Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2024/01096

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2024/01096

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01064/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч *************** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1974 онд төрсөн. 1982 онд сумынхаа сургуульд элсэн ороод 3 дугаар анги хүртлээ сургуульд сураад сургуулиас гарсан. Түүнээс хойш аав, ээжийн хамт гэртээ мал малласан. Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1990 оноос 1991 оны зун болтол малчнаар ажиллаж байгаад нэгдэл татан буугдсан. Түүнээс хойш аав, ээжтэйгээ хувиараа мал малласан. Би 2004 онд гэр бүлтэй болсон. 2004 он хүртэл аав, ээжийн хамт амьдардаг байсан. Одоо малчин гэдгээр тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй байгаа. Гэхдээ цалин хөлсний баримт байдаг. Ийм шалтгаанаар шүүхэд хандсан.

Миний Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 2 дугаар бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Төллөх мал авч малладаг байсан. Миний аавыг *******, ээжийг ***********гэдэг. Би эцэг, эхээс 5-уулаа. *********** гэдэг....гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ******** дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******** *** дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргаас Арбулаг сумын Мандал нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан Нямдоржийн Нармандахын 1990-1991 оны цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч асуулгах тухай хүсэлт, №13 дугаартай ********** нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Арбулаг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны ******* дугаартай Ажилд томилох тухай захирамжийн хуулбар, ********* дугаартай Хөвсгөл аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 2-8, 34-37, 42-46 дугаар тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 38-41 дүгээр тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын *********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 25-28 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын *********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ***************ын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 54-55 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ********* дугаартай албан бичиг (хх-ийн 29, 51 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын *********** дугаартай албан бичиг (хх-ийн 24 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар ажиллаж байсан ******** 1990-1991 онуудын цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 30-33, 47-50, 56-60 дугаар тал),

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч *************** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Иймд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 2 дугаар бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч *************** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч *************** нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 2 дугаар бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ******* дугаар албан бичгээр ирүүлсэн ******** 1990 оны 1-5 сар, 8-9 сар, 1991 оны 1-6 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 56-60 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30/1169 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Нямдоржийн Нармандахын Ажилладаг гэх хэсэгт Мандал нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1984, эрхэлдэг ажил гэх хэсэгт Хоньчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1984, оршдог сум, район гэх хэсэгт Арбулаг, бүртгэгчийн нэр гэх хэсэгт Цэцэгмаа, он, сар, өдөр гэх хэсэгт 1989.12.20... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 25-28 дугаар тал),

****** Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлээс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 13 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 37 дугаар тал)

Гэрч ******* ...*************** нь сургуульд удаан сураагүй. Тэрээр аав ээжтэйгээ хамт 10 настайгаасаа хойш л мал маллаж байгаа юмаа. ********* нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 16 настайгаасаа буюу 1990 онд Мандал нэгдлийн гишүүн болон элсэж орсон. Тэрээр 1992 он хүртэл тус нэгдэлд ажилласан. 1992 оны 8 дугаар сард нэгдлийн зөвлөлийн хурал болж бүх малыг хувьчилсан юм. Тэр хүртэл *************** бид нар нэгдлийн мал хариулдаг байсан. *************** нь төллөх эм хонь хариулдаг байсан. Тухайн үед төллөх эм хонь нь 450-500 толгой хонь байдаг байсан. ***** аав нь тус нэгдэлд ажиллаж байсан бөгөөд түүнийг Ганжуурын *****гэдэг байсан. ******* эхнэр буюу ***** ээж нь байгаа юм. Харин *********нь ****** төрсөн дүү, ******** нь бас дүү нь юм. ******** нийтдээ 5 хүүхэдтэй санагдаж байна. ***** айлын том хүүхэд бөгөөд доороо 4 дүүтэй. Би ******* бол танина. Тэрээр Нармандахын төрсөн эмэгтэй дүү.... гэх мэдүүлэг,

Гэрч *** ...Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар бригадад малын эмчээр ажиллаж байсан бөгөөд намайг малын тарилга, тариа хийх гээд очих үед ***** нь аав ээжтэйгээ хамт нэгдлийн мал малладаг байсан. ***** аав Өндөр ***** гэдэг хүн намайг 1986 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар бригадад малын эмчээр очих үед нэгдлийн мал малладаг байсан. Нармандах нь аав ээжтэйгээ хамт нэгдлийн мал малладаг байсан, яг хэдэн онд нэгдэлд элсэн орсныг нь бол сайн санахгүй байна. Ямартай ч нэгдэл тарах хүртэл л тус нэгдэлд ажиллаж байсан юм. Чүлтэмсүрэнгийн ********* ээж нь, ******** гэдэг нь аав нь, ******* дүү нь байна уу ах нь байна уу сайн санахгүй байна.... гэх мэдүүлэг (хх-ийн 38-41 дүгээр тал), гэрч ***** нарын ажиллаж байснаа нотолсон баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд ***************ын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 2 дугаар бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

***************ад холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1990 оны тушаал шүүж үзэхэд ***************тай холбоотой тушаал байхгүй, тус нэгдлийн даргын 1991 оны тушаал манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй ******дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 3, 29, 51 дүгээр тал)

Нэхэмжлэгч *************** нь 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаагүй болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ***************** нь 1990-2000 оны хооронд Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй болно. гэх бичилттэй 299 дугаартай албан бичиг хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 24 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ****************ын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 2 дугаар бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ***************ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНЖАРГАЛ