдан хорих байр луу оруулахгүй, гар утсаар бичлэг хийж болохгүй, Д.М-г авч явж болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цэдэвсүрэнгийн “...Монгол Улсын Е С Хэнтий аймагт төрсөн. Цахим орчинд Е с-тай нэр холбогдоод байгаа М.Б гэх хүн нь өөрөө МАН-н гишүүн. Гэхдээ МАН-н гишүүн байлаа гээд Монгол Улсын нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар Е с-н хамаарал бүхий хүн гэж ойлгохгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс иргэн Э.О нь цахим орчинд Монгол Улсын Е С Л.О-н нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийнхөө цахим хуудсаар Е с-с уучлалт гуйх нь зөв гэж үзэж байна. ...” /16 хх 68-70/,

хохирогч М.Б-н “...2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай хүү Б.Д нь найз нарынхаа хамтаар ....... аймгийн ....... суманд явж байх үедээ бусадтай маргалдаж байгаад өөрийн 2 найзыгаа авч зугтах үедээ ээжийнхээ ..... УБИ улсын дугаартай авто машинаар Э.С гэх хүүхдийг мөргөж гэмтээсэн. ... Үүний дараагаар буюу 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлээд тухайн үйл явдлын талаарх бичлэг “Дорнодын ээжүүд” гэх нэртэй групп дээр хальт нийтлэгдээд устсан байсан ба 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэн Э.О нь өөрийн хаягаас “иргэн Э.С-ыг санаатайгаар дайрч хэргийн газраас зугтаасан МАН-н гишүүн М.Б /Е.С-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ” гэсэн илт худал мэдээллийг оруулж Е с-тай хамт авахуулж байсан зургийг нийтэлсэн байсан. Үүнээс шалтгаалаад миний болон манай гэр бүлийн нэр хүнд маш хүнд байдалд орсон. ... миний хувьд Е с-тай ямар нэгэн хамаарал байхгүй. ...” /6 хх 75-79/,

хохирогч Ү.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Тухайн гомдол мэдээлэлд хэд хэдэн мөрдөгч нарыг ажлын хэсэгт оруулан, хойшлуулшгүй ажиллагааг явуулан Д.М-г шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлахаар болоод шөнийн 02 цаг 20 минутын үед Ч.О, Б.Ц бид гурав Д.М-г Цагдан хорих 461 дүгээр анги дээр авч ирээд эмчийн өрөөнд оруулан хувцас болон биед нь үзлэг хийхээр болсон. Би гадна талд буюу шалган нэвтрүүлэх хэсэгт зогсож байтал гаднаас 10 орчим хүн Д.М хаана байна гээд ороод ирсэн. Би тэр хүмүүст харагдахгүй байх зорилгоор тоо бүртгэлийн заал руу ороод зогсож байтал хянагч залуу хүрч ирээд энэ хүмүүсийнхээ учрыг олохгүй бол утсаараа бичлэг хийгээд үйл ажиллагаанд саад учруулаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шалган нэвтрүүлэх хэсэгт гараад очтол өмнө нь над дээр шалгагдаж байсан Г.Г гэх залуу намайг хараад “энэ залуу Сүхийн мөрдөгч байна, тэгэхээр Д.М-г энд авчирчихсан гэсэн үг, энд чи бас намайг хорьж байсан биз дээ” гэхэд Э.О болон өмгөөлөгч А.П хоёр шалган нэвтрүүлэх хаалгаар орж ирээд төмөр сараалжин хаалган дээр ирээд “Д.М чи энд байна уу” гэж хашгирчихаад, тоо бүртгэлийн заал руу Д.М-г хайж ороход нь би өмгөөлөгч А.П-д хандаж “та хамт явж байгаа хүмүүсээ гадагш нь гаргачих, би танд учир байдлыг нь тайлбарлаж хэлье” гэж хэлэхэд өмгөөлөгч эмэгтэй зөвшөөрөөд гарсан боловч нөгөө хүмүүсээ гаргахгүй нөгөө хүмүүстэйгээ нийлж “Д.М-г гаргаж өг” гэх зэргээр хянагчид шаардлага тавиад байсан. Тэгтэл хянагч залуу хүрч ирээд “та энэ хүмүүстэйгээ уулзаж учраа ол, тэгэхгүй бол Д.М-г гаргалаа” гээд байхаар нь би үүдэнд байсан хүмүүстэй уулзаж шаардлага тавихад өмгөөлөгч А.П тэгвэл би ганцаараа Д.М-тэй уулзмаар байна гэж хэлэхээр нь уулзуулах гээд сараалжин төмөр хаалгыг онгойлготол Д.М гараад ирсэн бөгөөд өмгөөлөгчтэй нь хамт дотогш оруулах гэтэл үүдэнд байсан хүмүүс хүрч ирээд Д.М-г буцаж дотогш нь оруулалгүйгээр гадагш чирээд аваад гарсан. Тухайн үед мөрдөгч Ч.О, Б.Ц бид гурав “та нар бидний үйл ажиллагаанд ингэж саад учруулж болохгүй” гэж тайлбарлаж хэлээд тухайн үйлдлийг нь болиулах гэж татсан боловч бидний шаардлагыг огт сонсолгүйгээр Д.М-г араас нь түрээд зарим нь хоёр гараас нь чирсээр байгаад гадагш авч гараад аваад явчихсан. ...” /3 хх 104-107/,

хохирогч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “... Д.М-г албаны автомашинаар хорих 461 дүгээр анги дээр авч очоод мөрдөгч Ч.О бид хоёр Д.М-н хувцас болон биед үзлэг хийхээр хорих ангийн эмчийн өрөө рүү авч орсон. Харин ахмад Ү.Б үүд рүү гараад явсан. Тэгээд мөрдөгч Ч.О бид хоёр Д.М-н биед үзлэг хийх гэтэл Д.М нь үзлэг хийлгэхээс татгалзаад байсан тул хорих ангийн эмчийг гарч иртэл нь хүлээж байтал үүдэнд хүмүүс орилолдох чимээ гараад “М-оо чи байна уу?, М-г гаргаач ээ” гэх зэргээр орилолдоод байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа хорих ангийн хянагч ирээд наад хүнтэй чинь өмгөөлөгч нь ганцаарчлан уулзмаар байна гэж байна гэхээр нь уулзуулах гээд төмөр сараалжин хаалга руу авч очсон. Тэгтэл хянагч төмөр сараалжин хаалгаа онгойлгоход Д.М хаалгаар гарчихсан бөгөөд Ү.Б ахлах хаалганы цаад талаар Д.М-г буцааж оруулах гээд түлхсэн боловч цаана нь 10 орчим хүмүүс цугларчихсан гар утсаараа бичлэг хийж байснаа гэнэт бүгдээрээ хүрч ирээд Д.М-н тал талд тойрч бүчиж зогсож байгаад чирэх нь чирээд, түлхэх нь түлхсээр байгаад гадагш нь аваад гарчихсан. Ахлах мөрдөгч Ү.Б, мөрдөгч Ч.О бид гурав буцааж оруулах гэж оролдсон боловч олон хүмүүсийн эсрэг хүч хүрэхгүй алдаад гадагш нь гаргачихсан. Тэгээд тэр хүмүүс гадаа гараад 2 билүү 3 машинд хуваагдаж суугаад явцгаасан. Ер нь бол тэр хүмүүст бүгдэд нь ахлах мөрдөгч Ү.Б, Ч.О бид гурав Д.М-г хуульд заасны дагуу хойшлуулшгүйгээр баривчилж байгаа, та нар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болохгүй, мөн онцгой объектод халдаж болохгүй гэдгийг маш сайн ойлгогдохоор хэлж сануулж уг үйлдлээ зогсоох шаардлагыг тавьж байсан боловч огт тоохгүй байснаас гадна Э.О нь “бид нар хүнээ авч байна, та нарын хүн баривчилна гэж юу байдаг юм бэ” гэж хэлсэн. Бусад хүмүүсийн хувьд бүгдээрээ л Д.М-г авч гарахын тулд хүчээ нэгтгэж эсэргүүцэл үзүүлж байсан. ...” /3 хх 114-115/,

хохирогч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...гадаа үүдэнд “Д.М, чи энд байна уу” гээд хүмүүс орилолдоход Д.М “би энд эмчийн үзлэгийн өрөөнд байна аа” гээд хариу орилсон. Тэгтэл хорих ангийн хянагч хүрч ирээд “наад хүнтэй чинь өмгөөлөгч нь биечилж уулзана” гэж байна гэхээр нь дагуулаад төмөр сараалжин хаалган дээр очиход хянагч нь хаалгаа онгойлгочихсон бөгөөд Д.М хаалгаар гадагшаа гарангуут ахлах мөрдөгч Ү.Б урд талд нь хааж зогссон боловч цаана нь байсан хүмүүс хүрч ирээд Д.М-г тойрч бүчиж зогсож байгаад “хүнээ авмаар байна” гээд хүчээр гадагш нь авч гарсан. Б.Ц, Ү.Б бид гурвын хувьд Д.М-г буцаж оруулах гэж оролдсон боловч олон хүмүүс тал талаас нь татсаар байгаад дийлдэхгүй авч гараад машинд суулгаад аваад явчихсан. ...” /3 хх 110-112/,

хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Ярилцаж байх үед цэнхэр өнгийн куртиктэй, цэнхэр гуталтай байсан эрэгтэй Д.М-г ардаас нь түлхээд шууд үзлэг нэгжлэгийн хаалга руу түрсэн, улмаар цаад талын хүлээлгийн хэсгээс хар өнгийн үстэй малгайтай куртиктэй, цүнх үүрсэн эрэгтэй манай хамгаалалтын ажилтан Б.Ө-г хүчээр түлхээд орж ирээд урдаас нь Д.М-г татсан, мөн ар нуруун дээрээ цагаан өнгийн шоотой, хар өнгийн богино куртик өмссөн нүдний шилтэй эрэгтэй хүн утсан дээрээ бичлэг хийгээд үзлэг нэгжлэгийн хаалгаар ороод ирсэн. Улмаар уг нүдний шилтэй эрэгтэй /Л.Г/ нь Д.М-г барьсан байсан мөрдөгчийн гараас зуураад байхаар нь би тухайн хүнийг ардаас нь татаад салгасан. Тэгтэл үзлэг нэгжлэгийн хаалганы цаана байсан 3 эрэгтэй хүн цээжээрээ орж ирээд Д.М-г татаад улмаар аваад хүлээлгийн хэсгээр дамжаад шууд гадагшаа гарсан. Бидний зүгээс хүлээлгийн хэсэгт хүрээд тэрнээс цаашаа гараагүй, харин мөрдөгч нар нь зууралдаад гараад явсан. ...” /3 хх 72-78/,

хохирогч А.З-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Тэд нар манай нэг цэгийн үйлчилгээний зааланд уулзаж байгаад удалгүй эргэж гарч ирээд мөрдөгч Я.Б нь Д.М-г гаргаад ир гэж хэлсний дагуу манай хамгаалалтын ажилтан, дэд ахлагч О.Т хаалгыг онгойлгож Д.М-г эмчийн үзлэгийн өрөөнөөс гаргаж ирсэн. Тэгтэл Д.М, 3 мөрдөгч, өмгөөлөгч эмэгтэй, хөх өнгийн куртиктэй залуу нар шалган нэвтрүүлэх байрны рентген төхөөрөмжөөр бүр нэвтрээд ороод ирчихсэн, зүүн тал хэсэгт зогсоод хэдхэн секунд юм ярьснаа гэнэт хөх куртиктэй залуу Д.М-г ар нуруунаас нь түлхээд шалган нэвтрүүлэх байрнаас гаргахаар рентген байрлах хэсэг рүү түлхээд эхэлсэн. Энэ үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн 3 мөрдөгч, уг үйлдлийг хориглож наана нь хааж зогссон боловч рентгений цаана байсан үлдсэн залуучууд бүгд дайрч хүч нэмэгдүүлж, цагдаагийн мөрдөгч нарыг хориглож түлхээд Д.М-г татаад голдоо хийгээд шалган нэвтрүүлэх байрнаас аваад гарсан. Шалган нэвтрүүлэх байрны гадаа мөн цагдаагийн мөрдөгч нар Д.М-г авч үлдэх гэсэн боловч нөгөө хүмүүс нь хүчээр салгаж машинд суулгаад аваад явсан. ...” /3 хх 94-95/,

хохирогч Б.Ө-н “... Цагдаагийн 3 мөрдөгчийн бичиг баримтыг шалган иргэн Д.М-н хамт эмчийн үзлэгийн өрөө рүү оруулсан. Тэгтэл шалганы байрны гадна зогсоол дээр нэг машин ирээд зогстол араас нь дахин нэг машин ирж зогссон. Ойролцоогоор 2-3 минутын дараа дээгүүрээ цэнхэр куртик өмссөн Э.О, цагаан куртик өмссөн А.П нарын 9 хүн цувсан байдалтай шалган нэвтрүүлэх байранд орж ирсэн. Тухайн хүмүүсээс Э.О, Ц.Ч, С, Г нарын хүмүүс гар утсаа барьчихсан бичлэг хийгээд ариутгалын хаалгыг даваад ороод ирсэн. Би ээлжийн дарга А.З, хамгаалалтын ажилтан О.Т нарын хамт тухайн иргэд дээр очиж, юу болоод байгаа талаар асуугаад “камерын бичлэгээ зогсоо, та нар улсын онцгой объектод нэвтэрсэн байна” гэж хэлэн хууль ёсны шаардлага тавьсан. Тэгтэл тухайн хүмүүс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй өөдөөс бүгд “яагаад Д.М-г энд авчирсан юм бэ, наад хүн чинь буруугүй, Д.М-г авъя” гэж хэлэн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байсан. ... Би ээлжийн даргын өгсөн үүргийн дагуу А.П-тай уулзаж байсан Ү.Б мөрдөгчийг дуудаад эргээд харсан чинь Э.О манай металл илрүүлэгч хаалгыг нэвтрэн дотогш ордог сараалжин аркны төмөр хаалга руу оччихсон “Д.М энд байна уу” гэж чанга хашхирч байсан. Тэгтэл эмчийн үзлэгийн өрөөнөөс Д.М “би энд байна” гэж хашхирч байсан. Би Э.О-т та энд орж болохгүй, та үүд рүү гар гэсэн шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй “Д.М энд байна шүү” гэж үүдэнд байсан хүмүүс рүү хашгирсан. Тэгтэл Ц.Ч, Г.Г, Б.Би, Б.Б, Г.Г-О нарын хүмүүс металл илрүүлэгч хаалганы наана зогсож байсан О.Т-г түлхээд хүч хэрэглэн дайрахаар нь би өөдөөс нь очоод 2 гараа алдлан зогссон. ... эмчийн үзлэгийн өрөөнөөс 2 мөрдөгч, Д.М-г дагуулан гарч ирсэн. Энэ үед Ц.Ч, Г.Г, Б.Би, Б.Б, Г.Г-О нарын хүмүүс намайг хүч хэрэглэн түлхээд шалган нэвтрүүлэх постыг даван орж ирээд Д.М-г тал талаас нь татаад авч гарсан. Д.М-н араас Э.О түлхэж байсан. Цагдаагийн 3 мөрдөгч, 3 алба хаагч нар тухайн хүмүүсийн үйлдлийг зогсоох гээд дийлээгүй. Надад болон бусад алба хаагч нарын өмсөж явсан албаны болон энгийн хувцаснаас татаж, чангааж зуурч хүч хэрэглэж байсан. Тухайн хүмүүс Д.М-н тал талаас татаж, мөн түлхэж байгаад шалган нэвтрүүлэх байрнаас авч гаран дунд гарын жип машинд суулган авч зугтсан. ...” /3 хх 67-70/,

гэрч П.О-н “... Тэгээд ярилцаад байж байхад нь цэнхэр куртиктэй эрэгтэй саатуулагдах гэж байсан Д.М-н ардаас түрээд улмаар нүдний шилтэй эрэгтэй нь хажуугаас нь, нөгөө талаас нь хар өнгийн үстэй малгайтай куртиктэй эрэгтэй нь алба хаагч нарт саад хийж зууралдсан, тэр үед шалган нэвтрүүлэх хаалганы цаад талд байсан 3 эрэгтэй нь Д.М гэх хүнийг барьж татаад цааш татан авсан. Тухайн үед нь манай 2 алба хаагч болох А.З, Б.Ө нар тухайн хүмүүстэй зууралдаж саад хийх гэж оролдсон боловч чадаагүй, О.Т болохоор нүдний шилтэй эрэгтэйтэй зууралдаж тэр хүнийг салгаж барьсан байсан. Тэгээд тэр хүмүүс цагдаа нартай зууралдаад манай ангиас гарсан. ...” /3 хх 91-92/,

гэрч Н.Гү-н “...  Би 3-4 минутын дараа нөгөө дотогш орсон хүмүүсийн араас орсон. Дотор хүмүүс шуугилдаад байхаар нь сонирхоод орсон юм. Намайг ороход Д.М-г цаанаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан гаргаж ирж байсан ба тэнд очсон хүмүүс Д.М-г татаж гаргаж аваад гадагш гарч надтай хамт ирсэн прадо загварын машинд суулгаж аваад явсан. ...” /3 хх 189-191/,

гэрч Э.Бя-н “...Миний бие болсон асуудлыг сонсоод шөнийн 03.00 цагт ангийн байрлалд ирсэн, намайг ирэхэд бүх үйл ажиллагаа дууссан байсан, 04:00 цагт цагдаагийн алба хаагчдаас Д.М-г баривчлах тогтоолын хамт дахин авч ирснийг жижүүрийн бүрэлдэхүүний хамт хүлээн авч, хорих өрөөнд байршуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-1 дэх хэсэгт “гадна хориотой бүс” гэж заасан байгаа. 243.2 дахь хэсэгт “хорих ангийн гадна хориотой бүс нь хоригдлын амьдралын бүсээс хот суурин газарт 500 метр, хөдөө орон нутагт 1000 метр байна” гэж зохицуулж өгсөн. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс манай цагдан хорих ангиас шалган нэвтрүүлэх байрнаас засмал зам дагуу 500 метр дотор 3 улсын хэл дээр хориотой бүсийг тогтоож, тэмдэг тэмдэглэгээг хийж өгсөн. Мөн хуулийн 243.2.1 дэх хэсэг /хамгаалалтын хашаа/-ийн 243.1.1-3 дахь заалтад “дулаан, хөдөлгөөн мэдрэх дохиолол, цахилгаан хүчдэлийн шугам, дүрс бичлэгийн хяналт бүхий зурвас” гэж, 243.1.4 дэх хэсэгт “нэвтрэх хэсгийн дуу, дүрсний бичлэгийн хяналт бүхий бүс” гэж тус тус заасан байдаг тул тухайн үйл явдал болсон шалган нэвтрүүлэх байр нь хамгаалалтын бүсэд бүрэн хамаарна. Тэгэхээр дээрх нэр нь үл мэдэгдэх 9 иргэний цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх байранд шөнийн цагаар дур мэдэн нэвтэрч, алба хаагчдын шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, ангийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, саад учруулсан үйлдэл нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл юм. ...” /3 хх 193-196/,

гэрч Б.Д “...Би одоогийн Е С Л.О гэдэг хүнтэй төрөл садангийн холбоогүй, тухайн хүнийг танихгүй, уулзаж байгаагүй, зурагтаар л харж байсан. ...” /5 хх 249-250/,

гэрч Г.Г-н “... Миний бие мөрдөгч Я.Б-н хамт Баянзүрх дүүргийн прокурорын газарт жижүүрт гарч байгаа прокурорт мөрдөгчийн тогтоолыг танилцуулж, баталгаажуулахаар явсан. Ингээд тогтоолыг баталгаажуулчихаад 461 дүгээр анги руу очиж байхдаа ахлах мөрдөгч Ү.Б руу “Одоо яг очиж байна” гэхэд “Д.М-г Э.О, А.П, Ц.Ч гэх мэт хүмүүс ирээд хүчээр булаагаад аваад явчихлаа” гэж хэлэхээр нь “Юу яриад байгаа юм, Д.М-д сэжигтнээр баривчлах тогтоолыг танилцуулсан байгаа” гээд юу болсон талаар тодруулахад “Э.О, Г.Г-О, мөн нэлээд хэдэн хүмүүс цагдан хорих байрны үүдний хүлээлгийн танхимд орж ирээд Д.М-г дундаа оруулаад татаж чангаагаад аваад зугтаасан” гэж танилцуулсан. ...” /10 хх 131/ гэсэн мэдүүлгүүд,

Цахим орчинд үзлэг хийсэн мөрдөгчийн “Интернэт рүү албаны Делл маркийн суурин компьютер ашиглан фэйсбүүк олон нийтийн сүлжээ рүү орж үзлэг хийхэд “O... D...mn” нэртэй хаягаас 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03 цаг 16 минутад “Аймшигтай юм Э.С-г санаатайгаар машинаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б /ЕС-н хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ. Хохирогч Э.С-н биеийн байдал хүнд байна. Энэ хэргийг ямар зорилгоор олон нийтээс нууж байна вэ. ЦЕГ-с мэдээлэл шаардаж байна! Гэмгүй хүмүүсийг элдэв янзаар гүтгэж, олон нийтэд буруу ташаа ойлголт өгөхдөө шуурхай нөхдүүд биз дээ? Яагаад ийм ноцтой хэргийг тас дарчихаад байгаад байна???” гэсэн гарчигтай МУ-ын Е С Л.О-н зургийг зам тээврийн ослын талаарх бичлэгийн хамт оруулсан байна. Тус мэдээллийг 61К буюу 61 мянган хүн үзсэн байна”, үзлэгийг үргэлжлүүлэн Твиттер олон нийтийн сүлжээ орж үзлэг хийхэд “....mn /зон/” нэртэй Твиттер хуудаснаас 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03 цаг 05 минутад Иргэн Э.С-г санаатайгаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б /ЕС-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ. Хохирогч Э.С-г биеийн байдал хүнд байна. Энэ хэргийг ямар зорилгоор олон нийтээс нууж байна вэ? ЦЕГ-с мэдээлэл шаардаж байна” гэсэн гарчигтай МУ-ын Е С Л.О-н зургийг зам тээврийн ослын талаарх бичлэгийн хамт оруулсан мэдээлэл оруулсан байв. Үзлэгийг үргэлжлүүлэн нийтлэлд тавигдсан видеог тоглуулахад 46 секундын бичлэг байх ба бичлэг дээр хэсэг бүлэг хүмүүс хоорондоо зодолдож байх ба марк дугаар нь харагдахгүй автомашин хүн мөргөж байгаа бичигдсэн байв. Бичлэг дээр хүмүүсийн царай төрх, автомашинуудын марк, улсын дугаар харагдахгүй байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 219-221/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийг үзэхэд 02 цаг 32 минут 37 секундэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч Д.М-н өрөөг онгойлгож ороход үүд хэсгээс цагдаагийн алба хаагч, өмгөөлөгч А.П шалган нэвтрүүлэх сканертай хаалгаар орж ирж байх бөгөөд түүний хойноос Э.О орж ирэхэд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч хориглоход, тавьсан шаардлагыг нь дахин эсэргүүцэж хүчээр орж байна. 02 цаг 33 минут 24 секундэд Д.М-г уг өрөөнөөс гаргаж ирэхэд Э.О очиж хажууд нь зогсох бөгөөд түүний хажууд өмгөөлөгч А.П, мөн цагдаагийн байгууллагын энгийн хувцастай 3 алба хаагч болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 4 алба хаагчид зогсож байна. 02 цаг 40 минут 14 секундэд Э.О Д.М-г араас нь түлхэж хүч хэрэглэн шалган нэвтрүүлэх сканертай хаалгаар гаргахаар түлхэж байх ба уг үйлдлийг цагдаагийн алба хаагчид хориглоход, үүдний хэсгээс шалган нэвтрүүлэх сканертай хаалгаар Л.Г, Ц.Ч нар дайран орж ирэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч оруулахгүй гэж хориглоход Ц.Ч хүч хэрэглэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг түлхэн орж байна. Түүний араас эхлээд Г.Г-О, Б.Би нар сканертай хаалгаар нэвтэрч мөн араас нь одоогоор хэн болох нь тогтоогдоогүй саарал өнгийн өмдтэй, хар өнгийн малгайтай цамцтай, цамцных нь баруун гар талын хэсэг улаан өнгийн оруулгатай, цамцныхаа малгайг өмссөн, саарал өнгийн өмдтэй, хөх өнгийн пүүзтэй эрэгтэй хүн мөн адил нэвтэрч хүч хэрэглэн Д.М-н гараас татаж гаргах гэж оролдож байх бөгөөд Э.О Д.М-г мөн адил үүдээр гаргах гэж хойноос нь тэвэрч хүч хэрэглэн түлхэхэд Л.Г баруун талаас нь Д.М-г гаргах гэж зуурч хүч хэрэглэж байх ба уг үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид болон Цагдаагийн алба хаагчид Д.М-г гаргахгүй гэж хориглож зууралдаж байна. Ц.Ч Д.М-н зүүн гар талд гарч зогсон хүч хэрэглэж Д.М-г татан, мөн Д.М-г явуулахгүй гэж хориглож байсан цагдаагийн алба хаагчийн гараас нь татаж салгахад Д.М-г Г.Г-О, Б.Би, мөн одоогоор хэн болох нь тогтоогдоогүй саарал өнгийн өмдтэй, хар өнгийн малгайтай цамцтай, цамцных нь баруун гар талын хэсэг улаан өнгийн оруулгатай, цамцныхаа малгайг өмссөн, саарал өнгийн өмдтэй, хөх өнгийн пүүзтэй эрэгтэй хүмүүс нийлж гараас нь татаж, Э.О хойноос нь түлхсээр байгаад шалган нэвтрүүлэх сканертай хаалгаар 02 цаг 40 минут 36 секундэд авч гарч байна. Сканертай шалган нэвтрүүлэх хаалгаар гарч яван үүдний хэсэгт очиход болж буй үйл явдал зарим нэг хэсгийн харагдах байдал хязгаарлагдмал байх бөгөөд Г.Г-О, Б.Би, мөн одоогоор хэн болох нь тогтоогдоогүй саарал өнгийн өмдтэй, хар өнгийн малгайтай цамцтай, цамцных нь баруун гар талын хэсэг улаан өнгийн оруулгатай, цамцныхаа малгайг өмссөн, саарал өнгийн өмдтэй, хөх өнгийн пүүзтэй эрэгтэй хүмүүс нийлж Д.М-г татсаар байгаад үүдний хаалгаар 02 цаг 40 минут 40 секундэд гарч явж байв. ...” гэсэн тэмдэглэл /2 хх 150-186/,

Мөрдөгчийн гар утсанд үзлэг хийсэн “Иргэн Э.О-г өөрийн гар утсан дээр ашиглаж байгаа фэйсбүүк хаягаа үзүүлнэ үү гэхэд Э.О нь өөрийн ашиглаж байгаа “Хуавэй П-30” загварын, хар өнгөтэй гар утас руу орж “Business suite” нэртэй аппликэйшн руу ороход “Odbayar Demos.mn” нэртэй хаяг руу нэвтрэн орсон байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 222-223/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх байрны дотор хяналтын камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл /10 хх 30-69/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.О-г хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Ц.Ч, Б.Би, Л.Г, Б.Б нарыг бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй шүүгдэгч Э.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Ч, Б.Би, Л.Г, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.О, Ц.Ч, Б.Б, Л.Г, Б.Бя нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ц.Ч, Б.Би, Л.Г, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

  Харин анхан шатны шүүх шүүгдэгч Э.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулахаар заасан торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн ялын төрлүүдээс хамгийн хүнд ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохироогүй гэж үзэхээр байх тул шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх өөрчлөлттэй холбоотойгоор шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, мөн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.О нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Үүнээс гадна, анхан шатны шүүх шүүгдэгч Э.О-т холбогдох хэргийн зүйлчлэл тус бүрт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дараа нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарыг тогтоосны эцэст нь дээрх ялуудыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх байтал дарааллын хувьд ойлгомжгүй байдлаар бичиж, хууль зүйн техникийн хувьд алдаа гаргасныг шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах замаар зөвтгөв.

Шүүгдэгч Б.Би, Б.Б, Л.Г, Э.О, Ц.Ч нар иргэн Д.М-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмчийн үзлэгийн өрөөнд оруулсан байх үед гаднаас хорих байр луу орж ирэн гар утсаар бичлэг хийсэн, тус ангийн албан хаагч нараас “хорих ангийн хориотой бүсэд нэвтэрсэн байна, байр луу орж болохгүй, гар утсаар бичлэг хийж болохгүй” гэсэн шаардлагыг үл биелүүлсэн, улмаар Э.О, Ц.Ч, Л.Г нар тус ангийн шалган нэвтрүүлэх сканнер хаалгаар зөвшөөрөлгүй нэвтрэн орж, хүч хэрэглэн эсэргүүцсэн, шүүгдэгч Б.Би, Б.Б нар шалган нэвтрүүлэх хэсгийн сканнер хаалганаас иргэн Д.М-г хүчээр татаж авч гаргах үед мөрдөгч Ү.Б, Ч.О, Б.Ц нар “Д.М-г авч явж болохгүй” гэсэн шаардлагыг тавихад үл биелүүлсэн хэргийн үйл баримт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 150-186/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсоноос гадна дээрх үйл явдал нь хохирогч Ү.Б /3 хх 104-107/, Б.Ц /3 хх 114/, Ч.О /3 хх 110/, О.Т /3 хх 72-78/ нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Ү.Б, Ч.О, Б.Ц болон шийдвэр гүйцэтгэх ангийн албан хаагч А.З, О.Т, Б.Ө нарыг хууль сахиулагч гэж үзэн хохирогчоор тогтоож, тэдгээрээс хууль сануулж мэдүүлэг авсан нь хуульд нийцсэн байхаас гадна, эдгээр хохирогч нарын удаа дараагийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй байх ба уг мэдүүлгүүдийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.О-н “...худал мэдээлэл тараасан ... гэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэв.  

Учир нь, хэрэгт авагдсан хохирогч М.Б-н “...2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай хүү Б.Д нь найз нарынхаа хамтаар Дорнод аймгийн Хэрлэн суманд явж байх үедээ бусадтай маргалдаж байгаад өөрийн 2 найзыгаа авч зугтах үедээ ээжийнхээ ......... улсын дугаартай авто машинаар Э.С гэх хүүхдийг мөргөж гэмтээсэн. ... миний хувьд Е с-тай ямар нэгэн хамаарал байхгүй. ...” /6 хх 75-79/, түүний хүү Б.Д-н гэрчээр өгсөн “...Би Е С Л.О гэдэг хүнтэй төрөл садангийн холбоогүй, тухайн хүнийг танихгүй, уулзаж байгаагүй, зурагтаар л харж байсан. ...” /5 хх 249-250/ гэсэн мэдүүлгүүдээр М.Б-н хүү Б.Д нь тухайн зам тээврийн ослын гэмт хэрэгт холбогдож шалгагдсан, мөн М.Б нь Монгол Улсын Е С Л.О-тэй ямар нэг хамааралгүй болох нь нотлогдон тогтоогджээ.  

Дээрх байдлаар иргэн М.Б, Монгол Улсын Е С Л.О нарын талаарх худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр буюу цахим сүлжээгээр нийтэлсэн Э.О-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх ба анхан шатны шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Иймд шүүгдэгч Э.О, Ц.Ч, Л.Г, Б.Би , шүүгдэгч Э.О-н өмгөөлөгч Б.Мэргэн, шүүгдэгч Ц.Ч-н өмгөөлөгч Э.Хашчулуун, Г.Байгалмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Би-н өмгөөлөгч Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, тэдгээрийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй тул гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/835 дугаар шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, ...” гэснийг “Шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, ...” гэж,

- тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаанд оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-т шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн, 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР