Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга  Г.Номин,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат ҮД:00-53,

хохирогч Ц.Буяндэлгэр,

           шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын  газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Завхан аймгийн Тэлмэн суманд 1993 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, хими технологи мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр  эрхэлдэг байсан, ам бүл-3, нөхөр ,02 нас, 02 сартай  хүүхдийн хамт  Налайх  дүүргийн 07  дугаар хороо, Өвөршандын 16 дугаар гудамжны 03 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн С овогт Э А  /РД:........................ /

Тээврийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн /105/2017/ 0032/ индекстэй 1703000010102 хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 Шүүгдэгч  Э.А нь 2017 оны 09 дүгээр  сарын 21-ний өдрийн 07 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд “Nissan Advan” маркийн 20-93 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан“ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 10.1-д зааснаар “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а. Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс онхолдож зорчигч Д.Энх-Орчлон, М.Оюунтуяа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Буяндэлгэрийн биед эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: Би 2017 оны 9-р сарын 21-ний өглөө  6 цаг 45 минутын үед гэрээсээ гараад хот руу явах хүмүүс аваад тэгээд явж байтал замд өвс ачсан машин удаан яваад  байхаар нь гүйцэт түрүүлэх гэтэл дугуй маань дайвалзаад замын хажуу руу онхолдсон. Тэгээд  Налайх  дүүрэг рүү  хүмүүсээ аваад эмнэлэгт очиход  хүлээж  аваагүй,  хот руу Гэмтлийн  эмнэлэгт  үзүүл гэхээр нь  гэмтлийн эмнэлэгт ирж  үзүүлсэн Буяндэлгэр эгчид эгэм нь цуурсан байсан, Энх-Орчлонд тархины доргилт, духны зөөлөн эдийн гэмтэл гарсан байсан тэр үед шаардлагатай бүх эм тариаг бүгдийг нь авч өгсөн  гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Ц.Буяндэлгэр мэдүүлэхдээ:   Би 2017 оны 9 дүгээр сарын 21-ны өглөө гэрээсээ гараад жижиг тэрэг байхаар суугаад Хонхорын замд явж байтал Анхцэцэгийн барьж байсан машины рүльний тэнцвэр алдагдаад дайвалзаад байсан. Тэгээд урд явж байсан өвс ачсан автомашиныг гүйцэт түрүүлээд рүльнийх нь тэнцвэр алдагдаад тэгээд замын хажуу руу онхолдсон.  Тэгээд машиных нь салхины шил хагараад тэрэнгүүр бид нар машинаасаа  гарсан.  Тэгтэл гар маань эвгүй болчихсон байсан. Тэгээд Налайх дүүргийн  эмнэлэгт очтол аппарат эвдэрсэн хот руу яв гэсэн, тэгээд гэмтлийн эмнэлэг ороод зургаа авахуулаад сойлт хийлгээд тэгээд эмнэлэгт хэвтэх гээд чадаагүй байж байгаад 25-нд шинэ  гэмтлийн эмнэлэгт  5 хоног хэвтээд эгэмээ хадуулаад эмнэлгээс гарсан, миний мэдэхгүй мөнгөнүүдийг хавтас хэрэгт бичсэн байна лээ 20 хоног Налайхаас ирж очсон мөнгөн дүн болох 200,000 төгрөг дахиад 14 хоногийн өмнө эгэмний зургаа авахуулсан. Би хэд хоногийн  өмнө цагдаа дээр очоод байцаалт өгөх гэж яваад халтирч унаад дахиад өвдөөд байхаар нь эгэмнийхээ зургийг авахуултал хадааснууд нь сугарсан байна гэсэн, өнөөдөртөө нэхэмжлэх зүйл байхгүй байна, Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэв.

          Талуудын хүсэлтээр  хавтас  хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Буяндэлгэрийн:.. Би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 06 цаг 50 минутын орчимд Налайх дүүргээс гэрээсээ ажилдаа явахаар Улаанбаатар хот руу явдаг такси зогсдог зогсоолооос эмэгтэй жолоочтой суудлын жижиг автомашинд суусан. Тэгээд Налайхаас гараад Хонхорын арын замд 07 цаг 20 минутын орчим иртэл сууж явсан автомашин маань урдаа явсан өвч ачсан том автомашиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад гэнэт тэнцвэрээ алдаад замын урд тал руу зорчих хэсгээс гараад онхолдсон. Тэр үед жолооч эмэгтэй зорчигч нарыг автомашинаас хурдан гараарай гэж байсан. Бид нар бүгдээрээ  автомашины цонхоор гарч гэрлүүгээ утсаар яриад өөрсдийнхөө унаагаар Гэмтэл Согог Үндэсний төв рүү явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Д.Энх-Орчлонгийн:..Ослын улмаас толгой хавантай, нурууны мөгөөрөс гэмтсэн өөрөөр гэмтэл гайгүй гэж эмч хэлсэн. Жолооч надад эм тариа авч өгсөн. Одоо миний биеийн байдал нуруу хөшиж, босож суухад өвдөж байгаа, өөр зовиур байхгүй.  гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

Мөрдөн байцаалтанд иргэний  нэхэмжлэгч М.Оюунтуяагийн:.. Ослын улмаас миний толгой маш их өвддөг болсон. Хүзүү, нуруу хөшиж өвдөж байгаа.Өөрөөр гэмтэл гайгүй байна. Би эмчилгээндээ 250.000 төгрөг зарцуулсанаас гадна замын зардал буюу бензин 86000 төгрөгний баримт бүгд нийлээд 336.000 төгрөг зарцуулсан байна. Надад жолооч мөнгө төгрөг өгөөгүй.Баримтаар байгаа эмчилгээний мөнгө төгрөгөө авбал болоо. Шүүх хуралд суухгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Энх-Орчлонгийн:.. Би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 06 цаг өнгөрч байх үед гэрээсээ жолооны шалгалт өгөхөөр хот руу 1000-ийн такси явдаг буудлаас суудлын жижиг автомашинд суусан юм. Тэгээд Налайхаас гараад Хонхорын арын замд явж байтал жолооч маань урдаа явж байсан өвс ачсан том оврын ачааны автомашиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад гэнэт тэнцвэрээ алдсан тэгээд цааш юу болсныг санахгүй байна.Ямар ч байсан сууж явсан автомашин замын урд талд онхолдсон байсан. Бид нар бүгдээрээ автомашины цонхоор гарсан. Би хамт сууж явсан эгчийн ар гэрээс автомашинтай хүн ирэхээр нь Налайх руу цуг явсан. Тэгээд би өдөр ГССҮТ-рүү очиж биеэ үзүүлсэн... гэх мэдүүлэг/ хх-ийн 29-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч М.Оюунтуяагийн:..Би 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 06 цаг 50 минутын орчимд Налайх дүүргээс ажилдаа явахаар Улаанбаатар хот руу явдаг такси зогсдог зогсоолоос эмэгтэй жолоочтой суудлын жижиг автомашинд суусан. Тэгээд Налайхаас гараад Хонхорын арын замд 07 цаг өнгөрч байх үед сууж явсан автомашин маань урдаа явсан өвс ачсан ачааны автомашиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад гэнэт замын урд тал руу зорчих хэсгээс гарч онхолдсон. Би автомашины цонхоор гарсан. Тэгээд эгч рүүгээ ослын талаар хэлсэн. Удалгүй эгч ирж намайг болон хамт осолд орсон 2 зорчигчийг автомашиндаа суулгаад Налайх дүүргийн эмнэлэг орсон. Тэгээд тэр үед эмнэлэгийн ажилчид хуралтай байсан болохоор би эгчтэйгээ ГССҮТ-рүү явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12089 дугаартай дүгнэлтэнд:

  1. Ц.Буяндэлгэрийн биед баруун талын эгэм ясны далд хугарал, баруун эгэм, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт, /хх-ийн 38-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12090 дугаартай дүгнэлтэнд:

1.Д.Энх-Орчлонгийн биед тархи доргилт, духын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэх дүгнэлт, /хх-ийн 42-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12091 дугаартай дүгнэлтэнд:

1.М.Оюунтуяагийн биед тархи доргилт, хүзүүний холбоосны суналт, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.Шинжээч эмч Т.Амартүвшин гэх дүгнэлт, /хх-ийн 44-р тал/

-Техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 535 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.”Ниссан-Эдва” маркийн 20-93 улсын дугаартай автомашин жолоодож явсан Э.А нь Монгол-Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан“ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 10.1-д зааснаар “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а. Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх” гэсэн  заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

         2.”Ниссан-Эдва” маркийн 20-93 улсын дугаартай автомашин нь тоормосны мөргүй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй.Цагдаагийн хошууч В.Балжинням.

        -Хэргийн газарт үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р тал/

         -Хохирлын баримт /хх-ийн 103-112 тал/ зэрэг  нотлох баримтуудыг  шинжлэн  судлав.         

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 Хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудаас  дүгнэхэд: Э.А  нь   2017 оны 09 дүгээр  сарын 21-ний өглөө 07 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд “Nissan Advan” маркийн 20-93 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад  өмнө  явсан тээврийн  хэрэгслийг  гүйцэж түрүүлэх үйлдэл хийж  байгаад онхолдож зорчигч Д.Энх-Орчлон, М.Оюунтуяа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Буяндэлгэрийн биед эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан үйл баримт болсон байна.

 Шүүгдэгч Э.А нь 2017 оны 09 дүгээр  сарын 21-ний өдрийн 07 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд “Nissan Advan” маркийн 20-93 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол-Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан“ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 10.1-д зааснаар “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а.Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс онхолдож зорчигч Д.Энх-Орчлон, М.Оюунтуяа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Буяндэлгэрийн биед эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт  зэрэг  бичгийн  нотлох  баримтуудаар  тогтоогдож  байх тул Э.Аийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 Шүүгдэгч Э.Аийн зам тээврийн осол гаргаж  бусдын  эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр  хохирол  учруулсан гэм буруугийн болгоомжгүй  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн  шинжийг агуулж байх тул нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна гэж шүүх үзэв. 

 Шүүгдэгч Э.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.6  дугаар зүйлийн  2  дахь хэсэгт  заасан хөнгөн  гэмт хэргийн ангилалд  хамаарч  байна.

  Шүүгдэгч Э.А урьд нь ял шийтгэл хүлээж  байгаагүй болох нь  түүний   ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-ийн  94-р тал/                                                                                      

 Шүүгдэгч Э.А хохирогч Ц.Буяндэлгэрт:

23.400+150.000+10.800+1400+16.400+25000+7600+6250+53.665+33.500+60.500+120.000+42300=551.515/таван зуун тавин нэгэн мянга таван зуун арван таван/ төгрөгийг,

          Иргэний нэхэмжлэгч Д.Энх-Орчлонд 85.000+61.212+120.000+4800=271.012 төгрөгийн  туслалцаа үзүүлсэн  байх ба одоогоор хохирогч Ц.Буяндэлгэр, иргэний нэхэмжлэгч Д.Энх-Орчлонд төлөх  төлбөргүй байна.

             Иргэний нэхэмжлэгч М.Оюунтуяад:

241.000+20.000+85.000+28.000+120.000+29.000+265.500+15.000+11.000+20.000=834.500 төгрөгнөөс үлдэгдэл 307.000 төгрөгийг төлөөгүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул 307.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.Оюунтуяад гаргуулан олгох зүйтэй байна./хх-ийн 103-112 тал/

        Хохирогч Ц.Буяндэлгэр нь бие махбодидоо хүндэвтэр гэмтэл авсан нь   шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул цаашид гарах эмчилгээний  зардлаа холбогдох  нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд  Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич  нэхэмлэх эрхтэй болно.

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Сартуул овогт Энхцэцэгийн Анхцэцэгийг автотээврийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний  дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

         2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Э.Аийг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А нь 1000 /нэг мянган/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.  

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  Э.Ат оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

         5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.А нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

         6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Аээс 307.000 /гурван зуун долоон  мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Боржигон овогт Мөнхгэрэлийн Оюунтуяад /РД:НУ90060842/ олгосугай.

          7. Хохирогч Ц.Буяндэлгэр нь цаашид гарах эмчилгээний  зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу  жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.  дэх  хэсэгт  зааснаар  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ¹856312 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Э.Ат буцаан олгосугай.

            9. Шийтгэх тогтоол нь уншиж  сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ат урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            10. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

            

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ