| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00445/И |
| Дугаар | 133/ШШ2024/00486 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 133/ШШ2024/00486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********** аймгийн **********-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********,
Хариуцагч: ******** нарт холбогдох,
Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг 2,916,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж, 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан, хариуцагч **********-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хуулийн дээрх заалтын дагуу тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг 2,916,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн ********** нь тус газраас хэрэгжүүлдэг ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 2021 онд хамрагдаж 36 сарын хугацаатай хүүгүй 3,000,000 төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулж ***** банкны дансанд санхүүжилтийг авсан. Гэрээг байгуулснаас хойш 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 84,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 2,916,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргэн төвлөрүүлээгүй тул зээлийн төлбөр болох 2,916,000 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч **********-н татгалзал: ********** надаас ********** нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3,000,000 төгрөгийн зээл авах гэсэн юм. Би хугацаандаа төлнө. Хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэж гуйгаад байсан. Ингээд би дээрх 3,000,000 төгрөг дансанд орж ирэхэд нь **********-н хүү **********-н ********* данс руу 2,100,0000 хийж, ****** өөрөө авсан. 2021 оны 07 сарын 20-нд 3 сарын хүү 84,000 төгрөг, 09 сарын 22-нд 58,000 төгрөг, 10 сарын 20-нд 28,000 төгрөг, 11 сарын 20-нд 25,000 төгрөг, 12 сарын 20-нд 28,000 төгрөг, 2023 оны 01 сарын 15-нд 300,000 төгрөг, 02 сарын 06-нд 84,000 төгрөг, 02 сарын 20-нд 42,000 төгрөг тус тус бэлнээр **********-т өгсөн. Би энэ зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Би хариуцахгүй. Дансанд нь хийгээд өгсөн. Хуулга нь ч байгаа. Иймд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Хариуцагч **********-н тайлбар: Миний бие нь ******** аймгийн *********-н нэхэмжлэлтэй, 2,916,000 төгрөгийг 2025 оны 01 сарын 20-нд хөдөлмөрийн чадвар алдалтын группээ сунгуулаад зээл авч төлж барагдуулах хүсэлтэй байгаа учир хүсэлтийг минь хүлээн авч төлөх сүүлийн хугацааг 2025 оны 01 сарын 25-нд гэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарь,
-2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар Батлан даалтын гэрээ,
-Төлбөрийн хүсэлт №57 /2021.06.14/,
-Авлагын дэлгэрэнгүй журнал,
-Халамжийн нэгдсэн систем, 2024.09.03-ны өдрийн Оршин суугаа хаягийн тодорхойлолтууд.
6. Хариуцагч **********-с иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:
-***********-н ********* банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга.
7. Хариуцагч **********-с иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт: Байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ******** аймгийн ********** нь хариуцагч **********, ********** нарт холбогдуулан эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг 2,916,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч ********** нь “...Би энэ зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Миний дансанд мөнгө орж ирсэн өдөр нь **********-н хүүхдийн дансанд нь 2,100,000 төгрөг, бэлнээр 800,000 гаруй төгрөг авч өгсөн. Хуулга нь ч байгаа. Иймд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна…” гэж татгалзжээ.
4. Хариуцагч ********** нь “Миний бие нь ****** аймгийн *******-н нэхэмжлэлтэй, 2,916,000 төгрөгийг 2025 оны 01 сарын 20-нд хөдөлмөрийн чадвар алдалтын группээ сунгуулаад зээл авч төлж барагдуулах хүсэлтэй байгаа учир хүсэлтийг минь хүлээн авч төлөх сүүлийн хугацааг 2025 оны 01 сарын 25-нд гэж шийдвэрлэж өгнө үү…” гэж зөвшөөрчээ.
5. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:
******** аймгийн ********** нь иргэн *********-тай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаартай Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулж, ажлын байрыг дэмжих төслийн хүрээнд 3,000,000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 36 сарын хугацаатай олгожээ.
Дээрх гэрээгээр ********** нь зээлийн 3,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд сар бүр 84,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 60,000 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна.
Хэдийгээр хариуцагч ********** нь мөнгийг аваагүй, ******* авсан гэж тайлбарлан татгалзаж байгаа боловч баримтаас үзэхэд ****** аймгийн ********** болон хариуцагч ********** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. Уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бусад тооцох хуульзүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
********* аймгийн ********** нь хариуцагч **********-н дансанд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох №57 дугаартай төлбөрийн хүсэлтээр тогтоогдож байх ба зээлдүүлэгч гэрээний зүйл буюу мөнгийг зээлдэгчид шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Гэрээний хугацаа 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч зээлдэгч ********** зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй 84,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 2,916,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргэн төвлөрүүлээгүй болох нь авлагын дэлгэрэнгүй журналаар тогтоогдож байна.
Иймд гэрээний хугацаа дууссан тул ******** аймгийн ********** нь зээлийн үлдэгдэл 2,916,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
6. Харин дээрх төлбөрийг ********** нь хариуцан төлөхгүй, зээлийн мөнгийг бүхэлд нь **********-т бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн гэж тайлбарладаг.
********* аймгийн ********** нь иргэн ******-тай гэрээ байгуулсан өдрөө буюу 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаартай Батлан даалтын гэрээг иргэн ********-тай байгуулжээ.
Уг гэрээний 1.1-д “Энэхүү гэрээгээр батлан даагч тал нь үүрэг гүйцэтгэгч ********** нь өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв тэрээр үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлбөрийг хариуцахаар үүрэг хүлээнэ” гэж тохиролцжээ.
7. Шүүх нэхэмжлэгч ******* аймгийн **********газар болон хариуцагч ******** нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.
Энэ гэрээний талууд нь батлан даагч, үүрэг гүйцэтгүүлэгч нар байх ба үүрэг гүйцэтгэгч үүнд хамаарахгүй. Гагцхүү батлан даагч бусдын эдийн засгийн эрсдэлийг хариуцах үндсэн үүрэг хүлээх тул энэ нь нэг талын гэрээний ангилалд багтдаг. Түүнчлэн зээлийн гэрээтэй хамт батлан даалтын гэрээ байгуулж буй зорилго нь батлан даагчийн амлалтаар гуравдагч этгээдэд зээл олгох боломжийг нээж буй явдал юм.
Тодруулбал, ********** аймгийн ********** нь хариуцагч **********-ыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч **********-аас түүний үүргийг буюу төлөгдөөгүй зээлийг төлүүлэх зорилгоор, зээлийн эргэн төлөгдөх нөхцөлийг баталгаажуулах зорилгоор батлан даалтын гэрээг байгуулсан байна.
Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.
Батлан даалтын гэрээг бичгээр байгуулах нь батлан даагчийг хамгаалах зорилготой байх ба нөгөө талд буюу нэхэмжлэгч ******* аймгийн **********-т хариу үүрэг үүсэхгүй тул бичгийн хэлбэрээр байгуулснаар батлан даагч нь хариуцлагынхаа талаар эргэцүүлэн бодох, хүлээх хариуцлага, нөхцөл тодорхой байх нөхцөл бүрдэнэ.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар” гэрээг байгуулсанд тооцохоор зааснаар талууд гэрээг бичгээр үйлдэж, хариуцагч ********** нь гарын үсэг зурсан тул Батлан даалтын гэрээ байгуулагдсан байна.
8. Хариуцагч ********** нь *********** аймгийн **********-с эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг 3,000,000 төгрөг түүний дансанд шилжин орсон өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2,100,000 төгрөгийг ******** банкны ********** тоот дансанд шилжүүлсэн, уг нь данс нь хариуцагч **********-н хүүхдийн данс гэж тайлбарлаж байх бөгөөд мөн бэлнээр хэд хэдэн удаа мөнгө өгсөн, нийт 3,000,000 төгрөгийг **********-т өгсөн гэж тайлбарладаг.
Хариуцагч ********* нь **********-аас дээрх мөнгийг авсан гэдэгтэй маргаагүй. Харин төлбөрийн үлдэгдэл 2,916,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-нд төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
9. Иймд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***********-с 2,916,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********** аймгийн *********-н Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 2,916,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61,606 төгрөгийг хариуцагч **********-аас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *********-с 2,916,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********** аймгийн *********-н Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 2,916,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61,606 төгрөгийг хариуцагч **********-аас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН