Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 01893

 

 

 

 

 

 

 

 

 

Х.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02514 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.А-ын хариуцагч Л.М-д холбогдуулан гаргасан 15 151 888 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Л.М-гийн нэхэмжлэгч Х.А-д холбогдуулан гаргасан 16 074 893 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2017 оны 04 сарын 24-ний өдөр хариуцагч Л.М-тай түрээсийн гэрээ байгуулан түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол, 5а байр, 73 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ресторан пабын зориулалтаар 1 жилийн хугацаатайгаар эд хогшил, тоног төхөөрөмжийн хамт түрээслэн авч ажиллуулж эхэлсэн. Ингээд миний бие түрээсийн гэрээний дагуу түрээсийн байр болон эд хогшил, тоног төхөөрөмжийг хүлээн авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед хариуцагчийн хэрэглэж бай гэсэн Пос машинаар гүйлгээ хийсэн тохиолдолд Л.М-гийн эзэмшлийн Хаан банк дахь 5037531976 тоот төгрөгийн харилцах дансанд мөнгө орж, орсон мөнгөний зарлагыг түрээслүүлэгч Л.М- өөрөө хийж, түрээсийн төлбөр, ашиглалтын зардал зэргийг өөрөө шилжүүлэн авдаг байсан. Миний бие түрээслэх хугацаандаа өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогоо захиран зарцуулах ёстой байсан хэдий ч асуудал гарахгүй гэж итгэн энэ байдлаар үргэлжлүүлэн түрээсэлсээр байсан. Бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээ 2018 оны 04 сарын 24-ний өдөр дууссан боловч харилцан тохиролцож түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашигласаар 2018 оны 12 сарын 13-ны өдөр дахин гэрээг сунгасан. Ингээд гэрээ байгуулснаас хойш буюу 2017 оны 04 сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 сарын 11-ний өдөр хүртэл түрээслэн ажиллаж, түрээслүүлэгчийн Пос машиныг ашиглан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд намайг өөрийн гэсэн Пос машин авсан гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, энэ маргааны улмаас түрээсийн гэрээ цуцлахаар болсон. Гэрээ цуцлах үед анх гэрээгээр хүлээн авсан эд зүйл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх болоход ашиглаж болохуйц, элэгдэл хорогдол учраагүй зүйлийг хүртэл тооцон суутгаж барьцааны мөнгө, бараа бүтээгдэхүүний мөнгө, дансны үлдэгдэл мөнгийг ч өгөхөөс татгалзаж байна. Иймд гэрээ байгуулахад анх өгсөн барьцаа 4 000 000 төгрөг, гэрээ цуцлах үед байсан барааны үнэ 2 020 000 төгрөг, дансны үлдэгдэл 2 299 373 төгрөг, 2017.04.24-2019.01.13-ны өдрийг хүртэлх орлого 6 832 515 төгрөг, нийт 15 151 888 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Х.А-тай гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн. Х.А- нь манай пабыг зориулалтын дагуу ажиллуулж үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүрэг хүлээсэн байдаг. Энэ талаар өөрийн гараар амлалт бичиг бичиж өгсөн бөгөөд 2018 оны 12 сарын 13-ны өдөр бид дахин гэрээ байгуулж хэрвээ үйл ажиллагааг доголдуулсан бол барьцаа болох 4 000 000 төгрөгийг буцааж өгөхгүй гэсэн байдаг. Х.А- нь манай пабын үйл ажиллагааг доголдуулж ажлын байрыг маань хаяад явсан бөгөөд бид дараагийн түрээслэгч олох хугацаа өгөлгүй явж бидэнд хохирол учруулсан. Бид 2019 оны 01 сарын 13-ны өдөр ажлаа хүлээлцэж, тооцоо нийлж Х.А-ын нэхэмжилсэн мөнгөнөөс бидэнд учруулсан хохирлыг хасаад Х.А-д 285 378 төгрөгийг өгөхөөр тохиролцсон байдаг. Энэ талаар Х.А- нь өөрийн гараар баримт бичиж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие Х.А-тай 2017 оны 04 сарын 24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж өөрийн ажиллуулж байсан “Дөмөн” ресторанаа 1 сарын 4 500 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Бид анх тохиролцохдоо түрээсийн үйл ажиллагааг доголдуулахгүй, түрээслэх хугацаанд ажлын байрны эд зүйлийг бүрэн бүтэн байдлыг хариуцаж тухайн ажиллуулж байх үеийн татвар, хураамж, ашиглалтын зардал болон ажилчдын цалингаа цаг тухайд нь өгч байхаар тохиролцож, би өөрийн ашиглаж байсан Пос машинаа хэрэглүүлэхээр тохиролцсон. Гэтэл Х.А- нь манай рестораны үйл ажиллагааг дордуулж, харилцагч байгууллагуудад өр тавьж, ашиглалтын зардлаа төлөхгүй, ажилчдын цалинг хоцроож манай рестораны нэр хүндийг унагасан. Үүний улмаас миний бие түрээсийн гэрээг цуцлахаар санал тавихад Х.А- нь өөрийн гараар баталгаа бичин өгч гэрээг сунгасан. Гэтэл Х.А- гэрээгээ удаа дараа зөрчин өмнө гаргасан үйлдлээ давтсан. Мөн бид гэрээрээ цуцалж, тооцоо нийлэхдээ эвдэрч гэмтсэн эд хөрөнгө, харилцагч байгууллагын өр төлбөр, ашиглалтын зардал гээд бүх зүйл дээр тооцоо нийлж, өглөг авлагаа тохиролцож 285 378 төгрөгийн зөрүүг миний бие төлөхөөр тохиролцсон. Гэтэл Х.А- ямар ч үндэслэлгүй өр төлбөр шаардаж байна. Иймд миний бие нөхөн төлбөр 4 000 000 төгрөг, эвдэрч гэмтсэн эд хөрөнгийн үнэ 2 706 000 төгрөг, харилцагч байгууллагын өр 1 351 038 төгрөг, ашиглалтын зардал 439 125 төгрөг, 21 хоногийн түрээсийн төлбөр 3 150 000 төгрөг, татвар 192 470 төгрөг, газын плиткийн үнэ 646 000 төгрөг, сэтгүүлийн ширээ 300 000 төгрөг, камерын үнэ 669 000 төгрөг, алданги 1 883 750 төгрөг, нийт 16 074 893 төгрөгийг хохиролд шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагчийн нөхөн төлбөрт нэхэмжилж байгаа 4 000 000 төгрөг нь юуны нөхөн төлбөр гэдэг нь тодорхойгүй байна. Тэгээд ч энэ миний анх өгсөн барьцаа бөгөөд үүнийг харин би гаргуулахаар нэхэмжилсэн. Мөн 21 хоногийн түрээсийн төлбөрийг төлөх шаардлагагүй бөгөөд түрээсийн төлбөрийг урьдчилан авдаг байсан ба түрээсийн гэрээ цуцлахаас 9 хоногийн өмнө буюу 2019 оны 01 сарын 03-ны өдөр хариуцагч Л.М- нь Пос машины данс болох 5037531976 тоот данснаас өөрийн 5037538575 тоот данс руу 4 500 000 төгрөгийг гүйлгээ хийж 1 сарын түрээсийн төлбөрийг бүтнээр нь авсан. Харин татвар, газын зуухны үнэ, сэтгүүлийн ширээ, камерын үнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн нэхэмжилж байгаа мөнгийг миний үйл ажиллагаа явуулж олсон орлогоос шилжүүлж авсан атлаа дахин нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Түрээслэгч Л.М-гийн өөрийн компани болох “Вест софа” ХХК-ийн татварыг төлөхөөр гэрээгээр харилцан тохиролцоогүй болно. Газан зуух болон хяналтын камер нь хэвийн ашиглалтын явцад элэгдэж муудсан байсан ба түрээслүүлэгч надаас шалтгаалахгүйгээр элэгдэж ашиглах боломжгүй болсон байсан. Хариуцагч нь миний нэхэмжилсэн зүйлүүдийг буцаад нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд түрүүлж суутгаж авсан зүйлүүдээ дахин гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь хэдий хугацааны алдангийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 227 дугаар зүйлийн 227.1, 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.2, 288.2.1, 288.2.2, 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.5, 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.М-гаас 10 601 728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгож, үлдэх       4 550 160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.А-аас 6 019 803 төгрөгийг гаргуулан хариуцагч Л.М-д олгож, үлдэх 10 055 090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн ба сөрөг нэхэмжлэлүүдийг харилцан тооцон 4 581 925 төгрөгийг хариуцагч Л.М-гаас гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 400 төгрөг болон 274 006 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 184 578 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 111 267 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүх ямар ч тооцоололгүй хавтаст хэрэгт авагдсан баримтыг үнэлэхгүй шийдвэр гаргасан. Учир нь талууд тооцоо нийлж нэхэмжлэгч нь өөрийн буруутай үйлдлээс болж Л.М-д хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас эвдэрч гэмтсэн эд хөрөнгийн үнэ 1 357 707 төгрөг, түрээсийн төлбөрөөс 569 360 төгрөг, татвар 192 470 төгрөг, газын плиткийн үнэ 646 000 төгрөг, камерын үнэ 669 000 төгрөг, алданги   1 883 750 төгрөгийг тус тус хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талууд барьцаа болох 4 000 000 төгрөгийг буцаан авахгүй нөхөн төлбөр болгон түрээслэгчид өгөх болно гэж 2018 оны 12 сарын 13-ны өдрийн ажлын байр үргэлжлүүлэх гэрээнд тусгасан. Талууд эвдэрч гэмтсэн эд хөрөнгийн тадаар нэг бүрчлэн тооцоо нийлж, акт үйлдсэн байдаг ба энэхүү актаар “энэхүү эд хогшил бараа материал төлбөр тооцооны асуудлыг хоорондоо ярилцаж тохиролцсон зөрүү болох түрээслэгч талд 285 378 төгрөг түрээслэгч талд шилжүүлэв” гэж бичсэн байдаг. Х.А- үүнийг зөвшөөрснийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан. Анхан шатны шүүхээс энэхүү ач холбогдол бүхий баримтыг үнэлээгүй нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж, надаас гаргуулахаар шийдвэрлэсэн 4 581 925 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

            Нэхэмжлэгч Х.А- нь хариуцагч Л.М-д холбогдуулан барьцаа 4 000 000 төгрөг, гэрээ цуцлах үеийн барааны үнэ 2 020 000 төгрөг, дансны үлдэгдэл 2 299 373 төгрөг, 2017.04.24-2019.01.13-ны өдрийг хүртэлх орлого 6 832 515 төгрөг, нийт 15 151 888 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Л.М- нь нэхэмжлэгч Х.А-д холбогдуулан нөхөн төлбөр 4 000 000 төгрөг, эвдэрч гэмтсэн эд хөрөнгийн үнэ 2 706 000 төгрөг, харилцагч байгууллагын өр 1 351 038 төгрөг, татварын өр 192 470 төгрөг, газын плиткийн үнэ 646 000 төгрөг, сэтгүүлийн ширээний үнэ 300 000 төгрөг, камерын үнэ 669 000 төгрөг, алданги 1 883 750 төгрөг, нийт 16 074 893 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг харилцан эс зөвшөөрч маргажээ.

           

            Талууд 2017 оны 04 сарын 24-ний өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, Л.М- нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 5а байр, 73 тоот хаягт байршилтай 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ресторан, пабын зориулалтаар түрээслүүлэх, Х.А- нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 5-6/ Улмаар талууд 2018 оны 12 сарын 13-ны өдрийн “Ажлын байр үргэлжлүүлэн түрээслэх гэрээ” гэх гэрээгээр өмнөх түрээсийн гэрээний хугацааг 2021 оны 04 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгажээ. /1хх 13-15/

 

            Талууд 2019 оны 01 сарын 11-ний өдөр “Түрээсийн гэрээ” гэх гэрээг цуцалж, гэрээний харилцааг дуусгавар болгосон болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогддог.

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч, мөн зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй учир уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээнд хамаарч байх тул дээрх “Түрээсийн гэрээ” гэх гэрээ нь талуудад гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийг үүсгэхгүй юм.

           

            Харин үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зохицуулагдах учиртай. Зохигчдын харилцан бие биеэсээ буцаан шаардах үнийн дүнг тодорхойлох буюу үүссэн маргааныг шийдвэрлэхэд тэдгээрийн үйлдсэн 2019 оны 01 сарын 13-ны өдрийн “Тооцоо нийлсэн баримт” ач холбогдолтой байна. /1 хх 47-48/ Тодруулбал, талууд уг баримтаар эд хөрөнгөд учирсан хохирол, ашиглалтын зардал, цалин, дансны үлдэгдэл, барьцаа, үлдэгдэл бараа, харилцагч байгууллагад өгөх өглөг, түрээсийн төлбөр, татварын өглөг зэргийн талаар буюу Х.А-д буцаан өгөх ёстой 8 063 373 төгрөгөөс 7 877 995 төгрөгийг суутган, үлдэх 285 378 төгрөгийг Л.М- төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу харилцан буцаан өгөх зүйлийн үнийн дүнг харилцан тооцож, 285 378 төгрөг гэж тодорхойлсон байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлага 15 151 888 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага 16 074 893 төгрөг аль аль нь үндэслэлгүй байна. 

 

Нэхэмжлэгч нь “Тооцоо нийлсэн баримт”-ыг үйлдсэн эсэх тухай харилцан адилгүй тайлбар гаргадаг боловч түүний шүүхэд гаргасан шаардлагын дүн болох “2 299 373”,       “2 020 000”,  “4 000 000”, “8 063 373” гэх дүнгүүд нь “Тооцоо нийлсэн баримт”-д тусгагдсан байна. /1хх 48-арын нүүр/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.А- нь шаардлагаа дээрх баримтад үндэслэн гаргасан байх тул тухайн баримтыг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа хэмээн буруу дүгнэснээс гадна талууд баримт үйлдэж “гэрээ цуцлах” хүртэлх хугацааны өглөг, авлагаа харилцан тооцсон байхад уг баримтыг үнэлэхгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байгааг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ. 

 

Иймд хариуцагч Л.М-гаас 285 378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 866 510 төгрөг болон   16 074 893 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02514 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Л.М-гаас 285 378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 866 510 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272 400 төгрөг болон 274 006 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 38 691 төгрөг болон 35 682 төгрөгийг тус тус улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч болон хариуцагчид олгож, хариуцагч Л.М-гаас улсын тэмдэгтийн хураамжид 9 211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.А-д буцаан олгосугай” гэж өөрчлөн найруулж,

Шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар хариуцагч Л.М-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 235 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ                                                

                                       ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                   Д.НЯМБАЗАР