Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 151/ШТ2024/00092

 

 

 

 

 

2024 11 20

151/ШТ2024/00092

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, шүүгч Д.Алтантуул, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.М,

Хариуцагч: Ж.М,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,350,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: П.М,

Хариуцагч: Ж.М,

Иргэдийн төлөөлөгч: Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.М би ... өдөр 17 цаг 50 минутын үед ... улсын дугаартай Honda Aoty маркийн автомашинтай Б дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын уулзварын туслах замаар зүүн тийш эргэх үедээ Т маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Ж.М нь зүүнээс баруун чиглэлд явж байхад шүргэлцэн осол гарсан. Замын цагдаагийн гаүрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар П.М миний буруутай үйлдлээс осол гарсан гэж тогтоогдсон. Ж.М-нийн автомашинд Х ХХК-ийн үнэлгээгээр 1,136,000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээний хөлс 88,000 төгрөг, авто оношилгооны төлбөр 55,000 төгрөг, нийт 1,279,000 төгрөгийн хохирол учирч П.М миний даатгуулсан Амар даатгалаас материал бүрдүүлж өгсөнөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрлэж өгөх болсон боловч Ж.М хүлээх боломжгүй гэсэн шалтгаанаар П.М надад материал бүрдүүлж өгөхөд бүх талын туслалцаа үзүүлнэ гэж амлалт өгч П.М би хохирлыг бүрэн барагдуулсан. Гэвч Ж.М нь Е ХХК-аас тоот гаргаж өгөх байсан боловч материал бүрдүүлж өгөөгүй, утсаа авахгүй алга болж, материал бүрдүүлж өгөх 90 хоногийн хугацаа дууссан. Үүнээс хойш Ж.М-ийг эрэн сурвалжлуулж төлбөр 71,400 төгрөг, нийт 1,350,400 төгрөг болсон. Иймд Ж.М-ээс дээрх төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний хувьд хохиролд 1,136,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар эвлэрэх боломжтой байна гэв.

Хариуцагч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие автомашины хохирлыг барагдуулж авсан. Хөдөө орон нутагт амьдардаг гэж хэлсэн. Би өрөндөө энэ машиныг хүнээс авсан. Тэр хүмүүстэй очиж уулзаарай холбогдох хүмүүстэй нь холбож өгнө. Би маргааш хөдөө явна гэдгээ хэлсэн. Халдвартад эргэхдээ мөргөлдөж осол гарсан. Цагдаа ирээд нэхэмжлэгчийн буруу гэж дүгнэсэн. Даатгалын байгууллагаас хохирогчийн данс руу мөнгө орно гэхээр П.М-гийн нэр дансыг өргөдөлдөө бичсэн. Тухай автомашины хүмүүстэй холбож өгөөд би хөдөө мал руугаа явсан. Миний автомашин нэр дээр нь байгаа хүнээс асуухад П.М-тай холбогдсон гэж хэлсэн учир болсон гэж ойлгоод орхисон. Тодорхойлолт гаргаж өгөх ёстой гэж би хэлсэн. Миний зүгээс холбогдсон гэж ойлгоод малаа харахаар хөдөө явсан. Н.М, Н.О гэх хүнтэй нэхэмжлэгч холбогдсон байсан гэв .

Иргэдийн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч нь хариуцагчийг мөргөж осол гаргасан байна. Нэхэмжлэгчийн буруу гэж дүгнэж байна. Яагаад мөнгө авах гээд байгааг ойлгохгүй байна. Мөнгөө өгсөн учраас буруугүй гэж харж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэж байна гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэхний хуулбар, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, ... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Х ХХК-д төлбөр төлсөн баримт, автомашин техникийн үнэлгээний тайлан, оношлогооны хуудас, Х ХХК-ийн дансны хуулга, А ХХК-д П.М, Ж.М нарын гаргасан өргөдөл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.М нь Ж.М-д холбогдуулан гэм хорын хохиролд 1,350,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн тус хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д: Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч П.М нь Нийслэлийн ... дүүргийн нутаг дэвсгэр ...урд талын замд ... улсын дугаартай H маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа ... улсын дугаартай T маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан, Б дүүргийн Замын цагдаагийн хэлтэс нь зам тээврийн ослын газарт үзлэг хийж, П.М-гийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан гэж тогтоогдсон болох нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

... цагдаагийн албаны 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаар албан бичигт ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-т "Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын "г"-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно" гэж заасны дагуу иргэн П.М, Ж.М нар нь тухайн үед зам тээврийн ослынхоо талаар цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй шаардлагагүй "А" даатгалын байгууллагаар шийдвэрлүүлэхээр болсон талаараа мэдэгдээд хоорондоо ярилцаад явсан ба уг зам тээврийн ослын материал бүрдэлт хийгдээгүй байна гэжээ. /хх-64 дүгээр тал/

Х ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн автомашины үнэлгээний тайлангаар Е ХХК-ийн эзэмшлийн маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр 1,136,000 төгрөг тогтоогдсон, үнэлгээ хийлгэсэн төлбөрт 88,000 төгрөг төлсөн байна. /хх-ийн 8-9 дүгээр тал/

П.М нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ж.М-ийн Х банк ХК-ийн ... тоот данс руу 1,136,000 төгрөгийг хохирлын төлбөр гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн болох нь П.М-гийн эзэмшлийн Х ХК-ийн ... тоот депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 8-12 дугаар тал/

Талууд гэм буруугийн талаар маргаагүй, харин хохирлын талаарх бичиг баримтыг гаргаж өгөөгүйгээс даатгалаас эрсдлийн хохирлыг гаргуулж чадаагүй гэж маргасан.

Хариуцагч Ж.М нь автомашины хохирлын үнэлгээ 1,136,000 төгрөгийг П.М-гийн дансанд шилжүүлж өгөхийг А ХХК-аас хүссэн өргөдлийг нэхэмжлэгч П.М-д бичиж өгсөн байна. /хх-ийн 14 дүгээр тал/

Тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар шүүхийн тогтоолоор А ХХК-аас нотлох баримт гаргуулахаар даалгасан байх бөгөөд тус компанийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар албан бичигт ... Бидний зүгээс уг баримт материалуудыг хянах явцад ... улсын дугаартай T маркийн автомашины өмчлөгч "Е" ХХК-д холбогдох баримт дутуу байсан тул тус баримтыг ирүүлэхийг даатгуулагч П.М-д мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Иймд тус компанийн зүгээс баримт материал дутуу байх тул нөхөн төлбөрийг нь шийдвэрлээгүй байна гэж дурдсан байна. /хх-ийн 38-39, 42-43 дугаар тал/

Тодруулбал: Зохигчид А ХХК-д бүрдүүлж өгөх баримтыг дутуу бүрдүүлсэн, үүнээс шалтгаалан даатгалын нөхөн төлбөрийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа болох нь А ХХК-ийн дээрх албан бичгээр тогтоогдож байх бөгөөд талууд нөхөн төлбөрийн материалыг бүрэн бүрдүүлэн өгч даатгалын байгууллагаар тухайн асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байна.

Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь А ХХК-д холбогдох баримтыг гаргаж, даатгалаас нөхөн төлбөр гаргуулах асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,600 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч П.М-д буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Ж.М-д холбогдох гэм хорын хохиролд 1,350,400 төгрөг гаргуулах тухай П.М-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,600 төгрөгийг Төрийн сангийн ... тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч П.М-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн тогтоолд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУУЛ

Д.МӨНХБҮРЭН