Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 114/ШШ2024/0024

 

                                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
            Нэхэмжлэгч: Г******* овогт Б******* А /РД:/,
           Хариуцагч: Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар /хуучин нэрээр/-т холбогдох “...нэг удаагийн тэтгэмж болох 3 226 236,0 төгрөгийг дутуу олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 3 226 236,0 төгрөгийг олгох шийдвэр гаргуулахыг  Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов. 
                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:
           1.    Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан анх шүүхэд “Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын хууль бус үйл ажиллагааны улмаас надад учруулсан хохирол болох 3 352 625,00 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа “...нэг удаагийн тэтгэмж болох 3 226 236,0 төгрөгийг дутуу олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 3 226 236,0 төгрөгийг олгох шийдвэр гаргуулахыг Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгуулах” гэж өөрчилж, тодруулж маргасан.  
           2.    Хэргийн үйл баримтын тухайд: 
       2.1.    Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар тус газарт боловсрол, шинжлэх ухааны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Аг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр уг албан тушаалаас чөлөөлж, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тушаал, түүний хавсралтаар өндөр насны тэтгэвэр гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 30 721 500 төгрөгийг Б.Ад олгож тус тус шийдвэрлэжээ. 

         2.2.    Б.А төрийн албан хаагчид өндөр насны тэтггэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо буруу тооцоолж, дутуу олгосон талаар Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд гомдол гаргасны дагуу тус албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр тэмдэглэлээр “Улсын байцаагч Б.Ад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж нь Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын                 2.1 дэх заалттай нийцээгүй, сүүлийн 3 жилийн цалингийн дундаж 33 947 740,0 төгрөг байна...” гэх дүгнэлтийг хийсэн байна. 

           2.3.    Улмаар Б.А дээрх тэмдэглэлийг гарсны дараа Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт “...дутуу мөнгийг авах” тухай хүсэлтийг гаргасныг тус байгууллага хүлээн аваад 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар албан бичгээр уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүү, хөрөнгө оруулалтын газарт хүргүүлжээ. 

         2.4.    Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүү, хөрөнгө оруулалтын газар 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “...Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын тэмдэглэлд үндэслэн тэтгэвэр тогтоолгоход олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүүг олгох боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн бөгөөд Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас Б.Агийн гаргасан дээрх өргөдөлд хариу өгөөгүй тул иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

         2.5.    Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар захирамжаар Б.Агийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Болосвсрол, шинжлэх ухааны газарт холбогдох “тэтгэмж болон үндсэн цалингийн зөрүү 3 352 625 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг “...захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй, иргэний эрхийг зөрчсөн гэх агуулгатай байна” гэх дүгнэлтийг хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүгчийн захирамжийг Б.А 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардан авч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
         3.    Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нь төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил ажилласан. Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт боловсрол, шинжлэх ухааны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон уг албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан. 
       3.1.    Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тушаалаар 30 721 500 төгрөг болох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон. Дээрх тэтгэмжийн дүнг бодохдоо миний сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн хэмжээнээс тооцох байсныг сүүлийн жилийн өмнөх 3 жилийн цалингаас тооцож олгосон нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.1-д заасныг зөрчсөн. Надад олгох тэтгэмж нь дээрх хуулийн дагуу миний сүүлийн 3 жилийн цалингийн хэмжээгээр тооцож, 33 947 736,00 төгрөг олговол зохихоос сүүлийн жилийн өмнөх 3 жилийн цалингийн хэмжээгээр тооцож 3 226 236,00 төгрөг дутуу олгосон. 
       3.2.    Миний бие 2023 оны 12 дугаар сард Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд уг асуудлаар хүсэлт гаргасны дагуу хяналт, шалгалт явуулж, Дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай хяналт шалгалтын тэмдэглэлдээ “Б.Ад 3 226 236,00 төгрөгийг нөхөн олгох” гэж тусгасан.
         3.3.    Боловсрол, шинжлэх ухааны яам, Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны  газраас 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хүсэлтийг тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн. Тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хариуг ирүүлсэн. 
       3.4.    Миний бие нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заагдсан нийгмийн баталгааг эдлэх эрх маань зөрчигдөж байна гэж үзэж байна. 
           3.5.    Иймд нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 3 226 236 төгрөгийг дутуу олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 3 226 236 төгрөгийг Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас гаргуулахыг даалгах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ. 
           4.    Хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар /хуучин нэрээр/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А нь Дархан-Уул аймгийн Боловсролын газарт 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд боловсролын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. 
        4.1.    Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтын дагуу төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дундажаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.1 дэх заалтад нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундажаар тооцно, 2.2 дахь заалтад энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дундажийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна гэж заасан. Энэ журмын 5.1-д төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана гэсэн заалтын дагуу 2022 оны 06 дугаар сард тухайн үед ажиллаж байсан байгууллага болох Мэргэжлийн хяналтын газар нь тухайн жилийн төсөвт Б.А нь тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасны дагуу тэтгэмжийг тооцоолж 30 721 500 төгрөгийн тэтгэмжийг 2023 оны төсвийн төсөлд тусгасан байсан. 
       4.2.    Боловсролын газар нь Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоолын дагуу тухайн үед ажиллаж байсан байгууллага болох Мэргэжлийн хяналтын газрын 2023 оны төсөвт суугдсан тэтгэмжийг Боловсролын яаманд утсаар болон албан бичгээр удаа дараа хандсаны дагуу хоёр байгууллагын хооронд төсвийг шилжүүлэн 2023 оны 11 дүгээр сард тус байгууллагын төсөвт тусгуулж тэтгэмжийн санхүүжилт орж ирсэн. Б.А нь 2023 оны 12 дугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн тэтгэмж авах эрх үүсэж, 2023 онд батлагдсан төсвийн хүрээнд суугдсан тэтгэмж болох 30 721 500 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 476002232 дугаар дансанд шилжүүлсэн болно. 
        4.3.    Б.Агийн төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 2022 онд тухайн ажиллаж байсан байгууллагын тооцооллын дагуу 2023 онд төсвийн төсөлд тусган суугдсан тэтгэмжийг батлагдсан төсвийн дагуу олгосон. Мөн түүний хүсэлтийн дагуу дээд шатны байгууллага болох Боловсролын яаманд хүсэлтийг уламжлан 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг хүргүүлсэн бөгөөд тэтгэмжийн зөрүү олгох боломжгүй гэсэн хариу албан бичиг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 
                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:
         1.    Б.Агийн Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт /хуучин нэрээр/ холбогдуулан гаргасан “...нэг удаагийн тэтгэмж болох 3 226 236,0 төгрөгийг дутуу олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 3 226 236,0 төгрөгийг олгох шийдвэр гаргуулахыг Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
           2.    Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын *******дүгээр тушаалаар боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Аг Засгийн газрын тохируулагч агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасантай холбогдуулан тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр тушаалаар шилжүүлэн боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчаар томилжээ. 
         3.    Улмаар Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул өөрийнх нь хүсэлтээр 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 2.1, 2.2-т заасныг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 30 721 500 төгрөгийг Б.Ад олгож тус тус шийдвэрлэжээ. 
          4.    Нэхэмжлэгчээс дээрх нэг удаагийн тэтгэмжийг олгосон шийдвэртэй маргаагүй бөгөөд шүүхэд “...дутуу олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 3 226 236,0 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 3 226 236,0 төгрөгийг нөхөн олгосон шийдвэр гаргуулахыг Дархан-Уул аймгийн Боловсролын газарт даалгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “...хариуцагч нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо сүүлийн 3 жилийн цалингийн дунджийг буруу тооцоолж дутуу олгосон” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбарын үндэслэлээ “...Б.Аг Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байхад нэг удаагийн тэтгэмж болох 30 721 500 төгрөгийг төсөвт суулгуулсан, тэрээр 2023 онд манай байгууллагад шилжиж ирсэн бөгөөд төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 2022 онд тухайн ажиллаж байсан байгууллагын тооцооллын дагуу 2023 онд төсвийн төсөлд тусган суугдсан тэтгэмжийг батлагдсан төсвийн дагуу олгосон” гэж тус тус тайлбарлан маргасан. 
        5.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүнээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хангаж шийдвэрлэх учиртай. 
          5.1.    Хэргийн энэ тохиолдолд Б.Агийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх, хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд шүүх дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай юм. 
       6.    Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:”, 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж тус тус зааснаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн хувьд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээг 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрүүлэхгүйгээр олгож болох бөгөөд уг тусламжийг тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг Засгийн газар тогтоохоор хуульчилжээ.
        7.    Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.1-д зааснаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.2.3-д заасан үндэслээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор зохицуулсны дагуу төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоход төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч байх, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр чөлөөлөгдсөн, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх урьдчилсан нөхцөлийг хангах ёстой байна. 
      8.    Нэхэмжлэгчийн хувьд *******-оор цалинждаг төрийн захиргааны албан хаагч, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын боловсрол, шинжлэх ухааны хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, өндөр насны тэтгэвэр тогтоолгож 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврээ авч эхэлсэн тул тэрээр төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй байх бөгөөд үүнтэй хариуцагч маргаагүй. 
         9.    Дээрх журмын 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно”, 2.2-т “...2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна” гэж тус тус зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээ нь тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундаж байх бөгөөд түүнийг төрийн албанд ажилласан нийт тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлэн олгох ба энэ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байхаар зохицуулжээ. 


        10.    Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр тэмдэглэл, түүний хавсралт буцалтгүй тусламжийн тооцоолол, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, ажилласан жил тогтоосон шүүхийн шийдвэр, ажилд томилж чөлөөлсөн тушаал, захирамжууд, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэрт гарах албан хаагчийн төрд ажилласан байдлын тухай мэдээлэл /хх-94/, тэтгэвэрт гарах албан хаагчийн үндсэн цалингийн тооцоолол /хх-113/ зэрэг нотлох баримтуудаар Б.А нь нийт 40 жил 4 сар 10 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд үүнээс 36 жил /түүнээс дээш/ төрийн албанд ажилласан, нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээ буюу тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундаж 942 992,67 төгрөг болох нь тогтоогдож байна. 


       10.1.    Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундаж болох 942 992,67 төгрөгийг төрийн албанд ажилласан нийт тоо буюу 36 үржүүлж 33 947 736,00 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах ёстой, энэ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас хэтрээгүй, Б.А уг мөнгөн дүнгээс 30 721 500 төгрөгийг авсан болох нь нотлогдож байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогч нар маргаагүй. 

        11.    Хариуцагчаас нэхэмжлэгчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг дутуу олгосон үйл ажиллагаагаа “төсөвт суугдаж орж ирсэн хэмжээгээр нь өгсөн” гэж тайлбарлах боловч журмын 5.1-д “Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг дээд шатны байгууллага болон тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана”, 5.3-д “Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энд журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно...”, 5.4-д “Төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу ажил олгогч тухайн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг зөв тодорхойлж, түүнийг төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа уг журмын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо шаардагдах хөрөнгийг жил бүр төсөвтөө тусгуулах үүрэгтэй байна.
        12.    Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Тухайн жилийн улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг дараах цаглабарын дагуу боловсруулж, батална”, 8.4.2-т “төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй төсвийн шууд захирагч жил бүрийн 07 дугаар сарын 20-ны дотор жилийн төсвийн төслөө харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу ажил олгогч байгууллага нь тухайн жилд төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг өмнөх жилийн 07 дугаар сард урьдчилсан байдлаар тооцоолон хүргүүлэх боловч энэ нь урьдчилан тооцоолсон буюу Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүнгээр нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож болох эрхийг олгосон ойлголт биш бөгөөд нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллаж үүний үр дүнд өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа нэг удаа буцалтгүй авч байгаа тусламжийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй юм. 

        13.    Хариуцагч нь төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг үнэн зөв тооцож, уг дүнгээр өгөх үүрэгтэй байх тул нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосон 3 226 236 төгрөгийг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 3 226 236 төгрөгийг Б.Ад олгосон шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар /хуучин нэрээр/-т даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

      14.    Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яамыг Боловсролын яам, Боловсрол, шинжлэх ухааны газрыг Боловсролын газар болгон тус тус өөрчилсөн бөгөөд хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нэршлийн хувьд Дархан-Уул аймгийн Боловсролын газар болсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “..Б.Агийн ажиллаж байсан албан тушаал хариуцагч байгууллагад үлдэж, түүнтэй холбоотой нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг манай байгууллага хариуцна” гэх тайлбарыг гаргаж байгаагаас үзвэл татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу эрх залгамжлан авбал зохих этгээдээр солиогүй болохыг дурдах нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 
      1.    Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан Б.Агийн Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар /хуучин нэрээр/-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Ад өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг дутуу олгосон 3 226 236 төгрөгийг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 3 226 236,0 төгрөгийг Б.Ад олгох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Боловсролын газарт даалгасугай. 
      2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан Б.Ад олгосугай. 
        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 
    


                                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ө.МӨНХ-ЭРДЭНЭ