Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх  хуралдааны  нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгчийн  өмгөөлөгч Б.Наранцэцэг ҮД: 03-34,

           шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:  

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод  аймгийн Хэрлэн суманд 1956 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ам бүл-5, хүү, охин, ач, зээгийн хамт  **************** оршин суух хаягтай , одоо Баянзүрх дүүргийн ****************д  оршин суух , улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн,Б овогт  Д О  /**********************/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн эрүүгийн 1706 0140 90218 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Шүүгдэгч Д.О нь О.Агаас 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүү  О.Дийг нь  Батлан Хамгаалах Их Сургуулийн ахлагчийн сургуульд оруулж өгнө гэж 3 сая төгрөгийг,

Мөн  Г.Баас хүү Б.Бг  нь   2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт  мөн сургуульд оруулж өгнө гэж 3 сая төгрөг тус тус залилсан гэмт хэрэгт тус  тус  холбогджээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О  мэдүүлэхдээ: Би өмнө нь хүмүүст туслаад 2-3 хүүхэд сургуульд оруулж байсан.Энэ хүүхдүүд эхэлж сургуульд оруулж өгөөч гэж гуйчихаад  сургуульд орохоо болилоо гэсэн юм. Дэндэв нь сургуульд оруулах өдөр  нь хүнтэй зодолдоод  нүүр нь хөхөрчихсөн байсан учир сургуульд оруулж чадаагүй  юм гэв.

        Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч О.Агийн:...2017 оны 06 дугаар сарын сүүлээр Батлан хамгаалах  их сургуульд орохоор болсон. Орохдоо О гэх хүнтэй яриад тэр хүн нь ямар ч асуудалгүй оруулж өгнө 3 сая төгрөг бэлэн өгчих гэсэн. Тэгэхээр нь итгээд 3 сая төгрөгийг ********** тоот “ХААН” банкны Оийн дансанд 2017 оны 07 дугаар сарын  04-ний өдөр шилжүүлсэн. Би 3 сая төгрөгөө Увс аймгийн Улаангом сумаас интернэт банкаар шилжүүлсэн юм.  2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр оройн 20 цагийн үед 1.500.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн байна. Мөнгөө нэхэж гэрт нь очиход манай дүүг хэл амаар доромжилдог гэсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 15-р тал /

Мөрдөн байцаалтанд гэрч О.Дийн:.. Би Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн нэг жилийн курст орох гэсэн чинь физикийн оноо дутсан. Тэгээд нэг таньдаг хүнтэй ярьж байгаад О гэх хүнтэй танилцсан бөгөөд О 3 сая төгрөгөөр оруулна гэсэн. Тэгэхээр нь би 3 сая төгрөг олж өгөөд эхлээд 2017 оны 07-р сард эмчийн үзлэгт орсон тэгээд дараа нь ур чадварын шалгалтанд орох гэсэн чинь би чамайг оруулчихна гэж О гэх хүн хэлсэн. Тэгээд каринтинд гарах болсон чинь намайг О каринтинд гараад хэрэггүй гэсэн. Хүүхдүүд каринтинд гараад сургууль элсэлтээ аваад хаах гээд байхаар нь Отэй уулзах гэсэн чинь утсаа авахгүй, уулзахаар би мэдэж байна чи дуугүй хүлээгээд байж бай гээд байсан. Би аргаа ядаад сургууль руу оруулаагүй болохоор Оийн гэрт нь очтол нүүчихсэн гэсэн. Тэгээд арай гэж нэг Отэй уулзсан бөгөөд намайг цэргийн ангид ажилд оруулж өгнө гэсэн тэгэхээр нь би үгүй мөнгөө авъя гэтэл мөнгийг чинь би 7 хоногийн дотор шилжүүлнэ гэсэн. Тэгээд одоог хүртэл мөнгийг маань өгөөгүй байгаа. О надад буцааж 2 сая төгрөг өгсөн байгаа бөгөөд одоо 1 сая төгрөг нь дутуу байгаа. Батлан Хамгаалахын Их сургуульд орохын тулд О гэх хүнд 2017 оны 07-р дугаар  сарын 04-ний өдөр ********** тоот “ХААН” банкны дансанд 3 сая төгрөг шилжүүлсэн. Мөнгийг интернэт банкаар Увс аймгийн Улаангом сумаас шилжүүлсэн. О нь Батлан хамгаалах их сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэж Э гэх намайг танилцуулж өгсөн хүн хэлж байсан. О нь цаашаагаа өөр хүмүүстэй ярьж байгаад Батлан хамгаалах их сургуульд оруулдаг юм шиг байна лээ. гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

Мөрдөн байцаалтанд  хохирогч  Г.Бын:… Би Увс аймгийн Зүүнговь суманд өөрийн эхнэр Жавзандулам, Б.Б, Б.Батзаяа, охин Б.Золзаяа, Б.Тунгалаг нарын хамт амьдардаг юм. Манай хүү Б.Б нь 2017 оны 06 дугаар сард Зүүнговь сумын ахлах сургуулийн 12 дугаар ангийг төгсөж 2017 оны 07 дугаар  сард Увс аймгийн Улаангом суманд орж ирэн элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн юм. Тэгээд манай хүү Б.Б нь Батлан  Хамгаалах их сургуульд орох сонирхолтой байсан боловч элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь хүрээгүй юм. Тэгээд Б.Б нь ямар нэгэн сургуульд ороогүй бөгөөд би 2017 оны 07дугаар  сарын 13-нь  үеэр өөрийн танил Зүүнговь сумын төвд байдаг цэргийн ангид ажилладаг Бтай уулзаж Б.Бг Батлан Хамгаалах Их сургуульд оруулах гэтэл нь оноо нь дутчихлаа таньдаг мэддэг хүн байна уу гэж асуусан юм. Тэгтэл Б нь хамт ажилладаг Н.Э гэх хүн рүү утсаар залгаад Батлан Хамгаалах Их сургуульд хүүхэд оруулмаар байна таньдаг хүн байна гэж асуусан юм. Тэгээд Н.Э нь Бд ******** гэсэн дугаар өгөөд энэ хүн рүү яриад асуу гэж хэлсэн юм. Тэгээд би ******** гэх дугаар луу тэр өдөр залгатал Д.О гэдэг хүн утсаа авсан.  Тэгээд би От  манай хүү Батлан хамгаалах их сургуульд орох гэсэн юм тэгтэл элсэлтийн шалгалтын оноо хүрэхгүй дутаад байна. Та оруулаад өгөх арга байна уу" гэж асуутал О нь надад "би одоохондоо хөдөө явна, Улаанбаатар луу ороод тань руу ярина" гэж хэлсэн тэгээд тэр орой 16:00 цагийн үед О нь над руу ******** гэсэн дугаараасаа залгаад "та 2017 оны 07дугаар  сарын 17-ны өдөр хүүхдээ 3.000.000 төгрөгтэй наашаа Улаанбаатар луу явуулчих тэгээд би  хөөцөлдөж байгаад Батлан Хамгаалах Их сургуульд оруулаад өгнө" гэж хэлсэн юм. Тэгээд тухайн  өдөр манай сумаас Улаанбаатар луу машин явах гэж байхаар нь би тэр орой өөрийн хүү Буянзаяаг машинд суулгаж өгөөд Улаанбаатар хот руу явуулсан юм. Тэгээд Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод очоод 2017 оны 07дугаар  сарын 17-ны өдөр өөрийн хамаатны Оогийтой хамт  Д.Отэй очиж уулзсан юм. Тэгээд О нь Б.Б Оогий нарыг дагуулаад Батлан Хамгаалах Их сургуульд ажилладаг гэж хэлээд уг сургуульд дээр дагуулж очоод өөрөө Батлан Хамгаалах Их сургууль руу орчихсон гэсэн, харин Б.Б, Оогий хоёр сургуулийн шалган нэвтрүүлэх байрны хажууд хүлээж байсан гэсэн . Тэгээд Д.О нь Б.Б, Оогий хоёрт  2017 оны 07 дугаар сарын 24-ний эмчийн үзлэгт оруулна үзлэгийн 60.000 төгрөгтэй Батлан Хамгаалах. Хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэг дээр ирээрэй  гэж хэлээд явуулсан байсан. Тэгээд 2017 оны 07дугаар  сарын 24-ны өдөр Б.Б, Оогий хоёр .Отэй уулзаж Б.Бг Батлан хамгаалэх, Хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эмчийн үзлэгт оруулсан юм. Тэгчихээд маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Д.О нь   өөрийнхөө ******** гэсэн дугаараасаа миний ******** гэх дугаарлуу залгаад мөнгөний хэрэг гараад байна, одоо 3.000.000 төгрөгөө миний дансруу хийчих" гэж хэлсэн юм. Би тухайн уед Д.От өгөх 3.000.000 төгрөгийг 2017 оны 07дугаар  сарын  21-ний үеэр өөрийн хамаатны Оогийгийн дансанд хийчихсэн байсан бөгөөд 2017 оны 07 дугаар  сарын 25-ны өдөр Оогий данснаасаа миний явуулсан 3.000.000 төгрөгийг Д.Оийн данс руу нь хийсэн юм. Тухайн дансыг нь Оогий мэдэж байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Д.О нь  миний дугаар луу өөрийнхөө ******** гэх дугаараасаа залгаад  2017 оны 09 дүгээр сарын  01-нд Б.Бг Батлан Хамгаалах Их сургууль оруулахаар боллоо  гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Д.Оийг залилж байна гэж бодоод Д.О "Үгүй, тийм олон хоног хүлээхгүй, наадах чинь худлаа боллоо, надаас авсан 3,000.000 төгрөгөө буцаагаад дансруу хийчих" гэж  хэлсэн. Тэгтэл Д.О нь ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр утсаа тасалчихсан юм. Тэр өдрөөс хойш Д.О гэгч нь надтай утсаар ярихгүй байсан бөгөөд өөрийнх нь ******** гэх дугаар нь холбогдох боломжгүй болсон юм. Тэгэхээр нь Б.Бг Д.Оийг хайж гэрт нь очиход гэртэй байхгүй хүүхэд нь "ээж хөдөө явсан" гэж хэлсэн байсан юм. Тэр явдлаас хойш одоог хүртэл Д.Оийн утас нь холбогдохгүй байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар холбоо тогтоож чадаагүй бөгөөд би өөрийн хүү Б.Бг 2017 оны 08дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотоос гэрлүүгээ авахуулсан юм. /хх-ийн 25-26-р тал, 64-65-р тал/

 Мөрдөн  байцаалтанд гэрчээр Б.Бгийн:... Би 2017оны 06 дугаар сард  Увс аймгийн Зүүнговь сумын ахлах сургуулийн 12 дугаар ангийг төгсч  2017оны 07 дугаар  сарын 01 -нээс   2017оны 07 дугаар  сарын 05-ны   хооронд   Увс аймгийн Улаангом  сумын төвд ирж элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Тухайн үед би Батлан хамгаалах их сургуульд орох сонирхолтой байсан боловч миний элсэлтийн шалгалтын оноо дутсан юм.  Тэгээд би ямар ч сургуульд ороогүй юм. Тэгээд байж байтал 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай аав болох Бат-Амар нь гэрт ирээд би цэргийн ангид ажилладаг Эаас хүний дугаар авч ярьлаа, чамайг Батлан Хамгаалах Их сургуульд оруулахаар боллоо. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатарт хүрээд ир гэж байна гэж хэлсэн юм. Тэгээд тэр орой манай сумаас Улаанбаатар хот руу машин гарсан бөгөөд би уг машинд суугаад Улаанбаатар хотод 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр очсон юм. Тэгээд би 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хамаатан Оогийтой хамт манай аавтай утсаар ярьсан гэх Д.Отэй уулзсан юм. Тэгээд тэр өөрийгөө Д.О гэдэг, би Батлан хамгаалах их сургуулийн багш гэж хэлсэн. Тэгээд Д.О нь Оогий бид   хоёрыг дагуулаад Батлан Хамгаалах Их сургуулийн гадна шалган нэвтрүүлэх байранд Д.Оийг хүлээсэн юм. Тэгээд Д.О нь сургуулиас гарч ирээд надад 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эмчийн үзлэгт орно, 60.000 төгрөгтэй ирээрэй гэж хэлсэн юм. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Д.О нь намайг эмчийн үзлэгт оруулсан бөгөөд тухайн үед би мөн адил өөрийн хамаатан Оогийтой хамт явсан юм. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Д.О нь надад 3.000.000 төгрөгөө өгчих, тэгээд би чамайг Батлан хамгаалах их сургуульд орууллаа гэсэн. Тэгээд Д.О нь манай аавд энэ талаар мөн адил утсаар ярьсан юм. Тухайн үед Д.От өгөх 3.000.000 төгрөгийг манай гэрийхэн Оогий ахын дансанд хийчихсэн байсан юм. Тэгээд Оогий ах тэр өдөр Д.От данс руу 3.000.000 төгрөг хийсэн юм. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Д.О нь манай аав руу залгаад хүүхдийг чинь 2017 оны 09 дүгээр сарын 1-нд Батлан хамгаалах их сургуульд оруулахаар боллоо гэж ярьсан байсан. Тэгээд тэр өдрөөс хойш Д.Оийг утас нь холбогдохгүй алга болчихсон юм. Тэгээд би Д.Оийн гэрийг хүнээс асуугаад  очиход Д.О нь хөдөө явчихсан байна гэж хүүхэд нь надад хэлсэн. Тэгээд Д.О нь алга болчихоор би 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Увс аймаг Зүүнговь сумандаа ирсэн юм. Тэрнээс хойш одоо хүртэл Д.О нь ямар нэгэн холбоо бариагүй юм. Д.О нь ямар нэгэн холбоо барихгүй юм. / хх-н 69-71-р тал/

          Мөрдөн байцаалтанд гэрч Г.Ганзоригийн:...Би 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Батлан Хамгаалах Их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийг төгсөж Увс аймгийн Зүүнговь сумын 328-р тусгай ротод томилогдсон юм. Би Батлан Хамгаалах  Их сургуульд сурч байхад манай ангийн сонсогч Мандухай нь надад ахлагчийн сургуульд орох хүүхэд байвал надад хэлээрэй гэж хэлсэн юм. Тэгээд би 2017 оны 4 дүгээр сарын 16-ны үеэр ажил дээрээ байж байтал манай ажлын газрын үйлчлэгч Б эгч надаас Батлан Хамгаалах Их сургуульд хүүхэд оруулах гэсэн юм. Чамд таньдаг хүн байна уу гэж асуусан юм. Тэгэхээр нь би тухайн үед Батлан Хамгаалах Их сургуульд хамт сурч байсан Мандухайгийн ********гэх дугаарыг Б эгчид өгсөн юм. Би Д.О гэх хүнийг танихгүй. Би Д.О гэх хүнтэй Дэндэв, Буянзаяа нарыг танилцуулж уулзуулаагүй юм. Би Буянзаяа гэх хүнийг танихгүй, Харин О.Д нь манай найзын дүү юм. гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал /

         Мөрдөн байцаалтанд гэрч Н.Бгийн:.. 2017 оны  04  дүгээр сарын 16-ны үеэр би хамт ажилладаг Н.Эт би хүүхдээ Батлан хамгаалах их сургуульд оруулах гэсэн юм, таньдаг хүн байна уу гэж асуусан юм. Тэгтэл Н.Э надад манай найз Мандухай гэх хүн байгаа та ********гэх дугаар өгсөн юм. Тэгээд би уг дугаар луу залгахад Мандухай гэх хүн надад та хүүхдийнхээ бичиг баримтынх хамт Улаанбаатар хот руу явуулж Мандухайтай уулзуулсан. Тэгтэл Мандухай нь манай хүүхдийг О гэх хүний утасны дугаар өгөөд энэ хүнтэй утсаар ярь гэж хэлсэн юм. Тэгээд би Д.Отэй утсаар яриад өөрийн хүү Батсайханыг Батлан Хамгаалах Их сургуульд оруулахаар болсон юм. Тэгээд 2017 оны 07 дугаар сард Д.О нь над руу залгаад Батлан Хамгаалах Их сургуульд орох хүүхэд байвал надтай яриулаарай гэж хэлсэн юм. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай нутгийн Бат-Амар гэгч нь надтай таараад би хүүхдээ Батлан хамгаалах их сургуульд оруулах гэсэн юм, таньд таньдаг хүн байна уу гэж асуусан тэгэхээр нь би Бат-Амарт Д.Оийн ******** гэсэн дугаарыг  өгсөн юм. Тэрнээс хойш би Бат-Амар нь Д.Отэй юу ярьсан талаар би мэдэхгүй юм.  гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/

         Мөрдөн байцаалтанд гэрч Н.Эын:...Би 2016 оны 08 дугаар сарын 22-ний өдөр Батлан Хамгаалах Их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийг төгсөж Увс аймгийн Зүүнговь сумын 328-р тусгай ротод томилогдсон юм. Би Батлан Хамгаалах Их сургуульд сурч байхад манай ангийн сонсогч Мандухай нь надад ахлагчийн сургуульд орох хүүхэд байвал надад хэлээрэй гэж хэлсэн юм. Тэгээд би 2017 оны 4 дүгээр сарын 16-ны үеэр ажил дээрээ байж байтал манай ажлын газрын үйлчлэгч Б эгч надаас Батлан Хамгаалах Их сургуульд хүүхэд оруулах гэсэн юм, чамд таньдаг хүн байна уу гэж асуусан юм. Тэгэхээр нь би тухайн үед Батлан Хамгаалах Их сургуульд хамт сурч байсан Мандухайгийн ********гэх дугаарыг Б эгчид өгсөн юм. Би О гэх хүнийг танихгүй. Би Д.О гэх хүнтэй Дэндэв, Буянзаяа нарыг танилцуулж уулзуулаагүй юм. Би Буянзаяа гэх хүнийг танихгүй харин Дэндэв нь манай найзын дүү юм. гэх мэдүүлэг /хх-ийн 72-р тал/

           - “ХААН” банкны дансны хуулга /хх-ийн 96-98-р  тал/

           - Шүүгдэгч Д.Оийн  ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтууд болон  шүүгдэгч  хохирогчийн мэдүүлэгүүдээс дүгнэхэд Д.О нь 2 удаагийн  үйлдлээр буюу   О.Агаас  хүү  Дэндэвийг  нь  Батлан Хамгаалахын Их сургуульд оруулж өгнө  өөрийн “ХААН” банкны *************тоот  дансаар 2017 оны 07 дугаар сарын  04-ний өдөр шилжүүлсэн авсан,мөн иргэн Г. Бат-Амараас  Буянзаяаг Батлан Хамгаалахын Их сургуульд  оруулж өгнө  гэж 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 3 сая төгрөгийг өөрийн “ХААН” банкны *************тоот  дансаар шилжүүлэн авсан  үйл баримт болсон байна.

            Шүүгдэгч  Д.О нь О.Агаас   2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр О.Дийг Батлан Хамгаалах Их Сургуулийн ахлагчийн сургуульд оруулж өгнө гэж 3 сая төгрөгийг, мөн ГБат-Амараас .  2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Бг мөн сургуульд оруулж өгнө гэж 3 сая төгрөгийг  өөрийн эзэмшдэг “ ХААН “  банкны харилцах  дансаар дамжуулан  мөнгө  шилжүүлэн   залилан  авсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, “ ХААН” банкны  хуулга  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх  тул  гэм буруутайд тооцох үндэстэй байна.

         Баянзүрх дүүргийн Прокуророос  Д.Оийн  гэм буруугийн  үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  шүүхэд  ирүүлсэн байна.

         Шүүгдэгч Д.О нь Батлан Хамгаалах Их Сургуульд өөрөө ажилладаггүй, ажиллаж ч байгаагүй, өөрт  нь тийм   боломж  байхгүй  байхад   бусдад   худал хэлж төөрөгдүүлж , бусдын  хөрөнгө  мөнгийг  өөрийн “ХААН” банканд  эзэмшдэг дансаар   өөрийн өмчлөлд  шилжүүлэн авч  захиран зарцуулж   буй үйлдэл  нь  бусдыг хуурч залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

         Иймд  Прокуророос  Д.Оийн  гэм буруугийн  үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн  хуулийн  зүйл  хэсэг тохирсон,  энэ зүйл хэсгээр Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй гэж үзэв.

         Шүүгдэгч Д.О нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна./хх-ийн 36-р тал/

Хохирогч  О.Ад учруулсан   хохирлоо бүрэн төлсөн байна. /хх-ийн 112-р тал/  

Хохирогч Г.Бт учруулсан хохирлоо  бүрэн төлсөн  байна. /хх-ийн 135-136, 152-р тал/

 Шүүгдэгч ДО эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий   ангийн  6.5 дугаар зүйлийн  1.2-д заасан    хохирогчид учруулсан  хохирлоо нөхөн  төлснийг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Б.ДОийг бусдыг хуурч  бусдын эд хөрөнгийг   залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар  Дашдаваагийн Оийг 500 /таван зуун тавин/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О 500 /таван зуун/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.  

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.От  оногдуулсан 500 /таван зуун / нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

           5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.О  нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурьдсугай.

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.  Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.От авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ